Хуудас

Search This Blog

Wednesday, March 8, 2017

Нүүдэлчдийн цэргийн урлаг



Эх сурвалж: М.И.Иванин. “Чингис хааны үеийн Монгол-Татарын болон Тамерланы үеийн Дундад Азийнхны цэргийн урлаг”.
Нүүдэлчин ард түмний байлдааны арга, дайны шинж чанар, цэрэг-улс төрийн дүрэм журам нь тэдний төрөлх амьдрал, тал нутгийнх нь шинж төлөвтэй нягт холбоотой, бидний ойлголтоос шал өөр ажээ. Ийм учраас Монгол-Татар болон Дундад Азийн ард түмний цэргийн урлагийг бүрэн хэмжээгээр бичиж гаргахын тулд тэр зүйлүүдийн талаар товч боловч задлан үзэх шаардлагатай болж байна.
Үл хөдлөх хөрөнгө, эрхтэй болж үүссэн суурьшмал ард түмэнд оршин амьдрах арга нь газар боловсруулах, худалдаа арилжаа хийх, үйлдвэрт ажиллах болсноор хүнийг нэг л газарт хадаж, ингэснээр олон тооны тариачид, гар урчууд, худалдаачид, зураачид гээд анги, язгуур угсаа зайлшгүй үүсэн гарч ирэхэд хүргэжээ. Тэдний дотор цэргийн язгуур угсааныхан харьцангуй цөөхөн юм. Жишээ нь Августын үед Ромын хүн ам 120 000 000 орчим, цэрэг нь 450 000 байж, гэвч бараг эзэмшлээ зэвсгийн хүчээр авч байжээ. Жишээлвэл одоо Франц, Германд тайван цагт цэрэгт нь оршин суугчдын зөвхөн зууны нэг нь алба хааж байна.

