Хуудас

Search This Blog

Sunday, July 1, 2012

Монголчууд Европыг дайлсан түүх


1241 оны 4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өглөө. Лигницээс холгүй, хожим “тулалдааны талбар” нэрээр түүхэнд орох хувьтай Ваалштат тосгоны дэргэд дэлхийн цэрэг дайны бүхий л түүхчид, цэргийн жанждийн анхаарлыг заавал татдаг алдарт Лигницийн тулалдаан болжээ.







(Түүхэн уран сайхны нийтлэл Б.Номинчимэд)

(Хэсэглэн авав)



ЯАГААД ЛИГНИЦИЙН ДЭРГЭД ГЭЖ...?



Олонхи тохиолдолд Их Польш, Силезийн ван II Хенриг монголчуудаас хүч давуудаа эрдэж, дарагдашгүй дайсныг дарж, алдар цуугаа мандуулах хүсэлдээ хөтлөгдөн Лигницийн дэргэд задгай газар Байдар, Хайду нарыг тосон очсон гэдэг. Гэвч өнөө үзвэл Ариун авдалт польш вантны энэ “зоримог шийдвэр” ихээхэн эргэлзээ төрүүлхээр байгаа юм.

 

http://www.trends.mn/files/author/nominchimed/1.jpg

Хайдуг Ополе рүү довтолход Ополе, Ратибарын гүнлэгийн эзэн Мичислав (жанжин Мешко) өөрийн үеэл болох Их Польш, Силезийн ван II Хенрийн газар бүрээс хүч татан хуримтлуулж байсан Силезийн нийслэл Врацлав руу ухарсан байдаг. Байдар, Хайду нарын цэрэг Врацлав, Ополегийн дунд нэгдэж хүчээ зузаатгаад Врацлавт ирэхэд II Хенри хурааж цуглуулсан бүх хүчээ аван, Силезийн ванлигийнхаа нийслэлийг зөнд нь хаяж сул бэхлэлт хамгаалалттай Лигниц рүү ухарсан нь тэнд очиж хориглон хамгаалах зорилго биш юм. Цайзаас гарч явсан II Хенрийн толгой дээр Сүмийн дээврээс тоосго унаж цохин ёозгүй ёр дуудсан явдал Лигницэд биш Врацлавт болсон нь тэрбээр Лигницээс монголчуудыг тосч гараагүй, харин Врацлаваас Лигницийн зүг ухрах замдаа монголчуудтай тулсан болохыг нотолдог. Лигниц рүү II Хенри гэр бүлээ түрүүлээд явуулчихсан байжээ. Ийн ухарсны учир нь түүний үеэл “Ганц нүдэт” Чехийн ван Вацлав 50-60 мянган цэрэгтэй хүчин хавсархаар нийслэл Прагаасаа Лигниц рүү яаран ирж явжээ. Монголчуудтай тулах үед Вацлав замынхаан талыг өнгөрч, хоёр өдөр ч хүрэхгүй газарт ойртсон байв.


