Хуудас

Search This Blog

Monday, January 16, 2017

ШАРЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСНИЙ ҮР НӨЛӨӨНИЙ ТУХАЙД

Профессор Чулуунжав. 
Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү? Орчин цаг, XXI зууны өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах, сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ.
Учир нь шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр өвч бүрэн зэвсэглэсэн хомосапиенсын өнөө үеийнхнийг шашин, мухар сүсэг шившиглэж эхэлж байна. Харь гаригаас оюунлаг хүмүүс ирэх ахул тэд бидэнд яг л ингэж хэлэх болно. Үнэхээр ч бүх шашны тар нь танигдлаа. Тэд үнэнд гүйцэгдлээ. Бурханы шашны хувьд гэхэд л диваажин, хойд нас, бурханы хутгийг олж мөнхрөх, чөтгөр шуламд хувирах, тэнгэрийн орон руу ид шид, увдисыг олон нисэн одох зэрэг олон зүйл санаа нь нотлогдсонгүй. Бурхан, номын орон гэх Төвдөд мөнхүү шашны урсгалууд хооронд дайн болж олон арван мянган хүний цус урслаа. Удаах том шашин болох христийн ертөнцөд гол онол, сургаалын нь амладаг бүхэн 2000 жилийн туршид хоосон горьдлого үүрсээр өдий хүрлээ. Энэ шашны томоохон урсгал хоорондын зөрчлийн үндсэн дээр Европ тив бүхэлдээ дайн дажинд автаж 40 шахам жил цус, нулимсанд живж байв. Лалын шашны урсгалууд хооронд, мөн бусад шашинтнуудтай дэгдсэн дайн, самууны хөлд олон зуун мянган хүн амь насаа алдаж, тахир дутуу боллоо. Ингэж шашин бүр л дайн самуун, аллага хядлагын шалтгаан болсоор 2500 жил улиран одлоо. Энэ урт хугацааны туршид шашин бүр л мөнхөд оршихын тулд, бүр дангаараа жанжлан үлдэхийн тулд заль, мэх, луйвар, худал хуурмаг бүхнийг сүйхээчлэн ашигласаар иржээ. Дээд тэнгэрээс илгээгдсэн бурхад, ертөнцийн эзний хөвгүүн, өнгөрсөн одоо ирээдүй цагийг эрхшээх учиртай тус тус бурхад, бурхдын хувилгаан дүр, хойд дүрүүд гэхчилэн байхгүйг байлгаж, боломжгүйг болгож ч үзэж байв. Бурхдын гэх хэдэн зуун дүрийг ч хуурамчлан бүтээцгээжээ.
Сүсэгтэн олны итгэл, сэтгэлийг байнгын, мөнхийн нэгэн шүтээнд уяж олзлох, өвөрчлөхийн тулд хутагт, хувилгаад, гэгээнтнүүдийн хойд дүрүүдийг тодруулж, тусгайлан бэлтгэж, бурханчлан шүтүүлсээр байлаа. Энэ хэрэгт төвдүүд онцгой их гаршжээ.
XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн бурханы шашин дэлгэрснээр олон олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Гэхдээ тэд жирийн л хүний адилаар төрж, хүний эдэлдэг бүхнийг эдэлж, зарим нь зуурдаар үрэгдэж, зарим нь архинд донтож, зарим нь бусдад хорлогдон амь үрэгджээ. Монголын Түмэд аймгийн Алтан ноёны төвд ламд анх олгосон “Далай лам” гэх цолтнуудын удаах 11 дүрийн амьдрал, үйл ажиллагаа ч мөн жирийн хүнийхтэй адилхан байжээ. Тэд өвдөж, бэртэж, зуурдаар үрэгдэж, хавчигдаж, хэлмэгдэж, шаналж, оргож, дайжиж, өөр орон руу цагаачлан гарч ч байв. Далай ламын сүүлийн 12 дүр гэхэд л дундаж нас нь 38 орчим байжээ. Амьд бурхан гэгдэгсдийн нас ийм богинохон байгаа нь хачирхмаар биш гэжүү?… Монголын Төрбайх (Гүүш хаан) ноёны төвд ламд анх олгосон “Банчэн эрдэнэ” хэмээх цолтнуудын удаах дүрүүдийн амьдрал ч гэсэн жирийн хүний л адил бэрхшээл, зовлон, хагацал, баясал хослон өнгөрчээ. Эдгээр цолтныг удаа дараа тодруулж байсан арга, хэлбэр нь ч, болзол, шаардлага нь ч эргэлзэхээр зүйл ихтэй, учир битүүлэг байв. Тэднийг амьд бурхан мэт шүтэж байсан хэдий ч тэд өөрсдөө амьд бурханы хэр чинээнд хүрч амьдарч, насалж чадаагүй байна…
Далайн ламын нэг л дүр (IV Далай лам) Монголоос тодорч бусад 13 нь Төвдөөс тодорчээ. Богд Гэгээний хоёр л дүр Монголоос тодорчээ. Бусад 7 нь Төвдөөс тодорчээ. Энэний наад, цаад учрыг тодруулж үнэнийг олсон хүн одоогоор алга байна. Яахлаараа амьд бурхдын олонх нь зөвхөн Төвдөөс тодордог билээ? Хутагт, хувилгаадын хойд дүрийг юуны учир, ямар зорилгоор Төвдүүд анх эрж хайх, тодруулах болов оо? Өмнө нь ийм жишээ, уламжлал ер байгаагүй билээ. Ер тэгээд хойд дүр төрдөг, тодордог нь үнэн гэж үү? Урьдаас таньдаг, мэддэг байнгын нэгэн шүтээнтэй байлгах гэсэн заль, мэх арай биш байгаа? Амьд бурханы хойд дүр гэгдсэн балчир хүүхдийг урдаа тэврээд түүнээр түрий барьж томордог эрхмүүдийн тухай хошин шог яриа бас байжээ. Энэнд шүүмжилтэй ханддаг том лам нар ч мөн байсан гэгддэг билээ…
Буддагийн сургаал, номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир аацааг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ бол шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл мөн байв. Гэвч тэр үеийн уламжлалт нийгмүүдийн боловсронгуй бусын хэр хэмжээнээс үүдэлтэйгээр аажмаар шашинжиж, бүр мухар сүсэгт, шашныг ашигладаг бизнест үйлчлэх хүчин зүйл болж хувирчээ. Ихэд шашинжсан хэлбэрээр нь Төвдийн хаад хүлээн авч дэлгэрүүлэхдээ мөнхүү сургаал, номлолыг төрийн засаглалын нэгэн хэрэгсэл, туслагч болгон ашиглаж “Хос ёсны” гэгдэгч удирдлага, жолоодлогыг буй болгожээ. Төрийн албадлага, хүчирхийллийг нэг талаас, нөгөө талаас шашны суртал, ёс зүйг нийт хүн амдаа дээр дооргүй тулган хүлээлгэж тэднийг номхон хүлцэнгүй байхад сургаж, хүргэж байв. Аажимдаа Төвдийн хаадуудын намтар, түүхийг бурханы шашны суртал, номлолын үүднээс бичиж, тэднийг Жагар, Энэтхэгийн хаадаас угсаа гарвалтай болгож харуулах, сурталчлах болжээ.
Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, түүний шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байв. XVI зууны дунд үе гэхэд энэ шашин, түүний үйл ажиллагаа нь бараг л ашгийн төлөөх шинжийг олж сүм хийдүүд нь өргөл, барьцад шунах, бүр өрсөлдөн булаацалдах болов. XIV-XV зуунд Зонхоба Лувсандагвын (1357-1419) хийсэн шинэчлэлтээс үүдсэн зөрчил нь хуучин ба шинэ урсгалуудын хооронд сөргөлдөөн, дайсагналыг буй болгожээ. Ийм байдал ужигран гүнзгийрсээр Төвд даяарт иргэний дайныг дэгдээсэн байна. Дайны явцад олон арван мянган төвд хүн, лам нар алагдаж, хэлмэгджээ. Төвдөд шашин суртлын үндсэн дээр суурилан дэгдсэн энэ дайнд монголчууд мөн хоёр тал болон оролцож, хоорондоо тулалдаж гучин мянга орчим цэрэг эрсийн амь хохирчээ.
