By Tsahim Urtuu
Үзсэн: 17569
Эх сурвалж: zamdaan.com
Манай
сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН
АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм.
Чингис Хааны Y-ДНК

Д.Цэрэндорж:
Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч судалгаа шинжилгээний ажлынхаа
үр дүнгийн талаар болон өөрийн үнэлэлт дүгнэлт, санал бодлоо уншигч олонтой
дэлгэрэнгүй хуваалцах болсонд талархалаа илэрхийлье мөн ийм боломжийг бүрдүүлж
өгсөн Энкидээ (Ш.Энхбаяр) их баярлалаа! Та хэрхэн энэхүү судалгааны ажилд
холбогдон оролцох болов гэсэн асуултаар эхлэе?
Б. Хэрлэн: За, их баярлалаа. Монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй, дээрээс нь өөрсдөө эрдэмтэн Спенсер Велзийн судалгаанд оролцож байсан Ш. Энхбаяр ах, Ш.Баатар ах та нартай ярилцлага хийх болсондоо тун таатай байна. Мөн энэ удаагийн ярилцлагаар өөрийн болоод бусад Монгол Туургатан судлаачид мөн биологийн (генетикийн) антропологичдын гаргасан нийтлэг алдаануудыг засч хэлж чадах болсондоо бас баяртай байна.

Би 2008 онд генийн шинжилгээ угсаатан судлал, түүхийн шинжлэх ухааны салбарт маш их дэвшлийг авчирч болох юм гэдгийг ойлгосноор тухайн үед Монгол туургатны удмын санг бүртгэж авъя өөр бас ямар угсаатнууд Монголтой холбоотойг тогтооё гэж зорьсон. Ер нь сүүлийн үед үндэстэний үзэлтнүүд, нам холбоонууд, үндсэрхэг үзэлтэй залуучууд маш олон боллоо шүүдээ. Энэ нь сайшаалтай ч нөгөө талаар цус, яс үндсээ зөв таньж авахгүй бол утгагүй байх л даа. Тэр оны сүүлээр би Казакстанд нийт овог аймгуудынхаа удмын санг бүртгэж авч цаашилбал Чингис Хааны Ү-ДНК-г сонирхож байгааг дууллаа. Тэгээд олж мэдсэн даруйдаа Казакстаны түүхч, антропологич Жаксылык Сабитовтой холбогдож тэр хүний ажилд туслах болсон юм. Ердөөсөө Чингис Хааны генетикийн кодтой холбоотой том асуудлыг Их Британи, Америк, Хятад гээд альваа гадаад улсад даатгаж чадамгүй санагдаад Монгол хүний хувьд өөрийн хувь нэмэрийг оруулъя гэж бодсон юм.
Ингээд таны асуултанд хариулахад Сабитов болон түүнтэй хамтран ажиллагсадын онцлог гэвэл, Чингис хааны ясан төрлийн шууд хамааралтай маш олон хүмүүсийг судалгаандаа оролцуулсан юм. Судалгаанд оролцсон хүмүүсийг дурдвал Зүчи хааны Шайбани хүүгийн удмын хүмүүс; мөн Казакын цагаан яст “торе” нар; Батмөнх Даян Хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд мөн бус хатнаас үзэгдсэн Гэрсэнз Хунтайжийн Сайн ноён ханыхан болон Засагт ханыхны үр удам зэрэг юм. Хорчиноос бас Зочи-Хасарын удам тайж язгууртай залууг олж Ү-ДНК-г нь шинжилсэн. Цаашилбал бусад Нирун овгуудыг ч судалгаандаа оролцуулсан, үүнд: Хатагин, Дулат, Мангад, Бэсүд зэрэг болно. Мөн ФамилиТрий ДНК” компанид Зүчийн өөр нэгэн угсааны хүний У-ДНК болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон-Төмөр хааны удмын 10 орчим хүний У-ДНК ирсэн байсан нь судалгаанд хувь нэмэр болсон. Ер нь судалгааны явцад гарсан хамгийн гол бэрхшээл нь хүмүүсийн шинжилгээний хариу янз бүр гарч байсанд байлаа.
Ш.
Энхбаяр: Барууны цахим сонингууд дээр “Казакууд Чингис хааны удам гэдгээ
батлахаар тэмцэлдэж байна” гэсэн нийтлэл нэлээд явсан. Манайхан ч гэсэн энэ
талаар нилээд сөрөг байдлаар шуугиад авсан байдаг. Ер нь Казак эрдэмтэд
Монголчуудын генийн судалгаанд ингэж анхаарах болсон шалтгаан нь юу юм бол оо?
Бас энэ талаар санаатайгаар хуурмаг судалгааны материал гаргах оролдлогууд
гадны зарим эрдэмтдэд байх шиг байдаг?
Б. Хэрлэн: Тэгэхлээр байдал ийм юмаа. Казакстанд хийгдэж байгаа судалгаа маш өргөн бүс нутгийг хамарч, олон жил үргэлжилж байгаа жинтэй ажил. Судлаачид нь ч Монголчуудад элэгтэй, шударга хүмүүс. Бүх тестийн хариултыг өчүүхэн ч гуйвуулахгүй нийтэлдэг учраас маш олон шүүмжлэл Оросууд, гадны сонин сэтгүүлийнхэн, жирийн Казакууд ба Монголчуудын зүгээс тэдэнд хүрч байлаа. Тэр болгонд ууч сэтгэлээр хандаж судалгаагаа үнэнчээр үргэлжлүүлж байгаа нь талархууштай. Гэхдээ яаж ч бодсон 13 сая Казак хүн болгоны сэтгэлгээг таах аргагүй, ялангуяа нас бодол гүйцээгүй залуу хүмүүсийн. Сүүлийн үеийн Казак залуучууд буруу эрхлээд байгаа гэж ахмад хүмүүс нь үздэг. Казакын аймаг овог болгоны Монголчуудын тухай үзэл бодол нь өөр өөр байдаг. Ерөнхийдөө, Алшынгууд сайнгүй ханддаг бол их зуутынхан бүр ах дүүсэг, дунд зуутынхан жирийн нөхөрсөг гэх мэт тийм ээ.
Харин Монголын Казакуудын дунд бол үндэс угсаа ярьж туйлшрахгүйгээр эх орноо хайрлан, хөгжил цэцэглэлтийг нь бидний адил мөрөөддөг боловсролтой, ухаантай хүмүүс олон юм гэдгийг Казак хүмүүсийн амьдралыг ойроос ажаад мэдэх болсон. Монголоос Казакстанд очсон хүмүүс ч Узбекстан, Орос, Хятад улсуудаас очсон Казакуудаас боловсрол, мэргэжлийн төвшнөөрөө статистикын судалгаагаар дээгүүрт тооцогддог учраас тийм мэдлэг өндөртэй хүмүүсээ хэдийгээр Казакстанд ч гэсэн өгөхөөс харамламаар санагдах болсон (инээв).
