Эдүгээ цагт Ижил (Волга) мөрний шадар (ойр)
суугч Монгол язгуурт, бас тэдэнтэй нэгэн шашинтай, нэгэн хэлтэй Халимаг
улс нь яагаад эртний эх нутгаа орхиж, Оросын дунд ирж суусан хэмээвээс
Зүүнгарын дөрвөн Ойрадад эвдрэл болсон цагт Торгуудын тайш нь Хо өрлөг
хэмээгч бээр “Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар
одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй дайлалдан олз авч явбаас дээр
болой” хэмээн сэтгээд шороон бичин жилд (1608 он) Каспи далайн зүгт сайн
хүнийг илгээж, тэнд газар эзгүй хэмээн лав мэдээд шороон луу жилд (1628
он) өөрийн албат Торгууд ба Хошууд хийгээд Дөрвөд таван түмэн өрх улсаа
авч, зургаан хөвүүнээ дагуулан Зүүнгар дахь нутгаа орхиод наран шингэх
зүгт мордов. Зай (Урал) мөрнийг хүртэл өгсөж, Эв (Эмба) голын дэргэд
нутагт агч (байх) нэг бүлэг Татармуудыг (Татаруудыг) оруулаад Зайг
гаталж Нагай (Ногай) хаантай Кивчаг чигсан хэмээх Татаруудыг эрхэндээ
оруулж, төмөр морин жилд (1630 он) Ижилд хүрэв.
Тэр цагт энэ мөрний
адаг, баруун, зүүн хоёр талд хор хүргэх чадалгүй өчүүхэн Татараас гадна
улс үгүй. Орос балгасан (хот, тосгон) өчүүхэн, тэндэх уужим талд өвсөн
хагд элбэг, ер Ойрадад маш зохистой мөн. Ер Хо өрлөг нь Зайгаас Ижил
хүртэл, Айдарханаас (Астрахань) Самур (Самара) хүртэл бүхий газрыг
өөрийн албат нарын мөнх нутаг болгож, тэнд буув. Энэ газар хэмээвээс
цагаан хааны (Оросын хаан) газар боловч Хо өрлөг танилцах, мэдэлцэх ч
сэтгэлгүй, газрыг нь эзэлснээ ч түүнд үл мэдүүлсэн бүлгээ.
Тийн
төмөр луу жилд (1640 он) Дөчин, Дөрвөн хоёр хуучин эвдрэлээ уураад
(болиод) санаа нь нэгдэж, шагийн тойн эцэг Инзан ренбүүчи хийгээд асах
бие Манзушир, Намух Манзушир хутагт гэгээний өмнө Эрдэнэ засагт хаан,
Түшээт хаан, Гүүш номын хаан, Эрдэнэбаатар хунтайж тэргүүтэн хаад, ноёд
цугларч “Их цааз” тогтооход Хо өрлөг морилж, тэр баясгалант их үйлийг
бүтээхэд байлцаад тогтоосон цаазыг нутагтаа авч ирж, албат нараа түүгээр
барив.
Тэндээс Хо өрлөг нь Астраханийг довтолсонд тэр балгасны Орос
ард Халимагуудыг дайлаад хөөсөнд Хо өрлөг тэр байлдаанд хороогдов. Урьд
Зүүнгараас ирсэн цагт Лувсан ба Илдэн хэмээх Хо өрлөгийн хоёр хөвүүн
Татаруудыг оруулсан аж. Уг нь өмч хуваах цагт тэр хоёр хөвүүндээ Торгууд
ард албат нараа өгснөөс гадна өөрөө мөнхүү оруулсан Татаруудыг нь өгсөн
буйза. Хо өрлөгийн нөхчсөн (нас барсан) хойно их хөвүүн нь Шүхэр дайчин
ахлагч тайш болоод дүү нарынхаа албат Нагай Татаруудыг аргаар биедээ
оруулав. Түүнээс улам эвдрэл болоод Лувсан, Илдэн хоёр хамаг албатаа
алдаж, Лувсан өчүүхэн тоот ардтай Түвдэд дутааж одов. Илдэнгийн тэр мэт
албатаа алдахыг Гүүш хаан урьд мэдэж айлдсан хэмээдэг буй. Түүнээс хойно
Дайчинд омог сэтгэл төрж, Орос газрыг дайлаад их хор хүргэвээс Оросын
Астраханиас мордуулсан цэрэг нь Халимагийг дараад олон хүнийг хядсанаар
Шүхэр дайчин “Оростой эвсэе” хэмээж модон хонин жилд (1655 он) төрөл
Дархан (Дурал), Цэрэн, Цөхүр элч нарыг Орос хаанд Москва балгасанд
зарав. Элч нар одоод Халимагийн тайш Шүхэр дайчин ба хамаг ноёд ба бүгд
Халимаг улс нь Оросын Алексей Михайлович хааны итгэлт албат болъё,
Астраханийг бүү довтлоё, ямарваа хүнийг бүү талъя хэмээн ам өгч, андгайр
(андгай тангараг) тавиад ирэв. Тэнд Орос хаан Крымтэй дайлалдах болж,
Шүхэр дайчингаас өмөг цэрэг (туслах цэрэг) гуйснаар төмөр үхэр жилд
(1661 он) Дайчин нь Пунцаг хэмээх хөвүүнтэйгээ хамт одож, Орос цэрэгтэй
нийлж, Крымын Татарыг дайлалцаад “Аливаа авсан олзыг цагаан хаанд
илгээе” хэмээн Астраханий ахлагч Генис Пеховичид андгайр тавив. Андгайр
тавихад Пунцаг бурханд мөргөөд шүтээн судар үнсэж, хутгаа долоогоод
хоолойдоо хүргэж андгайлсан хэмээмүй.
Дайчингийн өөд болсон хойно
Пунцаг төр барив. Түүний үед Хошуудын тайш Хөндлөн увш 3 000 албат
нартайгаа Зүүнгараас ирж Ижилд бууж, Халимагтай нийлэв.
Пунцагийг
төмөр нохой жилд (1670 он) хальсан цагт түүний хөвүүн Аюуки (Аюук) тайш
төр барьсан даруй (тэр даруй) Зүүнгараас ээж (эгч) нь Доржравдан нь 1
000 албат нартай морилж ирж, хүүтэйгээ (дүүтэйгээ) нэгдэж Халимаг улсыг
өнөржүүлэв.
Тэндээс Аюук Хобуньд (Кубань) цэрэглэн мордож, Оросоос
дутаасан Нагай Татаруудыг хоёр сар дайлаад Ижилд хариулж ирснээр нэр нь
баруун хийдэд алдаршив. Усан үхэр жилд (1673 он) Аюук нь эцэгтээ Пунцагт
адил Орос хааны албат болохын тул Шарцэхээ гол дээр санаагаа өргөж,
Орос балгасыг Халимаг бүү довтлоё, Турк султантай, Крымын хаан,
Хазалбашийн (Кызыльбаш) хаантай бүү нөхцөе (хамтаръя), Орос газрыг
дайснаас харсъя (харж хамгаалъя) хэмээх тэргүүтэн ам өгөв.
Тэгж
байтал модон барс жилд (1674 он) Дөрвөд Сономцэрэн тайш 1 000 өрх албат
нартайгаа Ижилд ирж, Аюукийн харъяат болж аугаа хүчийг нь ихэтгэв.
Тэрээр Аюук нь Орос хааны албат болох санааг Сцербатов (Константин
Осипович Щербатов) хэмээх түшмэлийн дэргэд дахиж өргөсөн боловч Башкир
хэмээх Оростой эвдрэлдсэнээр Аюук тэр Башкируудтай нэгдээд төмөр тахиа
жилд (1681 он) Хазави (Казань), Өрөнборын (Оренбург) мужид ороод Орос
иргэдийг талж, олон бяцхан балгадуудыг түймэрдээд маш олон хүнийг
олзолж, Оросуудыг их айлгаад буцсан ажгуу. Тэр мэт явдал үйлдсэнээр Орос
хаан дахин хэлэлцээ гаргах болж, Орос түшмэл Кенис Андрей Иванович
Колцин (Андрей Иванович Голицын) ба Аюук хоёр мөнхүү Шарцэхээ гол дээр
учралдаж хэлэлцсэн. Тэр хэлэлцээрээр Орос нь Халимагийн довтлохыг
зогсоож, ноёдыг нь харийн хаадтай үл нөхцөлдүүлэх аргыг бэдэрсэн
(хайсан) бүлгээ. Үүнээс хойно Орос орныг довтлохоо уураад наран ургах
зүг мордож, Хасаг (Казах) ба Туркмен улсыг дарж, албат болгосноор тэр
оронд маш алдаршиж, Далай ламын гэгээн Аюукад хаан цол хайрлаж, тамга
барьсан бүлгээ.