II Хенрид Лигницэд очиж давуу хүчээ хотын сул ч гэсэн бэхлэлттэй хослуулан хориглоход Вацлав ванг иртэл хоёр өдөр хамгаалан тэсэх боломж бүрэн байсан. Эсвэл Вацлавыг угтан Лаба гол руу Чехийн хил даван ухарвал хүчээ нэгтгэх хугацаа нэг хоногоор татагдах ч боломж бүрэн байв.Гэвч ийм гарын дор ирсэн бэлэн боломжийг II Хенри яагаад ашигласангүй вэ? Ямагт ялан дийлсээр ирж буй хүчирхэг монголчуудыг дан хүчээрээ ялж дийлнэ гэсэн ямар итгэл найдвар II Хенрид байсан юм бол? Лигниц, Врацлавын завсарт түүнд хүч нэмэгдээгүй. Тийм бол үнэ цэнэтэй, хүчирхэг цайз бэхлэлттэй нийслэлээ орхин ухарч явснаа гэнэт чөтгөрт хатгуулсан мэт задгай газарт дайснаа эргэж тосдогт ямар учир байна вэ? Нэмэлт их хүчин ирж буйг мэдсээр атлаа шүү дээ. (Врацлав, Лигниц хоёрын хооронд 60 гаруй км зайтай) Эсвэл ийм хэмжээний цэрэг дайны туршлага ч байхгүй, мэдлэг ч үгүй харалган, хөөрүү бодлогогүй эр байв уу? Эсвэл монголчуудын ухарч байгаад гэнэт эргэж дайрдаг туршлагыг судлаж, хэрэгжүүлэх гэв үү?
http://www.trends.mn/files/author/nominchimed/2.jpg
Үгүй юм. Эдгээрийн аль нь ч биш. II Хенри эр зоригтойдоо, монголчуудыг ялна гэсэн итгэлтэйдээ Лигницийн дэргэд тосч байлдаагүй. Тэр цэрэг дайны туршлагагүй хөөрүү банди ч биш. Хариулт нь Байдар, Хайду нарт буй. II Хенри бүхий л боломжоороо Вацлавтай нэгдэхийг зорьж байж. Түүнийг нийслэл Врацлаваа сул хаяад гарч явахад манай хоёр жанжин II Хенрийг айсандаа сүүлээ хавчаад зугтлаа гэж хөөрөн баяссангүй. Чехийн зүгээс хүчирхэг нэмэлт хүч ойрхон ирж буйг ч, II Хенри тэр хүчийг тосон тийн нийслэлээ хаяад гарч явсныг ч сайн мэдэж байсан байна. Гол нь тэдний хүчийг нэгтгэж болохгүй, өчүүхэн ч цаг алдаж болохгүй...

Лигниц нь тухайн үед Ариун Ромын эзэнт гүрэн, Польш, Чех гурван улсын хилийн заагт нэг өртөө гаруйхан зайтай оршдог Польшийн захын хот байж. Тиймээс II Хенрид Лигницээс цааш ухрах газар бараг л байхгүй гэсэн үг. Учир нь нийслэлээ орхисон тэр дахиад нэг алхан вант улсынхаа хилээс гарч явах аваас ард иргэд, цэрэг армийнх нь сэтгэл зүйд ноцтой сөрөг үр дагавар авчрах болно.


ДОМОГ БҮТЭЭВ
...
50-60 мянган цэрэгтэй Чехийн томоохон арми Прагаас гарч Лигницэд ойртон буй мэдээ авсан Байдар, Хайду нар Врацлавыг гал утаан дунд нь орхиод II Хенрийн араас яаравчлан хөдөлжээ. Тэд Одер мөрний хөндийг уруудан шуурхайлж, Одерийн нэгэн цутгал Нис голын эрэг орчимд Лигниц зүг аяны маршаар явсан II Хенрийн армийн ар тал болох Глагов, Лигниц орчмын төдийгүй Таатрын (Карпатын нурууны умард өндөрлөг хэсгийн нэр) герман уурхайчдаас яаран сандран цуглуулсан явган цэргийн анги руу гэнэт уулгалан дайрсан байна.
Тулалдаан европынхны хувьд санаандгүй, төлөвлөөгүй байдлаар эхэлжээ.

***
Лигницийн дэргэдэх тулалдаанд Хенри ван болон ханхүү Байдар нар тус бүрдээ хэдэн цэрэгтэй байсан талаар харилцан адилгүй мэдээллүүд бий. Тухайлбал:
- Келли Деврис, Мартин Дугхерти нарын зохиогчдын “Дундад зууны тулаанууд“ номонд монгол армийн бүрэлдхүүнд туршлагатай удирдлага дор нэгдсэн олон овог аймгийн цэрэг байсан. Мангуудын хөнгөн морин цэрэг - 1000, морьтой харваачид - 11 000, хүнд морин цэрэг - 8000 орчим, нийт 20 000 орчим цэрэг байсан бол Европын армид Силезийн болон тевтон, темплар, хоспиталар зэрэг хуягт баатрууд - 8000, хөнгөн морин цэрэг 3000, Краковоос зугтан ирсэгсэд, германы уурхайчид зэрэг явган цэргүүд 14 000, нийтдээ 25 000 орчим байсан гэсэн.
- Ричард А. Габриэль “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” номдоо “Европыг Монголчуудаас аврахыг оролдсон Хенри вангийн дэргэд 50 000 орчим цэрэг цугласан, харин монголын Хайду хаан 20 000 орчим цэрэгтэй байсан” гэжээ.
- БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргасан ”Монгол цэргийн түүхийн товчоо” номонд Байдар 8-9 мянга, европчууд 30 мянга байсан гэсэн бол Э.Филлипсийн “Монголчууд” номонд мөн энэ тоог дурдсан байна.
-Түүхч Ж.Бор “Байдар ноёны тэргүүн анги Лигницийн ойролцоох Вальштадт тосгоны дэргэд польш, франц, германы хуягт баатруудын гурван түмэн хүнтэй армийг бут цохижээ гэх зэрэг. Гэхдээ олонхи судлаачид 20 х 30 мянга гэсэн тоон дээр тогтдог.