Надад Монгол Туургатны Хуралдайд байх үеэс Казак үндэстэнтэй эвтэй байя гэсэн баттай бодол байсан. Мэдээж энэ хатуу бодол маань тэр цагт хамт ажиллаж байсан хүмүүстэй үл ойлголцох байдалд хүргэх тохиолдол ч байлаа. Гэхдээ би энэ үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Ер нь Казак үндэстэн яг хаанаас гараад ирэв ээ гэдгийг Казакстаны түүхчид ч сайн мэддэггүй байлаа шүүдээ. Яахав Сак, Скит, Монгол гээд их олон таамаглалууд байдаг байсан л даа. Гэвч би бол хувьдаа Казакын овог аймгийн тамганууд, монгол адууны тамга, Монголын Эзэнт Улсын зооснууд, түүнчлэн хоёр үндэстэний билигдэл, соёл, зан заншилуудыг харьцуулан дүгнээд Казак, Монголын хооронд маш онцгой харилцаа байна гэж бодсон байсан. Харин генетикийн шинжилгээ гэдэг зүйл анх гарч ирмэгц Казакуудад Монголчуудын гэгдэх Гаплогрупп С3 яагаад тийм өндөр байна вэ гэдгийг тогтоохоор Казакстаны хэсэг биологичид, түүхчид нэгдсэн юм. ЗХУ-н зүгээс Казак үндэстэнийг эрт дээр үедээ шаргал үстэй цэнхэр нүдтэй өндөр Европ хүмүүс байсан бөгөөд Монголчуудын байлдан дагууллын үед хүчирхийлэгдэж охид, эмэгтэйчүүд олноор жирэмсэлсэн учраас ази дүр төрхтэй болсон гэж ухуулга хийдэг байсан. Үүнийг Казакстан улс тусгаар тогтнож, бие даамагцаа Казак үндэстэнийг уусгаж устгах, үндэстэний бие даасан байдал, бахархлыг үгүй хийх гэсэн тархи угаалт гэж хүлээн зөвшөөрөх болсон юм.
Гадныхан Казак, Монголын түүхэн холбоог мартагдуулахыг хүсдэг мэт, миний бодлоор. 2009 онд Оросын судлаач Сергей Каржавин: “Европ гаралтай Казак үндэстэн Гаплогрупп С3-тай байдаг нь Зүүнгарын Хаант Улсад эзлэгдэн, хүчирхийлэгдсэнээс болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол өнө эртний Монголчууд биш Манж, Хятадууд юм аа” гэсэн 56 нүүр бүхий хуурмаг судалгааны материалыг нийтлүүлсэн юм. Каржавин хэмээх эрхэм санаатайгаар ийм зүйл хийсэн нь тодорхой байлаа. Яагаад гэвэл ердийн судалгааны материал 3-10, дээд тал нь 15-20-н нүүр болдог бөгөөд ямар ч биологийн мэдлэггүй хүн байлаа ч 12-хон дугаарыг харьцуулж харах нь туйлаас хялбархан.
Гэтэл азаар Жаксылык Сабитов нөхөр Каржавины судалгаанд хариу болгож хоёр ч судалгааны тоймыг нийтлүүлсэн бөгөөд тэрээр ийнхүү мэдэгдэл хийсэн юм: “Яриангүй орчин үеийн Монгол үндэстэний дунд Хятад, зүүн Азийн гэгдэх Гаплогрупп О3 байгаа нь үнэн. Тийм боловч Гаплогрупп О3 нь Казак, Кыргыз, Каракалпак, Узбек, Уйгур зэрэг үндэстэнүүдэд ч тархсан байдгийн зэрэгцээ Найман гэх мэт эртний нүүдэлчин аймгуудын ерөнхий Гаплогрупп учраас Монгол үндэстэнийг Манж болоод Хятад гэж үзэх үндэслэл огт байхгүй” .
Миний бодлоор энэ бол Сабитов гэж хүний сэтгэлийн том илэрхийлэл юм. Ер нь Монголчуудын дунд ч үндэстэний эв нэгдлийг бодолцохгүйгээр “Өвөр Монголчууд Хужаа” эсвэл “Халхууд Манж-Хятадын эрлийз” гэж тоомсоргүйгээр хэлэх хүмүүс байдаг л даа. Яагаад тэр хүмүүсээс Сабитовоос гарсан сэтгэл гарахгүй байна вэ гэдэг сонин. Xамгийн гол нь зөвхөн Казакуудын дунд төдийгүй нийт Орос хэлтнүүдийн ертөнцөд ийм нэгэн Монголын өмнөөс зангарагатай дуугарч, Монголчуудыг өмгөлөх сэтгэлтэй чадалтай түүхч, антропологич байгаад нь би Монгол хүний хувьд туйлаас талархалтай, сэтгэл өег явдаг даа.
Д.Цэрэндорж: Ярилцлагын маань гол сэдэв “Монгол хүний генийн удмын сан”-г тогтоох судалгааны ажлаас эхлээд цаашлан өргөн хүрээг хамарч байгаа учраас та юуны өмнө ДНК тест гэж юу болох талаар мэргэжилийн үүднээс уншигчдад аль болох ойлгомжтой байдлаар товч тайлбарлаж өгнө үү?
Б. Хэрлэн: За эхлээд Y-ДНК тест гэж юуг хэлж байгаа тухай бага зэрэг тайлбарлъя. Хүнд нийтдээ дөчин зургаан хромосом байдгаас хоёр нь бэлгийн эс бусад нь биеийн эс гэж бид мэднэ. Тэгвэл эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос xромосом байдаг бол эрэгтэй хүнийх XУ байдаг. Тиймээс үндсэндээ Чингис хааны Ү-ДНК-г тогтооно гэдэг нь тэрхүү У бэлгийн хромосон дээрхи нуклейн хүчлийг шинжилнэ гэсэн үг юм. Энэхүү Ү-xромосом маань эцгээс хүүд шилжихдээ бараг өөрчлөгддөггүй. Гэхдээ генетикийн тест болгон Ү-ДНК г тогтоодоггүй. Жишээлбэл 2000 оноос өмнөх угсаатны зүйтэй холбоотой генетикийн судалгаанууд ихэвчлэн мтДНК буюу эхээс үрд шууд дамждаг митохондрийг шинжилдэг байв.
Монголчуудын мтДНК-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байгаа. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакци гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болно. Харин одоо бидний сонирхож байгаа Ү-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг Англи хэлний цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп болгон дугаарласан байна. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээсээ гараагүй Гаплогрупп А-аас салбарласан. Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо ч Гаплогрупп F түүний доод мөчир IJK-ээс салбарласан тэд 40,000 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх.