Лигдэн хаан, Цахарын ноёд хооронд, Цогт тайж Түмэдийн ноёдын хооронд, Ойрдын ноёд Халхын ноёдын хооронд өш хонзон, өрсөлдөөн, мөчөөрхөл XVI, XVII зууны туршид зангидагдан ужгирсаар эцэс сүүлдээ монголчууд бүгдээрээ бусдын идэш болж уруудах, доройтох замдаа оржээ. Ихэд төвдөчлөгдөж хиртсэн тэр хувилбараараа Бурханы шашин, түүний шар малгайтны урсгал Монголын уламжлалт нийгмийг доройтуулж мөхөхөд хүргэсэн гол хүчин зүйл болсон байна.
Хүннүгийн эзэнт гүрэн болон түүний задралын үр дүнд Ойрх дорнод, Зүүн өмнөд Ази, Хятадын хойд бүс нутгуудад буй болсон Монгол угсааны хаад, жанждаар толгойлуулсан их, бага улсуудад Энэтхэгээс Ойрх дорнодоор дамжин орж ирсэн Бурханы шашин монгол, түрэг угсаатны дотор 200 орчим жил оршин байсан хэдий ч Бөө мөргөлийн байр суурийг ганхуулж чадаагүй ба зөвхөн язгууртны давхрааны хүрээнд л нэр нөлөөтэй байжээ. Тиймийн учир тэрхүү тархалтын ул мөр, үлдэгдэл, дурсамж ховор юм. Бурханы алтадмал дүрийг хүннүчүүдээс булаан авсан гэх мэдээ Хятадын сурвалжид буй нь энэ талаар ихийг өгүүлэхгүй байна. Гэхдээ Бурханы сургаал, номлолын анхдагч дэлгэрэлт монголчуудын хувьд Хүннүгийн эзэнт гүрний сүүл үед Төвдөөс өөр замаар орж ирсэн нь үнэн юм. Уг дэлгэрэлт нутагшин үлдэж чадаагүй болно. Түүний нөлөө, үр дагаврыг ч бид өдий хэр мэдэхгүй байна. XIV зуунд бичигдсэн Гунгаадоржийн Улаан дэвтэр, XX зууны эхээр туурвигдсан Зава Дамдины Алтан дэвтэрт (Хор Чойнжүн) ч энэ талаар ноттой мэдээ, баримт үгүй болно.
Бурханы шашны удаах дэлгэрэлт Годан хааны үед (1247 оны үеэс) эхэлж Сажа бандидагаас Жамчэн цоржийн зам, мөрийг хамран мөн л 200 орчим жил үргэлжилжээ. Энэ нь XIII зууны дундаас XV зууны дунд үе юм. Удаах зуун жилийн туршид Бурханы шашин Төвд даяарт доройтсоны учир түүний гадагшаа түгэн дэлгэрэх үйл явц ч тасалджээ. Гэвч Зонхоба Лувсандагвын (1357-1419) үед өмнөх доройтлыг туулах шинэтгэл хийгдэж шар малгайтны гэгдэх урсгал хүчээ авч нэр нөлөө нь Монгол ба Хятадад өсөж, үеэ өнгөрөөн моралийн элэгдэлд ороод байсан Бөөгийн ертөнцийг түрж, бүр үгүйсгэхэд хүргэжээ.
Чингэж Бурханы шашин ихэд төвдөчлөгдсөн хувилбараараа Монгол руу орж иржээ. Энэ гуравдахь дэлгэрэлт нь XVI зууны хоёр дахь хагасаас XX зууны эх хүртэл 400 гаруй жил үргэлжилжээ. Эхэн, дунд, сүүлчийн дэлгэрэлт нийлээд ойролцоогоор мянга орчим жилийг хамарч байна. Орчин үеийн монголчууд шарын шашныг манай үндэсний шашин гэж нэрлэх, бичих болжээ. Энэ байдалтай холбогдуулан дараах зүйлүүдийг авч үзэх ёстой.