Түүнээс урьд Халимагийн тэргүүн нь тайш хэмээх цолт
агсан бөгөөд Богдын гэгээн Шүхэр дайчинд хаан цол, тамга өргөсөнд Дайчин
“Надтай адил олон, би ямар хаан болмуй” хэмээн гэдрэг өргөсөн аж. Аюук
Орос хааны албат боловч түүнд мэдүүлэлгүй, өөрийн чадлаар тийм өндөр
цолыг авав. Аюук хаан ах, дүү Зүүнгарын Ойрадыг үл умартан тэдэнтэй ураг
элгэн бололцож, охиноо Цэвээнравдан хаанд өгөөд даруйд өөрөө Зүүнгарт
өөд болж одож, тэнд үлдсэн Торгууд улсыг Ижилд авч ирэв. Зүүнгарт
тасралтгүй дайн болж, хүн амьтан амар жаргалаас хагацсанаар Хар Халимаг
хэмээх Ойрад улс нь Цагаанбаатар тайштай гал барс жилд (1686 он)
Зүүнгараас Оросод нүүж ирснийг Орос хаан Агтав (Ахтуба) гол дээр
нутаглуулав. Тэр цагт Оросын Петр их хаан (I Петр хаан) “Өөрийн биеэр
харь газарт одож, аливаа уран эрдэм сурч ирээд хойно албат нартаа
сургасуу” хэмээн хүсэж, наран шингэх зүг дэх улсад одох гэж байхдаа
“Орос орны өмнөх гадаад дайснуудаас харстугай” хэмээн Аюук хаанд
даалгав. Учир түүнээр гал үхэр жилд (1697 он) Аюук хаан нь Борис
Матвеевич Колизинтой (Борис Матвеевич Голицын) мөнхүү “Шарцэхээ хэмээх
гол дээр золгож хэлэлцъе” хэмээхэд “Хэрвээ Аюук хаан нь Бухар, Хар
Калпак (Каракалпак), Хасагуудыг дайлсуу хэмээвээс Орос түүнд товь (их
буу) өгөх. Жил бүр 20 пүү дарь, 10 пүү хорголж өг. Орост оргосон
Халимагуудыг хаанаас зарлиггүй гэртээс бүү нүүлгэ, хэрвээ нүүлгэвээс ял
төл, Аюук хаан хэмээвээс албат нараа Крым ба Кубаньд илгээж, дайлан
явуулж болох. Хэрвээ Халимагууд дийлэгдээд Орос хотод хоргодвоос тэднийг
хөөхгүй, харин туслалцъя” хэмээсэнд тэр мэт хэлэлцээ хэлэлцжээ. Орос нь
тэр мэт Аюук хааныг аргадсан бүлгээ.
Тийн хэмээн Аюук аугаа хүчнээ
дэлгэрүүлж, харъяат албатаа жаргуулах мэт атал төмөр могой жилд (1701
он) Чагдаржав хэмээх хөвүүний хатнаас уламжлан хаан эцэг хийгээд хөвүүн
хоёр өөр зуураа эвдрэхэд Аюукын янаг (дотно) хөвүүн Гүнжав хэмээгч ахаа
алуулсуу хэмээж харанхуй шөнийн цагт хар санаат хүнийг ахдаа илгээв. Тэр
хүн хоёр сум сумласан буугаар Чагдаржавыг буудаад шархдуулав.
Энэ
хорт явдлаас эхлэн их хэрүүл болж, Гүнжав Саратов хэмээх хотод дутааж,
Аюук хаан нэг бяцхан Орос хотод одож суухад Чагдаржав зарим дүү
нартайгаа хамт Зай гол гатлаад, түүний чанадад буув. Тэгтэл Орос хааны
илгээсэн Хянас Борис Колцин хэмээх ирж, эцэг, хөвүүн хоёрыг эвлэлдүүлсэн
аж. Аюукын Санжжав хэмээх нэг хөвүүн Чагдаржавтай одолдсон түмэн таван
мянган (15 000) өрх албат нараа аваад Зүүнгарын нутагт явж одсонд
Цэвээнравдан хаан тэднийг өөрийн албат болгоод, харин Санжжавын биеийг
гэрт нь хариулжээ. Халимаг улс нь үнэхээр Зүүнгарын нутгаас ирсэн хойно
энэ цаг хүртэл улам өсч байсан бөгөөд эдүгээ цөөрөх цаг болов.
Гал
гахай жилд (1707 он) Цецэн (Чечень), Хүмин (Кумык), Нагайнууд
(Ногайчууд) Оросыг довтолсон цагт Аюук хаан Орост өгөх хэмээсэн цэргээ
эс өгөв. Түүнээс гадна Башкирууд дахин Оростой эвдэрсэнд Аюукын харъяат
Мөнхтөмөр тайш нь Пенза ба Тамбов мужид ороод 100 гаруй амийг (тосгон,
суурин) түймэрдэж, маш олон Орос тариачдыг олзолж аваад, тэднийг
Хазалбаш, Кубань, Киев (Хива), Бухар газарт худалдаж орхисноор шороон
хулгана жилд (1708 он) Петр Матвеевич Фергесва (Пётр Матвеевич Апраксин)
хэмээх түшмэл ирж, Аюук хаанаас тэр буруу явдлын учрыг асуусанд Аюук
“Гэмт хүн Мөнхтөмөр. Тэдний санааг би эс мэдсэн” хэмээгээд тэндээс дахин
хэлэлцээ хэлэлцэхэд Аюук хаан тайш нараа “Ижилийн баруун этгээдэд
гарсан дайлалган (дайн), дээрэмд бүү явуулсуу” хэмээснээс гадна “Ямарваа
дайн болвоос ойрх Орос сайдуудад Халимаг тусалъя, тэр мэт Халимагийг
Башкир буюу Крым буюу бус дайсан довтолвоос шадар дахь балгасны сайдууд
Халимагуудыг харсъя” хэмээн зөвшөөв. Төмөр барс жилд (1710 он) Петр хаан
Турктай дайлалдах хэмээн завдаж байтал Башкирууд дахин Оросыг
довтолсонд Орос хаан “Аюук хаанаар тэднийг дарлуулъя” хэмээн бичиг
зарлиг буулгасанд Аюук 5000 цэрэг мордуулаад, түүнээс гадна Дон голд
түмэн (10 000) цэрэг явуулав. Тэдгээр цэргийн ихэнх нь Дөрвөд бөгөөд Дон
мөрөнд хулгай, дээрэм хийсэн Хасагуудыг (Казак) нь номхотгохоор одсон
ажгуу.
Шороон барс жилд (1698 он) Аюук ачаа Равжирыг “Далай ламын
гэгээнд мөргөж, лам нар залж иртүгэй” хэмээн Түвд оронд зарав. Равжир
Түвдэд одоод харих мөртөө Хятад хаанд (Энх амгалан хаан) одож
бараалхсанд Хятад хаан нь аргаар Равжирыг орондоо бариад 10 жил өнгөртөл
эс тавьсан тул Аюук “Ачаа хариулж авсуу” хэмээн сэтгэж, Петр хаанаас
гуйж, Самдан хэмээх элчийг Хятад оронд зарсан нь усан луу жилд (1712 он)
Оросын сайд Николтой (Суговцев) хамт Бээжин хотод хүрч ирсэнд, тэднийг
Хятад хаан үлэмж баярын дүртэйгээр угтаж аваад их хүндэлсэн боловч “Замд
Хасагийн нутагт хор болжухуй хэмээн айж, Равжирыг эс тавив” хэмээгээд
даруйд Хятад хаан зэргээр Аюукад Толишин (Түлишэн) хэмээх тэргүүтэй
элчийг зарсан нь Орос Сибир (Сибирь) мужаар алслан усан могой жилд (1713
он) Цэрижин (Царицын) хэмээх хотын ойр Манай тохой хэмээх газарт Аюукын
гэрт ирж, Аюук хаанд бараалхав. Хятад элч нарын хүүнэлгэ (яриа) нь
“Аюук хааны амар амгаланг айлтгаж, Равжирыг Орос газраар нутагтаа
харьтугай хэмээн Аюуктай хамт Петр хаанаас зам эрье хэмээн ирвэй”
хэмээсэн боловч ондоо шалтгаан нь болвол Орос улсын газрыг үзэх, бас ч
Халимагуудаас Орос төрийн байдлыг мэдэх, хэрэв бололтой (боломжтой)
бөгөөс Аюук хаан, Цэвээнравдан хоёрыг хэрэлдүүлэх хэмээсэн тийм
сэтгэлтэй ирсэн бүлгээ. Аюук хаан нь харь яст Манжийн мэхэнд орж, халуун
төрлөө Зүүнгарыг огоорох тийм охор ухаант хүн бус агсан бүлгээ. Манж
эзний бичгийг сөгдөн байж аваад, элч нарыг нь маш их хүндлээд “Дээд эзэн
хуанди миний ачийн тухайд тэр мэт сэтгэлээ зовнисонд үлэмж ханамуй.