Харин ихэнх Монголчуудын Ү-ДНК Гаплогрупп бол С3 юм, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салжээ. Тэгэхлээр хэдийгээр хөрш зэргэлдээ олон жил амьдарсан ч Монголчууд Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрөөтэй болох түүнээ дагаа сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тун ч сонирхолтой. Нэг жилийн өмнө байх Монгол ба Солонгосын ард түмнүүд гарал нэгтэй гэсэн утга санаатай нийтлэл гарч байсан. Одоо тэр нийтлэлийг би генетикийн судалгаагаар үгүйсгэж байна л даа. Монголчуудтай хамгийн ойр үндэстэн бол Казак үндэстэн юм. Ер нь дэлхийн хүн амын 90% Гаплогрупп F-ээс гаралтай бид үлдсэн 10%-ийн өчүүхэн хэсгийг эзэлдэг гэхлээр бараг дэлхийн Улаан Номонд бичигдэхээр байгаа биздээ (инээв). За мөн, Ү-ДНК тестийн хариу бол нийт 111-н маркер түүнд харгалзах хувь хүний тестийн хариу бүхий дугааруудаас бүрдсэн цифрүүд гэж ойлгож болно.
Ш.Энхбаяр: Саяхан "Хятадын ХАА-н лаборатори Монголчуудын генийн дарааллыг анх удаа бүрэн гаргасан гэнэ" гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ, энэ талаар юу хэлмээр байна вэ?
Б. Хэрлэн: Мэдээж миний яарч Монголчуудад ойлголт хүргэхийг хүссэн нь яг энэ нийтлэлтэй холбоотой юм. Энэ судалгаанд Өвөр Монголын Сөнид хошууны тайж гаралтай хүнээс шинжилгээ авсан гэжээ. Гэтэл бидний сайн мэдэж байгаагаар нэгд энэ бол анх удаа Монголчуудын генийн дарааллыг гаргасан явдал биш, хоёрт анх удаа Чингисийн удмыхныг оролцуулсан судалгаа биш хамгийн гол нь гэвэл ердөө нэг хүний Ү-ДНК тестийн хариугаар Чингис Хааны Ү-ДНК тогтоогдлоо гэж дүгнэж огт болохгүй. Хүмүүс буруу хариунуудыг харьцуулснаар үл ойлголцолд хүрэх вий гэсэн бодол сэтгэл яахин аргагүй түгшээж яаран тайлбар хийхийг хүссэн юм. Бид Өвөр Монголын тайж, ван гаралтай хүмүүсээс хангалттай судалгаа авсан гэж үзэж байгаа. Ер нь миний бодлоор Чингисийн удмынхныг хангалттай судалсан. Тийм боловч судалгааны эцсийн дүгнэлтийг хийхэд маш хүндрэлтэй байлаа.
Ш.Энхбаяр: 2003 онд бас олон орны нэр бүхий, томоохон эрдэмтэд хүн төрөлхтний генетикийг судлаж байгаад монголчуудтай холбоотой нэгэн супер ген олсон байдаг. Тэд 3 үндсэн таамаглал дэвшүүлсэний хамгийн боломжтой нь Чингис хааны болон түүний шууд удмын хаадын ген гэж үзсэн юм билээ. Энэхүү судалгаанд монголын талаас оролцсон эрдэмтэн Дашням гуай “History Channel”-ийн нэгэн баримтат кинон дээр хамт ажиллаж байхдаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ талаар юу хэлмээр байна.
Б. Хэрлэн: Чингис Хааны У-ДНК тухайд гэвэл таны хэлснээр голдуу Их Британийн судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэмтэд 2003 онд анхны дүгнэлтийг гаргаж байсан. 2003 онд хийсэн судалгаагаар тэдгээр эрдэмтэд Монгол Улсыг тойрсон Азийн 16-н улс үндэстэний 26-н угсаатны бүлгүүдээс Ү-ДНК шинжилгээг авч тэр дунд 15-н маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ых нь Ү-ДНК кодыг Чингис Хааных гэж нийтэлж байлаа.
Түүний дараагаар энэ 2003 оны судалгааны багийн гишүүдийн нэг байсан Америкийн биологич Спенсер Велз АНУ-д суугаа Монголчуудаас мөн шинжилгээг 12-маркертай тестерээр авсан. Тэр үед баримтат кино хийгдэж байсан. Шинжилгээ өгч киноны зураг авалтанд оролцсон хүмүүс гэвэл та гурав бас МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дүү зэрэг хүмүүс байна. Гэхдээ аль аль судалгааг нэгдүгээрт Чингис Хааны садан төрөл гэдэг нь батлагдаагүй хүмүүсээс авсан. Хоёрдугаарт нийт 111 маркераас эхний удаад 15, хоёр дах удаад 12 маркер дээр авсан. Гэтэл бидний судалгааны дүгнэлтээр бол хэн нэгэн хүнийг Чингис Хааны шууд удам мөн эсэхийг тогтоохын тулд наад зах нь 37 маркертай тестрээр шинжлэх хэрэгтэй болох нь тодорхой болсон.
Хариулт ямар харьцангуй байдгийг ойлгох нэгэн жишээ хэлье. Би Чингис хааны гэгдэх Ү-ДНК кодыг 12 маркерын хайлтан дээр хайвал 116 хүн хайлтаас олдож байна. Харин 25 маркер болгож дахин хайвал ердөө 14-н хүн болж цөөрнө. Мөн 2003 оны судалгааны тайлбар тухайн үед гарсан гадаад хэвлэл дээрхи нийтлэлүүд Монгол хүний сэтгэлээр уншихад лав их тааламжгүй Чингис Хааны нэрэнд халтай санагдаж байлаа. Бизнес болон сенсааци тараах зэрэгт илүү анхаарлаа хандуулаад түүхэн ач холбогдлыг нь дутуу бодсон байсан. Одоо тэр алдаатай дүгнэлтүүдийг засч чадах болсондоо баяртай байна. Ер нь дэлхийд Чингис Хааны шууд удмын хүмүүс бол маш цөөхөн гэж хэлж болно.
Судалгаа нийтдээ дөрөв орчим жил үргэлжиллээ. Мэдээж бүх хүний хариу хоорондоо таарна гэж байхгүй. Мөн дээрээс нь төөрөлдөх үе ч цөөнгүй байлаа. Тэгэхлээр хүмүүс тэгвэл Чингис хааны 37, 67, эсвэл 111 маркер дээрхи хариу юу вэ гэж асуух нь зүй байх. Энэ хариу нь Казакстан Улсын эрдэмтэн Жаксылык Сабитов тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээ хэвлүүлсний дараагаар олонд ил болох юм. Энэ хугацааг энэ жилийн сүүл гэж тооцоолж байна. Гаргасан хойно нь хүмүүс Википедиа зэрэг лавлах тольнуудаас харах боломжтой болно.
Ш.Энхбаяр: Тэрхүү супер генийн гарал үүсэл нь Чингис хааны удмын биш гэж үзвэл ямар гаралтай байж болох вэ, Хамгийн гол нь яагаад тийм ихээр тархсан юм болоо? 13-р зуунд Чингис Хаан гэж гайхамшигтай ухаалаг, шударга удирдагчтай Монголчууд ёс суртахууны асар өндөр түвшинд хүрч чадсан байсан, ийм хүмүүс хүчирхийллийн аргаар энэ генийг тараасан гэж итгэхэд бэрх.
