Хуудас

Search This Blog

Monday, November 28, 2016

Тусгаар тогтнолын тухай тэмдэглэлүүд. Б.Наминчимэд



1.“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА
ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа.
Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.
Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.

Тэгэхнээ нь хятадаас Тайванд Чан Кай Шиг даган дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. “Би Чахар Монгол, ах, найзаа” гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь, итгэл бишрэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр “Чингис” архины хог болсон хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.
Монголд бол Их хааны маань нэр, хөрөг бүхий архины шил хогоор нэг хөглөрсөөр, бид хогтойгоо хутгаж, Их хааныхаа хөргөн дээгүүр нь гишгэлж, нүүрэн дээр нь чулуу, цементээр цохилон хагална, нулимна, дотор нь элдвийн борихыг хийнэ, үл тооно, үл хүндэтгэнэ. Их хааныхаа нэртэй хатуу архи уугаад согтоно, зодолдоно, хутгална. “Би Чингисийн монгол байна” хэмээн цээжээ дэлдэн бархирна. Ямар гээчийн алдас, ёс бус явдал вэ?
Литай анх уулзаж танилцахад намайг Монгол Улсаас ирсэн гэхээр гарыг маань удаан барьж, баярлан талархаж, дахин дахин тонголзож байсансан.
Энэ бүхнийг бодохоор тэр нэгэн үдэш монгол хэл ч үгүй, зүс ч үгүй болчихсон ч Их хааныхаа хөрөгтэй хоосон шилийг цээжиндээ наагаад гарч одсон Ли хэмээх өнөөх Хятадын Тайванаас ирсэн эрийн өмнө “Би Чингис хааны гал голомтийг авч яваа Монгол Улсын иргэн” гэж нүүр бардам хэлэх ёс суртахууны эрхтэй байсандаа ихэд эргэлзэж, эмзэглэх аж.
Ингэхэд ер тусгаар тогтнол гэдэг маань угтаа хүний сэтгэл зүрхний угт, итгэл бишрэл, хүндлэл бахархал болон оршиж байдаг бус уу?
2.БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
2005 оны зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад найман монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч “спортын” Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахим Өртөөний хуучин анд маань байв. Хараажаар баруун аймгуудынхны нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол “Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол” гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм.
-Монголд байсан уу? гэвэл
-Үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.
-Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу? гэвэл
-Ер нь тийм гэлээ.
Зүүнгарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэн амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүнгарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. Өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ.
Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүү мухарт цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. “Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншлаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Их тэслээ дээ. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна” гэлээ.
Одоо зүүн гарын монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!
Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол Улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юмсан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүнгарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...
Цахим Өртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын “Хайлж буй дээд Монгол” хэмээх илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугцаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан.
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан “Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог” гэнэ.
Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?
3.НАЙДВАРГҮЙ МӨРӨӨДӨЛ БОЛ ГАНЦ ЗҮҮН ГАРЫН МОНГОЛЧУУДЫНХ БИШ
2012 онд Хятадын баруун хойд орны Цинхай муж буюу Хөхнуур Төвдийн өндөрлөгт орших Төвдийн өөртөө засах Хуаннан жүгийн Хэнан шенгийн нутгаар аялан сурвалжилсан МОНЦАМЭ агентлагийн Хөххот дахь тусгай сурвалжлагч, сэтгүүлч, яруу найрагч Б. Занданхүүгийн “Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана” тэмдэглэл манай төвийн сонин хэвлэл болон онлайн ертөнцөөр тарж, олны анхаарлыг сэрдхийлгэж, сэтгэлийг нь шимшрүүлсэн юм. Тэндээс нэг бус нэлээд хэдэн өгүүлбэр иш татмаар байна.
... Хонины нэхий, кока кола, сарлагийн борц, хятад шаахай, ясан эрхи, цусан эвэр гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг өнгө алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гишгэчихгүйг хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохион болоод явчихлаа. Зээлийн эхэнд явахад л хоёр төвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт тас няс буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг бараа булаалдан хэрэлдэж эхэлжээ. Тэгтэл нэг нь чи бид адилхан Хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь “Чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн” гэсэн байна. Нөгөө төвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад “Чамайг би тэгвэл алчихъя л даа” гээд дайрчээ. Гэтэл монгол нь “Би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн, алагдахад гомдолгүй. Харин чи урт наслаарай, чамаар чиний улс дуусаж байгаа шүү” гэж хорыг нь маажсан аж. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм, хутга мэсэндээ тулдаг гэнэ. Гаднаас нь харахад хоёр төвд хоорондоо төвдөөр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамнасан “олон улсын” хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай... хэмээн бичжээ.
За, тэр хятадын нутгийн гүнд хэл нь төвд, зүс нь хятад болчихсон хүмүүс юу болно билээ, маньд ямар хамаа вэ? гэхүл даанчиг эмгэнэл юм. Энэ жижигхэн мэт явдал өнөөдөртөө бичиг тэмдэглэлд ийнхүү үлдэж байна, маргааш тэдгээр хүмүүсийн уг тасрахаар гунигт домог болон үлдэнэ. Иймэрхүү түүх бидний хил хязгаараас гадна ганц Хятадад биш, Тайландад, Умард Энэтхэгт, Афганд, Орост өдөр бүр мянга мянгаараа өрнөж байдаг. Харин бид тэр домог бүтээх үйл явц хэрхэн өрнөж, гэхдээ хэрхэн мөхөлрүүгээ өрнөж буйг анзаарахгүй, анзаарсан ч эмгэнэх нь үгүй, харамсах нь ч үгүй, үл тоосон мэт сууна.
Хэлээ мартсан ч дуугаа мартаагүй Хэнангийн монголчууд монголоороо ийн дуулжээ.
“... Өндөр өндөр уулан дээр гарвал
Ах дүүгээ санана
Яагаад саналаа гэвэл
Наадаж явснаа санана
... Өндөр өндөр уулан дээр гарвал
Үрээ морио санана
Үрээ морио санахаараа
Үг хэлтэй байснаа санана...”
Тэд дуулж буй дууныхаа үг бүрийнх нь утгыг мэдэхгүй ч харин юун тухай өгүүлж буйг нь сэтгэл зүрхээрээ мэдэрнэ.
Өндөр өндөр уулан дээр гарч, алс холыг харж, ухаан санаа нь цэлмэхээрээ ахан дүүстэй байснаа санана, тэдэнтэйгээ наадан цэнгэж явснаа санана. Үндэснийх нь ой санамж сэргэнэ. Тэгээд л тийн дуулна. Харин уулнаасаа буухаар харь хүмүүс дотор орж, өнөөх өндөрт юу мэдэрснээ мартана, тэгээд л өдөр тутмын шөрөн шөрөн гэх аж амьдралын буулганд хүзүүгээ тавьж өгөх аж.
Өндөр өндөр уулан дээр гарч, алс холыг харахаараа сэтгэл нь хөдөлнө. Үрээ морио унаад эрх дураараа дүүлэн давхилдаж явсан ой санамж нь сэргэнэ. Үрээ морио унаад нисэж явснаа санахаар тэд өөрсдийн төрөлх, минийх гэх үг хэлтэй, түүгээрээ дуулан цэнгэдэг байснаа санана. Тэгээд л тийн дуулна. Харин өндрөөс буухаараа бусдын хэлийг зээлэн ад үзэгдэж, бусдын эдлэнгийн буланд шахагдан буйгаа мэдэрнэ.
Энэ дуу нь зүгээр нэг уянгын дуу биш, харин харуусал эмгэнэлийн дуу юм.
Тэд Ар монгол ирээд биднийг авах нь гэсэн цууд үе үе автан хэсэгтээ л хөл хөөр болдог, худал байсныг нь мэдээд цөхөрдөг. Залуус нь “Монгол Улс гэж бий” гэдэг үгийг настангуудынхаа ярьдаг үлгэр л гэж төвдүүдтэй адил боддог болж байгаа гэнэ. “Монгол Улсдаа бүү хэл Өвөр Монгол руугаа явуулъя гэхээр зөвшөөрөхгүй, тийм бяд бидэнд бас байхүй ээ” хэмээх үглэх ажээ...