Даруй Равжирыг Монгол орноор ирвээс үнэхээр аймшиг олон, түүний тул
Сибирь орноор буцтугай хэмээн цагаан хаанаас гуймуй, зарлиг буулгасан
даруй дээд богд эзэнд айлтгамуй” хэмээн өгүүлж элч нарыг буцааснаар
Хятад элч нар санасандаа хүрэлгүй, дэмий явдал хариуцалгүй буцав.
Модон хонин жилд (1715 он) Кубаний хаан Бахтан Кир (Бахты Гирей) хэмээгч
Ижилд цэрэглэн ирж, Астраханий ойр агсан Аюук хааныг довтлоод нутгуудыг
олон эвдэж, хааны өргөө ба эд агуурсыг нь авсанд Аюук хатантайгаа
дутааж, Хива одор татсан Орос цэрэгт одсон. Тэр цэргийн ахлагч Гинис
Александр Бэкович Циракшки (Александр Бекович Черкасский) хэмээгч
Татаруудыг зогсоов. Аюук хаан нь “Мангадыг (Татар) бууд” хэмээн тэр
ахлагчаас гуйсан боловч Бэкович “Би дээд ахлагчаас тэдэнтэй байлд
хэмээсэн зарлиггүй, буудалцаж үл чадмуй” хэмээн хааны гуйсныг үл бүтээв.
Бахтан Кир нь Халимаг албатын Чинболуг (Чжанбулак, Джамбулуйк,
Джембулук, Джембойлук, Джамбайлук) хэмээх Татар, Чигесаны (Чжетысан,
Едисан) Мангадыг Кубаньд нүүлгэж одов. Тэндээс Аюук “Дайны цаг ирэхэд
Орос ганц миний биеийг халгавч (тоовч, хэрэгсэвч) хэлэлцсэн ёсоор албат
нарыг минь үл харсаад дайсны идэш болгосон ба бас ч миний зарлиг үл
анхаарсан өшөөг авсуу” хэмээн дотроо сэтгэвэй. Тийн атал Гинис Бэкович
Хивад элч болон одмуй хэмээхийг сонсоод нэг Мангадыг Хивагийн хаанд
илгээж Оросуудыг “Элч мэт одож таныг дайлъя хэмээн явмуй” хэмээн хэл
оруулав. Тиймийн тул Хивагийн ард нь Бэковичийн замд гэтэж хэвтээд алж
орхив. Хойно Аюук Бахтан Киртэй эвцэлдээд (найрамдаад) гал тахиа жилд
(1717 он) Чагдаржав хөвүүндээ цэрэг өгч “Бахтан Кирд туслая” хэмээн
Кубаньд явуулав. Халимагууд нь Бахтан Кирээс урвасан Кэтэй Харвад (Хатай
Кипчак) ба Их Нагайн Мангадыг (Их Ногайн ордны улс) дараад Чигесан ба
Чинболуг Татарыг Ижилд хариулж ирэв. Даруй Бахтан Кир Аюукын өгсөн Омбо
ба Бочин хэмээх хоёр зайсан тэргүүтэн 170 Халимагуудаар зам заалгаж,
Пенза ба Шинпеяр (Симбирск) хоёр мужид ороод аймшигт дээрэм хийж, маш
олон ардыг олзлон авч одсон бүлгээ. Тэр цагт Орос сайд нь Аюукаас өмөг
цэрэг гуйваас Аюук урьд Бэковичийн өгүүлсэн мэт “Би дээд хаанаас эшгүй
Кубаний Татартай дайлалдаж үл чадна” хэмээсэн ажгуу. Оюун ба эрдмийн
үйлсээр олж авсан хаан цолоо эс хүндэлсний хариу өшөөгөө тэр мэт авав.
Төмөр үхэр жилд (1721 он) Аюукын ууган хөвүүн нь Чагдаржав хэмээгч 12
хөвүүдийн ах Тайсанд хааны тамга өгөөд, бус хөвүүндээ “Та түүний
зарлигаар яв” хэмээн захиад нөхчив. Тэр цагт Петр Хазалбаштай
дайлалдахаар морилж явахад усан барс жилд (1722 он) Аюук хаан нь
Дармабалан (Дармабал) хатан ба охинтойгоо хамт Цэрижинд ирж Петр эзэнд
золгосонд Петр эзэн ба хатан маш баясан үйлдэв. Петр эзэн Халимагаас
цэрэг авахыг хүссэнээр даруй түмэн Халимаг мордож, Хазалбаштай нөхцсөн
Мешгэн улсыг номхотгов. Петр эзэн Астраханьд өөд болж байх цагтаа
Назарын Дорж хэмээх ноёныг “Аюук хааны хойно Халимагийн хаан болтугай”
хэмээн зарлиг болсон боловч Аюукын санал болвоос их хөвүүнээ
Цэрэндондогийг болгох хэмээсэн бөгөөд хатан Дармабал Гүнжавын хөвүүн
Дондог-Омботой нөхцөөд, түүнийг хаан суулгах хэмээсэн бүлгээ. Түүнээс
бас эвдрэл гарч, үнэн ёсоор хаан болох хүн Чагдаржавын хөвүүн Тайсан
бөгөөтөл Дондог-Омбо түүнийг дүү нартай нь хамт дайлсанд тэд бүгд албат
нараа алдахаас байтугай харин аминаас ч хагацан алдаж гарав. Тийм
хэрүүлийн дунд Аюук сэтгэлээ чилээсээр нөхчив.
Энэ хаан нь 50 жил
төр барьсан цагтаа олон улсад олон зүйлийн ач хүргээд, түүгээр Халимаг
албат нарыг үл дордуулж, ер биеэс үлэмж хүчтэнд хүндлэгдэж, тэнсэх
(тэнцэх) хүчтэнийг айлгаж чадан, Оросын албат хэмээгдэвч аливаа үйлсэд
өөрийн дураар явснаар Ижилийн Халимагуудын хаадаас маш эрхэм хаан
бүлгээ.
Аюукын нөхчсөнд Дармабал хатан нь төр бариад Дондог-Омбын
хатан болж, түүнийг хаан болгох хэмээсээр дахин үлэмж их эвдрэл болов.
Түүний тул Астраханий ахлагч Волинский (Артемий Петрович Волынский) нь
эзний зарлигаар ирж, Назарын Доржийг хаан болгох хэмээвээс тэр Дорж нь
“Хаан болвоос дайсан олон болох” хэмээн сэтгээд “Би үл болмуй.
Цэрэндондог буюу Тайсан хоёрын нэг нь болтугай” гэж Цэрэндондогийг хаан
ороци болговой. Дармабал тэр мэт хүссэн эс бүтсэнд тусгаар үйл зорьж,
Зүүнгарын Цэвээнравдан хаанд Их авгай гэгч хүнийг нууц хэргээр илгээгээд
“Цэвээнравданы охинд хадам хэлж Цэрэндондогт буулгахыг илгээв би” гэв.
Тэр зуур Халимагууд хуучин нутаг Зүүнгартаа харья хэмээн хүсэвч
Цэрэндондог ба Шүхэр лам тэргүүлэн бүгдээр эс болов. Модон могой жилд
(1725 он) Халимагийн Зайн чанад Доргой (Тургай) хэмээх нутагт 2 000
цэрэг илгээж Цэрэндондогийн хатан болох Цэвээнравданы охиныг угтуулаад,
бас “Тэр замаар Зүүнгарт орсоны хойно Түвдэд хүрч болох буюу, мэдэж
ирээрэй” хэмээсэнд цэрэг дөрвөн сар болсны хойно харьж ирээд “Доргой
хүртэл газар хоосон ба эзгүй бөгөөд усгүй цөл, тэндээс цааш Хасаг суудаг
тул тэр зам явшгүй” хэмээн өгүүлж, бэрийг буулгаж ирэв. Цэрэндондог
чадал багатай салан хүн тул Халимагийн өөр зуурын хэрүүл эс номхров.
