Хуудас

Search This Blog

Monday, January 21, 2019

Өртөө улаа

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн бөгөөд үүгээрээ дэлхийд гайхуулдаг билээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг нь бүдүүлэг, зэрлэг нийгэм огт бус, харин өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зарчимтай, амьдралын онцлогтой, цагийн баримжаатай нийгэм юм. Суурин соёл иргэншлээс олон талаар ялгаатай, давуу тал байна, бас сул талууд ч бий. дэлхийн иргэншлийн түүхийг ойлгохын тулд нүүдэлчин соёлыг заавал судлах ёстой билээ. Тиймдээ ч 1960 онд ЮНЕСКО-гийн дэргэд Төв Азийн иргэншлийг судлах төв байгуулагдаж байсан бололтой.
Олон олон үеийн турш говь нутгийн овог аймгууд аливаа хэл мэдээг морьтой элч нэг газраас нөгөөд хэл хүргэдэг. Нүүдлийн соёл иргэншлийн нэг чухал алба нь өртөө улаа юм. Өртөө нь үүссэн цагаасаа эхлэн цэргийн хатуу сахилга, нарийн зохион
байгуулагдсан систем бөгөөд иргэдийн мал хуй, хөрөнгө, хүчинд тулгуурласан алба байжээ. Энэ алба нь элч төлөөлөгчдөд хүндлэл үзүүлэх бөгөөд аюулгүй байдал, тав тухыг хангах, морь унааг сэлбэх, газарчлах, амраах, хооллож ундлах, зар мэдээ, шуудан, тушаал дамжуулах, цэрэг дайны зориулалттай зүйлсийг ханган нийлүүлэх, бүртгэл хөтөлж тайлан гаргах гэх мэт үүрэг бүхий чухал алба билээ. Чингисхаан эзэмшил нутгаа улам бүр тэлж өргөтгөхийн хэрэр шуудан, өртөөг боловсронгуй болгох шаардлага тулсан юм. энэ нь нэн түрүүнд цэрэг-армийн эрх ашигтай холбоотой. Өртөө болгонд буудал бий болгож, сольж унах агт морьд, тэдгээрийг хардаг малладаг алчид, тэднийг хамгаалдаг цэрэг дайчдыг бий болгожээ.
Чингисхаан их цэргийнхээ баг хэсгүүдийн хооронд байнгын холбоо харилцаатай байлгахын тулдхуучин худалдааны замуудыг хооронд нь холбожээ. Өртөө улаа нь Ч ингис хааны хувьд улс гүрнээ удирдах үйл ажиллагааны гол ноён нуруу байлаа.
Өртөөний алба нь төрийн онцгой эрх дархтай элч нарыг унаа хүнсээр хангах, зорьсон газарт нь саадгүй хүргэх үүрэгтэй байв. Өртөөний албыг эрх дарх бүхий өртөөний түшмэл хариуцдаг байв. Өртөөгөөр тэмээн жингийн цуваа тасралтгүй хөврөх бөгөөд бөс бараа, гоёл чимэглэл гэх мэт олон зүйл хөвөрдөг байв. өртөө нь цахилгаан холбоо, буудал, илгээмж, шуудангийн газрын үүргийг давхар гүйцэтгэдэг байв.
өртөөний дэргэд зам харгуй хариуцсан цэрэг дайчид байна.
Өртөө улааг морин өртөө, уургын улаа гэж 2 ангилдаг. Уургын улаа гэдэг нь өртөөний анхны хэлбэр юм. Энэ нь морин өртөө байгуулагдаагүй үед улс гүрний дотор аливаа албан хэргээр зорчигчдод замд нь аль тохиолдсон айл өрхөөс унаа морь авч, хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг үнэ төлбөргүй гаргуулан авдаг байв. Өөрөөр хэлбэл уургын улаа хэрэгжиж буй газарт айл өрх бүр өртөөний үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Уургын улаа нь сул талууд ихтэй байсан. Жишээ нь: элчийн явж буй замд айл таарахгүй бол алба сааттдаг, бас нэг зүйл нь элч төлөөлөгчид өөрт олгогдсон эрхийн дагуу иргэдээс хэрэгцээний хэмжээнээсээ илүү мал гаргуулах, илүү зүйл шаардаж авдаг байжээ. Элч төлөөлөгчид зарим тохиолдолд замаас гажих, төөрөх эрсдэлтэй байсан байна.