Тэнд ядарсан, дарлуулсан нэг хэсэг нь бидний зүг, Монгол Улс оршин буй гэж бат итгэсэн тэр зүгтээ өглөө бүр “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” хэмээн идээ цайныхаа дээжийг өргөн залбирч, тийн залбирахдаа зовлон нь нимгэрэх шиг болдог байхад, “Хойт насандаа монгол нутагтаа хурга болж төрөөд, ирэг болж идүүлэхсэн” гэж мөрөөдөж суудаг байхад, харин бид энд, Монгол орондоо харийн үзэл сурталд толгойгоо мэдүүлчихсэн, харийн соёлыг бахдан биширчихсэн, харийн бодлогоор улс орноо удирдчихсан, харийн хүмүүсийг хэдэн арван мянгаар оруулж ирүүлээд хөрсөн дорх далай баялгаа үнэ цэнэгүйгээр зөөлгөчихсөн, өөр хоорондоо хэл амаа ололцож чадахгүй, хэлтэй амтай, хэрүүлтэй уруултай сууцгаавал..., тэр л хамгийн эмгэнэл болох биз. Монголын минь буян заяа тэгшрэг ээ.
Сэтгүүлч Б. Занданхүү мөн Цастын монгол, Дээд Монгол, Шинжааны монгол, Чингхай, Гансугийн монголоор аялж, “Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...”, “Эзэнтэй улс гудайдаггүй, эрэгтэй ус ширгэдэггүй“, “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн...” зэрэг баримт судалгаатай, сэтгэл сэмэлсэн хэд хэдэн тэмдэглэл бичиж, төвийн сонин хэвлүүдэд нийтлүүлсэн юм.
4.“БИД ЯАХ ВЭ? МӨХӨЖ БАЙНА. ХАРИН...”
Хөххотод хоёр хятад, бас нэг цахар залуутай хоолон гэрт зоог барьж суулаа. Утас дуугарав. Улаанбаатараас найзуудын маань нэг залгаж байна. Ажил, зорилго хэр бүтэмжтэй талаар ганц хоёр үг солих зуураа, надаас
- Чи одоо хаана явна? гэж хэрэггүй шахуу зүйл асуув.
- Өө, нэг хоолон гэрт хэдэн хужаатай хооллоод л сууж байна гэлээ. Тэгэсгээд өнгөрөв.
Орой нь өнөөх цахар залуу буудалд хүргэж өгөөд нэг юм хэлюү, байя юу гэж тээнэгэлзсэн мэт үүдээр эргэцээд байхаар нь суухыг урьж, нэг шил юм дундаа тавиад сууцгаав.
Тэгэхэд тэр маань ийн ярьсан юм.
“... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна. Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй. Хаашаа л харна хятадууд. Бид хэдий төрөлх нутаг дээрээ байгаа ч гэсэн тэр нутгийн маань шороо бүхэн нь хятад болчихвол бид яах ч билээ дээ.
Харин Ар монголчууд та нар Өмнөд монгол биднийгээ “хужаа” гэж дорд үзэхдээ нэг л зүйлийг битгий мартаарай гэж хүсэж байна. Тэр юу вэ гэвэл, Ар монголчууд та нарын тусгаар тогтнолыг Өмнөд монголчууд бид өнөөгийн энэ эмгэнэлтэй хэцүү амьдралаараа Их Хятад улсын түрэмгийллээс хамгаалж, халхалж, золиос болж өгсөн юм шүү гэдгийг л...” гэж билээ.
5.БАРЫН СҮҮЛ БОЛСНООС...
Хятадад буй нийт монголчуудынхаа дунд нэр хүндтэй соёлын нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм хүмүүнтэй Бээжин хотод танилцав. Хамтдаа Бээжингийн монголчууд цугласан газар очиход, монгол хоолны газар ороход, монгол хүнтэй уулзахад, ер монголчууд байгаа газар бүр тэр эрхэм хүмүүнийг таньж, хүндэтгэнэ.
Тэр эрхэм маань Бээжингээс Хөххот явдаг автобусанд намайг суулгаж өглөө. Автобусны ачааны хэсэгт миний чемоданыг оруулах гэтэл чухам юунаас болсон юм автобусны жолооч ачааг маань суга татаад хойш нь шидчихэв. Тэгээд өвөр монголын соёлын нэртэй зүтгэлтэн өнөөх эрхэм хүнрүү маань байдаг л нэг автобусны жолооч чухам хятад хүнээс л гарч болох маш бүдүүлэг төрхөөр хашгичиж, нулимж, нүд рүү нь хуруугаараа чичиж гарах нь тэр. Манай хүн гэмээ мэдсэн боол мэт хүлцэнгүй дорой царай гаргачихсан, хөлс нь бурзайчихсан, бөхөлзөж, аргадаж байгаад миний ачааг ачааны хэсэгт буцаан тавьж байна. Өнөөх монголчууд дотроо харц дээгүүр, эрхэмсэг байсан дүр төрхөөс нь өчүүхэн ч үлдсэнгүй. Тэр завсраа энэ байдлыг нь харчих вий гэсэн мэт надруу хулмалзана.
Би ч огт анзаараагүй, мэдээгүй мэт хэнэггүй царайлан, хятад бохь шалир шалир хийлгэн суулаа. Хэрвээ тэр байдлыг нь анзаарч мэдсэнээ харуулсан бол түүнд маань улам, бүр улам хэцүү байх байсан нь мэдээж хэрэг билээ.
***
“Барын сүүл болсноос, батганы толгой болсон нь дээр” гэдэг нэг айхтар үг бий.
Их үндэстэн доторх бага үндэстний зовлон гэж... Өөрийн үндэстнийхээ дотор ямар ч сайхан хүн байсан их үндэстний захын тэнэгийн өмнө ялгаагүй хэн ч биш байдаг юм билээ.
6.ТУСГААР ТОГТНОЛ БА ТӨВДҮҮД
Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийн зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ “I’m love you” гэдэг шиг хоёр үгийн солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Тэнд ямар нэгэн хөлсний хөдөлмөр байгаагүйг зориуд хэлэх хэрэгтэй.
Нэг өдөр оройхон очиход хэдэн төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн яаж тогтоох талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол мушгиран урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг хоёр метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. Өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л…
Би гадуур гарч яваад хоёр цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав.
Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр
-Лхасаас гараад удаж байна уу? гэвэл
-Арван гурван жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ.
Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.
2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад “Free Tibet” гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. “Independence for Tibet’, “Honk for Tibet & US”, “China out of Tibet”, “Boycott China’s goods” гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтад гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.
Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг (хожим энэ хийд Төвд, Монголын соёлын төв болон өргөжиж, Хөхнуурын монгол гаралтай Ажаа гэгээнтэн хийдийг тэргүүлэх болсон юм) хийдэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагийн ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ Өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л “будаа” болох юм байна. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.
Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Лхас хот жинхэнэ орчин үеийн зугаа цэнгээний хот болж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа.
Яг энэ жишээ Өвөр Монголчуудад ч адилхан. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд оруулж буй хятадын хөрөнгө оруулалт бусад мужийнхаас хэдэн арав дахинаар илүү гардаг. Өмнөд хөршдөө жилдээ давхардсан тоогоор бараг хагас сая орчим нь зорчдог бидний монголчууд Өвөр Монголын энэ их эдийн засгийн хөгжил, хүчирхэг эрчимтэй бүтээн байгуулалтуудыг харж шогшрох, атаархахаас хэтрэхгүй. Гэвч өнөөдөр дэлхийн хэт их гүрэн болж буй Хятадын дээвэр дор хөгжих нэг хэрэг, харин тэр хөгжлийн сүүдэр лүү ялимгүй анзааран ажиглах аваас энэ ертөнцийн хүн амын долооны нэг нь болж байдаг хятад иргэдийн далайд үйн живж буй цөөн буурай өвөрлөгч монголчуудынхаа сүүлчийн орь дууг сонсох болно. Тэгээд нэг ч их атаархаад байх зүйл байхгүй болохыг, атаархах нь бүү хэл харин ч өмнөөс нь харуусан элэг эмтэрмээр хэцүү тавилангийнх нь өмнө гүнээ гуниглан мэхийх болно.