Дондог-Омбо Хамартанаас (Кабард) буулгасан Зан хэмээх хатантай боловч
эмэг эхээ хэмээсээр бүлгээ. Тийн атал Манж хаан Цэрэндондогийг
Зүүнгартай дайлалдуулъя хэмээн хүсч, Халимагт элч нарыг зараад,
Цэрэндондогийг үгэндээ оруулахын тулд “Түүнийг миний нэрээр Халимагийн
хаан болго” хэмээн элчдээ захив. Оросууд мэдээд тэмцэж, төмөр гахай жилд
(1731 он) Астраханий ахлагч Исмайлов (Иван Петрович Измайлов) хэмээгч
ирж, “Цэрэндондогийг Халимагт хаан болгосуу” хэмээсэн зарлигийг хатан
эзнээс авч ирж Шүхэр лам, бус ноёд, сайдын дэргэд Цэрэндондогт бариулав.
Тийн Хятадын элч нар морио бүтээлгүй буцаж, Цэрэндондог гэнэт хаан
болов. Тэр зуур Чагдаржавын их хөвүүн Тайсаны нөхчсөний хойно нь Петр
эзнийг Астраханьд өөд болж байх цагт эцэг өвгийн шашин номыг орхиж,
хэрээс зүүсэн муу үйлт Петр тайш хэмээх Тайсангийн дүү нь “Би хаан болох
ёст мөн” хэмээн хатан эзэнд гуйлт барьсан бөгөөтөл дээдэс зөвшөөрөх
зарлиггүйн тул Дондог-Омботой нэгдээд Цэрэндондогийг довтолж, албат
нарыг нь булааж авав. Назарын Дорж Лүвч хэмээх хөвүүнтэйгээ хамт олон
албат нарыг дагуулан Зайн тэр этгээдэд одож буув. Тэр хэрүүлийг дарахын
тул Борис Донсикий (Иван Фёдорович Барятинский) Орос түшмэл цэрэгтэйгээ
ирж Назарын Доржийг хаантай эвсүүлж, Дондог-Омбо харин үл болон
Дондогдаш ба Торгууд Лавангаас (Лавандондог) бусад өөрийн хамаг ноёдыг
дагуулаад Кубаньд нүүж, Турк хааны эрхэнд оров. Петр тайш бас тэдэнтэй
одолцоё хэмээгээд нүүвч Орос цэрэг салгасанаар тэрээр дутааж Красноярск
хотод оров. Тэр Борис Донсикий түүнийг бариад хорьсны хойно эзний
зарлигаар Петрбургт одов. Тэндээс Орос гуйвч Дондог-Омбо Кубаниас үл
хариад, хөвүүн Галданноров нь гарт нь оров. Ижил ба Дон хоёр мөрөн дээр
Оросыг довтолж амраас хагацуулав.
Цэрэндондог хэмээвээс архинд
автагдаад төр барьж чадашгүй болсноор албат нар, зайсангууд гомдож,
олонх нь Дондог-Омбод урваж одов. Тэр мэт төр, шашин хоёр самуурах цаг
болон атал Орос хатан эзэн модон барс жилд (1734 он) Емпервен (Данила
Ефремович Ефремов) гэдэг дүү нь Хасагийн (Казак) атаманыг сануулах
бичигтэй Дондог-Омбод илгээж “Харьж ирвээс урьдах буруугаар явсныг чинь
мартъя” хэмээн хэлүүлэхэд Дондог-Омбо нь “Эдүгээ надтай явалцсан хамаг
албат нарыг минь минийх болгож, намайг бүх Халимагийн ахлагч болгож, зог
хэрээстэй Халимагийг ноёнд нь өгвөөс нутагтаа харья” хэмээсэнд хатан
эзэн зөвшөөрч, харьж ирэв. Даруй модон туулай жилд (1735 он) эзний
зарлигаар Астраханий ахлагч ирж, Дондог-Омбоор Халимагийн төр бариулав.
Цэрэндондог “Хаан” цолоо алдаад эзний зарлигаар Петрбургт морилж, тэнд
халив. Дондог-Омбо мөнх хүсэж явсан санаандаа хүрч хаан болоод харъяат
ноёдыг өөр зуур нь эвсүүлэвч бие нь Кубаньд одох цагт эс одолцсон
Дондогдашийг өшөөлсөөр бүлгээ. Гал луу жил (1736 он) хийгээд гал могой
жилд (1737 он) Халимагийн эртний дайсан Хасагууд Зайн шадар суусныг
довтолж, олон хүн, малыг авч одов. Тэр цагт Халимагууд тус оронд нэрээ
алдаршуулж явсан бүлгээ. Гал луу жилд (1736 он) Орос Турктай дайлалдахад
Дондог-Омбо их цэрэгтэй мордож, Крымтэй сайтар дайлалцсанд албат нараа
сайтар зассаны тул эзэн түүнд хоёр бумба мөнгө ба 1000 тулам гурил
жилийн залба (цалин, шагнал) хайрлав. Бас ах, дүү, ураг элгэнд нь зэрэг,
зэргээр залба хайрлав. Тэндээс Дондог-Омбо нь Турктай нэгдсэн Кубаний
Мангадыг нутагт нь дараад түмэн хүнийг цагаан хааны албат болгосон тул
Алгена Ивановна (Анна Ивановна) хатан эзэн ихэд таалж, Петрбургаас зорьж
ирсэн эзний шадар түшмэл Петр Соймонов (Федор Иванович Соймонов) ба
Доны Хасагийн (Доны Казак) атаман Екармов хоёр “Дондог-Омбыг хаан
болгосуу” хэмээх эзний зарлигийн бичиг, туг, илд, булган малгай, булган
дээлийг түүнд барьж, ёст хаан цол түүнд өргөв. Дондог-Омбо тэр мэт
Оросод таалагдаад, аливаа хүссэнээ эзэнд айлтгаваас бүтэхийг мэдэвч
өөрийн сэтгэлд “Бүгд тахилын орон Далай ламын гэгээнд айлтгаж, нэг
хөвүүнээ биеийн хойно хаан болгосуу” хэмээж Түвдэд зарсан нь замд саад
болсноор зорьсон оронд эс хүрчээ. Хааны ууган хөвүүн нь Галданноров
“Эцэг минь намайг хаан болгох дургүй, хамарт Зан хатны хөвүүн Рандулайг
хаан болгомуй” хэмээн санаж Халимаг улсыг хутгаж, эвдрэл гаргаж хаанд их
аймшиг болон атал эзэн хэрүүлийг номхруулж, Галданноровыг нутгаас нь
зайлуулж Казань хотод илгээснээр тэнд нөхчив. Тэгээд төмөр тахиа жилд
(1741 он) Дондог-Омбо 10 наст Рандулайг “Хаан болтугай” гэж гэрээс
зарлиг болоод нөхчсөнд тэр хөвүүний эх Зан хатан түүний учирт эзэнд
бичиг бариад хариуг хүлээхгүй “Хөвүүнээ хаан болгосугай” хэмээж Аюукын
хөвүүн Галданданзан ба Назарын Доржийн хөвүүн Байг, түүний авга Увшийг
хороов. Галданданзан гэгч язгуураас төр барих ёст хүн мөн. Албат нар ч
түүнд янаг, Рандулайн хаан төрийг авах чадалтай тул түүнээс айсан мөн.
Эзэн тэр муу явдлыг сонсоод “Дондог-Омбын энэ хөвүүнийг төрөөс зайлуул”
гэснээр Астраханий ахлагч Датисжип (Василий Михайлович Татищев) цэрэгтэй
ирж, Чагдаржавын их хөвүүн Дондогдашийг урьдах сайн явдлыг санаж хааны
ороци болгов. Тэр Дондогдаш урьд Дондог-Омботой эвгүй тул шороон хонин
жилд (1739 он) эзэнд айлтгаж, Амар голд буусан мөн. Хааны ороци болсон
цагт эзний урилгаар Петрбургт морилоод харихдаа Еилигвитн (Елизабетта
Петровна) авгай эзэнд бараалхсан даруй Дэжид гэдэг Хойд ноён нэг нутаг
устай Зүүнгараас ирж Ижилд буув. Ирж явах замд Дэжидийн хатнаас Товол
(Тоболь) мужийн Түмэн (Тюмень) хотын шадар нэг хөвүүн төрсөнд түүнийг
Түмэнжаргал хэмээн нэрлэв. Хойно Дэжид хөгширсөнд хатан нь Хошууд
Жамъяны хатан болсноор Жамъянд нь урьд хатан, хөвүүн байсан боловч албат
нараа Түмэнжаргалд өгснөөр Хойд, Хошууд хоёр нийлж нэгэн ноёны албат
болов. Тэр төмөр тахиа жилд (1741 он) Хасаг ирж, Халимагийг дайлав.
