1.“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА
ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас
гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм
нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг
дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав.
Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн
дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг
болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг
хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу
бэст гэнэ.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны
шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд
юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч
бас байлаа.
Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин
биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь
хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн
дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины
хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж
гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ
нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.
Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л
өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой
яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.