7.Тусгаар тогтнолыг хүмүүс янз
бүрээр мэдэрдэг
Станбулд Аббас хэмээх Афган залуутай буудлын нэг давхарт, нэг жигүүрт, бүр өөд өөдөөсөө харсан хаалганд долоо хонов. Намайг Монголоос яваа гэхээр их л олзуурхан баярлаж, хамтдаа гадуур тэнэж, хамтдаа хооллож, тамхилж, орой үдэш дэмий ярьцгааж, богинохон хугацаанд ч гэсэн чухам ахан дүүс шиг дотносов. Тэрбээр Афганы Бамаян мужийн хазар хүн. Засгийн газрынхаа хэвлэлийн албанд ажиллаж буй ажээ.
Аббас надаас Монгол Улс үнэхээр тусгаар улс мөн үү гэж дахин дахин лавлаж асууна. Оросын, эсвэл Хятадын хараат, тоглоомын улс биш үү? Засгийн газарт нь дандаа монгол хүмүүс ажилладаг уу? Гадны зөвлөхүүд хэр олон бэ? гэх зүйлсийг тун нухацтай асуугаад, тэр бүрт үгүй гэхээр эргэлзсэн байдалтай толгой сэгсэрч суух. Монгол Улс бол бүрэн тусгаар улс, ямар ч улсын нөлөө, хараат байдал байхгүй гэдэгт бүрэн итгэсэн хойно тэр маш их баярлаж, учиргүй хөөрөн, чухам сая нэг юм боолын гинжнээс суллагдсанаа мэдэж буй хүн мэт аашилж билээ. Тэгээд миний авч явсан Чингис хааны 9 цагаан сүлдний зурагтай номын хавчуургыг машид бэлгэшээн авч одсонсон. Тусгаар Тогтносон Монгол Улс гэдэг Аббасын хувьд ямар эрхэм чухал зүйл байдаг болох тухай бодож суухад өнөөх өвөрлөгч бөх залуугийн яриа эрхгүй санагдаж байлаа.
***
Мөн Хятадын харьяат нэгэн монгол залуутай ярилцаж суулаа. Энэ зун малчин аав нь хятадаас ирээд буцсан гэнэ. Тэр өвөрлөгч монгол хөгшнийг Монгол Улсад хамгийн их баярлуулсан зүйл нь хаашаа л харна дандаа монголчууд, хаана ч тэр цаг үргэлж л монголоороо ярилцаж байсан явдал гэнэ. Өөрөөр хэлбэл тэр Бор талын хөдөөгийн монгол эрийн хувьд Монгол Улсын тусгаар байдлыг чухам үүгээр мэдэрсэн байна. Түүнээс биш тэр хөгшинд монгол орон хөгжил дэвшил сайн уу, муу юу, зам нь сайхан юм уу, хүмүүс нь найрсаг уу, эсвэл муу хятад гээд өөрийг нь ад үзэж байна уу, монголчууд дотроо хэрүүлтэй, тэмцэлтэй юу гээд бидний хувьд ямагт асуудал болж байдаг зүйлс огтхон ч сонин байсангүй. Ердөө л Монгол Улс тусгаар байгааг мэдэрсэн нь чухал байж.
Нутагтаа бол, тэдний мужид 5 сая хүн амьдардгаас дөнгөж 100 мянга нь л монголчууд. Уг нь анх Монголд ирэхдээ бараг нь оросууд, цөөхөн монгол л байдаг гэж төсөөлж байсан бололтой юм уу даа.
***
Индианагийн Их сургуулийн хэлний сургуульд TOЕFL-ийн шалгалт өгч байлаа. Миний чанх өмнө Даш (Даши) хэмээх нэг улаан хүрэн төвд залуу суусан юм. Бид өмнө нь Блүүмингтонд байх Ажаа гэгээнтний сүмд нэг бус таарч байсан, зүс таних билээ. Энэ шалгалтыг өгч байсан хүмүүс мэднэ дээ, шалгалт эхлэхэд тестийн хуудас дээр олон зүйл бөглөдгийн дотор шалгалт өгч буй хүний харьяат улсынх нь код байдаг.
Шалгагч багш самбар дээр улсуудын код бичсэн дэлгэц байрлуулсан байлаа. Тэдэн дотор Монгол Улсын код тодоос тод. Гэтэл Даш маань “Багшаа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэв. “Аль улс билээ?”. “Төвд”. “За хамтдаа хайцгаая”. Багш самбар дээр хайгаад Төвд улсын нэрийг олсонгүй. Тэгээд шалгалтын материалууд дотроосоо хэдэн хуудас гаргаж ирээд дахин дахин шүүж үзээд олсонгүй бололтой, сургуулийн сургалтын алба руу ярив. Гэтэл цаанаас нь ийм хариу иржээ.
“Энэ дэлхий дээр Төвд гэдэг улс байдаггүй. Төвд бол Хятад улсын нэгэн муж байна. Тэгэхээр Хятад улсын кодоор явна”.
Үүнийг сонссон Дашийн маань чих минчийтлээ улайрч, хүрэнтээд ирлээ. Угаасаа улаан хүрэн хүний чих их улайхаараа халсан пийшингийн бөөр шиг хүрэнтээд, чинэрдэг юм билээ. Тэрбээр хэсэг зуур, бараг нэг минут гаруй таг хөшиж орхив. Би ард нь суусан тул царайг нь хараагүй бөгөөд царайд нь чухам ямар өөрчлөлт орсныг төсөөлж байна. Шалгагч багш их гайхаж, учрыг олж ядсан, гайхаш тасарсан байдалтай бидэн рүү нэг, бас Даш руу нэг харж байв.
Тэгэхэд Даш зүрхэндээ яг л хутга шаалгасан мэт болсон байх даа гэж бодогддог. Харин надад болон тусгаар Монгол Улсын иргэн бүрт хэзээ ч ийм хэцүү явдал тохиолдохгүй, тиймдээ ч бид тусгаар тогтнолоор цангаж, туйлдаж, цөхөрч яваа тэр тэр Төвд залуугийн зүрхний угт байдаг энэлэл, зовлонг нь тэр бүр ойлгохгүй юм даа.
8.ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛ,
БИШРЭЛЭЭС ЭХЭЛДЭГ
Шинэ Делийн төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байх Махатма Гандийн бунханд очлоо. Хааш хааш арав ч хүрэхгүй жижигхэн талбайд, элдвийн чимэг, орд харшгүй, энгийн даруухан, байдаг л нэг пильтан хавтангаар бүрсэн харагдана. Ажлын өдөр байсан хэдий ч байнгын хүн холхиостой. Шарилийн хөлд ээлжлэн сууцгааж, залбирч, бас зарим нь гүн бясалгалд орж буй бололтой, нүдээ аниад хөшөө мэт болчихно. Харин сургуулийн бага, дунд ангийнхан бололтой ижилссэн формын хувцастай хүүхдийн цуваа тасарсангүй. Анги ангиараа ээлжээ хүлээж байгаад бунханлуу ирэх ажээ. Бунхныг нэг тойрч, хөлд нь жаахан зогсож байгаад, багш нарынхаа хэлэх хэдэн үгийг сонсчихоод жагсаалаараа гарч явахад дараагийн анги орж ирнэ.
Нэгэн багшаас “Өнөөдөр экскурс аяллын өдөр үү?“ гэж асуусанд “Үгүй ээ, хичээлийн өдөр. Хичээлээ хийж явна. Гүрүд ирэх нь манай хичээлийн программд байдаг.” гэв.