Тэндээс эзэн нь “Зан хатныг барьж, Казаньд илгээе” хэмээн Датисжипт
захисанд “Тийн үйлдэж үл болно” хэмээснээр Заныг Бага цоохорт байлгаж,
залба өгөвч тэр нэгэнт хүссэнээ орхиж ядаад усан нохой жилд (1742 он)
700 өрх улсыг авч Хамартад одоод Хазалбашийн хаанд хүн илгээж
“Халимагийг Дондогдашаас булааж над өгсүгэй, түүний хариуг бид чамд
сайтар өгье” гэж эрүүлэв (гуйлгав). Түүнээ бүтэшгүй болсонд Астраханьд
ирээд амар үл суун дахин муу үйлдсэн бүлгээ. Эзэн түүний биеийг
“Петрбургт ирэгтүн” гэсэнд тэнд одоод хэрээс зүүж, Генигене, Дондоков
(Дондуков) гэдэг овогтой болоод, хөвүүд нь Петр, Алексей, Филипп гэдэг
нэрс аваад цэргийн сургуульд сурав. Алексей Дондоковын ач үр нь гал
хонин жилд (1787 он) Могиелев (Могилев) хэмээх мужид Орос албат нар
аваад уг албат Эрхтэн, Бага цоохор хоёрыг шанд өгөв. Тэр мэт Бага
цоохор, Эрхтэн хоёр улс нь өөрийн ноёндоо ноёрхуулахаа уураад анхан
Оросын шанд орж одсон нь энэ мөн. Модон үхэр жилд (1745 он) Халимагууд
Хасагийг довтолсноор Орос нь Халимаг, Хасаг хоёрыг “Зай гаталж бүү
явагтун” хэмээн захиа тарааж, цэрэг сахиул тавив. Хойд жилд (1746 он)
Хасагууд Каспи далайн умар захад мөснөөр Зайн баруун зүг гараад
Халимагийг дайрч 100 хүн алж, хэсэг хүнийг авч одсоноор амтшаад хойд
жилд (1747 он) дахин тэр замаараа ирсэнд Халимагууд мэдээд зайлж хол
одож буув. Тэднийг нэхвээс хол, аймшигтай тул Хасагууд хоосон харьж
явтал дулаахан болж мөсөн хайлснаар Хасагууд “Зайг гатлан харья” гэж
явтал Зайн Хасагууд (Уралын Казак цэргүүд) тэднийг үзэж байлдахад зарим
нь мөсөнд ибэрэж (норох, нэвтрэх, живэх) үхэн, зарим нь маш ядарч
харьсан ажээ.
Эртний Дөчин, Дөрвөн хоёрын их цааз Монгол ба Ойрадын
аж төрөхөд маш зохистой боловч Халимагууд тэднээс салсаар олон он
өнгөрөөж, зан ааль нь хувилж, урьд үгүй сайн, муу чанар төрсөн тул шинэ
тогтоол хууль хэрэгсэх болоод, олон харь улсын дунд суух тул тэдэнтэй
явахад бас шинэ хууль хэрэгтэйн тул Дондогдаш хаан шинэ тогтоол бичиж
хуучин цаазыг дүүргэв. Тэр тогтоолд захисан нь бурсан хувраг санваартаа
зохисгүй явдлаар явбал хатуу цааз тавив. Харь хүн сэтгэл аваад сарын
гурван мацагт уншилгаа тасалваас бас хатуугаар цаазалнам гэв. Сайн эрдэм
сурсан хуврагуудыг тоож хүндэл. Сайн хөвүүд 12 нас хүртэл эрхгүй Монгол
бичиг сур, эс сургаваас эцгээс нь ял аваад багшид өгч сурга хэмээв.
Дондогдаш тэр мэт цаазаар албат нарынхаа дотор бичиг, сургааль ба эрдэм
дэлгэрүүлье хэмээн сэтгэсэн нь түүний албатын их жаргалыг хүссэний
тэмдэг буй.
Хүний хуримд уурлахыг хорив. Ноёд нь харцыг гэмгүйгээр
бүү зас. Ноёрхог бардам явдлаар бүү яв. Биедээ зохисгүй явдлаас салтугай
хэмээн сэтгэж, хэрвээ ноёд хүн нэнжүүл буюу гэнэт хэрүүлд буюу улаа
булаалдан хүнд цохигдвоос цаазгүй хэмээв. Түүнээс гадна хуучин хулгай ба
бус явдлын тогтоолыг хуучин цаазад бичсэнийг бүгдээр дүүргэж, сайхан
тодорхой болгов.
Гал үхэр жилд (1757 он) Еилигвитн авгай эзэн нь
Дондогдашийн Халимаг төрийг сайн ёсоор барьсныг санаж “Түүний биеийг нь
ёст хаан болгоод хөвүүнийг нь Увшийг хааны ороци болготугай” хэмээн
зарлиг буулгасанд Чилин гэгч Астраханий ахлагч ирж, түүнийг ёст хаан
болгов. Тэр Чилин яаж “Хаан” цол өргөсөнөө бичсэн нь энэ мэт буй.
Астраханий ахлагч бичиг хийгээд Бэкүнин (Василий Михайлович Бакунин)
гэгч түшмэлийг илгээж “Шарцэхээ гол дээр учиръя” хэмээн Дондогдаштай
зөвшилдөөд, апрель сарын 23-ны өдөрт (4-р сарын 23) цэргийн сайд хийгээд
нэг суман Татар цэрэг, цэргийн хөгжим, гурван их буу авч Астраханиас
мордов. Тэр зун Дондогдаш мөн тэр орныг зорьж явав. Апрелийн 28-нд (4-р
сарын 28) тэр ахлагч нутагт хүрч ирвээс тэр цагт хаан хоёр их зайсныг
илгээж сураглуулаад (асуулгаад), удалгүй өөрийн биеэрээ хүрч ирээд
ахлагчийн хошоос (хүрээ, буудал) нэг дууны газар буув. Тэр цагт ойр
явалцсан Бэкүнин түшмэл “Та тэргүүлэн очиж ахлагчид золгогтун” хэмээн
хаанд мэдүүлсэнд зөвшөөрснөөр үдийн хойно ахлагч өөрийн тэргийг нэг
түшмэлээр хаанд илгээв. Хаан урьд эзний хайрласан зургийг залан тэр
тэргээр морилж ирэхэд хөвүүн нь эмээлтэй мориор ойр нь явалцаж, 5 000
шахам Халимагууд дагаж ирэв. Хаан ахлагчийн майхны шадар ирэхэд харуулын
улс тэдний хүндийн төлөө ахлагчийн дэргэд байсан цэрэг сургуулийн ёсоор
зогсож, ахлагчийн үүдэнд цэргийн түшмэл хааныг угтаад, ороход ахлагч
сууринаасаа босоод хааныг зүүн гартаа суулгаж, хөвүүнийг нь эцгийн
дэргэд суулгав. Тэрээр ахлагч хааны дэргэд байсан зайсангууд хийгээд
Орос түшмэдийг гаргаад эзний хайрласан зарлиг хийгээд албат нарт сонсгох
бичиг хийгээд хаан эцэг, хөвүүн хоёрын андгайр тавих бичгийг тэдэнд
өгсөнд хаан хөвүүнтэйгээ босоод малгайгаа авч уншив. Уншсан хойно хаан
хөвүүнтэйгээ “Дээд эзний өргөө зүүн зүгт бий хэмээн сэтгэнэм” гээд зүүн
зүгт сөгдөж их эзэнд ханасанаа үзүүлээд, насан төрхөөрөө (насан турш) их
эзэнд алба өгье хэмээн ам алдаад тэр зүгт гурав мөргөв. Апрелийн өдөрт
(4-р сарын өдөрт) ахлагч хаанд бараалхаад ороход түүний дэргэд байсан
дөрвөн цэрэг хийгээд бичгийн түшмэд, тэрэгний хоёр талд гурав, дөрвөн
буугүй цэргийн улс гартаа илдтэй, урьд нь зургаан цэргийн улс нэг
даргатай, 100 шахам Татарууд хийгээд Хасагууд (Казак) ч явцгаана.
