Хуудас

Search This Blog

Wednesday, April 17, 2019

Ном яаж хэвлүүлэх вэ

Бичсэн сэтгүүлч Шуурайн Солонго
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
3. Одоо л хэвлэж болно гэсэн даруй өмнөтгөл бичиж өгөх хүмүүний эрэлд гарна. Энэ хүн бүтээлийг чинь үнэлж цэгнэж, номыг чинь худалдан авах хүнд өөрийг чинь тодорхой танилцуулах үүрэгтэй. Олны танил нэр хүндтэй хүн байх, эсвэл редактор чинь энэ үүргийг гүйцэтгэж болно. Сайн өмнөтгөл ер нь номын борлуултанд нөлөөтэй л байдаг.
4. Өмнөтгөлөө зохиолдоо хавсарган одоо хэвлэх үйлдвэр лүү явна. Анх ном гаргаж буй хүн бол 300 хувиас дээш хэвлүүлж хэрэггүй бөгөөд дундаж үнэтэй, сайн чанарын хавтас, цаастай газар байхад болоод явчихна. Шууд олон тоогоор хэвлэлгүй, зарагдаж дууссан хойно дахин хэвлүүлж болдогийг анхаарна уу. 300 ширхэг ном хамгийн багадаа саяас дээш л төгрөгөнд багтаж хэвлэгддэг.
Хэвлэлтийн үнээ тохирч, хэвлэлийн эхээ бэлдүүлээд цаасан дээр буулгуулан дахин хянан засварлана. Редактортаа дахин уншуулах буюу монгол хэлний багш хүнээр ч хянуулж болно.
Үг үсгийн алдаатай хэвлэгдсэн, мессежний хэллэгтэй номыг уншигч сөхөж хараад ноорог хэмээн үзэж огт худалдан авдаггүйг сануулах юун. Цагаан цаасан дээр үг үсгийн алдаатай шүлгэнцэр хэвлүүлчихээд өөрийгөө зохиолч гэж нэрлэвэл өөрийн чинь нэр төр, цаашдын карьерт чинь л муу. Тиймээс огт хэвлүүлээгүй нь дээр.

5. Усыг нь шавхаж шавхаж номоо хэвлэхийг зөвшөөрсөн үедээ Интер номын дэлгүүрийн арын хаалганд буй ISBN коод өгдөг газраас 10,000-аар коод авч номын дотор нүүр болон арын хавтсанд баар коод болгон байрлуулдаг. Үүнийг мартвал ямар ч дэлгүүр номыг чинь хүлээж авахгүй, хил гаалиар ч гаргадаггүй болохыг санаарай.
Оюуны өмчийн газар очиж Зохиогчийн эрх ч авч болно. Тэнд бүтээлээ тодорхой хэмжээний мөнгөний хамт өгч, долоо хоногийн дотор таны бүтээл болохыг баталгаажуулдаг. Гэвч үүнийг олон ангит кино зохиол болон томоохон хэмжээний маргаан мэтгэлцээнтэй бүтээлд авна уу гэхээс шүлэг өгүүллэгийн номонд онц шаардлагагүй.

6. Ном хэвлэгдэн гарч ирмэгц оршин суугаа дүүргийнхээ Татварын алба руу очиж Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэл дэвтэр авнаа. Албан байгууллага бол тэр дагуу хөөцөлдөнө. Энэ дэвтэр үгүй бол номыг чинь дэлгүүрүүд хүлээн авахгүй. Энэ дэвтрийг авахад 2% зураг, иргэний үнэмлэхний хуулбар, татвар төлж байгаагүй бол дундажаар 20,000 төгрөг төлдөг.
7. За номоо гол чухал хэдхэн дэлгүүрт тавих хэрэгтэй. Жижиг олон дэлгүүрт тавихад нүүж алга болох, номын чинь тооцоог бодохгүй байх зэрэг эрсдэлтэй. Их дэлгүүрт номоо тавихын тулд Номингийн төв салбарт очиж, шинээр гэрээ хийн баар коодоо баталгаажуулдаг.
Хуучин хэрэглэгч бол зөвхөн баар коодоо баталгаажуулж, бүх Номингийн салбарт өгөх эрхтэй болно.
Ингээд гол хэдэн дэлгүүрт номоо аваачиж өгч, хэд дэхь өдөр тооцоо хийдэгийг, байрлалыг падаан дээрээ бичиж, падаанаа сайтар хадгална. Шүлгийн ном бол 5, үргэлжилсэн үгийн бүтээл бол 10 гэх мэтээр дэлгүүр болгон өөр авалттай бөгөөд олон салбартай дэлгүүр олныг авахын сацуу номын чинь үнээс 25-30 хувийг номыг зарж борлуулсаны үйлчилгээнд авдагийг бодолцоорой.

