Хуудас

Search This Blog

Sunday, July 1, 2012

13 дугаар зууны Монгол цэргийн зэвсэглэл. Mongolian military weaponry 13th century

Аливаа улсын хүчин чадлыг тухайн улсын эдийн засгийн болон цэргийн хүчин чадлаар тодорхойлж болох юм. Цэрэг хүчтэй байж гэмээнэ тухайн улсын аюулгүй байдлыг бүрэн хангана. Хүчирхэг, зохион байгуулалт бүхий армиас гадна цэргийн зэр зэвсэг чухал юм. XIII зуунд Монголчууд хүчирхэгжин дэлхийн олон улсын армиас хүчирхэг армитай болсны нэг шалтгаан нь тухайн үеийн Монгол цэргийн зэр зэвсэг бусад улс орны цэргийн зэр зэвсгээс давуу байсанд оршиж байгаа юм. 

        Б.Я.Владиморцовын Монголчууд өөрсдөө нум сум, хазаар, ногт төдийг л хийнэ. Бусад зэр зэвсэг нь олзны болон гаднаас авчирсан зүйл байхаас гадна олзны дархчуудын урласан эд болой. Зөвхөн баячууд л давтмал хуяг илд жадтай байжээ[1] гэсэн дүгнэлт болон А.Н.Кирпичниковын монголчууд зэвсэг хэрэглэлээр маш дутмаг гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн Р.П. Храпавчевский Монголчуудад нум сумаас өөр бусад зэр зэвсэг тэдэнд маш бага байсан ба бүр дэлхийн эзэнт гүрэн болоод байсан үед ч сайн зэвсэг хэрэглэл өндөр үнэлэгддэг байлаа[2] гэж дүгнэсэн байна.
         Гэтэл Монголчууд МЭ VII-VIII зууны орчимд өөрсдөө төмөр боловсруулж байсан тухай мэдээ  байдаг. Энэ тухай Эргүнэ Хунгийн домогт тодорхой дурддаг бөгөөд “ ...Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олоод цөмөөрөө хамт цуглан ойд түлээ, олон сав нүүрс бэлтгээд далан толгой үхэр, адуу алан арьсыг нь туламлан өвчиж, төмөрчиний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцийн хормойд түлээ нүүрсээ зэрэглээд далан хөөргөөр тэр хийцийг хайлтал хөөрөгдсөнд тэндээс хэмжээлшгүй их төмөр аваад гарц нээгджээ[3]хэмээн өгүүлсэн байдаг нь тэр үед Монголчууд төмөр хайлуулах арга технологийг мэддэг байсан нь харагдаж байна.
XIII-XIV зуунд монголд гар үйлдвэрлэл нь нилээд онцлогтой хөгжиж байсан тухай А.Дамдинсүрэн дурьджээ. Тэрээр “монгол оронд цэрэг аж ахуйн холбогдолтой хот суурин газар нэмэгдэн олширч, төмөр дархлах газрын хуучныг өргөтгөж, шинээр нэмэн байгуулж төмөрлөг, төмөрийн ажил нь монголчуудын гардан эрхлэх аж ахуйн салбар болж хөгжсөн[4]” гэж үзсэн байна.
Мөн түүнчлэн А.Дамдинсүрэн Археологийн судлал сэтгүүлд ...Тэмүүжин, Ван хан, Жамуха сэцэн нар олон түмэн цэрэг эрийг нэгэн зэрэг байлдаанд оруулж байсан бөгөөд тэдгээр олон цэргийн биед нэг хүний байнга авч явдаг хөө хуяг, эмээлийн дөрөө хазаарын амгай харвуулын олон янзын зэв 30-60 ширхэг, илд, жад, хутга зэв ирлэх хуурай хэт зэргийг бэлтгэхэд хичнээн их төмөр хэрэгтэй’ болохыг тооцоолоод тэр зэвсэглэлийн төмөр материалыг гаднаас авах боломжгүй байсан[5] гэсэн дүгнэлтийг өөрийн бүтээлдээ дурьдсан байна. А.Дамдинсүрэн мөн Онон, Хэрлэн, Орхон голуудын сав, Хархорум гэх мэт газруудад төмөрлөг эдлэл үйлдвэрлэж байсан тухай дурьдсан байна. Энэ бүгдээс харахад Монголчууд өөрсдөө төмөр боловсруулдаг байсан төдийгүй өөрийн зэр зэвсгээ өөрсдөө үйлдэж чаддаг байсан нь тодорхой харагдаж байна.
Цэрэг бүрийн хөдөлгөөний хурд, хөнөөлд үл эрсдэх чадавхи нь цэргийн анги, салбар, цаашлаад бүхий л армийн маневрын боломж, байлдааны хүчин чадалд шууд нөлөөлдөг.
Судлаачид, цэрэг дайчдын биед агсах зүйлийн нийт жин дунджаар 22 кг-аас илүүгүй буюу биеийн жингийн 30 хувиас хэтрээгүй бол тохиромжтой хэвийн жин гэж тогтоосон бөгөөд дээд хэмжээ нь 32.5 кг-аас илүүгүй байх нь зохистой гэж үздэг. Америкийн шинжээчдийн хийсэн туршилтаас үзэхэд агсамжийн жинг 18 кг-аас 22 кг болгож, зөвхөн 4 кг-аар нэмэгдүүлэхэд тухайн цэрэг явган маршаар 6 цагийн дотор туулдаг байсан замынхаа уртаас 1.8 км-ээр богино зам туулж байжээ[6].
Түүнчлэн Монгол цэргийн зэр зэвсгийг ерөнхий 2 төрөлд ангилж үзэх ба ‘байлдах зэвсэг, байлдааны хэрэгсэл хэмээх үндсэн хоёр хэсэг, мөн аяны хүнс болон бусад хэрэгцээт нөөцөөс бүрддэг.