Б. Хэрлэн: Энийг Чингисийнх биш гэж хэлээгүй л дээ. Харин хэтэрхий ерөнхий хариулт байгаа юм. Ердөөсөө л талын Монгол хүний У-ДНК гэсэн үг. Чингис Монгол хүн байсан гэж хэлэх нэг өөр. Харин Чингис Нирун аймгийн Хиад омгийн Боржигин овгийн Есүхэйн хүү байсан гэж хэлэх бас арай өөр. Одоогийн Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлсэн У-ДНК-г тээж байна. Гэтэл яг Чингисийн удам нь бол 0.01%-иас ч бага. Би жил, хоёр жилийн өмнө боломжтой юм гээд бичиж байсан. Одоо тэр боломжгүй юм гэдгийг мэдсэн.
Жишээлбэл Казакстанд энэ У-ДНК Абак, Ашамайлы, Уак (онгут), Керейт зэрэг уламжлалт Хэрэйдийн төрлийн аймгуудын нүүдлээр тархсан байна. Цаашилбал их зуутын (Ұлы жүз) Дулат, Шанышкылы, Шапырышты зэрэг аймгууд мөн адилхан хариутай гарлаа. Казакстаны Максат Жампеисов мөн Акимбеков нарын эрдэмтэд ч Ұлы жүз Иx Монголчуудаас үүсэлтэй учраас Казакын гурван зуутын ахмад нь болж төр барьдаг юм аа гэж бичсэн байдаг. Тийм байлаа ч тэд чинь Чингисээс юм уу Чингисийн удмынхнаас төрөөгүй шүүдээ.
Чингис xааны угсаа гарал, ураг төрлийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Та 13-р зууны Монгол цэргүүдийн ёс суртахуунтай холбоотой их чухал сэдвийг хөндлөө. Дээхэн үед Мангадыг маажвал Монгол гэдэг үг байсан. Саяхан даа, Оросын “Правда” сонин, Америкийн “Таймс” сэтгүүлүүдэд Владимир Нужный гэж ОХУ-н эрүүл мэндийн яамны ажилтан- “Дунджаар Москвагийн хүн амын 50% нь Монгол гентэй учраас Оросууд архичин байдаг юм аа”- гэж ой гутмаар ярилцлага өгч байсан. Гэтэл Оросуудын дунд ердөөсөө Монгол хүний удам байхгүй байна. Бүр тэг хувь.
Харин Оросууд бол бусад Беларус, Украйн зэрэг Славьянуудаа бодвол Сибирийн Ненет зэрэг Самоед хүмүүстэй 30%-н ижил У-ДНК тээдэг юм. Тиймээс энэ удаагийн судалгааны тусламжтайгаар бид 13-р зууны байлдан дагуулалтын үед Монгол хаад, Монгол цэргүүд эзэлсэн орныхоо эмс охидыг бузарлаж, адгуус араатан шиг аашилсан гэдэг гадны эрдэмтдийн онолд хүчтэй цохилт өгч чадна байх аа гэж найдаж байна.
Тархалтынхаа хэмжээгээр энэ супер ген гэдгийн дараа орох бас хэд хэдэн чухал У-ДНК байгаа. Үүнд: Ойрадын У-ДНК нь Халимаг, Дөрвөд зэрэг Баруун-Монголын ард түмний тархалтыг дагадаг. Бас Казакын Жаппас гэж багахан овог Ойрад У-ДНК-тай гарлаа. Ихэрэсийн У-ДНК нь Оросын Эхирэд-Булагад зэрэг Буриадуудынх. Мөн түүнчлэн Казакын кышы жүз (бага зуут)-ийн Алимүлы, Байүлы хоёрын 18 аймаг/овог тэр чигээрээ нэгэн төрлийн Гаплогрупп С3 гарсан нь маш сонирхолтой байлаа. Сабитов нарын эрдэмтэд Алшынг Алчи-Татар аймаг гэж үзэж байгаа. Энэ Алимүлы, Байүлы хоёрын хүн ам бараг гурван сая илүү. Бас нэгэн одоогоор чухам аль аймагтай холбоотой нь мэдэгдэхгүй их тархалттай У-ДНК бий.
Д.Цэрэндорж: Монголын холбогдох байгууллага, ШУА эрдэмтэдийн зүгээс дангаараа болон хамтран ийм төрлийн судалгаа хийсэн жишээ оролдлого өмнө нь гарч байв уу, Төр засгийн зүгээс анхааран санаачилсан эхлүүлсэн төсөл ажил гэж бий юу энэ талаар ямар мэдээлэл байна?
Б. Хэрлэн: Төрөөс бол хийсэн яг тодорхой ажил бараг байхгүй гэж хэлж болно. Монголчуудад бол үнэтэй л тест дээ, ердөө 12-хон маркертай нэг тестер 100$-н үнэтэй. Маркер ахих тусмаа үнэ нь өсөөд явна. 2005 оноос өмнө бол гадаадууд ч авч дийлэхээргүй үнэтэй байлаа. Харин Америкын АйБиЭм корпораци Нэйшиональ Географикын төсөлд хөрөнгө оруулснаар одоо ФТДНК-н тестер үнэ нь хямдарсан юм. Манай эрдэмтэд 2003, 2004 онд гадны эрдэмтдийн судалгаанд тусалж байсан. Ер нь одоо ФТДНК компанид нийтдээ 700 орчим Монгол Улсаас ирсэн шинжилгээний дээж хадгалагдаж байгаа ч ач холбогдлоор маш бага байна. Биологичид түүхээ нарийн мэдэхгүй болохоор антропологийн судалгаанд гологдож байна. Гэтэл манай улсын хувьд ургийн бичгээ зөв сэргээн хөтлөхөөс аваад одоо Нармай Монгол үзэлтнүүдийн ярьж байгаа уугуулшлын асуудал зэрэгт энэ Ү-ДНК шинжилгээ их хэрэг болох юм.
Саяхан манай нэгэн ахмад дипломатч "Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ" гэсэн нь маш ташаа ойлголт болсон байна. Мөн тэрээр "Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө монгол гэж үзээд байхад нь бид "биш" гэж болохгүй. Өмнөд Солонгост нэг байгууллага бий. Нэрийг нь орчуулбал Хөх толбот монголчууд гэдэг юм. Өөрсдийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш." гэжээ. Дөрөв таван жилийн өмнө би өөрөө ч иймэрхүү романтик сэтгэлгээтэй байсан л даа гэхдээ үндэстэний хойч болон ирээдүй, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой том асуудалд ийм гэнэнээр хандаж болохгүй гэдгийг Пан-Монголистуудад сайн ойлгуулмаар байна.