Өргөөний өмнө барьсан ногоон саравчийн өмнө зайсангууд ахлагчийг угтаж,
үүдний ойр хаан өөрөө угтаж өргөөнд урьдаар оруулав. Хааны хатан, хөвүүн
хийгээд зайсангуудын эмс одоход босов. Хаан ахлагчийг баруун талд
түшүүрт ширээн дээр суулгав. Ноёд хийгээд зайсангууд өөрийн зангаар хивс
дээр завилан сууж, хаан, ахлагч хоёр “Хаан болохын аливаа ёслолыг
маргааш бүтээе” хэмээн зөвшилдөв. Апрелийн өдөр (4-р сарын өдөр) үдла
(үдэд) ахлагчийн тэргийг хаанд авч очин, Бэкүниний тэргийг хатанд
илгээв. Хаан, хатан хоёр илгээсэн тэргээр, хөвүүн эмээлтэй мориор ирэхэд
дэргэд нь Дөрвөд ноён Галданцэрэн, Торгуудын Нимгэн, Хошуудын Жамъян ба
Тугч тэргүүтэй түмэн лам, хар зайсан ба явуулчин сайд нь хо (шаргал)
торгон дээлтэй бүлгээ. Тэднийг хүрч ирэхэд зогсож байсан цэрэг нь буугаа
үүрч хүндлэв. Майхны чанадад цэрэг ба бичгийн сайд угтаж, үүдэнд ахлагч
өөрөө угтаад оруулав. Хаанаас эрж (гуйж) авсан 10 тэрэмт их эсгий гэрт
бэлтгэсэн ширээний баруун талд хаан эцэг, хөвүүн хоёрыг суулгаж, ахлагч
ба бус сайд зүүн талд суув. Хатан хийгээд ноёд, зайсангууд нь өөрийн
ёсоор хивс дэлгэж суув. Тэндээс ахлагчаар хаанд энэ мэт өгүүлэв.
“Өршөөнгүй дээд эрхт, хамаг Оросын төр баригч их авгай эзэн Еилигвитн
Петровна нь Дондогдашийг олон жил итгэмжтэй алба бүтээснийг санаж, дээд
хайраар түүнийг Халимагийн хаан болгож, хөвүүн нь Увшийг хаан ороци
болгоод үүнийг тэр хоёрт сонсгуулан, бас Халимаг улсыг дээд эзэн хайрлан
амуй хэмээн өгүүл хэмээж над тэр их эзэн зарлиг буулгасан буй” хэмээв.
Хэлмэрч нь эдгээр үгсийг Халимаг хэлээр тайлж өгүүлсэнд хаан
хөвүүнтэйгээ сэлт дээд эзэнд ханасанаа үзүүлэн зүүн зүг сөгдөв. Тэндээс
ахлагч айлтгасанаар хамгийн хаан Шигэмуни (Будда) бурхны шүтээний өмнө
шахаа өргөж, хойно хөвүүн нь өргөж, шүтээнийг орой дээрээ барьж, хойно
тэр шахааны бичигт хоюул мутраа тавьж, тамга дарав. Түүний хойно
ахлагчийн үгээр нэг бичгийн түшмэл хаан болгох зарлиг бичгийг бүгдэд
сонсогдтол дуудаад Халимаг орчуулгыг дахин дуудав. Түүний даруй хаан нь
хөвүүнтэйгээ сэлт, бас хамаг ноёд, зайсангууд зүүн зүг сөгдөж дээд эзэнд
ханасанаа үзүүлэв. Ахлагч нь зарлиг бичгийг хаанд барив. Тэр зуураа
албатад сонсгох зарлигийг ахлагчийн майхны дөрвөн зүгт унших цагт эзний
хаанд хайрласан бэлгүүдийг хаан энэ мэт авав. Ассвасор Бэкүнин илд зүүв.
Дээлийг ахлагчийн хөвүүн Прудчиг, малгайг Пулкотниг Зонгвэр өмсгөв.
Ахлагчийн зээ нь Вашили Кивиекув дэлгэсэн туг барьж байсныг хойно
зайсангууд аваад гэрийн өмнө барьж цуг суув. Түүнээс гадна хаан нь дээл,
малгай, илдийг мөнхүү зайсангаар гэрийн өмнө бариулж, албат нарт
үзүүлэв. Хаан шахаа өргөж, зарлиг уншиж, тэр бэлгүүдийг авч дуусмагц
ахлагч ба бус түшмэд хаанд ерөөл тавихад гадна байсан цэрэг буугаа
өргөж, хэнгэрэг дэлдэж, хөгжим татаж, гурван их буу тавьж хүндлэв.
Тэндээс идээ бэлтгэтэл хаан ба хатан хийгээд ноёд, зайсангууд гэрээс
гарахад бас урьд мэт хүндлэв. Идээ зооглосон нь энэ мэт бүлгээ. Хаан
хөвүүнтэйгээ, ахлагч, Зонгвер Бэкүнин, ноёд ба зарим зайсангууд
нэгдүгээр ширээнд суув. Хатан, лам нар, зайсангууд урьдын сууринд суув.
Тэдний эмс ч бас бус зайсангуудтай хоёр гэрт идээ бэлтгэж, тэр цагт
“Дээд эзэн ба түүний алтан ураг энх байтугай” хэмээн ерөөл тавьж, арз
зооглоод их буу тавив. Харц албат нарт зургаан шарсан шар, есөн бүхэл
хонь хэмээгээд хэсэг үхэр, хонь, архи, бал гар дээр нь тавьсан бүлгээ.
Хаан харихдаа “Мангадар (маргааш) миний гэрт ирж идээл” хэмээн уриад
морилж өөд болохдоо эзний хайрласан тугийг өмнөө авч явав. 5-р сарын
2-ны өдөр ахлагч хаанд ирж идээлэхэд дээд эзэн ба дээд алтан ураг амар
сэргэлэн байхын ерөөл тавьж, арз зооглоход цэрэг буу тавьж, хөгжим
татаж, ахлагчтай хамт ирэлцсэн Татар ба Хасагуудыг (Казак) тусгаар гэрт
хүндлэв. Идээ зооглосоны хойно Халимаг зангаар барилдаан хийж, гал
наадам хийснийг нь хаан тэргүүлэн хамаг албат нар ихэд таалан үзэв.
Ахлагчийг мордоход хаан хөвүүнтэйгээ тэргэнд нь хүртэл үдэв. Оросоор
майн сарын 3-нд (5-р сарын 3) ахлагч хаанд амгаланг нь айлтган ирж
бараалхаад, тэндээс харихад хаан үдэш нь морилж яваад нэгэн өндөр
толгойг зааж “Үүний дээр чулуугаар хөшөө босгож, дээр нь Орос, Халимаг
хэлээр дээд эзэн намайг хайрласаны дурсгал бичүүлэх санаатай би. Түүнийг
хадгалахыг Янгалын будагч нарт даалгаж, бас тэр хотын захирагч ч надад
тус хүргэтүгэй” хэмээсэнд ахлагч нь тэр хотын захирагч зөвшөөрөөд
Астраханьд очиж, хаан өргөөндөө морилов. Тийн Дондогдаш дөрөв, таван жил
төр барьж, албат нараа жаргуулаад төмөр могой жилд (1761 он) хальсанд
урьд хааны ороци явсан хөвүүн нь Увш ямарваа булаалдаангүй хаан болов.
Модон гахай жилд (1755 он) Хятад нь Зүүнгарын хаан Амарсанаагийн биеийг
нь Орос оронд хөөгөөд хамаг Ойрад улсыг нь хэрчиж алав. Тэр аймшгийн
цагт Шэйрэн тайш хэмээгч Ойрад ноён түмэн өрх (Шэйрэн тайш түмэн өрх айл
биш, 2 000 орчим өрхийг дагуулан Зүүнгараас Халимаг руу зугатсаныг
түүхийн баримтуудаар нотолсон) Хошууд, Дөрвөд, Хойдыг дагуулан Ижилийг
зорьж мордоод Увш хаан суусны даруй хүрч ирэв.