Шинэ Дели бол түүх соёлын хосгүй их дурсгалтай газар. Эртний хиндү, лал, буддын шашны төдийгүй англичуудын үлдээсэн зүйл ч арвин их, үзэж барагдамгүй. Зөвхөн монголчуудтай холбоотой түүх дурсгал гэхэд Цагаадай, Төмөрийн угсааны монгол хаадын хоёр дахь үе болох Хумаан хааны ер бусын бунхан, орой дээрээ одон орон судлалын төхөөрөмж бүхий аварга чулуун хэрэм, түүний хүү аугаа их Акбар хааны бариулсан Жама Масжид хэмээх 20 000 хүн зэрэг мөргөх багтаамжтай гайхамшигт сүм, алдарт Улаан цайз, монгол хаадын энэтхэг даяар түгээсэн Мuhgal garden буюу Монгол цэцэрлэг гэх өвөрмөц загвар, бүтэцтэй цэцэрлэгт хүрээлэн зэрэг өч төчнөөн зүйлс бий.
Тэр олон сүрлэг уран, гоо жавхлантай зүйлс байсаар атал эгэл жирийн нэгэн шарил дээр хүүхэд багачуудаа анги ангиар нь авчирч, төрийн боловсролын бодлогын хүрээнд үзүүлж, танилцуулж байдаг нь алсыг харсан ухаалаг бодлого ажээ. Махатма Ганди бол Энэтхэг үндэстний тусгаар тогтнол, оюун санааных нь эцэг болсон хүн билээ.
Ирээдүй хойчдоо гоё ганган, сайхан юм үзүүлэх нь тийм ч чухал биш, сэтгэл зүрхэнд нь бахархал, хүндэтгэлийн галыг асааж, бадрааж өгөх нь илүү чухал аж.
9.ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагийнхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор сонжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуусыг надруу сэм сэмхэн цагаахан атаархлын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Түрэг гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид эх орны тухай ямар нэгэн яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаас илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох Өвөр Монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
***
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийн дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа.
Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
***
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.
10.ХЭЛ БА ТУСГААР ТОГТНОЛ
2005 оны хавар Индианад түр оршин суугчдад зориулсан түр сургалтад хоёр долоо хоног суусан юм. Түр оршин суугчид гэхээр газар газрын л хүмүүс байх. Сургалт эхлээд хоёр хоночихсон хойно би хоцорч очлоо. Тав таваар нь нэг нэг том ширээ тойруулаад суулгачихсан танхимд орж очив. Дөрвөн ази хүүхэн суусан ширээнд тав дахь нь болгож намайг хувиарлав.
Нөгөө дөрөвтэй англиар мэндэлсэн болсонд өмнөөс бүгдээрээ хятадаар шулганалдацгаалаа. Мэндийн хариу гэж ойлгосон би эелдгээр толгой дохиод л өнгөрөв. Хичээлийн явцад нөгөө хэд хоорондоо хятадаараа шавьтналдаад зогсохгүй надаас хятадаараа юм асуугаад болдоггүй ээ. Төвөгтэй болоод ирхээр нь “Уучлаарай, би хятадаар ойлгодоггүй. Та англиар асуувал би баярлах байна” гэлээ. Нөгөөдүүл ихэд гайхаж буй бололтой, дуу нь өндөрсөж хоорондоо болоод надруу хятадаараа баахан шулганав. Тэдний дунд их биерхүү, бараг хоёр метртэй гэмээр лужир биетэй, түрэмгий царайтай бүсгүй байсан юм. Хожим мэдэхнээ нь тэр хятадын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчин явсан юм билээ. Тэр бүсгүй их л ууртайгаар
-Чи яагаад хятадаар ойлгодоггүй юм гэж англиар асууж байна.
-Би хятад хүн биш шүү дээ.
-Гэхдээ чи монгол биз дээ?
Энэ асуулт миний эгдүүг хөдөлгөөд эхэллээ. Яахаараа монгол хүн хятад хэл мэддэг байх ёстой гэж...
-Би монгол хүн, Монгол Улсаас ирсэн. Та нарын хэлийг мэддэггүй, мэдэх ч албагүй тийм улсын хүн байна гэх мэтчилэн баахан юм монголоороо хэлснээ
-Та нар ойлгов уу? гэж англиар асуув.
Өнөөх дөрөв миний өөдөөс мэлтийтлээ гайхан харж байснаа толгойгоо сэгсэрцгээгээд хоорондоо шуугилдаад эхлэв.
-Та нар яагаад монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм бэ гэж тэднээс англиар асуув.
-Бид монгол хэл мэдэхгүй.
-Би ч бас хятад хэл мэдэхгүй. Адилхан л байгаа биз дээ.
Тэрнээс хойш энэ тэнэг монголтой юм яриад яах билээ гэсэн байдалтай надтай ер юм ярихыг байчихав. Энэ нь надад ч амар байв.
Гэхдээ тэдний надад хандах хандлага нэг л эвгүй. Энд ямар ч эрүүл ухаан, соёл үйлчлэхгүй байгаа нь анзаарагдана. Өмнө байгаа үзгийг маань үг дуугүй шүүрч аваад юмаа бичнэ, миний цүнх ширээн дээр байвал түлхээд газар унагачихна. Насанд хүрсэн хүмүүс гэхэд хүүхдүүд шиг тун хөгийн байх тул би тэдний иймэрхүү үйлдлийг нь шоолж инээгээд л өнгөрнө. Тэд надруу бараг харах ч үгүй, үйлдэл бүхнээрээ тэдний хувьд ерөөс хүн биш, огт байхгүй хэмээн мэдрүүлэх гэж хичээнэ, хааяа нэг харвал харц нь цаанаа л нэг түрэмгий ууртай. Ялангуяа өнөөх сагсчин бүсгүй бол бүр ч... Хонгилд өмнөөс ирж явбал аятайхан зөрөөд гарна гэж ёстой үгүй, ёс юм шиг чигээрээ зүтгэнэ. Тэр лужир амьтантай ямар мөргөлдөлтэй нь биш, би зай тавьж өгнө. Ер нь нэг ширхэг хятад ингэж илэрхий дээрэлхүү хандаж чаддаггүй, бүр тийм хүсэл ч үгүй мэт ажин түжин, аятай дорой байх бөгөөд тэд олон болоод ирмэгц л олноо мэдрээд, түрэмгий болоод эхэлдэг нь хятад үндэстний сүргийн сэтгэлгээний онцлог юм.
Энэ мэтийг номоос дам унших биш, нүдээрээ ажиглана, мэдэрнэ гэдэг надад сонирхолтой, бас завшаантай хэрэг.
Надаас хойш хоёр хоногийн дараа бас нэг хоцорсон сурагч ангид орж ирсэн нь сайхан хүрэн улаан цэл залуухан төвд бүсгүй байв. Ангид өөр сул суудал байгаагүйн дээр сургалт зохион байгуулагч нэг хэлээр ярьдгийг нь харгалзан үзсэн юм болов уу, бидний ширээнд сандал нэмж, төвд охиныг дэргэд суулгалаа.
Хятад бүсгүйчүүд шинэ охиноос хятадаараа юм асуугаад, мөн хятадаар хариулт авсныхаа дараа надруу, “За тэр, чи ийм л байх ёстой” гэж буй мэт нухацтай харна. Би үл тооно. Ганц төвд бүсгүй дөрвөн хятадын хажууд ёстой хэн ч биш болно. Түүн лүү ээж нь, эгч нь, эзэн нь юм шиг том том дуугаар зандчиж ярина, цүнхээ бариулна. Төвд бүсгүй хүлцэнгүйгээр тонголзоно. Тэр хоорондоо хятад бүсгүйчүүд надруу бас өнөөх харцаараа харна. Би өхөөрдөн шоглож инээнэ. Тэд арга нь барагдаж буй мэт бухимдацгаана. Тэр төвд бүсгүй бол Шанхайд төрж, өссөн, төвд хэлээ огт мэддэггүй, төвд гэдгээ л мэддэг төдий бүсгүй байсан юм.
Энэ мэт яршиг төвөгтэй нэгэн сургалтад хэд хонож билээ.