Хөх толбо бол жишээ нь хийсвэр утгаараа бахархалтай ч үнэндээ юуг ч илэрхийлэхгүй шүүдээ. Африк хүмүүст ч хөх толбо байдаг. Одоо манай судлаачид Баонань, Донсиан, Монгур гэх мэт үндэстэнүүдийг Монгол гэж андуурч тогтоогоод байгаа. Нэгэн ижил хэлээр ярьж байна аа гэдэг чинь нэг гарал үүсэлтэй гэсэн үг огтхон ч биш юм байна. Энэ Их Монгол Улсын үед цуглуулсан дархан, тариачин хүмүүс чинь тэр чигээрээ Хятад зэрэг харь угсаатай хүмүүс шүүдээ. Цаашилбал, Турк, Солонгос,Төвд, Волгийн Татарууд бидэнтэй огт хамааралгүй буюу тун бага хамааралтай. Багадаа бол дуучин Алсу монгол цустай гээд тэрүүхэндээ хөөрдөг л байлаа.
Д. Цэрэндорж: Монгол угсаатныг генетик төдийгүй антропологын талаас болон эрт эдүгээгийн гадаад төрх байдлаар нь судалсан тухайд юу хэлэх вэ?
Б. Хэрлэн: Ер нь Гаплогрупп С3 бүхий эрэгтэй хүмүүсийн үс, нүдний өнгө, биеийн өндөр нам, хэлбэр хэмжээ янз бүр байдаг. Сүүлийн үед эртний Монголчууд чинь улаан, шар үстэй, цэнхэр, ногоон нүдтэй байсан юм аа. Иймээс одоогийн Монголчууд бүгдээрээ Хятад, Солонгос, Манжийн эрлийз гэсэн ойлголтыг түгээж байгаа хүмүүс мэр сэр байна л даа. Гадаад хүн байсан бол өөр, өөрсдөө Монголчууд байж яах гэж ингээд байдгийг ойлгодоггүй.
Хүүхэд бүрэлдэхдээ эцэг эхийн биеийн хромосомыг яг тэнцүү 50, 50% авдаг. Тиймээс нүд, үсний өнгө бол үеэс үед яаж л болж яаж солигдоно. Казакуудыг харсан ч тас хар үстэй, бор нүдтэй хүмүүс зөндөө. Харин эрэгтэй хүний гавлын яс, нүүрний хэлбэр нь эцгээс хүүд яг тэр чигээрээ дамжаад байгааг их олон хүнээс У-ДНК шинжилгээ авч фото зурагнуудыг харьцуулснаар мэдсэн юм.
Нэлээд дээр үед Халх Монголчууд өндөр xамартай гээд сонирхолтой материал уншиж гайхаж байлаа. Анн..., харин гадныхан бол хавтгай нүүртэй, том хацартай Монгол гэж л ойлгодог шүүдээ. Тэрэнд нь ч бид дасчхаж, юу билээ гэж бодож ч үзэхгүйгээр. Тэгээд тэр үеэс бас генотип, фенотип (гадаад шинж төрх)-ын хамаарлыг давхар ажаад явлаа. Тэгэхлээр тэр өндөр хамар гэдэг чинь энэ Чингисийн гэгдэх генийг тээдэг 37%-иас болдог юм байна.
Ихэвчлэн махчин шувууны хошуу мэт өндөр том, монхор, хянган хамартай хүмүүсийг бараг генийн шинжилгээгүйгээр олж болмоор. Бас xацар шанаа бусад Монголчуудыгаа бодвол тийм ч өргөнгүй.
Ер нь нийт Гаплогрупп С3 бүхий түрэг-монгол хүмүүсийн хамар нь их зөв хэлбэртэй байдгаараа навтгар, таруу юм уу онгорхой, хэлбэргүй хамартай бусад азийн орны хүмүүсээс ялгагддаг. Жишээ нь Дөрвөдүүд байна тийм ээ, хамар бол нэг их өндөр биш, гэхдээ их шөвх бөгөөд шулуухан нарийн хамартай.
Анн.... гэхдээ хацар болоод эрүү өргөнтэй. Яахав магадгүй зарим хүмүүст иймэрхүү зүйл ярихлээр үнэмшилгүй дээрээ аягүй муухай санагддаг юм билээ. Гэхдээ энэ чинь антропологичдын нэг мэргэжлийн онцлог л доо. Тэрнээс би хүн өөлөөд байгаа биш тээ. Жишээ нь ЗХУ-н үед Михайл Михайлович Герасимов Сталины тушаалаар Доголон-Төмөр хааны Узбекстанд байдаг бунхныг нээгээд гавлын ясаар нь түүний нүүр, цээжин хэсгийг баримлаар босгосон байдаг юм. Гера́симовт нийтдээ ингэж хийсэн 200 орчим цээж баримал байдаг.
Ш.Баатар: Казак үндэстнийг түүхэнд хар киргиз гэж тэмдэглэдэг юм байна. Казакууд киргизтэй удмын сангийн хувьд ямар холбоотой вэ? Ер нь казак үндэстэн дотор хэдэн янзын угсаа гаралтай хүмүүс холилдон амьдарч байна вэ? Казакууд монголчуудтай удмын сангийн хувьд хэр ойрхон бэ? Хүннү талдаа хүмүүс үү? Эсвэл Сяньби талын улс уу?
Б. Хэрлэн: Ийм асуулт тавьсанд их олзуурхаж байна. Мэдээж Монголчуудад төдийгүй Казакуудад эргэлзэх зүйл олон байгаа, гол нь хэл өөр учраас. Төв Азийг Хаант Орос Улс колоничилж эхлэх үедээ Казакуудыг Цагаан Кыргыз мөн Кайсак Кыргыз харин одоогийн Кыргызүүдийг Хар Кыргыз мөн Буйрут Кыргыз гэж ташаа нэрлэсэн юм. Казак, Кыргызийн хоорондын харилцаа бол Монгол, Ойрадын харилцаа шиг юм, нэгэн үе нэг төрд захирагдаж нөгөө үед нь хоорондоо тэмцэлдэж байсан.
Казак үндэстэн дотроо гурван зууттай. Гурван зуут маань гарал үүслээрээ төдийгүй төр барих эрх мэдлийн эрэмбээрээ ялгардаг. Бага зуутаас цэрэг баатрууд гардаг. Дунд зуутаас номч мэргэд, сурган хүмүүжүүлэгчид, болон зохиолч, яруу найрагчид төрдөг. Харин их зуут буюу 14-17-р зуунд бие даан оршиж байсан Цагаадайн Улсын тасархай Могулстан улсаас орж ирсэн аймгууд Казакстан улсын төрийг барьдаг юм. Эдгээр аймгууд Чингисийн үеэс уламжилж Их Ясса буюу Их Засаг хуулийн хэрэгжүүлэлтийг хариуцдаг байжээ. У-ДНК шинжилгээ их зуутын Монгол гарлыг баталж байгаа тухай өмнө дурдсан. 17-р зууны сүүлээр Зүүнгар Улсын Галдан Бошгот болон Ислам шашины Кожа лам нарын өдөөлгөөр Цагаадайн удам тасарч Могулстан Улсын бие даасан байдал алдагджээ. Иймээс 18-р зуунд Могулстаны аймгууд хэлэлцэж тохироод Зүчийн улсаас үүсэлтэй Казакын Ханлигийн гурав дахь зуут болсон юм.