Нэг айлаас нөгөө айлд хүрэх зам, хугацаа нь тэр болгон тодорхой бус байсан, айлуудын хөрөнгө хүч харилцан адилгүй байдаг учраас алба саатах тохиолдол гардаг байжээ.
Харин Өгөөдэй хааны үед өртөө улаан нь морин өртөө болон өргөжсөн юм. Зорилго нь дээрхи дутагдлуудыг арилгаж, жинхэнэ төрийн албаны хэмжээнд аваачсан явдал болно. Морин өртөө нь гол замын дагуу 30-35км зайтай байрлана.

Засаг захиргааны шийдвэрээр томилогдсон хэд хэдэн өрх элч төлөөлөгчид болон бусад зочдод үйлчлэх үүрэгтэйгээр зохион байгуулагдсан байна. Тэд байнгын үйл ажиллагаатай байхаас гадна татварын хөнгөлөлт эдэлнэ. Өгөөдэй хааны үед буюу 1229 онд уургын албыг халж, их гүрний нэгдсэн өртөө улааг байгуулжээ. Мөн ажиллах журмыг хуульчлан баталсан байна. Өгөөдэй хааны зарлигаар 37 суурин том өртөө шинээр байгуулж, мянгат бүр суурь тутамд улаач, улааны морь, шүүсний морь, саалийн гүү, хөтлөх үхэр, ачих тэрэг зэргийн хэмжээг тогтоосон байна. Мөн гэрэгэ, зар бичиггүй өртөөгөөр хоноглохыг хориглож, өртөөгөөр явах хоол хүнсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэвэл хатуу цээрлүүлж байв. Өртөө улаачийн албыг цэгцэлсэн нь Өгөөдэй хааны 4 сайн үйлийн нэг нь болно. 1232-1233 онуудад Өртөөний ажлыг эмх журамтай болгоход чиглэгдсэн хэд хэдэн нэмэлт зарлиг гаргажээ. “Пайз тэмдэггүй өртөөгөөр явахыг хориглоно” хэмээжээ. Өртөөний хэмжээний хувьд том, дунд, бага гэж 3 хуваагдана. Том өртөөнд 1000, дунд зэргийн өртөөнд 500, бага өртөөнд 100 шахам улаач хамаардаг байв.
Өртөө улааны алба нь Хүннүгийн үед байсан гэж үздэг. Сяньби улсад “өртөөчин” гэсэн алба байсныг Хятад судлаач Г. Сүхбаатар дурьдсан байна. Харин Их Монгол улс болон Монголын Эзэнт гүрний үед дайн байлдаан их хийж байсан нь өртөөний албыг чангатгах, зохион байгуулалтанд орулах шаардлагыг зүй ёсоор бий болгожээ. Элч нарын дархан эрхийг баталгаажуулж, харийн улсад зорьчуулдаг байсан байна. Монголын хаад элчийг хүндлэн авч, халдашгүй эрхийг нь хүндэлдэг байжээ. Элч нарыг зам зуур явахад нь аль болох тусална. Мөн хуурамч элч буюу хуурамч этгээдүүдийг цаазлах хууль заалт бас байжээ.
Өртөөний зохион байгуулалтын үндсэн нэгж нь өртөө өрх байжээ. Нэг өртөө өрхийн албыг мал хөрөнгөөр чинээлэг нэг айл залгуулж болдог ба хэд хэдэн айл дунджаар 4 морь, 1 тэмээ гэх мэтээр унаа, хүнс хоолыг нийлүүлж дундаасаа гаргадаг байжээ. Өртөө бүрт гэр, элчид шаардлагатай уналга, тогооч, улаач, галч зэрэг хөдөлмөрийн хуваарь байсан байна. Өртөөлөн явагчдын хэрэглэх гурил, амуу, архи зэргийн хэмжээ нь элчийн гэрэгэний төрлөөс хамаараад өөр өөр хэмжээтэй байдаг. Мөн шуудангийн хэмжээг тодорхой заадаг байсан байна. Өртөөний занги бичээч нар өртөөлөн зорчигчдод нийлүүлсэн гэр, хүнс, уналга ачлагын морь, тэмээ хэд, хичнээн болохыг тодорхойлсон тайлан цэс үйлдэж тайлан гаргадаг байжээ.
