"Тэнгэрлэг бөө" сэтгүүл.
2014. дугаар 18-аас
Манай үлгэр, домогт лууны тухай хангалттай дүрсэлсэн байдаг. Окторгуйгаар нисч, галаар тургидаг, сайндаа сайн, муудаа ч муу, тийм нэг лууг үлгэр домгоос бид сонсч өссөн билээ. Сүм хийдийн тааз, багана, сэнтий бурхдын хөргөөс тэр лууг харж, бага насны уран төсөөллөөр баяжуулан сэтгэж ирсэн нь үнэн. Өмнөд хөрш нангиад нарын үлгэр, ном, өв соёлд луу илүү баялаг дүрслэгддэг болохоор луу гэдэг амьтан хуася, ( ихэвчлэн хятад гэж нэрлэж заншсан ч уг нь хуася. ся гэсэн нь илүү зөв юм билээ!) нарын шүтээн гэж ойлгодог ч болсон талтай. Гэхдээ жаахан өргөн өнцгөөр харвал лууг домоглож хөрөглөөгүй үндэстэн дэлхийд тун ховор шиг байгаа юм. Өнөөдөр хүүхэд төдийгүй үүхэд ч мэдэх болсон янз бүрийн улс орны хүүхэлдэйн киноноос ч, уран сэтгэмжийн киноноос ч хоёр хөлтэйгээс дөрөв, зургаан хөлтэй, тэр байтугай ярьдаг лууг ч өч төчнөөнөөр бид үзэх болсон нь үндэстэн бүхний үлгэр домог амилсны гэрч билээ.
Манай орны аль ч өнцөг булангаар явсан хүмүүн лууны тухай эрх биш сонсоно. Тэр ч байтугай луу өвөлждөг худаг заагаад өгөх хүн захаас аваад замаар дүүрэн байхх вий. Өвөлжсэн лууг үзсэн хүн ч бий. " Ботго шиг урт хүзүүтэй, толгой нь уур цанд дарагдаад сайн харагдахгүй байсан. Айгаад сайн лавлаж чадалгүй холдсон" гэж нэг өвгөн хуучилжбайхыг багадаа сонсож л байлаа. Тэр хүн худалч хүн гэгдээгүй, олонд хүндтэй буурьтай нэгэн байсан гээд олныг хэлж болно. Луугийн ястай газар гэж нутгийнхан хэлцдэг нь хожмоо үлэг гүрвэл - ийн булш болж таарсан. Лох Несс нуурын домогт плезиозавр усны үлэг гүрвэл шиг хувь тавилантай ямар нэгэн птеродактиль (нисдэг үлэг гүрвэл) уудам орчлонгоор хэрэн тэнэсээр хүн төрөлхтөн өсч торних цагийг үзсэн юм билүү !
Америк тивийнч юм уу эсвэл Британийн арлуудын лууны домгийг мөшгин тандаж чадахгүй ч монгол лууны тухай бага сага сурвалжилж бичиж болмоор бодогдов. Уг нь ч аль эртнээс бодогддог байсан л даа. Гэвч үнэнийг хэлэхэд баримжаа олдохгүй байсан юм. Сүм, хийд, бурхдын чимэглэлийн лууг ажихад олон үеийн тэр дотроо олон үндэстний урчуудын уран санаа, уран гараар баяжиж төлжсөөр өдгөө түүнийг монгол, төвд, хуася хэн нь ч өмчлөх боломжгүй, үүссэн цаг үе байтугай газар нутгийг нь баримжаалах аргагүй болсон тийм л "төгс интернационалч" амьтан байгаа юм. Одоо бидний их л дээдэл - дэг дөрвөн хүчтэн ( хангарьд, луу, арслан, барс) ч бас л нэг иймэрхүү уламжлалтай болохоор тэдний нэг болох лууг монгол лууны эх дүр болгон авахаас татгалзсан хэрэг.
Худагт өвөлждөг луу, тэнгэрт аянга нүжигнүүлдэг лууны тухай сонсож байхдаа монгол лууны зураг байдгийг бас мэдэж авсан хүн л дээ. Миний авралт хүмүүн Говь- Алтай аймгийн Тонхил сумын уугуул Ширчин ( бид Сиеэ гэж авгайлна ) гуай маань аавтай үеийн хүн. Бага наснаасаа шавилж, хувилгаанаар тодорсон ч цөвүүн цагийн нугалаанд учраад идэр насаа шоронгоор өнгөрөөгөөд амьд мэнд гарч, Улаанбаатарын хэмжээнд нууцаар өргөмжлөгдсөн , галын тарнид нэвтэрсэн лут хүн сэн. Манайхаар хааяа ирнэ. Ирэхдээ ч харин сар саатаж чадна даа. Тэр хүн анх монгол лууны тухай дурсаж байгаа билээ. Сиеэг манайд байгаа сургаар танил өвгөд ( надад л өвгөн болохоос тэр үедээ тавь хүрээ ч үгүй л хүмүүс байж) цуглаж цуурцгаана " Цуурах" гэдэг нь тэр үеийн албан бус мэдээлэл солилцох уламжлалт арга барилыг хэлдэг, одоо ч энэ уламжлал байгаа.