Дондог-Омбо
эцэгтэйгээ эвдрээд Казаньд нөхчсөн Галданноровын хөвүүн нь Цэвэгдорж
“Хаан болох үнэн ёст хүн би мөн, нас минь ч Увшаас ах, би дүүгийн албат
үл болмуй” хэмээн Донд 60 хүнтэй явж одоод, тэндээс эзний зарлигаар
Петрбургт одоод Орос хийгээд Увшид адил муу санавч дотроо нууж, “Хааны
зарлигаар явсуу” хэмээн харьж ирэв. Тийн тэр санаат үйл завдаж “Бүтээж
эс чадан Орос мэдвээс Увшид муу болж, би хаан магад болох” хэмээн сэтгэж
“Орос нутгийг орхиод эртний орон Зүүнгартаа одъё” хэмээн хүсэв. Түүний
дээр Шэйрэн тайш Орос оронд суух дур уураад харья хэмээн бас хүсэж,
Увшид үүний урьдхан тэндээс ирсэн мөн тул тэр хүртэл одох зам ба
тэндэхийн сайн нутгийг сайтар мэдээллээ. “Намайг дагаж мордоод энх мэнд
явж хүрвээс эдүгээ эзэнгүй тэр газарт чи дээрээ ахлах хаангүй болмуй”
хэмээн бас өгүүлэв. Түүнээс гадна Увшийн төр барихаас урьд хааны заргын
зайсангуудыг цугийг хааны амины албат Торгуудаас сонгодог бүлгээ. Увшийг
хааны ороци болгон батлахад Еигиторнил (II Екатерина) хатан эзний
буулгасан зарлиг хэмээвээс “Хааны заргад ганц түүний харъяат Торгуудаас
гурван зайсан, нэг лам байтугай. Дондог-Омбын ач үрийн харъяат
Торгуудаас нэг зайсан, Дөрвөдөөс нэг зайсан, Хошуудаас нэг зайсан
байтугай. Тэднийг заргач нар хэмээн нэрлэж, тэднийг сонгохыг ноёд мэд,
заргач нар эс зөвшөөрвөөс хаан ямарваа үйл бүү шийтгэ” хэмээн захисан
бүлгээ. Үүнээс урьд заргач нар хэмээвээс хааны дэргэд үйл мэдэлцэх улс
болох бөгөөд түүнд туслах ба зарлигийг бүтээх зарц албат нар бүлгээ.
Одоо болвоос тэд хаантайгаа адил зарга шинэчлэх, шийтгэлцэх ёстой болсон
тул хаан хүн харъяатын үгийг дагах мөн. Албат түүнтэй тэмцэлдэж, хааны
эрх, чадал буурч, дээд өндөр цол доромж болох мөн. Увш хаан эдгээр
бүгдийг бодоод явбаас дээр болох буйза хэмээн Цэвэгдоржийн айлтгасаныг
зөвшөөрч, лам, хувраг ба ноёд, зайсангуудыг цуглуулж, үнэн, зөвийг нь
сурсанд бүгдээр зөвшөөрөв. Харц албатаас сурах хэрэггүй буй. Монгол,
Ойрад улс эртнээс эдүгээ хүртэл дээд заяат хааны зарлигаас үл давдаг
буй. Түүнээс гадна хэрвээ Халимагууд хамгийг ивээгч бурхандаа залбирч,
Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах, дүү Монгол ба энэ,
хойд хоёр төрлийн жаргалын шүтээн болсон рашааны далай Түвд орон хийгээд
үлэмж адист богд нарын гэгээний шадар оршиж, хорт дайсанд хэрчигдсэн
Ойрадын голомт дээр бууя, эрт эцэг өвгийн жаргаж, зовж явсан ба Ижилийн
талаас үлэмж баян болоод сайхан орон Зүүнгарыг сайн хэмээн сэтгэж
Халимаг улс шагшин баясаж мордсон бүлгээ.
Тийн хамаг юм бэлтгэж, хол аянд явахад улсыг харсахын тулд хоёр түмэн
цэрэг цуглуулаад, Ижилийн баруун талд олон Халимаг суусан тулд өвөл болж
гол хөрөхөд мөснөөр зүүн талд гараад явъя хэмээн хүлээж байв. Тийн их
үймээн болж байтал Халимаг нутагт байсан Оросууд сайтар эс мэдэвч зарим
нь бодож мэдээд ихэсдээ мэдүүлэвч Халимагийн үйл дааж байсан Кишанский
(Фёдор Иванович Кишенский) хэмээгч түшмэл үл анхааран худал гэж байсан
юмсанжээ. Тэр жил гацаж, өвөл дулаан болоод Орос шинэ жил хүртэл эс
хөрч, Халимагууд хүйтэн болохыг хүлээж ядав. Астраханий ахлагч Бигитов
(Никита Афанасьевич Бекетов) гэгч Халимагийн явах гэснийг мэдээд эзэнд
мэдүүлэхээр одсон тул Увш адгаж (яарч), төмөр барс жилд (1770 он),
Оросын 1-р сарын 5-ны өдөрт Ижилийн баруун зүгт суусан нөхдөө орхиод,
бурхан шүтээнээ залж, эд агуурсаа аваад хамаг малаа тууж, өрх, албатаа
эм, хүүхэдтэй нь дагуулан Цэвэгдорж тэргүүтэн, бас бус ноёдтойгоо сэлт
энх мэнд явахыг даатгаж, бурханд мөргөөд Зүүнгар хуучин нутгаа зорьж
мордов. Нутгаа орхихдоо тэнд байсан Оросуудыг алаад, олон худалдаачнаас
эд таваар, архи тэргүүтэн эд зүйлсийг булааж аваад явсан тул анх мордсон
даруй дутах юмгүй жаргаж явтал Зай мөрөн гатлаад жаргал өнгөрч, олон
дайсантай учирч зовох цаг иржээ. Халимагийн явахыг сонсоод Өрөнборын
ахлагч нь Хасагийн Норлой (Нуралы) хаанд “Халимагийг дайлж, аливаа олзыг
биедээ аваад тэднийг Орос оронд хариул” хэмээн захив. Сибирь орны
ахлагч нар нийт өөрийн нутгийн шадар суугч Хасагийн Абулай (Абылай)
султан ба бус олон хаан нарт тэр мэт захиа өгсөн мөн. Даруй эзнээс
зарлиг ирэв. Тийм захиа, зарлиг хэрэггүй мөн. Хасаг гэгч хэзээнээс наар
(нааш) Халимагийн хорт дайсан мөн. Эдүгээ тэр мэт үйл болсныг сонсоод
“Өшөөгөө авах буй, олз орш олох цаг ирэв” хэмээн тэсэлгүй баясав. Хамаг
хаад хийгээд султанууд нь цэрэг бэлтгэж, Халимагийн ирэхийг хүлээж байв.
Орос цэргүүдээс Зайн Хасаг (Уралын Казак) нь Халимагийг хамгаас тэргүүн
зогсоох хийгээд нэхэх чадалтай байсан боловч харин заяан болон тэд
хэрэлдээд ахмадын зарлигийг эс сонсов. Түүнээр гагцхүү Өрөнборын
Хасагууд (Оренбургийн Казак цэргүүд) очиж Норлой хаантай нийлсэн боловч
явах газарт өвсгүй тул морь турж, Норлойгоос хожимдоод харьж ирсэн ажээ.
Тэдний оронд мордох цэрэг нь явахыг завдаж бэлтгэсээр цаг өнгөрүүлээд,
Оросоор 4-р сарын өдөрт Орск хэмээх шивээнээс гараад очиж Хасаг нутаг
дахь Эрчис (Иргиз) хэмээх голд хүрч Норлой хаантай нийлэхэд Халимагууд
хол түрүүлээд тэр голоос цаараан (цаашаа) дууны газарт урсагч Доргой
хүрсэн ажгуу. Тэнд Орос цэрэг нь Норлой хаан, Киеев хаан хоёрын цэрэгтэй
нэгдээд нэхэж, Таг (Улытау, Улутага) хэмээх уулын шадар одоод цэргийн
улс өлсгөлөн хийгээд зохисгүй уснаас болж хавдар өвчнөөр зовж, морьд нь ч
их эцэж турсан аж. Тэр зуур Халимагууд улам цаараан явж гүйцэгдэшгүй
болсноор Орос цэргийн ахлагч Дарубинбирг (Михайл Михайлович Траубенберг)
хэмээгч цэргээ хариулж авч ирэв.
Хасагуудаар Халимагийг бариулж үл
чадах бөгөөд ямагт довтолж олз авсуу хэмээсээр Увшийг албат нартайгаа
Зай голыг гатлаад тэр дээрэмчний нутагт орсоноос хоороон (хойш) зовсон
нь цаглашгүй амуй. Энэ мөрнөөс эхлэн Зүүнгар хүртэл цугаар Хасагийн
нутаг хийгээд газар нь хэмээвээс усаар ховор, худаггүй, үзүүр хязгааргүй
цөл болоод элс элбэг тул халуун нь тэсэшгүй буй. Түүгээр Халимагуудын
бие хийгээд мал нь хавдар хийгээд бусад зүйл бүрийн өвчнөөр зовж үхэх
гарз болохоос гадна нөхөддөө ачаа болон явдлыг түтгэв (удаашруулав).