Хархориноос Цагаадайн улс, Алтан орд хүртэл өртөө байгуулсан байна. Их хаан Өгөөдэйн санаачлагаар Цагаадай нь Батын Алтан Орд, Монгол гүрний нийслэл Хархорум болон бусад олон мужийг холбосон өртөө замыг байгуулсан болно. Энэхүү өртөө нь шууданг саатуулахгүй дамжуулах, төрөөс явж буй элчийг амрааж, хооллож ундаалах, унаагаар сэлбэж явуулах, шаардлагатай тохиолдолд газарчлах үүрэгтэй байв. өртөөн дээр улаач болон морьдыг тодорхой хугацаагаар сольдог байв. энэ нь Цагаадайн улсан тэмээн жингээр ачаа тээх, худалдаа өргөжихөд сайнаар нөлөөлжээ.
Албан бус тоогоор нийтдээ 1500 өртөөний газар байв. Энэ үед худалдааны торгоны зам аюулгүй болсон байна. Юань гүрний үед оршин байгаа нутаг дэвсгэрээс хамааруулан Хятад ба Монгол өртөө гэж ангилж байв. Монгол өртөө нь Цагаан хэрэмнээс хойш байрлаж байсан ба Монгол хүн захирдаг байв. Монгол өртөөний суурь тутамд 15 өрхийн дундаас 1 морь, 13 өрх дундаас 1 үхэр гаргахаас гадна гэр, майхан, хоол хүнсийг даах үүрэгтэй байжээ. Ерөхиийдөө Монгол өртөө нь морин өртөө, үхэр өртөө гэж ангилж байв. Харин эзэнт гүрэн хил хязгаараа тэлж, тэнгис далайтай залгах болсоноор өртөө нь хуурай замын өртөө, усан замын өртөө, нохойн өртөө, явган өртөө гэх мэт ангилжээ.
Бээжингээс Хархорум хүртэл 4000 ли газар бөгөөд 100 ли тутамд нэг өртөө байжээ. Хубилай хаан морины үнэ цэнийг сайн мэддэг асан тул агт морьд цуглуулах ухаалаг тогтолцоог буй болгожээ. Агт морьд нь зөвхөн дайн тулалдаанд ч бус өртөө улаачийн албанд чухал хэрэгцээтэй байв. Хубилай хаан агт морьдыг өртөө буудал, цэрэг анги, хишигтэн нарт хуваарилан оноох үүрэгтэй “Улсын агт хариуцах хороо”-г байгуулжээ.
Харин Цагаан хэрэмнээс урд байрлаж байсан өртөөг нохой өртөө, илжигэн өртөө гэж ангилж байв. Өртөөг мөн хуурай өртөө, усан замын өртөө хэмээн ангилж байжээ. Усан замаар явж буй элч нарын гэрэгэ нь хөх өнгөтэй байсан гэдэг. Ил хаадын улс Юань гүрэн хоорондоо нягт харилцаатай байж, худалдаа хөгжин Ормуузын боомтоор торго, Хятад шаазан нийлүүлж байв.
Умард Хятадад ард олон Өртөө буудлын албыг хэрхэн гүйцэтгэж байсан тухай Рашид-ад Дин “Элч мэдээчдийн зэрэг зиндааг дагалдан яваа хүмүүсийнх нь байр байдал харуулж байсан учир аль болох олон шадар дагуулуудыг авч явахыг хичээдэг. Энэ нь яван явсаар их хаан, дээд зиндааны түшмэдийн огт тоож хэрэгсэхгүй жижиг хэрэг ажлаар элч мэдээч нар хүртэл 200-300 дагуултай, харин өндөр хэргэм бүхий ноёдууд 500-1000 бараа бологсдын хамт өртөөлөн давхидаг байсан юм” хэмээжээ. Ил хаадын улсад ч тэр өртөө улааны алба нь хүнд ачаа болж байсныг Рашид-ад Дин бичжээ. Ил хаадын улсад Газан хааныг хаан ширээнд суухад ноёд, хан хөвгүүд, хатад, жанжид шалих шалихгүй хэргээр элч илгээдэг болсон байв. тиймээс ч мужийн айл өрхүүд тэдгээр эрх баригчдад инж болгон өгч, бага ч атугай эрх мэдэлтэй болохыг эрмэлзнэ. Өртөө улааг зарах нь жирийн үзэгдэл болсон бөгөөд зарим нь бүүр цагаандаа гарсан байв.