Бурханы шашны үзэл санааны үндэс, суурь анх Жагарт үүсчээ. Бодох, бясалгах, таних, тодруулах, ном судар туурвих нөр их оюуны хөдөлмөрийн үр дүнд буй болсон үзэл, сургаал аажимдаа шашинжиж, тахин шүтэх, үл ойлгон сүсэглэх, бурханчлах буруу арга, замруу гулсан оржээ. Уг үзэл, сургаалыг сэтгэж бүтээсэн хүн нь бурхан гэгдэж, мөнхүү үзэл, сургаал нь ид шидтэй, увдистай мэтээр сурталчлагдах болжээ. Мянга илүү жилийн туршид ийнхүү шашинчлагдан гуйвуулагдсан тэр байдлаараа л Төвдөд дэлгэрчээ. Дэлгэрүүлсэн зорилго, арга зам, үр нөлөө нь мөнхүү онол, сургаалын эхэн үеийн шинж, чанарыг сөрөг тал руу нь урвуулан төрөл арилжуулжээ. Төвдөчлөгдсөн буддизм нь өөрийгөө хувааригүй тахин шүтүүлэхийг л зорилго болгожээ. Сүсэг бишрэл төрүүлэх, тахин шүтэх, мухар сохроор дээр дооргүй мөргөн залбирч, өргөл барьц барьж байхын оньс, технологийг буй болгон мөрдүүлж, заншуулахыг сүм хийдийн удирдлагууд хүсэх, оролдох болов. Бурхан болгож хувиргасан Буддаг олон олон дүрээр бүтээж тахиулах нь багадаад шинэ шинэ шүтээнийг төрүүлэх ажлыг самбаачлан, уралдан хийх болжээ.
Урьд нь буддизм дэлгэрсэн аль ч оронд дээд эрдэмт хүмүүн хийгээд ижилгүй их ачтаны удаах төрөл, хойд дүрийг эрж хайдаг, тодруулдаг ёс байсангүй. Энэнийг Төвдийн сүм хийдийн удирдлага бодож олжээ. Төдхөн л хойд дүр, хувилгаад олширч тахигддаг, шүтэгддэг дээдэс “махан биеэ солиод мөнхөд байж сүсэгтэн олноо нар, сар мэт гийгүүлж байх болов.” Энэ бол Буддагийн онол, сургаалд нэмэрлэсэн шинэ сонин хачир байлаа. Нялх хүүхдийг хэн нэгний хойд дүрээр тодруулж өөрийн нь хувьд ямарч сонголтгүйгээр албадан “гэгээрүүлж” ирсэн түүхийг судлах аваас энэ хэргийн хөшиг сөхөгдөж үнэнгүй үйлийн үнэн царай илчлэгдэх болно. Монголын сүсэгтэн олны хувьд шүтээнүүдийг буй болгох, ихэд шүтэгдсэн ихэс дээдсийн хойд дүрүүдийг тодруулж улам бүр лавшруулан шүтүүлэхийн хувьд Төвдийн том толгой лам нар тун ч гарамгай ажиллажээ. Энэний далд нэгэн зорилго бол Монголын сүсэгтэн олны гар дээр байгаа үнэт баялгийг сүм хийдүүд болон хутагт, хувилгаадын нэгдсэн сүлжээгээр дамжуулан хурааж төвлөрүүлээд улмаар Лхасын ихэс дээдэсрүү шилжүүлэн авах эдийн засгийн сонирхол байжээ. XVI зууны дундаас хойших хэдхэн арван жилд л өргөл, барьцын хэлбэрээр Монголоос Төвд рүү шилжсэн алт, мөнгө, үнэт эдлэлийн хэмжээ гайхшрал төрүүлэм их байсныг холбогдох баримтууд гэрчилж байна. Борооны дараах мөөг мэт түргэнээр, олноороо буй болж асан сүм хийдүүдийн эдлэл хэрэглэл, хурал номын хэрэгцээт эд зүйлс, лам нарын хувийн ном судар, хонх, дамар, эрих, бусад зүйлсийг Төвдөөс импортлон авч ирэхэд гарсан зардал мөн санаанд багтамгүй их байв.