Ахмадууд янз бүрийн сэдвээр цуурна. Цуурхал улс төр, гэр бүлийн сэдэвтэй болоод ирвэл аав намайг "гарч тогло" гээд хөөчихдөг, чөлөөт сэдэвтэй бол би чагнах эрхтэй. Гэхдээ зочдыг тарсны дараа аав "энэ бүхэн дэмий яриа шүү. Чи хичээлдээ л анхаар" гэж онцлон анхааруулдаг байлаа. Нэг тийм ярианы үеэр лууны тухай хөөрөлдөв. Олон цаг үргэлжилж, хэд хэдэн данх цай сулласан тэр хөөрөлдөөний эцэст би дотроо "Сиеэгийн луу" гэж томъёоолсон хачин гэж амьтны дүртэй хоцров. Тэр луунд таван хумстай дөрвөн лут савар байхгүй , харин бухын (эсвэл бугын ч гэл үү) хөлтэй, гэдсээрээ их үстэй, далавчтай ( тэр нь нисдэг морь буюу пегасных мэт бололтой) их бие нь могой шиг гээд ер бусын, заримыг нь мартаж, товчхон хэлэхэд миний харж, зурж дассан догшин гоёмсог луутай ер хавьтахгүй амьтан болж таарсан билээ. Өөр нэг тогтоосон зүйл гэвэл Сиеэ маань тэр лууг сүм дуганд бус айлд. Сэлэнгэ аймгийн Дулаанхаан гэгч газрын нэг айлын авдар дээр зураас байхыг харсан гэдэг. Хожим нэг бус удаа тэр лууг сэргээн зурахыг хүссэн боловч тархинд минь нэгэн тод зурагдсан таван хумст" хөөрхөн " лууныхаа дүрийг би арилгаж чадаагүй бөлгөө.
1980 - аад онд их эрдэмтэн Г. Сүхбаатар "Монголчуудын эртний өвгө" номдоо Хүннү лууны тухай анх удаа дурдаж, эртний монгочууд лууг шүтэх болсон нь хөрш аль нэг үндэстэнтэй огт холбоогүй гэдгийг нотлон өгүүлсэн билээ.
2011 - онд охин маань Унгараас надад хэдэн ном илгээсэн юм. Үүний нэг нь Унгарын эрдэмтэн Эрди Миклошийн бүтээл байлаа. 2010 онд Будапешт хотноо хэвлэгдсэн энэ номын мэдээлэл шинэ соргог, зөвхөн Унгарын нутаг дэвсгэрийг төдий бус Евро Азийг бүхэлд нь хамарсан юм байлаа. Хамгийн чухал нь Хүн нарын булшны олдворыг арвин ихээр оруулсанаас миний хувьд олзуурхууштай зүйл олон гарч ирэв. Өмнө дурдсан " Сиеэгийн луу" энэ ном дээр гарч байх нь тэр. Гоёл чимэглэлийн дотроос бүсний алтан чимэглэлийн нэгийг та бүхэн харж байна. (Зураг 1 ) энд бидний дурдаад буй хүннү луу дүрээрээ харагдах бөгөөд нэгэн цагт Сиеэгийн маань монгол авдрын нүүрэн дээд харсан байж болох бөгөөд мөн доктор Гүнжийн Сүхбаатар гуай ч гараараа барьж суусан байж мэдэх юм. Энэ миний хийсвэрлэл тул уучлал хүсье.
