Пост бичсэн: Орлой М.Мэгзэр.
Эртнээс нааш дорно зүгийн ард түмэн САРНЫ ЗУРХАЙГ хэрэглэсээр ирсэн.
Монголын эртний түүхэн цаг үеийн хэрэг явдал суудлыг ТҮҮХ, СУДАРТАА
НАНГИАД түмэн тэмдэглэн үлдээжээ. Ингэхдээ тэд өөрсдийн зурхайгаар
тооцож тэмдэглэхдээ тогтсон нэр томьёог хэрэглэсээр байсан нь илэрхий
юм. Иймээс түүх сонирхогч хэн бүхэн мэдэх болтухай гээд Шар зурхайн товч
түүх, зарим нэрс, тэдгээрийн тайлбарыг оруулав.
ТОВЧ ТҮҮХ
Эртний нангиад оронд 3 хуан, 5 ди-гийн үеэс жил улиралыг тоолсоор Жоу
улсын үед зурхайг хэрэглэж байсан мэдээ гардаг. Тэр үед нэг жилийг 12-14
сард хувааж байжээ. Байлдаант улсуудын үед (771-221 онд) улс бүр зурхай
гаргаж байв. Цинь улс бүгдийг нэгтгэснээр зурхайгч бас нэгтгэж орхив.
Ингэхдээ жил нь Грегорийн тоололын 10 сард эхэлж, 9 сард дуусдаг байв.
Энэ зурхайг Хань төрийн Уди хааны үе хүртэл хэрэглэсэн гэнэ.
Удигийн үеэс 太初曆 (Tai Chu Li) гэх зурхайг зохиосон. Энэ нь одоогийн
нангиад зурхайн үндэс суурь болжээ. Жилийг 12 сард хувааж, сар нь 29
хоногтой гэх мэтээр үргэлжилж, цагаан сар нь хавар болохоор тохиров.
2. 大明曆 (Da Mingli)- 6-р зууны Лян улсын үед зохиосон цаглабар.
3. 戊寅元曆 (Wuying yuanli)- Тан улсын Шар барс жилийн цаглабар.
4. 授时曆 (Shou Shili)- Юань улсын Гүо Шоужюний зохиосон цаглабар. Жилийг
365.2425 өдөрт багтаасан нь Грегорийн зурхайгаас 2 цифрээр зөрсөн
байдаг. 1620-иод он хүртэл хэрэглэсэн.
5. 時憲暦(shi xianli)- Мин улсын Чунжэн хааны үед 1620-иод онд зохиосон. 1912 он хүртэл хэрэглэсэн.
Ингэж шинэчлэх тутамд сайжруулсаар өнөөг хүрчээ.
БҮТЭЦ
Нангиадын зурхайг монголчууд ШАР ЗУРХАЙ гэдэг учраас цаашид ингэж
нэрлэе. Шар зурхайд жил сар өдрийг 12 амьтны нэрээр нэрлэхдээ
давхцуулалгүй ялгахын тулд амьтаны өмнө ТАВАН МАХБОДИЙГ ИНЬ-ЯНд хувааж
нийт 10 ангилдаг. Доор тус бүрийн нэрийг монголоор орчуулж бичив.
МАХБОДЬ
木(ben)-мод (Хөх өнгөт)
火(huo) -гал (Улаан өнгөт)
土(shi)-шороо (Шар өнгөт)
金(jin)-алт/төмөр (Цагаан өнгөт)
水(shui)-ус (Хар өнгөт)
Махбодь бүрд багтах инь, ян 2 дэд махбодь багтдаг. Монголоор өнгө
болгож орчуулдаг. Өнгө нь эр эм хүйстэй. Жишээ нь 戊-шороон махбодьтой
шар нь инь буюу эр хүйст, 己-шороон махбодьтой ян буюу эмэгчин өнгө
болно. Мөн 12 амьтанг ерийн амьтны ханзаар биш тогтсон үгээр бичдэг.
Махбодь амьтан хоёрыг нийлүүлж унших үед эр, эм хүйст амьтан болдог.
Харин Төгсбуянтын зурхайд голчлон амьтаны нэрийн өмнө өнгийг бус
махбодийг тавьж хэрэглэдэг.
ИНЬ-ЯН/ЭР-ЭМ ХҮЙС
ЭР:甲(jia)-хөх, 丙 (bing)-улаан, 戊(wu)- шар, 庚 (geng)-цагаан, 壬(ren)-хар
ЭМ:乙(yi)-хөхөгчин, 丁(ding)-улаагчин, 己 (ji)-шарагчин, 辛 (xing)цагаагчин, 癸 (gui)-харагчин.
12 ЖИЛ
子(zi)-хулгана
丑(chou)-үхэр
寅(yin)- барс
卯(mao)- туулай
辰(chen) - Луу
巳(xi)- могой
午(wu)- морь
未(wei)- хонь
申(sheng)- бич
酉 (you)- тахиа
戌(xu)- нохой
亥(hai)- гахай
Жишээ нь: 2018 оны 12 сарын 19 бол шар зурхайгаар 戊(士)戌年 甲子月 乙酉日 буюу
Шар (шороо) нохой жилийн хөх хулгана сарын хөхөгчин тахиа өдөр тохиож
байна. Төгс буянтаар Шар нохой жилийн харагчин үхэр сарын хөхөгчин тахих
өдөр болно.
ТАЙЛБАР:
1. ХАНЗ БҮРИЙН АРД ХААЛТАНД ГАЛИГИЙГ БИЧИЖ, МОНГОЛООР ОРЧУУЛАВ.
2. ИХ МОНГОЛ УЛС, ЮАНЬ УЛСЫН үеийн түүхэн хэргийг тэмдэглэсэн нангиад
сурвалж бичгийг шүүж үзэх үед сар өдрийг дээрх үгсээр холбож бичсэн нь
зарим хүний толгойг эргүүлдэг тул анхааран үзээрэй.
3. Нангиад бол хятадыг нэрлэдэг монголчуудын хуучны нэр юм.
No comments:
Post a Comment