Соёлын хувьд Казакуудтай Кыргызүүд, Каракалпакууд, Ногай нар хамгийн ойр. Манай Халх-Цахар, Буриад, Ойрад, Хорчин гэдэг шиг. Кыргыз бол нэн эрт үеэс бие даан оршиж ирсэн аймаг, яг Кыргыз аймгийнхан бол Казакуудтай ДНК-н холбоо огт байхгүй. Гэхдээ Кыргыз үндэстэний дунд Монгол гаралтай хүмүүс бас бий, Гаплогрупп С3 (8-16%). Жишээ нь Хорчи ноёны шууд удмынхан төдийгүй Баарингууд нэлээд байдаг гэдэг.
Таван жилийн өмнө Халимаг, Буриад, Хазара гээд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр яваад ороход - “Чи дутуу хайсан байна Их Монгол Улсынхныг ол...” гээд гаргаж байлаа. Тэр үед боломжгүй л гэж бодож байсан, би маш их хайсан шүүдээ. Харин генетикийн шинжилгээгээр Б. Лхагвасүрэн гуайн өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж болно. Мэдээж Хазара, Узбек, Каракалпак, Ногай, Кыргыз, Могул гээд орчин үеийн олон угсаатны бүлгүүдийн дунд Монголчуудын үр удам шингэж орсон байгаа. Тийм боловч зөвхөн цус генийн хувьд төдийгүй төрт ёс, ахуй соёл, сэтгэлгээний хувьд хадгалагдаж үлдсэн гол цөм нь бол Казакууд юм байна.
Генетикийн шинжилгээнээс ч өмнө Казакуудын дунд Шанышкылы (Хатиган, Хиад г.м), Дулат, Жалайр, Хонгират, Табын (Мангад г.м) зэрэг гарцаагүй Монголчуудтай холбоотой аймгууд байдгийг Казакын түүхчид мэддэг байсан. Одоо судалгаанаас харахад Казакуудын дунд байгаа Кипчак, Хар-Кидан, Мадиар-Харлук гаралтай гурван том аймаг, мөн бага хэмжээгээр тархсан Араб-Иран гарлын хүмүүсийг хасвал бусад бүх аймгууд Монголчуудтай холбоотой харагдаж байна. Харин ялгаатай тал нь гэвэл Монголчуудын 10% нь Индо-Европ зүгийн мтДНКтай бол Казакуудын 50% нь Индо-Европ мтДНК-тай. Өөрөөр хэлбэл эхийн талаасаа гэсэн үг л дээ. Бусад Хань-Хятад, Солонгос, Япон зэрэг үндэстэнүүдэд Индо-Европ зүгийн мтДНК ер байдаггүй.
Д.Цэрэндорж: Монголчуудын дээд өвөг угсаа гарлыг генетикийн хувьд тогтоох чиглэлээр хийгдсэн судалгаа байдаг уу, та бүхний хүрсэн үр дүн энэ талаар нэгдсэн ойлголтонд хүрэхэд нэмэр болох дүгнэлт байна уу?
Б. Хэрлэн: Манай Улсын Эгийн Голын хөндий, Ноён Уул, Дүүрлиг нарс зэрэг газруудаас олдсон дунджаар 2000 орчим жилийн настай булшнуудад гадны эрдэмтэд сүүлийн хэдэн жилд шинжилгээ хийлээ. Судалгааны дүгнэлтээр Гаплогрупп С3, Q, N, ба цаашилбал Европ хүний R (мтДНК нь U) Ү-ДНК илэрсэн. Тэгэхлээр Хүннүгийн үед бол Ар Монгол, Өвөр Монголын нутаг дэсвгэрт олон өөр язгуур угсаатай хүмүүс холилдон амьдардаг байж.
Харин бидний хийсэн судалгаагаар Их Монгол Улсын үед нэр нь бүртгэгдсэн Гурван Гол, Орхоны хөндий, Хөлөн Буйрд нутагтай Нирун, Хонгирадын төрөл, Хэрэйдийн төрөл аймгийнхан 100% Гаплогрупп С3 болох нь тогтоогдсон. Цаашилбал Ойрад, Онгут төдийгүй Казакын Yлы (Их) ба Кышы (Бага) Жүз (Зуут)-ийн олон аймгууд С3 байна. Иймээс энэ нь Хүннүгийн үеэс хойш Гаплогрупп С3 бүхий аймгууд аажмаар гарал өөртэй аймгуудыг шахаж гарган хилээ улам бүр тэлж төрт улсаа байгуулсныг баталж байгаа юм. Чингисийн ач Шайбаний удмын Абул-Гази хааны бичсэнээр Алунгоа эхийн гурван хүүхэд Исламын цаг тооллын 111 (729-731) оны орчим мэндэлжээ. Харин 735 он гэхэд Өвөрхангай аймгийн Орхон голын хөндийд Култегин, Билгэ хаан нарын булшны чулууг босгосон юм. Харин 742-744 онд Уйгурууд бослого гаргаж Хөх Түрэг Улсыг мөхөөсөн. Уйгурын Хаант Улс (742-848)-ыг Кыргызүүд мөхөөсөн. Дараагаар нь Монгол нутгийг Киданчууд харъяандаа байлгаж байсан байгаа юм.
Харин генийн шинжилгээгээр Кыргызүүд R1, Киданчууд О3 гэж батлагдсан байгаа. Ингэхлээр Монголчууд ба Казакуудын өвөг дээдсийг Хөх Түрэгчүүд, Есөн Огуз, Гучин Татар, “эртний Уйгур” зэрэг аймгуудаас хайх хэрэгтэй. Мэдээж хэрэг эцсийн хариуг зөвхөн манай Орхон голын хөндийд хадгалагдаж буй Хөх-Түрэгчүүдийн болоод “эртний Уйгур”-уудын булшийг олж ДНК шинжилгээ хийснээр мэдэх боломжтой.
Генийн шинжилгээнээс өмнө бол үндэстэн ястны гарал угсааг хэл шинжлэлээр тогтоодог байсан. Тиймээс хэл шинжээчид Монголчуудыг Кидан, Тоба нартай холбож үздэг юм. Харин Рашид ал-Дины Судрын Чуулганд Монголчууд Кидан, Хар Кидан Зүрчин, Нанхиад (Манжи) гэж дөрвөн Хятадыг хэлдэг гэж бичжээ. Генетикийн шинжилгээгээр Судрын Чуулганд бичсэн маш олон зүйлс үнэн болох нь батлагдсаар байна.
Д.Цэрэндорж: Тэгвэл эртний монгол овог аймгийн ДНК мөн гэдгийг генетикийн хувьд хэрхэн яаж тогтоох яг тэр овог аймагт хамаарана гэдгийг юугаар батлах вэ?