8. Номоо түгээн тараасаны дараа номын нээлт хийх эсэхээ шийднэ. Нээлт хийхгүй ч байж болох бөгөөд номын дэлгүүрт баяр хийхэд 1 цаг нь 50,000 гэхчлэн үнэтэй байдаг төдийгүй номын нээлтийг сурвалжлах телевизийнхэн үнэтэй, ширээ засах, анонс сурталчилгаа шаардах зэрэг нэмэлт зардлууд ихээр гарна.
9. Ийнхүү номоо дэлгүүрт тавиад одоо хэр сурталчлаж олонд таниулах ажил өөрт чинь үлдэнэ. Олон уншигчтай болохын тулд ном чанартай л байх учиртай төдийгүй мэргэжлийн түвшинд хийгээгүй номыг зарж борлуулах гэлгүй хувиараа бэлэглэх, гар дээрээсээ зарах, захиалгын дагуу хаягаар хүргэж өгөх зэрэг арга хэрэглэвэл тохиромжтой.
Анх номоо гаргаж буй хүнд бэлэглэх гэж нэг сул тал гарах бөгөөд энэ нь номыг чинь ямар ч ашиггүй болгож, олон өдрийн хичээл зүтгэл чинь талаар өнгөрөх аюултай. Тиймээс өөрт чинь шүүмж бичиж өгч чадах зохиолчдод л бэлэглүүштэй. Мөн Зохиолчдын хороон дээр гарсан ном бүрээс 2 хувиа өгдөг, Төв номын санд 5 ширхэгийг хадгалуулдаг юм билээ. Зохиолчдын эвлэлд хоёр ном гаргасан хүнд элсэх боломж олддог юм шүү. Бас өөрийн номноос арван хувийг огт байхгүй мэт цааш хадгалаарай. Учир нь өөртөө нэг ч хувь номгүй үлдсэн зохиолчид байдаг.
Эхний номноос ашиг олох нь бага төдийгүй аз таарвал уншигчидтай л болдог. Ном нэг бүрийн хэвлэсэн үнэ, дэлгүүрийн шимтгэлийг хасч, өөрт чинь үлдэж буй нь ашиг. Гэвч ном судар нь мөнгө олдог хэрэгсэл биш тул ийм зорилгоор хэвлүүлэх гэж буй бол бүтэхгүй болов уу. Энэ замаар гагцхүү зүрх сэтгэлээ уран зохиолд мянган хувь өгсөн хүн л замнадаг учиртай.
Хатуухан хэлэхэд таньд Яруу найрагч, зохиолч гэсэн сайхан алдар л үлддэг. Сайнаас сайн руу гэх дүрмээр мацаж явсан бол хайрлан хүндэтгэх олон уншигч бас үлдэнэ. Номын цагаан замаар орсон хүн архи дарс, мөрийтэй тоглоомоос хол явж, хэрүүл хараалын үг хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл номын цагаан буян үргэчихдэг номтой юм билээ.
Хамгийн чухал нь юу вэ гэвэл САЙН ЗОХИОЛ, САЙН РЕДАКТОР, САЙН РЕДАКТОР л чухал гэж хэлье дээ.

No comments:

Post a Comment