Бурханы шашныг бусад орон руу экспортлохын ашиг, тусыг хэдүйн танин мэдэж, энэ хэрэгт мэргэжиж завдсан Төвдийн төр-шашны удирдлага Монгол ба Хятадыг “идэж үл барах хоол” хэмээн тооцох болжээ. Төвдөөс тодорч Монголд гэгээрээд 39 насыг зооглох хүртлээ IV Богд гэгээний Төвдийн ихэс дээдэс, сүм хийдүүдэд өргөсөн хөрөнгө, мөнгөний жагсаалтыг харахад хэний ч нүд орой дээрээ гарахаар ажээ. Дүрслэн хэлэх аваас Монголын татвар төлөгчдийн буй болгосон хөрөнгийн ихэнх хагасыг хэн нэгэн том дарга зөвхөн ганц оронд хийсэн айлчлалынхаа зардалд зориулчихсан мэт санагдахаар их байв.
Түмэдийн Алтан ноён III Далай лам болон түүний шадруудад удаа дараа өгсөн их бэлгийн жагсаалтаас эхлээд 1904 онд XIII Далай ламд түүний Монголд байх хугацаанд сүсэгтэн олноос өгсөн өргөл, барьцын жагсаалт хүртэлх Төвд рүү гарсан бүх эд баялгийг XVI-XX зууныг дамнуулан бүгдийг нь тооцох аваас хэмжээ нь хүн төрөлхтний мэддэг тооноос ч хальж мэдэхээр их ажээ.
Одоо арай өөр талд анхаарлаа хандуулья. Чухамхүү юуны учраас монголчуудын оюун санааны амьдралд Бурханы шашин орж ирэв ээ? Тэгэхдээ яагаад заавал Төвдөөс орж ирдэг билээ? Монголчууд өөрсдөө л энэ шашныг сонгосон уу?, эсвээс Төвдийн удирдлага санаа, зорилготойгоор энэ шашныг Монгол руу экспортолсон уу? Аль эсвэл энэ нь Хятад, Манж мэтийнхний захиалга байв уу?
Бурханы шашныг Монгол даяарт дээр дооргүй, хол ойргүй, эр, эм, хүүхэд хөгшидгүй шүтсэнээр гарах үр дагавар нь Манж, Хятад, Төвд гурвууланд нь ашигтай, сайн үр дагавартай, бүр хүсмээр, юугаар ч хамаагүй тусалж дэмжмээр тийм үйл хэрэг байжээ.
Гүнзгий сүсэгтэн болцгоосон Монголын ноёдуудын өгөөмөр их бэлэг, сэлт, сүсэгтнүүдээс барих өргөл барьцыг том лам нар, ихэс дээдэс нь байнгад шахам аваад дээр нь шашны холбогдолтой судар ном, эд зүйлс, эрих, сахиус, хонх, дамар, хадаг зэргийг Монголруу байнгад экспортлох нь Төвдүүдийн хувьд олз ашгийн дээд байв. Бэлэг сэлт, өргөл барьцад алт, мөнгө, үнэт чулуу, ховор нандин эд зүйлс, булга, суусрын арьс, агт морьд, атан тэмээд, эмийн ховор нандин ургамал тэргүүтэн байсан нь бүр ч гайхалтай байжээ. 60 жил, 100 жилийн дүнгээр үзэх ахул авсан, өгсөн аль аль нь санаанд багтамгүй их баялаг байлаа. Энэнийг төвдүүд урьдчилан харж, сайтар тооцоолжээ.
Хятадууд хошуу бүхэнд олноор нь барих болсон сүм хийдүүдийн барилгыг барилцаж, барилгын материал, будаг маажин тэргүүтнийг ихээр нийлүүлж, дээр нь ганзагын наймаагаа өргөжүүлж, бараа таваар зээлээр олгож, мөнгө хүүлж, Монголын түүхий эдийг хямд төсрөөр цөлмөн авахын ашиг, хожоог мөн тооцоолж, хорхойсож байжээ.