Үүнд
: “Байлдах зэвсэг” гэдэг тодорхойлолтод дайтан тулалдах явцад хүн амьтан, хүрээлэн буй орчинд шууд хөнөөл учруулах үйлчлэл бүхий зүйлийг, тухайлбал, илд, жад, хутга, сэрээ, бялуу шийдэм зэрэг охор зэвсэг, нум сум, гал, чулуу урвуулан шидэх урвуур, харвуур, чөдөр, оньс зэрэг уртын зэвсэг, сөргөө мэт хориглолтын зэвсгийг хамааруулдаг.
Харин “Байлдааны хэрэгсэл” хэмээх ухагдахуунд байлдааны явцад хүн, амьтан, хүрээлэн буй орчинд хөнөөл учруулдаггүй ч тулалдаанд шууд нөлөөлдөг, байлдах нөхцлийг бүрдүүлэх үйлчлэл бүхий зүйлс. тухайлбал, дээл хувцас, байлдааны морь, хуяг дуулга, туг хиур, хэнгэрэг хүүрэг, төмөр тэрэг, үүлэн шат зэрэг олон зүйлс хамаарна[7]
.
Мөн Ж.Базарсүрэн ‘Их Монгол Улсын цэрэг 9 төрлийн охор зэвсэг, 5 төрлийн уртын зэвсэг, 1 төрлийн хориглолтын зэвсэг, мөн дарьт, галт зэвсэг гэх мэт нийт 16 төрөл хэлбэрийн зэвсэг хэрэглэж байжээ. Тэдгээрийн дотроос монгол цэргийн агсамжийг бүрдүүлэгч гол зэвсэг нь нум сум, байлдааны гол хэрэгсэл нь “Зэвлэх морин” байсан’ гэж үзсэн байна.
Монголчуудын хэрэглэж байсан зэр зэвсгийн талаар дурьдвал:
XIII зууны Монгол цэргийн гол зэвсэг болж байсан нум нь нарийн хийцэт эвэр нум байв. Армен сурвалжид гол төлөв Монголчуудыг “Харваачидын ард түмэн” хэмээн нэрлэдэг байсан тухай Р.П Храпачевский  өөрийн “Чингис хааны цэрэг дайны гүрэн” номондоо дурдсан байна. Мөн П.Карпини Эрчүүд нь сум хийх, мал сүргээ харахаас өөр ажил хийнэ гэж байхгүй. Харин тогтмол ан агнаж, нум сумаар харвах сургууль хийх бөгөөд тэгээд ч хүүхэд үүхэдгүй цөм мэргэн харваачид ажгуу. Хүүхдээ хоёр гурван нас хүрмэгц морь унуулан давхиулж сургах ба биед нь таарсан хавчаахай нум бариулан харвуулж сургах тул тэд самбаа зориг ихтэй бөлгөө. Охид хүүхнүүд нь морь унан давхихдаа эрчүүдээсээ дутуугүй самбаатай. Тэд мөн эрчүүд шигээ нум сум агссан байхыг бид харсан билээ’ хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг нь монголчууд бага балчир наснаасаа сур харвах сургууль хийдэг байсан нь тодорхой байна.
           Нумын их биеийг хийхдээ хус юмуу хулсаар хийж, янгир, үхрийн эврээр элэг хийж наадаг байна. Нуманд буга, үхэр, адуу, тэмээ зэрэг амьтны шөрмөс, сур, могойн юмуу загасны арьс, бугын эвэр, хусны үйс зэрэг олон зүйлийг хэрэглэдэг.
Эзэнт гүрний үеийн Монголчууд дунд талдаа тууш 15-25 см урт эвэр наалттай “Алангир” нум, нэг талын мөрний хэсэгтээ бас эвэр наалттай, тэгш бус хэмт “Эртэгчин” нум, гичрийн үзүүртээ эвэр зуулга /амгавч/-тай “Эвэр нум”, шөрмөснийх нь дор нарийн төмөр тууз наасан “Болд ширхэгт нум” буюу “Төмөр ширхэгт нум” зэрэг олон төрөл хэлбэрийн эвэр нум үйлдэн хэрэглэж байжээ. Амгавч нь хоёр оньтой нум ч байдаг. Тийм ар, өвөр хос онины нэгийг нь ойрын зайд, нөгөөг