Б. Хэрлэн: Хамгийн түрүүнд эртний Түрэг, Татар, Монголчуудын удам мөн эсэхийг Гаплогрупп С3-т багтаж байгаа эсэхээр нь шалгана. Бидний мэдэх Гаплогрупп С3 бүхий Хэрэйд, Хонгират, Ойрад, Ихэрэс зэрэг аймгууд маань цөм 12 маркер дээр өөр хоорондоо төдийгүй дэлхийн аль ч угсаатантай давтагдашгүй хариутай. Харин маркер ихсэх тусмаа аймаг доторхи овгийн ялгааг олж харж чадна. Эрдэмтэд тухайн аймаг, овгийн маш олон
Ингээд одоо овог аймгаа мэдэхгүй хүн шинжилгээ өгөхөд тестийн хариуг нь бэлэн байгаа загваруудтайгаа харьцуулж үзнэ. Алдаа гарах боломж тун бага 5%-иас доош. Мэдээжийн хэрэг маш эрт дээр үед Монгол хүнд үрчлэгдсэн эсвэл Монгол нутагт нүүж ирээд удсан өөр Гаплогрупп бүхий хүмүүс ч манайд зөндөө байгаа. Ийм хүмүүсийг ч сүүлийн 200-н жилд ирсэн цагаачдаас ялгах боломжтой. Соренсон сангийн маш боловсронгуй хайлтын систем үүнд тус болдог юм.
Гэхдээ би хувь хүмүүсийг Ү-ДНК шинжилгээний хариунд их ач холбогдол өгөх хэрэггүй гэж зөвлөдөг. Гаплогруппэр гадуурхах бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс дор харгис, мунхаг үйлдэл. Харин масс миграцийн асуудал бол өөр хэрэг.
Маш олон судалгаануудын дүгнэлтүүдийг харьцуулж үзэхэд Казакууд, Оросын Буриадууд (Харин Монголын Буриадуудад Гаплогрупп N давамгайлдаг [45%-65%]), Халх Монголчууд, Халимагуудад Гаплогрупп С3-н доод хэмжээ нь 53%-57%, дээд хэмжээ нь 66-69%-тай байна.
Д.Цэрэндорж: Монгол туургатан болоод монголчуудынхаа удмын санг бүртгэх, судлах ажил одоо тэгвэл дэлхийн хэмжээнд ямар төвшинд байгаа юм болоо.
Б. Хэрлэн: Их өргөн хүрээнд явагдаж байгаа шүү, 1990 оноос эхлээд хийсэн. 2000 оноос харин яг У-ДНК-г голчилж судалдаг болоод байна. Оросын цөөн тоот үндэстэнүүдэд маш олон удаа У-ДНК судалгаа хийсэн одоо ч эрчтэй үргэлжилж байна. Бас Казакстанаас овог аймгаа яг сайн мэддэг хүмүүс шинжилгээ өгч байна. Би хувиараа хэд хэдэн онцгой гэж үзсэн хүмүүсээс шинжилгээ авсан байгаа. Түрүүн манай улсаас нийт 700 орчим хүн шинжилгээ өгсөн гэж хэлсэн. Даанч тэр нь ач холбогдол багатай, нэг ч хүний ургийн овгийг асуугаагүй байгаам. Зөвхөн 1997 онд Монголын Буриадуудад хийсэн судалгаанд л хүмүүсийн овгийг Хубдууд, Бодонгууд гэх мэтээр ангиллаж авсан байна. Тэгэхдээ нийт шинжилгээний дүнгүүдээ харьцуулаад одоо ном бичиж болохоор их мэдээлэл цугларлаа.
Одоогийн байдлаар Найман, Кипчак, Хорь-Түмэд, Хатагин, Дулат, Барлас, Хэрэйд, Онгут, Хонгират, Ихэрэс (Буриад), Ойрат (Дөрвөд) гээд маш олон аймгуудын У-ДНК-г тогтоож чадсан. Харин яалт ч гүй шинжилгээнээс маш их хоцрогдоод байгаа нь Өвөр Монгол л байна даа. Гэхдээ ерөнхий тойм байгаа. Өвөр Монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15%-иар бага байна. Тийм боловч Өвөр Монгол болон Халх Монголын бүрэлдэхүүнд яг ижил гаралтай эртний Монгол аймгууд хуваагдан оржээ.
Өөрөөр хэлбэл 12 маркертай тестерийн хариунаас хараад Өвөрлөгч үү эсвэл Халх уу гэж ялгаж чадахгүй. Харин Ойрад, Буриад, Алшын хүнийг бол ялгаж чадна. Гэтэл 12 маркертай тестерээр Ирланд, Англи, Шотланд хүмүүсийг хооронд нь ялгах боломжгүй байгаа нь манай нүүдэлчин аймгууд Ирланд, Английн хуваагдлаас ч өмнө бие даан аймаг болж хөгжицгөөсөн нь илт байна. Өвөр Монголчуудын Ү-ДНК-г хуучин хошуу нутгийн ангиллаар нь бүртгэж авах зайлшгүй шаардлагатай болов уу. Жишээ нь Өвөр Монголын гадна талд Горлос, Дөрвөд, Фушин, Харчин гэж дөрвөн жижиг өөртөө засах тойргууд байдаг. Тэнд амьдардаг Монголчуудын У-ДНК-г судлаад дотогш нь татах л хэрэгтэй байх л даа.
Ш.Энхбаяр: Бидний иргэний үнэмлэх дээр байдаг “овог” гэдэг бичилт дэндүү ерөнхий таамаг төдий зүйл болжээ. Жинхэнэ ургаа мэдэхгүйгээс болж олон монголчууд өнөөдөр зохиомол овгийн нэртэй болсон. Бас саяхан нэг сонин дээр "Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдэж оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд олширч байна” гэсэн нийтлэл гарсан байна. Ер нь энэ асуудлаас ангижрах нэг хариу нь ДНК тест биш үү?
Б. Хэрлэн: Нийгэмд санаатай ба санамсаргүй байдлаар хэт дэвэргэсэн айдас түгшүүр тараагдаж байдаг. Цус ойртолт бол тийм жишээнүүдийн нэг, хүн амын эрлийзжилт ч мөн ялгаагүй. Цус ойртсоноор уураг, ДНК, эд эс өвчилчихнө, гэмтэнэ гэсэн үг биш. Тиймэрхүү өвчлөлүүд бол химийн хортой бодис болон хүчтэй физик нөлөөллөөс л үүснэ. Харин цус ойртоход учрах аюулыг тайлбарлъя. Ген болгонд хоёр аллель байдаг. Тэр нь доминант (давамгайлагч) рецессив (давамгайлагч бус); доминант доминант, эсвэл рецессив рецессив гэж хосолно. Эд эс бүрэлдэхдээ доминант рецессив хослолын доминант аллелын мэдээллийг л угсардаг. Харин рецессив аллелын мэдээлэл нь зөвхөн далд хадгалагдаж үлддэг. Хүн хос аллелуудынхаа нэгийг нь эцгээсээ нөгөөг нь эхээсээ авна.