ийнхүү элч нар ийш тийшээ замбараагүй явах болсон нь өртөөний ажлыг хүндрүүлсэн бөгөөд нэг өртөөн дээр 5000 морь бэлдсэн байхад ч уналга хүрэлцэхгүйд хүрч байжээ. энэ элдэв хүмүүийн явуулсан замбараагүй олон элч нар хоол хүнс, малын тэжээл гаргуулахдаа өртөө бүрээс дураараа татвар нэхдэг үзэгдэл байжээ. морь малын тэжээлийг хувьдаа завшина. Гэтэл чухал ажлаар яваа жинхэнэ элч нар өртөө улаа дээр ирэхэд уналгын морь байхгүй юмуу, эцэж ядарсанаас болоод мэдээ цаг хугацаандаа хүрч чадахгүй, хоцрох нь элбэг авай. Шальтай шальгүй хэргээр явах элч нарыг 200-300 морьтой улаач нар хэрэглэж, дээгүүр зэргийн ноёдууд 500-1000 улаач хэрэглэж байсныг дээр өгүүлсэн.
Газан хааны гайхамшигт шинэчлэлүүдийн нэг нь өртөө улааны албыг цэгцэлсэн юм. улсын чанартай элч нарыг Газан хаан бий болгосон бөгөөд тэдэнд зориулсан 15 морийг өртөө бүрд байрлулж, зөвхөн хааны тамга бүхий пайзтай элч нар л эдгээр морийг хэрэглэх эрхтэй гэж заажээ. Бас өндөр тушаалын ноён байлаа ч гэсэн 4-өөс илүүгүй улаачтай явахыг зөвшөөрчээ.
Персийн түүхч ийнхүү өртөө улаагаар дэндүү олон хүн эмх замбараагүй үйлчлүүлдэг тухай бичсэн бол өөр нэг түүхч Монгол ноёд эрхэм дээдсийн элч төлөөлөгчид пайран өнгөрч байгаа хот тосгон, айл хүрээний хүн зоныг хэрхэн эзэрхэн түрэмгийлж, хүчирхийлэн дээрэмдэж байсныг дүрслэн бичсэн байдаг. Үүнээс үзэхэд өртөөний алба нь нутгийн иргэдэд хичнээн хүнд байсныг бас бодох л ёстой. Элч, мэдээчид маш олон байсан бөгөөд унаа морь нь сульдсан үед тааралдсан ардаас дур мэдэн унаагаа сэлбэн цааш явдаг байсан.
Хятад түүхчийн тэмдэглэснийг сийрүүлбэл: “Тэд хаа явсан газраа оршин суугчдыг ихэд түйвээн сандраана. Өртөө буудал газарт ирэхээрээ тэд юм бүхнийг шаардан шахна. Хоол цайг нь өчүүхэн төдий саатуулахад занчиж шийтгэнэ” хэмээжээ. Хубилай хаан өртөөний албанд гарч буй бэрхшээлүүдийг тооцон үзэж, 1280 онд зарлиг буулгаж, өртөөний шинэ хууль гаргажээ. Энэхүү хуулинд элч нар өртөөгөөр үйлчлүүлэх тусгай гэрэгэг элч нарын зэрэг дэвийг харгалзан олгох болжээ.
Өртөөгөөр яваа дээдсүүдийн хоол хүнс хэрэглэх хэмжэг хүртэл хатуу тогтоон өгчээ. Хубилай хаанаас Өртөөний алба, үйлчилгээний талаар авч хэрэгжүүлсэн энэ их ажил үйлс нь тухайн үедээ Юань гүрэн дотроо ч, харийн улстай харилцах харилцаагаа ч хөгжүүлэхэд нэн чухал шинэчлэл болсон ажээ. Хубилай хааныг хаанчилж байх үед Хятадад 1400 өртөө ажиллаж, 50000 агт морь, 8400 шар, 6700 луус, 4000 тэрэг, 6000 завь, 200 гаруй нохой байв. Өртөөний газрууд нь хоорондоо ялгаатай ч гэсэн бүгдэд нь зочдод зориулсан дэн буудал, хоол бэлтгэх өргөө, гол танхим, малын хашаа хороо, үр тариа өвс хадгалах агуулахтай байжээ.