холын зайд харвахад хэрэглэдэг. Монгол цэрэг дайн байлдаанд явахдаа хүн бүр наад зах нь хатуу, зөөлөн хоёр, гурван төрлийн нумтай, дүүрэн зэв сумтай гурван саадагтай /60-90 ширхэг сумтай/ явдаг байжээ[8]. Эзэнт гүрний үеийн монголд 2 төрлийн нум байжээ. Эдгээрээс хамгийн хүчирхэг нь “Төмөр буюу Болд ширхэгт нум” байсан байна. Байлдааны ердийн нум нь 30-32 кг таталттай бөгөөд 20-30 алхмын зайд тухайн үеийн бараг бүх хуягыг нэвт харвах чадвартай ба сумны ашигтай тусгал нь 200-300 м байжээ. Тэгвэл “Төмөр буюу Болд ширхэгт нум” нь 70-80 кг таталттай ашигтай тусгал нь 500-600 м байсан байна[9]. Харин И.Клюкин “XIII зууны монголд 900 алд харвадаг их нум, 500 алд харвадаг бага нум” гэдэг 2 янзын нумтай байжээ” гэж үзсэн байна[10]. Тэрээр ингэж үзэхдээ Монголын Нууц Товчоонд гардаг:
Ихэд тэлж харваваас
900 алд харваюу
Татан тэлж харваваас
500 алд харваюу[11]., гэснийг иш татсан байна.
Хавт Хасарын Есүнхэ мэргэн  1225-1226 онд 335 алд ойролцоогоор 569-580 метр/ газарт бай харван оносныг гэрчлэх дэлхий дахинд Чингисийн чулууны бичиг” хэмээн нэрийдэгдсэн хөшөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид музейд хадгалагдаж байна[12]. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн хол харвасан тохиолдол юм. И.Клюкин эртний харваачдын хол харавсан тухай баримтуудыг нягталж үзэхэд Түрэгийн Султан IV Мурад Газис 1255 фут харвасан байна. Мөн Ольвийн нэгэн грек харваач түүнээс 437 фут хол харважээ. Тэгвэл Клюкины бодсоноор Мурад Газис 180 сажен (1255:7),Ольвийн грек харваач (1255+437:7) 241 сажен харвасан байна. Харин Есүнкэгийн харвасан гурван зуун гучин таван алдыг бодохдоо нэг алдыг 6 футээр бодсон бөгөөд 287 сажен харвасан хэмээн үзсэн байна.
Нум сумын иж бүрдэлд нумаас гадна зэв сум, эрхийвч, саадаг, хоромсого зэрэг зүйл ордог. Зэв сум нь “Байлдааны”, “Наадам тэмцээний”, “Агнуурын” гэсэн гурван өөр зориулалттай, олон төрөл хэлбэртэй аж. Байлдааны бүхий л төрлийн сумыг ерөнхийд нь “Зэв” гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ шаардлага гарсан үед наадам тэмцээн, агнуурын зориулалттай зэв сумаа ч байлдаанд хэрэглэдэг байсан нь ойлгомжтой. Сумны уртыг П.Карпини Сум нь хоёр фут нэг алга хоёр хуруу урт байх ба фут хэмээх хэмжээ газар газар өөр байдаг болохоор бид энд газар хэмжихүйн фут гэдэг хэмжээг хэрэглэв.хэмээн бичиж тэмдэглэсэн байна.
С.В Киселев, Н.Я Мерперт нар “XIII зууны үеийн монгол нумын сумны зэвийг хуяг нэвтлэх, исгэрэх, ац ирт ангуу, галт зэв зэрэг зэвүүд байсан байна хэмээн үзсэн байна. түүнчлэн нөөцөлж хадгалдаг зэв мөн байжээ”[13] гэж үзсэн байдаг.