Байгаль эхийн хайр хишгээр ихэнхи өвчний аллелиуд рецессив шинж чанартай байдаг. Харин яг адилхан аллелуудтай хоёр хүн суухад рецессив рецессив аллель бүхий ген үр хүүхдүүдэд нь бий болох магадлал 25%-иар өснө. Удамшлын өвчин гэж энийг л хэлж байгаа юм. Монголд үеэлүүд хоорондоо сууж эхэлтэл удамшлын хүнд өвчлөлүүд огцом нэмэгдэхгүй гэж бодож байна. Уг нь болж өгвөл долоон үеийн хамаатнууд дотор суулгахгүй байх хэрэгтэй л дээ.
Гэхдээ бодоод үз, хэрвээ удамшлын өвчин тийм хурдан илэрдэг байсан бол Монголоос цөөхөн хүн амтай, ганц хоёрхон овог /аймгаас гаралтай мөртлөө сүүлийн 300-400-н жилийн туршид хоорондоо гэрлэж ирсэн Монголын Казакууд, Оросын Буриад, Оросын Хальмагуудад өдийд эрүүл хүн байхгүй байх байсан шүүдээ. Харин Английн Пакистануудад бол эмээ өвөө нь үеэл, ээж аав нь үеэл хүүхдүүд зөндөө байна (нийт гэрлэлтийн 55%-нь үеэлүүдийн хоорондын гэрлэлт). Тийм гэр бүлүүдийн дунд харин маш хүнд, урьд нь тэмдэглэгдэж байгаагүй айхтар өвчин туссан хүүхдүүд олширчээ.
Өвөг дээдэстэйгээ харьцуулахад бид овог, аймгийн ангилал; ураг төрлийн харилцаанд тун бага ач холбогдол өгдөг юм байна. Ер нь Ү-ДНК шинжилгээний тусламжтайгаар бүх хүний овгийг тодорхойлох боломж бүрэн байна. Би өөрөө шинжилгээг нь авсан хүмүүстээ шинэ ургийн бичиг батламж хийж өгнө. Тэгээд тэрийгээ өргөжүүлэх боломжийг хайна даа. Ер нь бүх зүйлийг төрөөс хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал улс хөгжихгүй л дээ.
Нирун аймгынхны түүхэн товчоонуудад бичиж үлдээснээр Монголчууд аавын аавыг (Өбөка), өбөкын аавыг (Элинчиг), элинчингийн аавыг (Уддай), уддайн аавыг (Буда-уку), буда-укугийн аавыг (Будтай), будтайн аавыг (Дутакун) гэдэг байжээ. Тэгэхлээр тэр үеийн Монголчууд өөрөөс дээшхи долоон үеэ яг мэддэг байж. Энэ эртний нэршлийг ургийн бичигт оруулвал их зүгээр байна, харин одоохондоо эдгээр үгсийн утга нь юу болохыг сайн мэдэхгүй л байна.
Ш.Энхбаяр: Чингис хааны ДНК-г судлан тогтоох нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ? Үүнийг тогтоосноор түүхэн дэх эргэлзээтэй олон асуудлын хариу олдоно гэж та бодож байна уу?
Б. Хэрлэн: Түүxийн туршид Монголын төдийгүй төв азийн түүхэнд улс төрийн нөлөөгөө тэлэх гэсэн хүмүүс Чингист “хайр зарлаж” ирлээ шүүдээ. Тэдний зарим нь алтан ургийхнаас бэр богтолж/буулгаж, нөгөө хэсэг нь Чингисийн угсааныхныг хүйс тэмтэрч байсан. Далай ламын хойд дүр гэдэг шиг шашинаар дамжуулж Чингис Хааны хойд дүр болон тодрох явдал ч байлаа.
Түүх ер нь давтагддаг гэдэг. Давтагдсан жишээнүүд ч маш олон бий. Хамгийн гол нь ингэж Чингисийн удам судар, гарал үүслийг ихээр гуйвуулсан эсвэл Чингис хааны нэр төрийг гутаан доромжилсон, Чингисийг мартагдуулахыг хүссэн он цаг бүхэн түүхэнд Монголын төдийгүй төв азийн нийгэм улс төрийн хамгийн их үймээнтэй, ард түмний цус асгарсан, ядарч доройтсон мөчлөгүүдтэй гарцаагүй давхацдаг. Чингис гэдэг үг ердөө найман зуун жилийн өмнө амьдарч байсан нэг хувь хүнийг илэрхийлэхээс гадна нүүдэлчин Түрэг-Монголчуудын нэгдсэн төр, эв нэгдлийн эрмэлзлэл болон зориг зүрх, хүч чадлын гал дөлийг асаан бадрааж байдаг мөнхийн гэрэлт од гэдгийг гадныхан ч олоод харчхаж. Тиймээс Чингис Хааны ургийн бичиг за тэгээд орчин үед генийн кодыг нь сахин хамгаалах нь үе үеийн түүхчдийн эрхэм үүрэг мөн болов уу гэж би бодож байна. Чингисийг алдах нь төрөө алдахаас өөрцгүй болов уу.
Мөн мэдээж хэрэг түүхийн ээдрээтэй олон нууцуудыг тайлах тийм ээ. Жишээ нь Зүчи Чингисийн хүү мөн үү биш үү, Доголон Төмөр хаан Барлас овгийн Монгол хүн мөн байсан уу биш байсан уу гээд. Туркууд бол жишээ нь Төмөр Хааныг Монгол байсан гэж хүлээн зөвшөөрдөггүй шүүдээ. Энэ бүх эргэлзээг генетикийн судалгаа тайлж чадлаа.
Энэ дашрамыг ашиглаад У-ДНК тест өгсөн бүх хүндэт оролцогчиддоо болон надад шинжилгээ авахад маш их тусалсан Бэсүдийн Билгүүн, Сартуулын Төгөлдөр, Шарайдын Ууганбаяр, мөн Хонгорзул нартаа маш их баярласнаа илэрхийлье. Түүнчлэн миний хийсэн судалгааг бага гэж гололгүйгээр ач холбогдол өгч, цаг зав гарган үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрласан Энхбаяр, Цэрэндорж, Баатар та гурван ахдаа чин сэтгэлийн угаас талархъя.
Ярилцлагын маань эхний хэсэг уншигч таны сонирхолыг татаж эрэгцүүлэн бодох эргээд асуух зүйл гарсан байх гэж найдаж байна. Дараачийн удаад Эртний монгол овог аймгуудын өв соёл, нууц (ил) билигдлүүдийн тухай мөн Манж,Төвд, Хаант Орос, Монголын ханлигуудын харилцааны талаар болон даяаршин буй өнөө цагт олны анхаарлын төвд ороод байгаа уугуулшлын асуудал, нармай монгол үндэсний үзэл санааны тухай судлаач бүсгүй өөрийн бодол саналаа та бүхэнтэй хуваалцах болно.
Та бүхэн сонирхсон асуултаа дараах Имэйл хаягаар Б. Хэрлэнд шууд илгээх боломжтой: sydalgaa@gmail.com
Мөн доор сэтгэгдэлээ бичиж үлдээнэ үү?

No comments:
Post a Comment