Чимэглэл дээрх амьтныг луу гэж томъёолохоос өөр аргагүй. Могой хэлбэр- тэй их биеийн доод хэсгийг бүтэн эмжсэн хайрс хэлбэрийн зүйл толгой дахь ганц эвэр , матрынх мэт хоншоор зэрэг нь одоогийн лууны дүрсэнд уламжлагджээ гэж үзвэл , хуниас бүхий далавч, ац туурайт урд мөч нь огт байхгүй. Одоо мөн энэ булшны 2 дахь лууг сонирхоё. (Зураг 2 )
Энэ чимэглэлийг сайтар ажиглавал өмнөх луугийн дүрсийг эвхэн хураамжилсан хэлбэртэй. Эвэр, чих хоёрыг нэгтгэснээр алиныг нь ч төлөөлж болох гайхалтай дүрс үүсгэжээ. Энд гол нь өнөөх урд мөчийг салангид байдлаар гаргасан бөгөөд энэ нь хос гэсэн санааг илэрхийлсэн гэж үзмээр. Ямартай ч энэ нь таван хумст сарвуу биш байгааг та бүхэн харж байна. Харин бухынх уу,бугынх уу гэдгийг нь та ялгаарай. Буга гэхээс илүү монгол үхрийн бахимхан мөчтэй адилхан харагдана. Хүннү луу буюу монгол луу гэж гарцаагүй үүнийг хэлэх байх гэж надад бодогдож байсан юм.
Одоо гуравдахь лууг сонирхоцгооё . 1997 онд Ижил мөрний Сидоров сувгийн орчимд хийсэн малтлагийн үеэр олдсон эд өлгийн доторх хүннү язгууртны бүсний алтан чимэгт луу ихэд л өөрчлөгдөж өнөөгийн луутай нилээд төсөрхүү болсон ч өмнөх лууны гол шинжийг хадгалсаар байгаа нь ялангуяа толгой сүүл хоёрт ажиглагдав. ( зураг 3 ) .
Харин үхрийн хаа мэт мөч нь тахианы гуя шиг болоод хоёр бус дөрөв болсон төдийгүй ац туурайны оронд гурван хумст сарвуу дүрслэгдсэн байна. Энд луу, барстай тэмцэлдэж байгаа нь ноён уулын хивсний зээгт дүрсийг санагдуулна. Ташрамд дурдахад эдгээр чимэглэл нь 2- 3 см урт, 2 -2,5 - см өндөр, 2 -3 см зузаан металь юм байна. Харьцуулан үзэх уншигчид болгоох буй за.
Түүх сударт лууны мэдээ маш олон бөгөөд бүгд л өөр өөрийн онцлогтой. Энд зөвхөн нэг баримт дурдаж, монгол лууны тухай эргэцүүлэлд нэмэр болгосугай .
"Дай Ляо улсын түүх "- нд бичсэнээр :
Шэн - цзэгийн 5 - р онд Тайцзу ( Кидан улсыг үндэслэгч Елюй Амбагян. Т. М.)
зуны дунд сарын цагаан луу өдөр Элшан уулын Ян Шүй голд лууг үзээд харван алж, ясыг нь санд ( улсын хөмрөг. Т. М.) д тавив. Тэр луу эвэртэй, сүүл нь урт, хөл нь охор, биеийн урт нь таван тохой, хэлний урт нь 2 тохой, нэгэн заримдаг бөлгөө гэжээ. Нэг тохойг 50 - 60 см гэж үзвэл энэ луу 2, 5 м орчим урттай, төсөөлбөл Номхон далайн саламандр буюу тожмой лууг санагдуулах нь гайхалтай. Шэн - цзэгийн 5 - р оныг Рене Груссегийн номоор баримжаалбал аргын тооллын 923 онтой давхцаж байна. Ян Шүй гол гэдэг нь Сунгари мөрөн юм. 1000 гаруйхан жилийн өмнө лууг жирийн нэг тул шиг агнаж орхисныг бодоход бас сонин байгаа юм. Судрууд дахь лууны мэдээллийг харьцуулбал зун, намрын цагт огторгуйгаар өвөл, хаварт усанд ( ус багатай газарт бол худагт) амьдардаг хоёр нутагтан ховор зүйлийн амьтан байх шиг харагдана.
Нэгэн цагт гэхдээ тийм ч эрт бус луу хэмээх амьтан амьдарч байсан байж магадгүй. Байгаа мэдээллээр тунгааж үзвэл амьдрах орчин нь асар хэлбэлзэлтэй, өөрөөр хэлбэл агаар мандлаас усан мандлын гүнд хүртэлх асар том орон зайг хамаарах тул экологийн хувьд эрсдэл ихтэй , түүнчлэн захын нэг морьтон харваад тонилгочих боломжтойг харгалзан үзвэл амьтны аймгийн жагсаалтаас хасагдсанд гайхаад ч байх хэрэггүй бололтой. Цагтаа Стеллерийн үнээ ч луунаас илүү найдвартай орчинд амьдарч байсан шүү дээ.
No comments:
Post a Comment