***
2010 оны хавар Шинэ Делид... Буудалд бууж төвхнөсний дараа зоогийн газарт орвол тэнд хоёр монгол бүсгүй сууж байна. Биднээс (Бид гурвуулаа тэр буудалд буусан юм) тус бас монголчууд энд ирж гэж ойлгосон би тэдэнтэй мэндэлвэл өмнөөс оросоор ярих нь Киргизээс яваа бүсгүйчүүд байж билээ. Ер Азийнхан дундаас монголчуудтай хамгийн ойр царай төрхтэй нь аргагүй киргизүүд. Төдөлгүй тэр хоёртой дотно танилцан нөхөрлөлөө. Ахимагийг нь Мира, залууг нь Надира гэх. Мира нь уран зохиолын мэргэжилтэй, бидний яриа, сонирхол их нийцнэ. Тэр миний нэгэн адил Чингис Айтматовын баатруудад хайртай, тэдний тухай ярихаараа нүд нь гялалзаад ирнэ. Бас түүний нутаг Иссык кул (манайхан “Ишгэн хөл” гэж дуудах нь бий) нуурын хөвөөнөөс ирсэн.
Харин Мира, Надира хоёр өөр хоорондоо оросоор л ярина.
-Танай төрөлх Киргиз хэл гэж бий юу? Та нар яагаад төрөлх хэлээрээ ярихгүй байна? Та нарыг оросоор яриад байхаар чинь надад орос л гэж бодогдоод байх юм гэхээр Мирагийн санаа жаал зовнингуй болж
-Бий бий. Гэхдээ ихэнхдээ оросоор ярьдаг. Одоо бид киргиз хэлээ сэргээж байгаа. Киргиз хэлийг хүн амын цөөнх мэддэг байсан бол одоо илүү сайн болж байгаа. Гэхдээ.., гэхдээ бид хоёр киргиз хэлээ сайн мэдэхгүй л дээ гээд хүлцэнгүй инээмсэглэнэ.
Иймэрхүү байдал Дундад Азийн хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Казах, Татар, Узбек, Тажик зэрэг улс орнуудад бүгдэд нь бий. Тэдгээр орнуудад төрөлх хэлээ сэргээхээр ихэд хичээн оролдож буй гэдэг.
Олон зуунаар Европынхны колони байсан Африкт бол хавтгайдаа. Замбиас ирсэн Чарлес Симба найз маань англиар тун сайн ярина. “Чи хаана англи хэлийг ийм сайн сураа вэ” гэхээр “Замбидаа...” гэж томорно. Тэгэхнээ нь угаасаа Замбид англиар л ярьдаг, Замби хэл гэдгийг огтоос мэддэггүй ажээ. Конгоос ирсэн Эдгар францаар, Анголоос ирсэн Анжела португалиар хэлд оржээ. Танзани, Бурунди, Сомали, Кени, Этиоп зэрэг цөөн хэдхэн оронд төрөлх хэл нь албан ёсны хэл байна, Египт, Алжир, Лив, Тунис зэрэг хойт Африкийн орнууд арабаар ярина, бусдад англи, франц, испани, португали зэрэг колоничлогчдын хэл албан ёсных байна.
Эдгээр орнуудын хувьд барууны соёл иргэншил давамгайлсан даяаршлийн үед хэлний хувьд давуу байдал харагдавч нэг л зүйл илт дутуу, бүр маш илт дутуу байгаа нь мэдэгддэг. Тэр бол үндэсний бахархал. Замби найз Чарлес Симба маань алдарт Викторийн хүрхрээний дэргэдээс ирсэн хүн. Тэр энэ хүрхрээгээрээ л бахархана, намайг “Манай хүрхрээнд ирээрэй” гэж урина. Өөрийнхөө тухайд “Би бол англи хэлтэй Замби Улсын иргэн” гэж аяархан гэнэ. Харин би “Би бол монгол хэлтэй Монгол Улсын иргэн” гэж чанга хэлнэ.
Хэдий тусгаар улсын иргэн ч төрөлх хэлээрээ ярьж чадахгүй байгаа тэдэнд бидэн шиг улс үндэстнээрээ итгэл төгс бахархах бардамнал хүчтэй байдаггүй л юм билээ. Бид монголоор биш оросоор юм уу, хятадаар ярьдаг Монгол Улсын иргэд гээд харьцуулаад төсөөлөе. Бахархал ямар түвшинд байх бол???
Еврей нар айхтар. Тэд улс үндэстэн бие даасан хүчирхэг хөгжилтэй байхын шалтгаан бол үндэсний хэл, соёл гэдгийг мэддэг ч, мэдэрсэн ч хүмүүс юм. Тиймээс ч аль хоёр мянганы тэртээ золгүй цөллөг, нүүдлийнхээ явцад алдаж орхисон төрөлх хэлээ хуучин судрын үгнээс сэргээн босгож, хэлний шинэ статустай Израйль улсаа 1948 онд тунхаглаж чаджээ.
11.ДАЯАРЧЛАЛ БА ТУСГААР ТОГТНОЛ
2009 оны хавар. Даяарчлалыг учиргүй, бүр жадлан эсэргүүцдэг нэг залуу байх. Энэ даяарчлал монгол хэл соёл, зан заншил, өв уламжлал гээд бүх л сайн сайхан юмтай нь хамт Монгол Улсыг маань юу юугүй идэж байгаа тухай, тусгаар тогтнолын ганц дайсан болж буй тухай, монголчууд бусад жижиг улс үндэстнүүдтэй нэгдэж даяарчлалын эсрэг хатуу ширүүн тэмцэлд босч, аюулыг бага дээр нь нам дарж авах тухай нэг ланжгар нийтлэл биччихсэн над дээр орж ирэв. Хэд хэдэн зарчмын санал дэвшүүлжээ. Тухайлбал, яриандаа гадаад үг хавчуулж ярихыг хориглосон хууль гаргах, үр хүүхдээ хар багаас нь гадаадад сургахыг хориглох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаадын соёл, урлаг сурталчлахыг хориглох, гадаадын хөрөнгө оруулалтад хязгаар тавих гэх мэтчилэн хэт утопи, хэт туйлширсан саналуудаас гадна хаяг адресийг зөвхөн монголоор бичих, дунд сургуулийн программд монгол хэл, утга зохиол, ёс заншлийн хичээлийн цагийг эрс нэмэх зэрэг дажгүй саналууд ч байсан санагдана.
Түүнээ миний эрхэлж байсан сонинд (“МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонин) гаргахыг хүсчээ. Төрийн мэдээллийн агентлагаас гаргадаг төрийн албан ёсны хэвлэл учир эрх мэдэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа бичсэн санал нь амархан хүрнэ ч гэж тооцжээ.
Намайг татгалзсанд тэр хамаг бухимдлаа надад гаргалаа. Чухам гадныхантай нийлж улс монголоо худалддаг хүмүүсийн нэгийг баттай олж илрүүлсэн бололтой. Онгод нь ёстой ороод явчихав.
Уг нь тэр залууг би нэлээд дээхнээс таних билээ. Үе тэнгийнхэн нь баар ресторан, зугаа цэнгэл, машин тэрэг, гоё утас, MP3 сонирхож явахад мань эр улс үндэстнийхээ хувь заяаны төлөө сэтгэлээ чилээж явдагт нь олзуурхан, дотроо битүүхэндээ дэмжиж явдаг юм.
Эцэст нь аль алиндаа тустайг бодож түүнд гурван үг хэлэв. Хэр тусгаж, хүлээж авсныг мэдэхгүй. Юутай ч дуу нь намсан, жаахан бодолхийлснээ гарсан, тэгэхдээ өрөөний маань хаалгыг эх орноосоо урвагчийн хаалга мэт учиргүй саваагүй юмдаг. Гэхдээ л надтай эргэж холбоо барьсангүй дөрвөн жил болчихжээ.