Монгол даяарыг номхотгох, хүлцэнгүй болгох, эрчүүдийг нь лам хувраг болгож цэргийн эрдмээс хөндийрүүлэх, лам нар эхнэр авахгүй болсноор өрхийн тоо цөөрч, төрөлт буурч, хүн ам нь цөөрөхөд хүргэх, Манжийн төрийн засаглах хүчийг шашны мунхруулгын хүчээр сэлбэн чангатгах, тэг тэгсээр монголчуудыг шашны манкурт боол болгоход Манжийн хаад сонирхож төвдүүдийг ил, далд дэмжиж, урамшуулж, удирдах бүлэглэлтэй нь нууцаар сүлбэлдэх болжээ. Монголчуудаас алба, гувчуур аваад, өртөөний алба ба цэрэгт дайчлаад, Хятадад бослого гарвал монгол цэргүүдээр даруулаад, цэргийн агт морьд, төрийн цөм сүргээ монголын малчдаар өсгүүлээд, Чингисийн удмын эрчүүдийг төрийн хэргээс хөндийрүүлж шашин руу түлхэн оруулсаар байх нь Манжийн төрд хэрэгтэй байлаа. Чингэж Төвд, Хятад, Манж гурав хамтран хүчин зүтгэл гаргаснаар монголчууд ламын шашнаар гипнозлогдож зуунаас зуунд улам л уруудсаар, доройтсоор, ядуурсаар, цөөрсөөр байжээ.
14 дүрийн Далай лам нарт, мөн 8 дүрийн Богд гэгээн нарт өргөн барьсан бэлэг сэлт, 8 дүрийн Богд гэгээн нарыг өсгөж, сургасан зардал, Төвдөөс тодорсон дүрүүд нь байн байн Төвдөд айлчилж тэндэхийн томчууд, сүм хийдүүд, бас садан төрлийн хүмүүсдээ өгсөн бэлэг сэлт, өргөл барьц нийлээд өнгөрсөн таван зууны нэгдсэн дүнгээр бол маш их хөрөнгө Монголоос урсан гарчээ. Бурханы шашинтай холбоотой элдэв сувгаар дамжин Монголын бүх баялаг Төвд, Хятад руу гарч эцсийн дүндээ монголчуудын хөрөнгө зоорь нь зөвхөн л эсгий гэр ба таван хошуу мал болсон байна. Доор ганцхан жишээ дурдья.
Төвдийн Лхаст Далай ламын (Жамбалжамц) ах Содномдаш болон эх Янжинбалму нарын хүү болж 1775 онд төрсөн төвд хөвгүүнийг долоон настайд нь Жавзандамба хутагтын дөрөвдүгээр дүр мөн хэмээн тодруулж Монголд залжээ. Гэвш Агваанпэрэнлэйг багш болгож 16 нас хүртэл нь өсгөж, боловсрол олгожээ. Тэрээр хэд хэдэн удаа олон тооны дагалдагсдын хамтаар Төвдөд айлчилж, Төвд орноор аялжээ. 1790 онд айлчлахдаа Төвдийн ихэс дээдэс бүрт мандал хийгээд бодит өргөл (алт, мөнгө, үнэт зүйлс) агуу ихийг барьжээ. Далай ламтай уулзахдаа эд мал ч олныг өргөжээ. Тэрээр нэг хоёр жил болоод л Төвд рүү элч илгээж дээдэс болон эцэг, эхдээ амар мэндийг айлтгасан мандал, бат оршлыг өргөж, лам нарт амрыг айлтгасан захиа, их бага хүрээ хийдүүдэд цай, идээний түгээл илгээж байжээ. Жанжаа гэгээн, Гандан ширээт, Раху хутагт тэргүүтэнд нандин эд зүйл, мөнгө, адуу, тэмээ тэргүүтнийг олноор хайрлажээ. Шэхор болон Долоон нуурын хийдүүдэд өргөл, олны цай, түгээлд зориулж гурван мянга гаруй лан мөнгө өргөжээ. Мөн өөртөө зориулж тахилын эд, мутрын тэмдэг, авшигийн эд тэргүүтэнг захиалж мянга найман зуун ная гаруй лан мөнгө гаргажээ. Гэгээнтэн ижийгээ таалал төгссөний ерөөл буяныг Төвд, Монгол хоёуланд агуу ихээр бүтээжээ. 1795, 1802 онд Төвдөд залрах замдаа Манжийн хаантай уулзаж бат оршлын мандлыг мөн агуу ихээр үйлджээ. 