***
Тулаан эхэллээ. Монголын түрүүч анги 10 000 орчим хүнтэй герман уурхайчдын явган цэргийн эгнээг довтлон бужигнуулж гарахад ойрхон явсан Их Польш, Краковын рыцарь цэргээс бүрдсэн анги цэрэг тулааны чимээ сонсоод, явган цэрэгтээ туслахаар яаравчлан ирсэн байна. Энэ ангийг төрөлх хотоо баатарлагаар хамгаалан амь эрсэдсэн Краковын жанжин Владимирийн ах Сулислав захирч байв. Мөн Ополегоос ухарсан Мичислав гүнгийн захирсан Ополе болон Дээд Силезийн рыцарь цэрэг ч хүч нэмэн иржээ.
http://www.trends.mn/files/author/nominchimed/3.jpg
Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн дайралтыг монголчууд тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугтжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөсөөр эгнээ нь задарч, цэргүүд хоорондоо холилдон замбараагаа алдан, цуварч ирсэн байна. Явган цэргээсээ ч тасарчээ. Рыцариудын өмнө гэнэт утаан хөшиг татаж орхих нь тэр. Монголчууд амьтны толгойн дүрстэй урт бүрээ шиг юмаар утаа тавьж байсан гэдэг. Гашуун амт бүхий утаан хөшиг ярагдмагц хэдийнэ байрлалаа эзлэн, нум саадгаа дэлгээд хүлээж байсан монголчуудын гол хүчин суман мөндрөөр угтав. Мөн тэдний ар хударгаар монголчууд ороон орж, явган цэргээс нь таслан, утаа тавьсан байна. Ингээд эмх замбараагүй болсон европын хоёр замын цэргийг тал талаас нь бүслэн харваж, дайран цохиж дор нь эд бад хийхэд үлдсэн нь хар эрчээрээ буцан зугтаж, тэгэхдээ араас нь дөхөж явсан явган цэргээ дайран сандаргаж, бөөн үймээн, эх толгойгүй юм болов. Тэднийг монголчууд гэзэг даран элдэж хядлаа. Энэ үймээн ид оргилдоо үед II Хенри вангийн захирсан Доод Силез, Их Польшийн шилдэг цэргийн анги, Понсе д Обоны захирсан герман, франц, литовын тайж гаралтай шилдэг рыцариудын анги залган ирж тулаанд орсон боловч нэгэнт үймээн сандраан, гүн шоконд орчихсон бусад цэргүүдээ засаж, эргүүлж чадсангүйгээр барахгүй өөрсдөө ч тэр үймээн дотор нь хутгалдаад удирдлага, санаачилгаа бүрмөсөн алдсан байна.
http://www.trends.mn/files/author/nominchimed/4.jpg
Ингээд тулаан биш ярга, хядлага болж хувирчээ. Рыцарь баатрууд хэдийгээр нэр төрөө өндөрт өргөн тулалдацгаасан боловч ямар ч удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөөгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ. Европчуудаас долоохон хуягт баатар л амьд үлдэж.., II Хенрид туслахаар ирсэн францын 500 морьтон баатар эрсэд Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Литовууд, германы тевтонууд, польшуудын бахархал болсон баатар эрстэй хамт ван II Хенри, ван Мичислав, жанжин Сулислав, Болеслав, эрхэм тайж д Обоне нарын олон дээдсүүд бүгдээр хөлөг баатрын ёсоор тулааны талбарт ясаа тавьжээ.