Тийм олон хүн, мал гагцхүү замаар явбаас үл зохихын тул хэсэг, хэсгээр
ялгаран одоход амь таслахыг үл айн эрлэг мэт бахдагч, эд агуурсанд
хомоолцогч (шунагч) Хасагууд нь Халимагуудын бүх мал адгуусан хийгээд
эрдэнийн сангаа аван явахыг үзмэгц дөрвөн зүгээс нь довтлов. Хасаг
хэмээвээс өөрийн нутаг дээрээ сууж, унасан морь хийгээд унагч хүн хоюул
амар байсны тул Халимагуудыг цөөхнөөр ирж довтловч Халимаг хүн малаа
алдаж, тэдэнтэй уулзах бүр магад улам цөөхөн болох. Ер Хасагийн
довтолсон нь тоолшгүй болоод хаад, султанууд нь олон цэргээр довтолж
ирсэн нь хэмээвээс Аяичибиг хэмээх хаан нэг хэсэг Халимагуудыг Шигс
хэмээх гол дээр сандалилаж (сандаргаж), Норлой хаан Орь хэмээх гол
хийгээд Могончир (Мугоджар) уул хоёрын тэнд идэв. Абулай хэмээгч хаан
олонтоо довтлоод мөнх идэж гарав. Энэ мэт тэдгээр хотол цаглашгүй олон
хүн, мал хийгээд эд таваарыг авсан буй. Тийн хэмээн гасланг тэссээр
Хасагийн газрын дорно этгээдэд ойртож, Иралай (Ералы) хэмээх Хасаг
султаны нутагт хүрсэнд тэр мэт мэхтийн хор хүргэсэн нь бүх Хасагаас илүү
буй. Иралай нь Халимагийг нутагтаа ойр ирэв хэмээн сонсоод Абулайд хүн
илгээж “Халимагийг араас нь довтолтугай” хэмээн захиулаад, бус нөхдөө
хажуугаас оруулаад өөрөө түмэн цэрэг авч угтаж мордов. Төрөл төрсөн
хийгээд албат нарын эм, хүүхэд, өвгөд хийгээд эрдэнэ, эд таваараа хол
хийгээд аймшиггүй газарт нүүлгэв. Абулай хааны үгийг сонсож, эс мордсоны
тул ганцаар үлдээд Халимагийн довтлоход айж, хүчгүй болоход муу мэх
гаргав. “Халимагуудыг зогсоож, Орост буцаая” хэмээн сэтгэсэн мэт занг
өгүүлэхэд Увш нөхөдтэйгээ Хасагийн тоо эс мэдсэнээр урагш одохоосоо айж
зогсоод “Эвлэлдэхийг хичээе” хэмээн зөвшилдсөөр хагас сар өнгөрч орхив.
Тэнд байх зуур Иралай нь элдэв аргаар олон хүнийг цуглуулсанд Увш
Хасагийн цэргийг маш их болсныг үзээд дахин цус асгаруулахаас зайлъя
хэмээн сэтгэж, Иралайд хүнийг зарж эвсэе гэвээс Иралай зөвшөөрсөн мэт
болоод байв. Халимагууд Иралайн муу санааг мэдэлгүй цаараан бага яваад
бууж хонож байтал Иралай харанхуй шөнө гэнэт давиран (дайран) дунд нь
ороод өдөр явж зүдээд шөнө амран унтаж байсан улсыг түйвээн сандаргаж,
маш их олз талж авч одов. Тэндээс нэг аюулыг гэтлээд явж байтал Буруд
(Киргиз) улсын нутагт хүрч, дайсантай алалдах болов. Тэр Буруд хэмээгч
нь Хасаг хийгээд Татар мэт хэлтэй, мал өсгөж, эсгий гэрээр суудаг,
үгээгүй болоод олзонд шунахай, дээрэмд элэгсэг, дайнд баатар улс мөн.
Буруд нь Халимагуудыг ирэв гэхийг сонсоод найр цэнгэлийн өдөр болсон мэт
баярлаж, бум (100 000) цэрэг цуглуулав. Увш тэдний нутгаас зайлнам
хэмээгээд Балхаш нуурын умар дахь 550 дууны газарт ус, өвсгүй талд орж
одов. Тэнд явах явдал маш халуун болсноор хүн нь ундаасаж (цангаж), үхэр
хийгээд морины цусыг ууснаас болж гамшиг өвчин гарч, бас их олон хүн
үхэв. Ижилээс авч мордсон малын гурван хувийн нэг нь үлдэв. 10 өдөрт тэр
говьд яваад гарваас эдүгээ Буруд гэгч говийн чанадад угтаж байгаад
өмнө, хойно хоёроос нь таван хоног өдөр, шөнөгүй даган явж уулгалан,
хүн, мал хийгээд эд агуурс хамгийг Хасагаас ч их булааж авсан ажгуу.
Ижилээс мордож гүйцээд жил болж, төмөр туулай жилийн (1771 он) хаварт
Зүүнгарын ойр Тамган хэмээх нутагт хүрэв. Оросоос гарсан гурван түмэн
гурван мянган өрх (33 000), бум зургаан түмэн есөн мянган (169 000) ам
хүнээс долоон түмэн (70 000) нь үлдсэн ажгуу. Тэднийг Зүүнгарт ойртоход
тэр орны Хятад цэргийн ахлагч жанжин Увш хаанд “Ар дахь зарц та ямар
зоригтой (хэрэгтэй, хэргээр) ирэв?” хэмээн сурсанд Увш хаан нь лам нар
хийгээд ноёдтойгоо долоон хоног зөвлөөд Манж хааны албат үл болном
хэмээвээс Зүүнгар нутгийг Хятадаас дайнаар булаахаас бус аргагүй тул
“Манж эзний албат болохоор ирэв бид” хэмээн мэдүүлсэнд Хятад нь тийм
шинэ албат нар ирсэнд их баясав. Түүгээр Увш тэр орны жанжинтай уулзахад
Увш нь Оросын буу, хас тамга тэргүүтэн бэлгийг түүнд өгөв. Тэрхүү
жилийн намарт Увш хаан ба бус ноёд Манж хаанд очиж бараалхсанд Манж
Тэнгэр тэтгэгч хэмээх хаан маш баясан хүндэлж, Увш хаанд зоригт хэмээх
цол өгч, бус ноёдод зэргээр цол өгөөд Монгол хаад, тайжийн ёсоор захиа
тавив. Хятад улс Зүүнгарыг оруулаад тэр орныг Или, Бархөл (Баркуль),
Өрөмчи, Хар ус, Тарвагатай хэмээх таван аймаг болгон хувааж, гурван отог
Торгуудыг Тарвагатай хийгээд Хар усны аймагт суулгаж, Увш хаан дөрвөн
отог Торгуудтай, басхүү Хошуудын ноён Гөнгийг (Гүнгээ) Хотоны (Уйгур)
нутаг дахь Их Юлдуз хийгээд Бага Юлдуз хэмээх хоёр голын эргээр сайхан
нутагт суулгав. Бус ноёныг Илийн аймагт нутаглуулав. Манж хаан нь хол
аянд явж, хамаг эд зоорио булаагдаж ирсэн улсад хэрэгтэй юм олон тул нэг
сая нэг бум хоёр түмэн таван мянган (1 125 000) адуу, үхэр, хонь, хоёр
түмэн (20 000) гац (хунз) чулуун цай, хоёр түмэн (20 000) тулам тутарга
хийгээд таван түмэн нэг мянган (51 000) хонины арьс, таван түмэн нэг
мянган (51 000) даавуу, мянга таван зуун (1 500) пүү хөвөн, дөрвөн зуун
(400) эсгий гэр, дөрвөн зуун (400) лан мөнгөний хишиг Халимагуудад
хайрлах болов. Түүнээс хойно Орос хаан “Халимагуудыг гэдрэг өгөгтүн”
хэмээн Хятад хаанаас сурсанд Хятад нь “Урьд Шэйрэн тайшийг Зүүнгараас
таны нутагт одсоныг эрвээс та эс өгсөн буй. Эдүгээ танд би ч үл өгмүй”
хэмээв.
Тэндээс модон хонин жилд (1775 он) Увш хаан нөхчсөнд Цэвээндоржнамжил хаан болов.
Тэр мэт Халимаг улс нь Хо өрлөгөөс нааш Орос дунд ороод 140 жилд хүчтэй
хийгээд өнөр улс болж байтал Увш хаан Алтайд гарч одсон буй. Түүнтэй эс
одоод үлдсэн Халимагууд эдүгээ өөрийн ёсоор ноёдтойгоо ахлагч суумуй.
No comments:
Post a Comment