1803 онд Төвдөд айлчлахдаа Бодалад Далай ламтай уулзаж мандал хийгээд ерөөл агуу ихийг өргөжээ. Гэгээнтэн бээр Гандан ширээт Гэндэнцүлтэмтэй уулзаж 14, 15-ны хурлыг ивээн тэтгэж, 15-нд Далай ламд нэг түм таван мянган лан мөнгөний даншиг өргөжээ. Мөн төр түшигч Жэдүн хутагтад мандал өргөж хуралд оролцсон 40 мянга шахам лам, хувраг нэг бүрт нэг лан долоон цэн мөнгө түгээжээ. Мөн Лхасын Цогчэн, дацан, хамцангуудад морилж мандал, шүтээн, алт мөнгө тэргүүтэн бодит өргөл арвин ихийг хайрлажээ. Бас чуулганы тахил, их ерөөлд Манж ба Балбын зоосоор түгээл өргөжээ.
Гэгээн гэрлийн агуйд Гандан ширээтээс айлдсан номыг таалж нэг зуун лан мөнгө тэргүүтэн бодит өргөл агуу ихийг өгчээ.
Олон бурхдын их бага лагшин дүрүүдийг шинээр бүтээлгэхэд зориулж нэг мянган лан мөнгө, тааллын шүтээнд зуун жаран гурван лан мөнгө, буман зарлигийг алтаар бүтээхэд долоон зуун лан мөнгө, Бодалын хийгээд бусад шүтээнүүдэд нигуурын алт, чимэг, эрих, хувцас, чихний унжлага тэргүүтнийг өргөжээ. Их хийд Сэр-Брай-Гэ гурав тус бүрт нэгэн зуун тавин өдрийн манз өргөхдөө нийт нэг түм зургаан зуу гаруй лан мөнгө, Жүд дацан Дод Мад хоёрт, мөн Намжал дацанд манз зутан, лам нэг бүрт таван цэн мөнгөний түгээл, Лхасын дөрвөн дацан, Павонха, Ерва лха, Самяа, Табрүг тэргүүтэй зуу гаруй их бага хийд оронд тахил өргөж, унд түгээл сэлтийг барьжээ.
Хутагт бээр 1804-1806 оны гурван жилийн туршид Далай лам, Банчэн богд тэргүүтэй шашныг баригч дээдэс нарын өлмийг бататгахын тухайд нийт 30 гаруй хийдэд өдөр бүр манз зутан тэргүүтний зардалд таван мянга найман зуу гаруй лан мөнгө соёрхжээ. Бас тэнгэр лусын шүтээний дэргэд сар бүрийн шинийн наймны өдөр “Оточ”-ийн зан үйлийг хуруулахын тухайд 235 лан, “Лха-лү-гүн”-ийн буяны бүтээлд 5000 лан, чуулганы тахил, ерөөлийн хандивт 1500 лан өргөжээ. Дараа нь зангийн Нятанд буужээ. Шүтээнд мөргөөд энэ бол эрт цагийн шашны эзэн Жово Атиша богдын хийд билээ. Цагийн эрхээр элэгдэж хуучирчээ. Миний сангаас хөрөнгө авч сэргээхтүн! гэж шанзав Да Ламд зарлигджээ…
Дашилхүмбэд заларч Банчэн эрдэнэд мандал, гурван шүтээн тэргүүтнийг өргөжээ. Банчэн ламаас зарлиг, ном сонсох үедээ алтан мандал нэг, 150 лан мөнгө, тахилын үед чуулганы хүрд лүгээ барилдуулан 1500 лан мөнгөний даншиг, төгсгөл хэрд том мөнгөн мандлыг 6000 лан мөнгө, асар их бодит өргөлийн хамт барьжээ. Ёнзин Номун хаанд ч зарлиг, номыг сонсон таалсны ачлал тэргүүтэн өргөл агуу ихийг өргөжээ. Тахилын сүмүүд хийгээд Цогчэн, дацангуудын санд 100 лангийн мөнгө бусад зохистойг барьжээ. Олон хуврагт нь манз, түгээл хүртээжээ. Дагданпунцоглингийн шүтээнүүдэд чихний унжлага, нигуурын алт, Цогчэнд манз зутан зургаан удаа, 320 лан мөнгө өргөжээ. Нартанд айлчлахдаа Махагалын сүмд тахил өргөж, угаал соёрхож, олон чимэг тэргүүтнийг өргөөд хуврагуудад манз, түгээл хайрлажээ…
Нян мөрнийг гаталж Бэнса хийдэд залран тахилгыг дэлгэрэнгүй сайнаар үйлджээ.