Хаврын тэр өдөр гадаа хүчтэй шуургатай байж билээ. Миний түүнд хэлсэн зүйл гэвэл “Даяарчлал гэдэг яг л байгалийн үзэгдэл шиг эргэлт буцалтгүй, аймшигтай, өршөөлгүй. Чамтай санал нэг байна. Гадаах шуургыг харж байна уу. Чи энэ шуурганы эсрэг юу ч барьж дэвээд нэмэргүй, салхи чиглэлээ өөрчлөхгүй, хүч нь саарахгүй. Жамаараа шуураад, жамаараа л зогсоно. Тийм биз... Тэгэхээр бид энэ мэт шуургатай үр дүнгүй тэмцэх хэрэггүй юм. Тэр хойгуур ард чинь салхи муу гэрийг чинь нурааж орхивол яана. Харин чи шуурганы өөдөөс нулимж зогсохын оронд орон гэрээ яаж нураалгачилгүй, хийсгэчихэлгүй авч үлдэхийг бодож, даруулга чагтагаа л бэхлэх хэрэгтэй”.
Сүүлд тусгаар тогтнолыг энэ даяарчлалаас хамгаалдаг “даруулга, чагтага” гэдэг нь юу юу байдаг билээ гэж өөрөө тун нухацтай бодоход хүрсэн юм.
***
Даяарчлалыг жадлан эсэргүүцдэг манай залуугийн эмзэглэл ор үндэслэлгүй зүйл бас биш билээ. Юу гэвэл ойрмогхон эдийн засагч, нийтлэлч Б.Болорболдын санал болгосон нэгэн баримтат киног хальтхан хараад өнгөрөв.
“Герман улс тусгаар улс мөн үү буюу шинэ цагийн түрэмгийлэл” гэсэн тун хачирхалтай агуулгатай. Экспортынх нь 70 гаруй хувийг оюуны өмчийн патентийн төлбөр бүрдүүлдэг маш хүчирхэг эдийн засагтай, өндөр боловсрол, чадамжтай, тэгээд маш үндэсэрхэг үзэлтэй энэ германчууд улс орноо тусгаар улс мөн эсэхэд эргэлзэж буй нь хачирхалтай байхаас аргагүй.
Хуучин цагийн ЗХУ-д Баруун Герман буюу ХБНГУ-ыг АНУ-ын хараат гэж үзэж байсныхаа адилаар өнөөдрийн нэгдсэн Германийг ч мөн тэгэж үздэг хэвээр байгаа талаар М. Горбачевийн зөвлөх явсан профессор Вчеслав Дашичев ярьж байна. Оросуудын энэ хандлага бодит үндэстэйг германчууд хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хүйтэн дайны үед АНУ-ын улс төрийн бодлогын лоозон нь Германыг европын гүнд дарж, Оросыг европоос гадна байлгах явдал байлаа. АНУ-ын энэ зарчим одоо ч хүчин төгөлдөр хэвээр ажээ.
Даяарчлал өөрөө түүхэн жам ёсны үйл явц. Харин энэ хүчирхэг үйл явцыг дэлхийд үнэмлэхүй тэргүүлэх, зарим тохиолдолд жанжлах хандлагаа өргөжүүлэх, бэхжүүлэх аятай арга зам болгож ашиглахыг, тухайлбал АНУ маш чармайж буй нь тодорхой. Энэ зорилгодоо АНУ ганцаараа хүрч чадахгүй учир “ардчилал”, “хүний эрх” гэх мэт олон сайхан сэтгэл татам лоозонгийн дор бусад орнуудыг “ашигладаг” байна. Афган, Ирак зэрэг дайнтай байгаа орнуудад Европын орнуудаас илгээдэг “Их бууны зууш болгоход ашиглах” хөлсний цэргүүд нь АНУ-д хэрэгтэй. (Бид ч бас ийм “их бууны зууш”-ийг илгээдэг) Өөрөөр хэлбэл энэ мэтээр дэлхий нийтэд үнэмлэхүй жанжлах гэсэн АНУ-ын бодлогод Европын Холбооны улсууд санаатай, санамсаргүйгээр дэмжлэг үзүүлээд буй нь оросуудад ч, германуудад ч огт ойлгомжгүй байдаг ажээ.
Гол асуудал нь даяарчлалын далбаан дор хэрэгжүүлж буй “Америк маягийн ардчилал” нь (Pax America) германчуудын хувьд үндэснийх нь онцлогт, тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаад юм. 1970-аад онд Баруун Германы канцлер асан Брандтын зөвлөх байсан Эгон Бар “Ямар нэгэн ард түмнийг мөнхөд өвдөг сөхрүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Одоо ч мөн Европын гүнд германчуудыг дарж авах гэсэн АНУ-ын гадаад улс төрийн зарчим нь удаан тэсэхгүй гэж германчууд үзэж байгаа аж.
Энд ямар нэгэн цэрэг зэвсгийн түрэмгийллийн тухай яриагүй, тийм ч юм байхгүй, харин эдийн засгийн болоод үзэл суртлын түрэмгийллийн тухай яригдаж байгаа болно. Тусгаар тогтнол нь зөвхөн хил хязгаараар баталгааждаггүй, ялангуяа энэ цаг үед үндэстний оюун санааны тусгаар тогтнолоос их зүйл хамаарч байгаа.
Хүчирхэг Германд нөхцөл байдал ийм байгаа бол АНУ-г мухар сохроор дагачихсан Монгол Улс ямар байгаа бол???.... Гэхээр даяарчлалыг эсэргүүцэгч манай залуугийн бачимдан бачимдан гүйж буйг шоолон өнгөрч боломгүй.
Гэхдээ энэ бол олон хүчин зүйлээс хамааралтай маш өргөн сэдэв, тулхтай зүйл өгүүлье гэвэл чамгүй судалгаа, цаг шаардана, бас нэг иймэрхүү оог цоогхон тэмдэглэлд багтаах боломжгүй том том ботиуд болох учир ингэсгээд орхие.
12.ТӨРИЙН ДАЛБАА БА ТУСГААР ТОГТНОЛ
Өнгөрсөн жилийн наадмаар байшингийнхаа дээр төрийнхөө далбааг намируулснаас хойш буулгасангүй. Автобусны буудлаас буугаад, гудамныхаа булан тойроод гараад ирэхэд юу юунаас өмнө байшингийн маань дээвэр дээр дэрвэлзэн намирах төрийн далбаа угтах нь сэтгэлд нэг л өег, сайхан байдаг билээ.
Нэг удаа хашааны хажуугаар өнгөрч явсан эр дуудлаа. Очвол, албаны ширүүн өнгөөр “Танайх хороо хорин юм уу, хаашаа юм бэ?” гэж байна. “Хороо хорин автобусны шинэ эцсийн буудал дээр байдаг шүү дээ” гэлээ. Нөгөө эрийн дуу өндөрсөж “Юуны чинь шинэ эцэс. Хороо хорин биш л юм бол наад далбаагаа буулга” гэх нь тэр. Одоо л юун тухай яриа болж буйг ойлгосон би гэнэтийн энэ довтолгоонд цочин гэлмэхдээ “Яагаад?” гэж бараг хашгирах шахан асуучихав. Тэр эр эрүүл эсэхийг минь тэнсэх мэт гайхан харж байснаа толгойгоо сэгсэрчихээд, юм ч хэлсэнгүй, эргээд нуруугаа үүрэн алхчих нь тэр. Намайг хэвийн бус этгээд гэж бодов бололтой. Харин би араас нь түүний эрүүл эсэхэд эргэлзсээр гудамны булан тойртол харж зогссон билээ. Эрүүл нь ч эрүүл байсан л даа...
Гэхдээ эрүүл байсныг нь мэдэхэд надад нэг л их гунигтай байсан юм. Тэр хүний ааш аяг бол ганц онцгой бодьгалын илрэл биш, нийгмийн сэтгэлгээний нийтлэг эмгэг байсан учраас л тийм гуниг төрсөн хэрэг.