II Хенри ван тулааны талбараас дөрвөн хамгаалагчийн хамт зугтан гарахыг оролдож, давхиж явтал морь нь шархдан шургачин унажээ. Тэр морио солих хооронд монгол цэрэг гүйцэж ирээд элгийг нь нэвт жадалж... Зарим бичлэгт хонь мэт өрлөж алсан гэж бичсэн нь бий. Богино хугацаанд болсон тулаан нэртэй хядлага өндөрлөж, амь зулбан гарч чадсан ганц нэгэн давхин ирэх хүртэл Лигницчүүд ялагдалд бүрэн итгэсэнгүй. Ялагдлын мэдээ дэндүү аймшигтай байв. Монголчууд Хенри вангийн толгойг урт морин жадны үзүүрт өлгөчихөөд Лигниц хотын шивээ хэрмийн гадуур гурвантаа тойрон давхилдаж, муухай орилолдсон нь айдас дээр нь нэрмээс болжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ.
http://www.trends.mn/files/author/nominchimed/5.jpg
Гэтэл Хенри вангийн толгойгүй цогцос олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй нүцгэн цогцсыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан байна. Ван хүн тухайн үед өмссөн хувцас, агссан зэвсэг сэлтээрээ илэрхий ялгарах атал ийнхүү будилж хайсан нь Хенри вангийн хувцас, зэвсгийг монголчууд мулталж авсан, эсвэл ван өөрөө зугтахдаа амиа аврахын тулд зүсээ буруулж жир цэргийн хувцас, өмсгөл өмссөн байх магадлалтай.

Хожим 1632 онд Хенрих вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгой, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн байна. Мөн ванг эрсэдсэн газарт вангийн эх чин сүжигт Хюдвиг ахайтанд зориулсан сүм босгожээ. Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэн авч, Хархоринд (зарим сурвалжид Батхаанд) илгээсэн гэдэг. Энэ тулаан хожим дэлхийн дайн тулааны түүхэнд домог болон үлджээ. Цэрэг дайны түүхчид, дайны хэнээтнүүд энэ тулааныг сонирхон шохоорхохгүй өнгөрнө гэж үгүй. Харьцангуй давуу хүчтэй дайснаа эх нутаг дээр нь ийм хялбархан, ийм хохирол багатай ялсан тохиол түүхнээ болсон хэдэн арван мянган тулаан дотор нэн ховор учраас тэр...

Хэрцгий, өршөөлгүй ялагдлын мэдээ салхинд туугдсан мэт хоромхон зуур Европын хотуудаар тархав. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс сонсох учир бас байжээ.

Дараагийн бүлэг "Шайо гол цусаар үерлэв"


---------------------------------- 
Зургийн тайлбарууд:
  1. Монголчууд II Хенри вангийн толгойг жадны үзүүрт өлгөөд Лигниц хотыг тойрон гурвантаа давхилдав. Хуучин судрын зураг.
  1. Лигницийн тулалдааны 750 жилийн ойд зориулан гаргасан марк. ХБНГУ, 1991 он.
  1. Монголчууд тулаан талбар дээр үрэгдэгсдийн чихийг цуглуулж буйг харуулсан хуучин зураг. Лигниц хотын дэргэд. 1241.04.09
  1. Келли Деврис, Мартин Дугхерти нарын гаргасан Лигницийн тулалдааны тухай төсөөлөл зураг
  1. Европ даяар хүчирхэгээрээ алдартай Тевтон, Темпларын хуягт баатрууд болон Монгол баатруудын халз тулгаралтыг дүрсэлсэн зургууд. Лигниц хотын дэргэд. 1241.04.09


үүхэн уран сайхны нийтлэл – Хэсэглэн авав  
Өмнөх хэсэг:  МОНГОЛ БААТРУУД ЛИГНИЦИЙН ДЭРГЭД ДОМОГ БҮТЭЭВ

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд Мажарын IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт гэж ёжлан бичжээ.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. 
 http://www.trends.mn/files/author/nominchimed/1_0411.jpg
ЗУРАГ 1  Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.

Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь их эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүндээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 4 сарын 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолсныг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг
“чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт
хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.

Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монголчууд бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв. ... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.

http://www.trends.mn/files/author/nominchimed/2_0411.jpg
ЗУРАГ 2 Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11 

Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.

***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав

http://www.trends.mn/files/author/nominchimed/3_0411.jpg
ЗУРАГ 3 Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор. Мохийн тал. Мажар улс.

Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм гэж бахархан тэмдэглэсэн байдаг.





No comments:

Post a Comment