Далай ламын үдээчид болон Нагчүгийн хамба, нансо тэргүүтэнд ч агуу их хишгийг хайрлажээ. Тэр үеийн бүдүүвч тооцоогоор бодоход сүүлчийн ганц айлчлалын зардал 400.000 лан орчим байжээ.
Гүмбүмээс ирж уулзсан хэргэмтнүүд, мөн Амдуу зүгийн хийдүүд, шавь нарт ч түгээл агуу ихийг тараажээ.
1809 онд хутагт бээр Шэхорт морилж Их хаан лугаа уулзан ёсыг үйлдэж сахил хүртсэний баярт зуун лан алтаар бүтээсэн Аюуш бурхан, 156 лан мөнгөн арслант ширээ, түшлэг, 600 лан мөнгөний титэм сэлтийг өргөжээ.
Дөрөвдүгээр богд Жавзандамба бээр 1813 онд 39 сүүдэртэйдээ таалал төгсөх хүртлээ дээрх мэтчилэн аялан явж Төвд даяарт буян хишгээ хайрласаар байжээ.
7 настайдаа гэгээнээр тодорч Монголд ирсэн хөвүүн өсөж, суралцаж, хүндлэл, дээдлэлийг амссаар дээрх мэт зардлыг гаргасан нь угтаа бүгд л сүсэгтэн олны хөрөнгө, Монголын баялаг билээ.
Дээрх мэт зардал, сүйтгэлийг 1000 жилийн дүнгээр нэгтгэн тооцож гаргаагүй, цөөхөн монголчууд Бурханы шашныг элдэв хувилбараар нь гурван удаа дэлгэрүүлэн авахдаа тухай бүрт нь түүнд хэрхэн, яаж нөлөөлөгдсөнөө өдий хэр тодруулан ойлгож завдаагүй яваа нь монголчууд бидний л буруу бизээ… Өмнөө тодорхой зорилго тавиад түүнээ өнө удтал амжилттай хэрэгжүүлж, хожиж чадсан, одоо XXI зуунд болбол л өмнөхөө давтчих санаархал өвөртлөн буй мөнхүү шашны ихэс дээдэс ч гэсэн аливаа зүйлд цаг хугацаа, хэмжээ гэж байдгийг тооцож, ёс жудаг сахиж сүсэгтэн олны ядуу зүдүү хэсгийг нь өрөвдөж, тусгайлан үзэж, тэдний хувьд аливаа үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгоосой. Үйлчилгээ бүхэндээ хатуу үнэ тогтоогоод сүсэгтэн нэг бүрээс урт урт дарааллын дагуу мөнгө хурааж байдгаа эргэж нэг хараасай. Буруу үйл бүхэн муу үрийг төрүүлдгийг тооцож алс хойчоо бодоосой…
2017 оны 01 дүгээр сарын 10

No comments:

Post a Comment