Монголчууд эртнээс эхлэн хадаас шиг нарийн шовх хэлбэртэй “Учимаг”, цүүц маягтай, хурц охор хошуутай “Хануур зэв”, үзүүр тал нь тэгш “Цавчуур зэв”, хурц шовх “Хатгуурст зэв”, ац, сэрээ маягийн “Анга зэв”, “Ацат зэв” хөндлөн огтлолоороо чагталсан дөрөв юмуу гурван ир /хянгар/ бүхий гурвалж, дөрвөлж хэлбэртэй “Тоонот зэв” буюу ээн “Тоонолж”, төмрийнхөө үзүүрт дарь юмуу шатаагч бодис бүхий “Галт зэв” зэрэг олон төрөл, нэрийн зэв хэрэглэдэг байв. Зэвний ирийг илд, хутганы адил тусгайлан хатаадаг нь хэр баргийн хуягийг нэвтлэх бололцоог олгодог байна. Ан гөрөөнд мөсний үзүүрийг бонхгор болгон хийсэн “Агжам” юмуу ацтай “Модон сэрээ” хэмээх модон сумнууд, бас хатуу шир, яс, эвэр, модоор хийсэн бөөрөнхий хэлбэртэй “Бөмбөг” гэдэг сумыг хэрэглэдэг. Мөн таван салаа сэрвээтэй “Загас харвах сэрээ”, усны мандалд хөвөгч шувууг харвах “Тэших сум”, нугасны хошуу адил хэлбэртэй хийсэн шувуу харвах “Элээн сүүл сум”, туулай, шувуу харвах “Тэлиг”, “Сэрээ”, бодон гахай, барс зэрэг том амьтан агнах “Морьч хар”, “Барс харвах сум” гэх мэт олон төрлийн төмөрлөг сум хэрэглэдэг байжээ[14].
          Илд гэдэг нэр нь юмыг илт, үлт цохих гэдгээс үүджээ. Бас “Юлд” ч гэх нь бий[15]. Одоо гол төлөв “Сэлэм” гэж нэрлэх болсон. Сэлэм гэдэг нь хамниган манжийн “селе” буюу төмөр, “ме” буюу юм гэсэн үгнээс үүдсэн “Төмөр юм”, “Төмөр зэвсэг” гэсэн үг.
Манж илд буюу сэлэм нь монгол илднээс хэмжээгээр арай бага байж. ХVII зуунаас хойш сэлэм
нэр томъёо ихэд тархаж, яваандаа Манж, Монгол гэж ялгалгүй бүх төрлийн илдийг сэлэм гэх болжээ. ХIII-ХIV зууны үед монгол цэргийн хэрэглэж байсан олон төрөл, хийцийн илдний дотроос археологийн шинжилгээ, судалгаагаар олдсон баттай баримт бүхий жинхэнэ монгол хийцийн илд нь:
 Нэгд: 60 см-ээс урт /бариулын уртыг тооцохгүйгээр/, шулуун, хоёр талдаа иртэй “Дам /дэм/ илд”
Хоёрт: хурц үзүүртэй, нэг талдаа иртэй “Хотгор илд” (Одоо уламжлалт нэрийг нь мэдэхгүйгээсээ болоод ихэнхидээ “Матигар илд” гэж ярьж, бичих болсон)
Гуравт: нэг талдаа иртэй, өргөн мөртэй, гурван талтай, шулуун “Шөр илд” зэрэг илд байна.
Монголчууд илд, хутганыхаа ирийг тусгай технологиор боповсруулж давхар ир суулгадаг, тухайлбал, ган, болд, гянт, анзаан, албин зэрэг хатууруулагч бодисыг ирийг нь дагуулан давхарлаж ширээн хатаах юмуу заримдаа ердийн төмөрт хатуу болд зуулган давхар иртэй болгодог байжээ.
Түүнчлэн Х.П.Храпачевский өөрийн Чингис хааны цэрэг дайны гүрэн хэмээх бүтээлдээ Монгол сэлэмийг европчууд нэг талдаа иртэй уртхан хутга хэмээн нэрлэдэг байсан тухай дурьдсан байна. Зубов тосгоны хөшөөн дэх илд 55,7 см урт бөгөөд үүнийг нарийвчлан судалсан Н.Л.Членова уг илдийг хэмжээнээс 2 дахин багасгасан дүрс гэж үзсэн бөгөөд бодит хэмжээг нь 111,4 см урт хэмээн үзсэн байна[16]. Үүнээс үзвэл Монголд илд нь харьцангуй богино байсан нь харагдаж байна.