Нэг чухал мэдээ хүргэж ява элч зарлага саадгүй явбал өдөрт 250 миль зам туулж чаддаг байжээ. Энэ нь 13-р зуунд өртөөний үйлчилгээ ямар их шуурхай байсныг харуулж байна. Энэ нь 21-р зууны интернэттэй тэнцэнэ.
Аюурбарада хааны үед Монгол улсын хэмжээгээр 1496 суурь өртөө байж, 119 нь умард мужид байв. Алс баруун зүгийн өртөө нь Хархориноос Ижилмөрөн хүрч байв. Баруун зүгийг зорьсон өртөөний бас нэг салаа нь Турпанаар дамжин, Багдад хүрч байв. орон нутгийн өртөөг тоочих юм бол олон байсан бололтой. улааны зар дээр элчийн зэрэг дэв, албаны онцлогийг харгалзан алт, мөнгө, модоор урласан тамга дарна. Төрийн тамгатай зарыг зөвхөн эзэн хааны бие төлөөлөгч, цэргийн онцгой элч нарт олгож байжээ. өртөө бүр агт морь, шүүсний малын бэлчээртэй байжээ. суурь өрх тутамд 15 өрх, дундаасаа 21 морь, 13 өрх тутмаас нэг үхэр гаргадаг байжээ. өртөөчин элчийн зэрэг дэвийг харгалзан үзэж гэр, майхан, хоол унд бэлтгэж өгнө. Өртөөгөөр буудаллах цэргийн түмтийн дарга, мянганы ноён, зуутын ноён нар нь өөр өөр хангамжтай байжээ.
Харин Манжийн үед Монгол нутагт морин өртөөг олноор байгуулсан байна. Цагаан хэрэмнээс хойш 5 замын дагуу өртөөг байгуулав. Энэ нь Манжийн цэргийн ангиудад цэргийн тушаал, мэдээ дамжуулах зорилготой 150 гаруй өртөө байсан юм. Өртөө болгонд 20-30 айл алба залгуулж 60-90 хүн ажилладаг байв. Манжийн үеийн өртөө нь ямар ч байсан ард олны хөрөнгө, хүчин дээр тогтдог байв. Манжийн дарангуйллын жилүүдэд Монголчууд олон алба залгуулж байсны нэг нь мөн л Өртөө улааны алба юм. Энэ үед Өртөөний албыг дагаж бий болсон нэг алба нь харуулын алба байв. Манж Чин улс Халхыг эрхэндээ оруулмагц ноёрхолоо улам бэхжүүлэх, мөн Баруун Монголыг эзлэх зорилгоор цэрэгжүүлсэн буухиа өртөөг гол чиглэлүүдэд байгуулсан юм. Зөвхөн Манжийн өртөөг залгуулахад жилд 500000 толгой мал хэрэглэж байжээ. Манжийн Төр гэрэлтэх хааны үед 140 гаруй буухиа өртөөнд 1700 өрх үйлчилж байжээ. Мөн цагдаа, хавсарга 700 гаруй өрхийг нэмж, 2500 шахам өрх өртөөний алба хаших үүрэг хүлээж байв. энэхүү олон өртөөний алба нь ард түмэнд ямар дарамт болж байсан нь ойлгомжтой.
Өртөөний албанаас хутагт хувилгаад, аймгийн ноёдууд, засаг ноёдууд, шавь нараас өөр хэн ч чөлөөлөгддөггүй байв. Ардууд өртөө улаанд хамаг хөрөнгө хөдөлмөрөө зарцуулж ноёд түшмэлүүд, элч нарын орон сууц, хоол хүнсийг дааж, бас бүх алба харилцааны шуудан бичгийг дамжуулдаг байв. Тухайн үеийн Манжийн тогтоосон хууль журмын дагуу өртөөний нэгэн өрх нь 50 адyу, 10 тэмээ, 100 хонины хөрөнгөтэй байхаас гадна цэрэг эрийн уналга, ачилгаанд тусгайлан тогтоосон ёсоор морь, тэмээ, нум сум, гэр зэргийг бэлтгэх үүрэгтэй байжээ.