Монголын маань аль ч сум, дүүрэг, хороололд очиход хороо хорины барилга дээрхийг эс тооцвол төрийнхөө далбаагаар гоёсон айл өрх, хашаа байшин харагддаг билүү. Мухар сүсэг бишрэлийн илрэл болсон шашны агуулгатай харь үсэгтэй элдэв хийморийн шар, цэнхэр дарцаг, далбаанууд л энд тэндгүй. Элдвийн хийморийн дарцаг мэтийг хатгахыг байж болох зүйл гэж үздэг, харин төрийнхөө далбааг намируулахыг байж болшгүй, гаж, ёс бус гэж ойлгодог нь бидний хамтын ухамсарын хэт дутмагшилд орсон сэтгэлгээний эмгэгийг харуулна. Энэ жижиг зүйл биш, эмгэнэл юм.
Хийморийн дарцаг, төрийн далбаа хоёрын хооронд асар хол, харьцуулахын аргагүй зөрөө, хүндэтгэл, утга учир бий. Хийморийн дарцаг намируулахаар тэр гэрийн эзэнд, үсрээд л тэр өрх айлдаа ивээлтэй байдаг юм байгаа биз. Харин төрийн далбаагаа намируулах нь наанадаж, төрийнхөө сүлдэнд залбирч, төрийнхөө хуулинд бөхийж, төрт улсаа дээдэлж амьдрахыг илэрхийлнэ. Цаанадаж, Монгол төр маань мандан бадарч, монгол түмэн маань цэнгэн жаргахыг бэлгэднэ. Яагаад гэвэл төрийн далбаа болохоос манай гэрийн дарцаг биш юм.
Дээр цагт хуучцуул, эцэг эх маань “Төрийн минь сүлд өршөөг” гэж залбирдаг байж. Төр эрхэмсэг, хүндэтгэл дүүрэн оршихийг бэлгэдсэн залбирал байж. “Төр амгалан бол түмэн амгалан” гэдэг дээ.
-Төр минь амгалан байг,
-түмэн олон минь амгалан байг,
-төрсөн бие минь амгалан байг гэсэн дэстэй байж. Харин одоо бурханаас, ид шитдэнээс, бөө удганаас, далдын хүчнээс “Намайг сайхан болгоод өгөөч” л гэж залбирна.
Би л болж байвал бусад нь яана уу, ийнэ үү падлийгүй гэсэн бэртэгчин сэтгэлгээ эндээс нэвт ханхална. Хажуу айл нь, хамар хашааныхан нь, хороо хорин нь, цаашлаад аймаг хот нь, бүр төр улсынх нь хийморь сүлд яана ийнэ тэдэнд нэг ч их хамаагүй, бүр сонирхох ч үгүй. Үнэ ханш өсөөд, амьдрал хэцүү дарамттай бол Монгол төрөө л шүүмжилнэ, хараана. Хашаан дотроо хачин цэвэрхэн атлаа хог, угаадсаа гудамжиндаа шууд цацаж орхино. Гудамжаар нь хүн гишгэхийн аргагүй хог, угаадас. Өвөлд хальтарчих гээд, зунд шалбаагт нь шарвачих гээд явж ч болохгүй. Энэ бол зөвхөн ядуу чадуу гэр хорооллынхны дүр төрх биш. Тансаг сайхан орон сууцанд ч мөн ижил, нүднээс далд орцонд бол хогоо овоолж болдог, гэртээ бол үгүй.
Энд хогийн тухай ярьж буй боловч угтаа сэтгэлгээний хэв шинжийн тухай яриа юм. Нийгмийн бүхий л давхаргаас яг ийм хэв шинжийн хуршсан өмхий үнэр ханхийнэ. Нийгмээ тэргүүлж явдаг улс төрчид, бизнесмэнүүд, урлаг соёлын одуудаас бол бүр ч илүү үнэртэнэ. Тэр авилга, хариуцлагагүй байдал, иддэг уудаг, зувчуулдаг, гулгуулдаг, цавчдаг бүхний цаана, хүнд суртлын цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тэр утга учиргүйгээр хөөрдөг, онгирдог, ханаж цадахгүйгээр шунадаг, үнэ цэнэгүйгээр тансагладаг бүхний цаана ийм л сэтгэлгээ байдаг. Тоостой хувцастай дэргэдүүр нь ч гарамгүй ганган Lexus 570 машины цонх хагас онгойж, ундааны хоосон сав цардмал зам дээр торхийн унаж буйг иргэншээгүй, соёлжоогүйн шинж гэвэл эндүүрэл, зүгээр л хэт явцуурсан бэртэгчин сэтгэлгээ.
Ийм нөхцөлд төрөө дээдлэн эрхэмлэж, хүчирхэг төрийнхөө далбаан дор түмнээрээ цэнгэн жаргахыг бэлгэдэн Алтан соёмбот далбаа юугаа бор гэрийнхээ дээр намируулсан мань мэт нь гаж, ойлгомжгүй, согтуу солиотой харагдах нь арга ч үгүй.
Өнөөх ширүүн дуутай эрийн араас гуниг ихээр төрсний минь учир энэ билээ.
Бид Монгол гэдэг нэг л том айл гэрт аж төрж буй. Нэг хатавчинд нь буруу харж суугаад зөвхөн өөрийгөө болгоод явтал нэг л мэдэхэд өрх гэр маань өмхөрч, өөрийн тэр жижигхэн оршихуйг нь хэмх дараад хамт нурж орхивол яана. Үндэсний ухамсар дахь нийтлэгийг мэдрэх сэтгэлгээ нь нэн тэргүүнд үндэсний тусгаар тогтнолтой холбогддог.
Энэ талаар Америкчууд үлгэж жишээ болохоор ард түмэн. Бараг хувийн хауз бүхний үүдэнд төрийн далбаа нь мандана. Тэд хаа ч явсан “Би Америк хүн” гэсэн бахархлаар цээж гэдгэр, хараа дээгүүр хийморлиг, нэр төртэй явцгаана.
2003-2005 онуудад АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын дүүргийн шүүхэд долоо хоногтоо хоёроос доошгүй монгол хүнтэй холбоотой хэрэг шийдэгддэг байв. (Одоо эрхбиш гайгүй болж байгаа байх) Олонхи нь жижиг хулгайн хэрэг. Өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрээс үнэртэй ус, бүс, ээмэг бөгжхөн зэрэг зүйлс голдуу туучихсан, олонхи нь давтан байна. Дээд боловсролтой сайхан сайхан залуус, бүсгүйчүүд голдуу шүү. Хоёр сая гаруй хүн амтай Арлингтон хотод тэгэхэд 2000 гаруйхан л монгол хүн амьдарч байсан. Энэ даамжирсан байдалд санаа зовнисон Арлингтон хотын шүүхийн прокурор Керин тэр үед монголчуудад хууль эрхзүйн зөвлөгөө өгдөг байсан хуульч Г.Ганзориг (хожим Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон) болон сэтгүүлч бид хоёртой уулзаж санал солилцохын хажуугаар монголчуудад яагаад ийм хандлага түгээмэл байдгийг тандаж байсан юм.
Ичих ч багадна. Тийм атлаа онгирох болхоороо “Би Чингисийн монгол” гэж хоосон хашгирахыг нь яана. Чингис хаан ийм бэртэгчин, хоёр дүрт, итгэл үнэмшилгүй албатуудыг өт хорхой гэж үзэж, няц гишгэж байсан юм шүү дээ.
Гэтэл ийм байдал ганц Арлингтонд биш, монголчууд олноороо суурьшсан Америкийн бусад хотуудад ч, Франц, Бельги, Герман, Чех, Солонгост ч мөн адил байдаг юм билээ. Тэр бүхний цаана монгол хүний үнэ цэнэ унаж, монгол төрийн хийморь золбоо гутна.
***
Эмээгийнд ирсэн танил нь байшингийн маань дээр намирах төрийн далбааг хараад эмээгээс “Энэ айлын эзэн нь төрийн том хүн үү” гэж асуужээ. Төр, эсвэл төрийн том хүн л төрийн далбааг гэртээ намируулах, өмчлөх эрхтэй, бусдад нь нэг ч их хамаатай биш гэж ойлгодог бололтой. Үүнийг сонсоод би дээвэр дээрээ гарч, ишинд нь юм залгаж байгаад далбаагаа улам өндөрт мандуулах болов.