          Их хааны шадар хишигтний дотроос ээлжийн харуул манаанд гарч буй хорчин, турхаг болон хэвтүүл цэргийн агсамжийн иж бүрдэлд заавал байх ёстой зэвсгийн нэг нь “Дөр жад” хэмээх тусгай хийцийн жад байв. Харин гадаад мянганы хувьд бол байлдаанд гүйцэтгэж буй үүргээсээ хамааран зарим үед жадаар зэвсэглэдэг, зарим үед жадгүй ч явдаг байжээ[17]. Жадны тухайд П.Карпини жадтай байх ба жадны үзүүрийн адагт нь дэгээ байх бөгөөд түүгээр хүнийг мориноос нь гохдон унагааж болногэж тэмдэглэжээ.
ХII-ХIV зууны үед монгол цэрэг “Сэрвээт жад”-ыг өргөн дэлгэр хэрэглэж байв. Уул жадны сэрвээ нь хурц иртэй учир энгүүн нэг энгүүн нэг гохдож дэгээдэх, зүсэж хатгах зориулалттай байжээ. Түүнээс гадна урт иштэй “Морин жад”, “Жалан” буюу “Хануур жад” хэмээх шидэгч жад, охор “Хутган жад” зэрэг олон төрлийн жадтай байжээ[18].
           ХIII зуунд монголчууд ерөнхийдөө хоёр төрлийн бүтэц хийцтэй хуяг, тухайлбал, бүхэл биеийг халхлах “Өвч хуяг”, эсвэл богино хантааз маягтай “Охор хуяг” хэмээх хуяг хэрэглэдэг байв. Тэдгээрийг хатуу /төмөрлөг болон хэр баргийн сум нэвтрэхээргүй болтол нь тусгайлан боловсруулж хатууруулсан арьс шир/ юм уу, зөөлөн /арьс, шир, олс, мяндас гэх мэт/ хоёр үндсэн төрлийн эдээр хийдэг байжээ.
Зөөлөн эдээр хийсэн хуягийн дотроос хамгийн түгээмэл байсан нь “Хатангу дээл”. Энэ нь хуягласан монгол дээл маягийн хуягийн ерөнхий нэр юм. Хатангу дээл нь мөрөвчтэй, мөрөвчгүй, урт, богино хормойтой, эсвэл өвдөг хавьцаа хүрсэн богино хормойтой, захнаас хормой хүртлээ тууш шулуун энгэртэй юмуу эсвэл монгол дээлийнх шиг ташуу энгэртэй, урт “Харавч” буюу ханцуйтай, эсвэл гагц охор харавчтай зэрэг олон янз байжээ. Монголчуудын хэрэглэж асан хуягийн дотроос онцлог нэгэн бол “Мяндсан хуяг”. Түүнийг үйлдэхдээ мяндсыг давхарлан зулж нягтруулаад торгомсог эдээр бүрж дээл, хантааз хэлбэртэй хийдэг байжээ.  Монголчууд эрт цагаас эхлэн дуулгыг арьс шир, төмөрлөгөөр үйлдэн хэрэглэж ирсэн бөгөөд хийц чимгээрээ олон янз байдаг. Дуулгыг хэрзглэгчийн хэргэм тушаалаас шалтгаалан алт, мөнгөөр чимэглэх бөгөөд хуягийн өнгийг дагуулан өнгөлөх нь элбэг.
         ХIII-ХIV зуунд монгол цэргийн хэрэглэж асан гадаад, дотоод гарвал, хийцтэй олон янзын дуулгын дотроос арагшаа гэдийсэн конус /шовхгор/ оройтойг нь цэвэр монгол гаралтай гэдэг. Өндөр оройн оронд бас жижиг бөмбөлөг хадах нь ч байжээ.
ХII-ХIV зууны үеийн зарим монгол дуулга нь өндөр орой дээр суулгасан бөмбөлөг маягийн сөхмөл цэцэгтэй байсан нь бусдаас ялгарах бас нэгэн содон шинж ажээ.