Манжийн үед өртөө нь Манж нарын эрх ашигт бүрэн үйлчилж, Манжийн хууль ёсоор бүх зардал, хэрэглэгдэхүүнийг Монголчуудаар гаргуулж байв. Өртөөний алба нь нутгийн ард иргэд дээр байнга хүнд дарамт болж, зарим айлууд хоосрон ядуурч байсан гэдэг. Манжийн хуульд өртөөг ашиглах элч төлөөлөгчдийн хүнс хэрэглэл, уналга ачилгын морь, хөтөч нарын тоо, хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг боловч өртөөлөн явагч эрхтэн дархтнууд өөр өөрсдийн дур зоргоор аашлан ард олныг чирэгдүүлж байсан гэдэг. Манжийн хааны зарлигаар Улиастайн жанжин Алтайд очихдоо зам зуураа өртөө тутмаар сайн Монгол гэр 60, унах сайн морь 200, морьтой улаач 150, ачих тэмээ 100, хүнсний хонь хуульд заасны дагуу бүрдүүлэх бөгөөд буцахдаа нэгэн суурь өртөөнөөс унах, ачих морь 300, морьтой улаач 200, ачих тэмээ 180, өртөөний газруудад барих гэр болон майхан 100, хүнсний олон арван хонь бэлдүүлж байжээ.
Манжийн зүгээс өртөө алба хийсний ацаг хөлс, хэрэглэсэн морь тэмээний үнийг тооцон олгодог нэртэй, түүнийгээ хааяа алдаг оног өгдөг байсан боловч энэ нь хэрэг дээрээ хошуу нутаг, ард олноос гарсан аливаа зардлын хаана нь ч хүрэлцдэггүй байлаа.
Өртөө улаа хэрэглэх Манжийн төрийн төлөөний сайд, түшмэлүүдийн тоо нэмэгдсэнээр тэдэнд алба хаах, дагалдах хүний тоо ч нэмэгджээ. Энэ хэрээр тэдний зардал, хэрэглэлийг нийлүүлэх албаны хэмжээ ч нэмэгдэв. Тэрчлэн өртөө улаагаар дайран ирсэн Манжийн сайд нар, ихэс дээдсийг хошуу нутагтаа угтан авах, хүндлэн дайлах гэж багагүй чирэгдэл учруулж байсны зэрэгцээ нутаг хошууны ноёд ч тэдэнд ая тал засах, нэг нэгнээ ховлох, өөрийн байр суурь, албан тушаалаа нэмэх, цол хэргэмээ ахиулахын тулд тодорхой хэмжээний авилга хахууль өгдөг, чухамдаа ингэхийг Манжийн түшмэлүүд ёс мэт үздэг явдал байсан нь мөн л цаагуураа ард түмний нуруун дээр бууж амь зуулгаас нь хүртэл салгах тохиолдол байдаг байжээ. Монголын ард түмнээс Манж Чин улсад нийлүүлж байсан 27 төрлийн албаны дотроос хамгийн хүнд нь олон замын өртөө байлаа.
Манж нарын үед байсан хэцүү алба нь ганцхан өртөө улааны алба байсангүй. Өртөөний албанаас гадна харуулын алба, цэргийн алба, ан агнуурын алба бас байжээ. Өртөөний алба нь яван явсаар 20-р зууны эхэн үетэй золгосон ба 1960-аад онд авто тээвэрт байраа тавьж өгчээ.
Эх сурвалж:
1. С. Алтанцоож. “Өртөөний зохион байгуулалт, төрөл”
2. Жон Мэн. “Чингисхаан: амьдрал, үхэл, эргэн ирэлт”
3. Н. Дугарсүрэн. Д. Гүн-Үйлс. “Монгол хаад түүхэн шастир 2-р боть: Өгөөдэй хаан”
4. Н. Дугарсүрэн. Д. Гүн-Үйлс. “Монгол хаад түүхэн шастир 4-р боть: Хубилай хаан”
5. Н. Дугарсүрэн. Д. Гүн-Үйлс. “Монгол хаад түүхэн шастир 5-р боть: Буянт хаан”
6. Н. Дугарсүрэн. Д. Гүн-Үйлс. “Монгол хаад түүхэн шастир 7-р боть: Газан хаан”
7. Харольд Лемб. “Чингис хаан: Өртөө зам”
8. Ц. Гантулга. “Алтайн Урианхайчууд: Манжийн эрхшээлийн үеийн Урианхайчууд”.

No comments:

Post a Comment