Бидний хэн ч, дарга цэрэг, баян гуйлгачин ялгаагүй төрт их улсынхаа далбаан дор амь зууж яваа. Гадагшаа гараад явахаараа улаан коммунист нь ч, галзуу ардчилагч нь ч адилхан монгол л гэж харагдана. Бид нэг эх оронтой, нэг төртэй, нэг нэртэй.
Төрийн минь далбаа өндрөөс өндөрт
ямагт мандан бадраг.
13.ГАЗАР ШОРОО БА ТУСГААР ТОГТНОЛ
2007 он. Монголын нэг томоохон бизнесмэн Америкт ирэв ээ. Бизнесмэн ч юу байхав, алтны уурхайн эзэн. Байгалийн сайхнаар аялж, казинодож, орой үдшийг баар цэнгээний газар бужигнуулж, хөлтэй хөөртэй хориод хонолоо. Харин тэр казинод лавтай 400 000 гаруй доллар алдсан юм. Бага мөнгө биш л дээ. Америкт байр, машины мөнгө хийх гэж гүрдийтэл зүтгэж буй монгол залуус арван жил залуу насаа зольж зүтгээд ч мань бизнесмэний гурван орой казинод алдсаны хэмжээний долларыг олж чадахгүй, тийм л их мөнгө. Гэвч түүнд их мөнгө биш бололтой, ер харамссан шинжгүйг харахад мөнгийг хялбархан, хүссэнээрээ олдог аж. Би л 400 доллар алдахаараа бушуухан зайлахын түүс болж, харьж явахдаа хэдэн хүүхдээ хоёр өдөр банана жимсээр ч болсон цатгачих минь яав гэн харуусан харуусан давхидаг юм.
Түүнийг казинод хэрхэн тавьж тууж буйг нь харж суусан ах хүү маань орой баахан халамцаад “Чи муу, монголын газар шороог сэндийчээд, бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн хамаг алтыг хулгайлж, харьд авчирч тушаадаг хэн юм бэ. Чам мууд хэн тийм эрх өгсөн юм” хэмээн агсам тавьж бөөн юм болов. Арай гэж салгаж аваад, алтны уурхайн эзний буусан алтан буудлаас гарч, замын жижигхэн мотелд хоёул хоног төөрүүлэхээр орлоо. Уур нь хүрч, уушиг нь сагсайчихсан ах хүү хэсэгтээ л тайвширсангүй.
“Тэр муу хэрвээ Модун хааны үед төрсөн бол Модун хаан амьдаар нь арьсыг нь хуулах байсан юм. Тэр муу хэрвээ Чингис хааны үед төрсөн бол амьдаар нь тогоонд чанах байсан юм. Одоо монгол гэж байна уу, үгүй юу, чи хэлээд аль...? Монголд минь эзэн байна уу, үгүй юу? Биднийг ингээд хүний газарт боолын боол, босгоны шороо болоод явж байтал энэ муу мэтийн хулгайчид эх орны минь шороог атга атгаар нь зөөж зараад дуусгаж байгаа юм байна л даа” гэх зэргээр удтал хашгичаж, унтуулаагүй билээ.
Атга атгаар нь бүү хэл вагон вагоноор нь зөөсөн ч дундрашгүй их баялаг монголд минь бий ч, авч идэхийн шунал гэгч бас ёроолгүй билээ. Хязгаарлаж, хазаарлаж байхгүй бол нэг мэдэхэд гишгэх газаргүй болчихсон байх вий.
14.Бичиг СОЁЛ ба тусгаар тогтнол
Үндэсний бичиг соёл гэдэг тусгаар тогтнолтой амин чухал хамаатай эд л дээ. Сан-Франциско хотод эрдмийн ажил хийж буй эрхэм анд Ш.Баатарын нэгэн тэмдэглэл хэн хүнд нэгийг бодуулна. Үндэсний бичиг соёл хийгээд тусгаар тогтнол хоёрын харилцан хамаарлын талаар олон тайлбар, онол хэлэх шаардлага ч байхгүй юм.
Ш.Баатар анд ажилдаа метрогоор явдаг аж. Ийнхүү нийтийн тээврээр явах нь бие амар, цаг хожихоос гадна хамгийн гол нь ажил хэрэгч хүний хувьд метронд хэдэн хуудас хараад авах боломжийг өөртөө гаргана. Монгол үндэснийхээ түүх соёлын даацтай судалгаа хийж буй Баатар ихэвчлэн худам бичгээр бичсэн сурвалж бичиг уншиж явах тул хажууд нь зогссон сонжооч хүмүүс өлийн харж, уншиж тайлах гэж оролддог гэнэ.
Цааш өөрийнх нь үгээр үргэлжлүүлье.
“ ... Хүн гэдэг сониуч амьтан юм аа. Араб хэл гадарладаг бололтой, сахал үстэй зарим нөхөд хүзүүгээ гэлжийлгэж ирээд л унших гэж саваагүйрхэнэ. Харц тулгарангуутаа сандран “Салам алекам” гээд мэндэлнэ. “Алекам салам” гэчихээд ажигч үгүй номоо уншихад, жаахан байзнаснаа үсэглэж дийлээгүй бололтой энэ хаанахын ямар гээч бичиг бэ, яагаад босоогоор нь уншиж болж байна аа гэж асууж, өддөг юм. “Монгол бичиг” гэж нэг амьсгалаар хамар сэнгэнүүлэн бахархалтай гэгч нь хэлнэ дээ. Бусдааc өөр нэгэн үндэстэн гэдгээ илэрхийлэх алтан хором бол тэр юм. Яг тэр агшинг үгээр дүрслэхэд Олимпын тэнгэрт тугаа мандуулж байгаа тамирчин л гэсэн үг.
Cониуч хүн таараад ямар бичиг болохыг мэдээд их л хүндэтгэлтай харьцана. Энэ бол намайг хүндэтгэж байгаа юм биш, Монгол бичгийн соёлыг маань биширч байгаа хэрэг. Зуун зууныг туулаад бидний үeд тулж ирээд мартагдахын даваан дээр ирcэн монгол бичиг ийм л увдастaй юм.”
“Худам монгол бичгийн соёл бидний дархлаа” тэмдэглэлийг бүрэн эхээр нь уншихыг хүссэн хүн түүний блогт морилно уу.
Хаяг нь: www.shbaatar.blogspot.com
Оросуудын хажууд крилл үсгээр бичсэн ном уншиж явахад нэг л өөр, тэднээс юм зээлчихсэн мэт сэтгэгдэл төрнө. “Хүний морь унасан хүний алцаа татуу, хүний дээл өмссөн хүний мөр татуу” гэдэг дээ. Тиймэрхүү л байна. Харин худам монголоороо бичсэн ном уншиж суухад огт өөр. Хаана ч, ямар ч улс үндэстний дотор тийм номоо бариад явахад нүүр бардам билээ.
Би монгол дотроо бол гарын үсгээ ердийнхөөрөө криллээр зурна. Харин монголоосоо гараад явахаараа, гаалийн мэдүүлэг дээр хүртэл худам бичгээр гарын үсгээ зурдаг. Нэг л сайхан байдаг юм.
Ер өнөөдөр ЮНЕСКО-д бүртгэлтэй гарын таван хуруунд багтах хэдхэн бичгийн нэг нь худам монгол буюу хуучин монгол бичиг. Өөрөөр хэлбэл дэлхийн 200 гаруй улсын дундаас үндэсний бичигтэй нь цөөхөн, гэхдээ давтагдашгүй босоо бичигтэй ганц орон нь Монгол.
Энэ бол Монгол орон язгуураасаа тусгаар улс, үндэстэн байсныг нотолно. Үүнээс илүү бат нот нотолгоо гэж хаа байхав дээ.

No comments:

Post a Comment