          Бүх төрлийн дугуй бамбайг “Халх” хэмээн нэрлэдэг байжээ. Жижиг дугуй, пөмбөгөр хэлбэртэй агаад уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжин олон өнгийн утсаар хээ хуар гарган чимэглэж, төв дунд нь толь хадсан байх нь олонтаа. Бас яг ийм хэлбэр, хэмжээтэй боловч бөх бат модоор үйлдэж, хатуу ширээр гадарлан төмрөөр тасамдан эмжиж, дунд нь толь хадсан бамбай ч ихэд тархсан байжээ[19].
         Сайшаалт морь бол морьт цэргийн амьд зэвсэг юм хэмээн үзсэн байдаг. Энэ нь Монгол цэргүүд дэлхий дахиныг дайлахад монгол морьны үүрэг ихээхэн байсныг тодорхой түвшинд үнэлж буйн илрэл юм. Цэрэг бүр 3-4 зэвлэх морьтой байсан байна. Монголчууд байлдаанд унах морьдоо эртнээс инагш тусгай шинжээр сонгон шилж авдаг байсан учир тэсвэр хатуужил, амьдрах чадвараар гойд байв. Зэвлэх морьдыг бүр унаган цагаас нь тусгайлан сургуулилж, байлдаанд байнга бэлэн байлгахад онцгой анхаардаг байж. Зэвлэх морьд нь одоогийн цэргийн авто, хуягт танкийн техник, нисэх онгоц лугаа адил дундад эртний монгол цэргийн байлдах аргын үндэс-маневрын тактикийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл байв.










Ном зүй:

1.      Базарсүрэн Ж, Чингис хааны цэргийн зэр зэвсэг, УБ., 2000
2.      Базарсүрэн Ж, Их монгол улсын цэргийн зэр зэвсэг өгүүлэл
3.      “Батлан хамгаалах судлал” сэтгүүл №2
4.      Дамдинсүрэн А, Монголын зэвсгийн товч түүх., УБ 1996
5.      Жиованни Дел Плано Карпини \Орч:Туяа С,Цолмон С\, Татар хэмээн бидний нэрлэдэг Монголчуудын түүх
6.      Р.П.Храпачевский.Орч:Одхүү С,  Чингис хааны цэрэг дайны гүрэн, УБ.2008
7.      Рашид Ад-Дин, Орч:Сүрэнхорлоо Ц, Судрын чуулган I, УБ, 2002
8.      Пэрлээ.Х. Гурван өгүүлэл. УБ.,1962


No comments:

Post a Comment