Бидний үед суурьшмал иргэншилт улсыг суурьшмал улс бут цохиж, цэргийн зохион байгуулалттай хүчийг нь устгаж, бэхлэгдсэн хотуудыг нь эзэлж авах байдлаар дайн хийж байна. Хэрэв ард түмэн нь дайнч, дайчин чанараа алдаагүй, газар орон нь партизаны үйл ажиллагаа явуулах боломжтой бол зэвсэг барин эсэргүүцэж, ардын дайны бодлого явуулна. Суурьшмал ард түмний захирагдалт нь түүний нутаг дахь цэргийн ангиудын байршил, шинэ цайз бэхлэлт байгуулах газар орныг зөв сонгох, өмнө байсныг нь эзлэх, олон хүнтэй хотууд дахь бэхлэгдсэн цайзуудын төхөөрөмж, оршин суугчдын зарим хэсэг нь өөр газарт шилжин суурьших, эцэст нь өмчийн захиран зарцуулах эрх олгох болон эзлэгдсэн ард түмэнд улс төрийн эрх олгохоос хамаарна. Хэрэв тэднийг ухаалгаар удирдаж чадах юм бол тэднийг эрхшээж, бүр улс төрд оролцуулахгүйгээр, бага шиг хүчээр захиргаандаа байлгаж чадна. Ер нь суурьшмал, боловсролтой иргэдтэй улс орныг суурьшмал иргэншилт ард түмэн бага шиг цус урсгаж, наад зах нь цөөхөн хот суурин, хүмүүсийг устгаж, улс орныг нь бага шиг цөлмөн хоосолж эзлэн авч болохыг хэлэх хэрэгтэй.
Суурьшмал ард түмний амьдардаг цайз, бэхлэлт, хот тосгодтой, ой мод, намгаар бүрхэгдэж, гол мөрөн, суваг шуудуу болон бусад байгалийн болон хүний гараар бүтээгдсэн саадуудаар тусгаарлагдан хязгаарлагдаж, хориглон хамгаалалтын төхөөрөмж болсон газар орон нь цэрэг дайны бодлого, дүрэм журмыг тал нутагт хийх дайн байлдаанаас илүүтэй шаарддаг, морин цэргээс илүү явган цэргийн үйл ажиллагаанд ихэд тохиромжтой юм. Үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, худалдааны харилцаатай байж, үйлдвэр, заводууд байгуулж босгох нь оюун ухаан, авъяас чадварыг хөгжүүлж, эрхийн талаарх шилдэг ойлголтуудыг төрүүлэн буй болгож, хууль, эрх зүйг боловсруулж, бидний сонирхолыг дайн байлдаан руу бус, өөр ард түмэнд ашиг тустай үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл боловсрол, гэгээрэл, ёс суртахуун болон боловсролтой ард түмний ухамсартай үйл ажиллагааг дайн байлдаанаас өөр аргаар хоол хүнсээ олох аргыг төрүүлэн гаргаж ирэхэд чиглүүлнэ. Энэ бүх шалтгаануудын улмаас боловсролтой ард түмнүүдийн хоорондын гэрээ сайтар, бат бэх, ул суурьтай мөрдөгддөг.
Бид нүүдэлчин ард түмнээс үүнийг олж харахгүй байна. Тэдний өмчлөх эрх нь хөдөлдөг. Хувцас, зэвсэг, янз бүрийн үнэт зүйлс, цацар, мал байх ба энэ л тэдний хөрөнгө болж, харин ус, газар нь манайхны агаар мэт нийтийн хэмээн тооцогддог. Тэд амьдралынх нь оршин тогтнох үндэс болсон олон толгой малаа нэг газар хариулж, өвсийг нь идүүлж, өөр тийш нүүнэ. Тэд байнга нүүж байх тул олон малын нөөц өвс тэжээлийг бэлтгэж дийлэхгүй. Тэдэнд дайн байлдааны хувьд хэрэгтэй юм нь адуу мал, малын бэлчээр. Нүүдэлчдэд ихээхэн аюулгүй байхад нь ил цагаан тэгш тал нутаг шаардлагатай болохоор энэ нь морин цэргийн үйл ажиллагаанд ихэд тохиромжтой. Нүүдэлчдийн аж ахуйг мал голлон бүрдүүлдэг болохоор тэдний хэрэгцээ хязгаарлагдмал юм. Эдгээр ард түмнүүдийн голлох язгуур угсаа нь малчид, тэд нэгэн зэрэг цэрэг ч болно. Учир нь тэд байнга нүүдэллэж явдаг, балчир наснаасаа унаа унаж сурдаг, унаа унаад ядардаггүй, адуу, тэмээ болон бусад мал, амьтдын зан, байдлыг сайн мэддэг. Бага наснаасаа гачигдаж, зүдэрч зовон байнга ил задгай газарт байснаар дайн байлдааны бүхий л хүндрэл бэрхшээл, цаг уурын өөрчлөлт, удаан хугацаагаар өлсөх болон бусад бэрхшээлийг даван гарах чадвартай болсон байдаг. Монгол-Татарын эзэмшлийн үед тэдний бүхий л хийдэг ажил нь малаа адгуулж хамгаалах, ан хийх, дайнд явах л байжээ. Тэд хүүхэд ахуйгаасаа харваж сурсан болохоор 12-13 настайгаасаа дайнд мордож, жижиг байлдаанд хэрэглэгддэг байжээ.
Нүүдэлчин ард түмнүүд дайн болсон тохиолдолд өрх бүр нэг морин цэрэг гаргаж чадна. Хэрэв дээрх байдлаар хэд, хэдэн томоохон овог аймаг, гэр бүл бүрээс цэрэг гарган нэгтгэж чадах юм бол асар том хүчийг дайнд бэлтгэн гаргаж болохуйцаар төсөөлөгдөж байна. Үүнээс Дундад Азийн тал нутагт ертөнцийг цаашид эргүүлэх цагаа хүлээсэн ямар аймшигтай их байлдах хүч байж байгааг харж болно. Энэ нь дэлхий ертөнцийг цаашид донсолгох болон шинэчлэхэд бэлтгэгдэж байгаа, биднээс нууцлагдсан тал нутагт хадгалагдаж буй улс төрийн галт уул ч байж болох юм.
Нүүдэлчин ард түмнүүд морин цэрэг голлосон өөрийн цэргийн төрлөөрөө довтолгоон, давшилт хийхэд илүү зохицсон, чадварлаг юм. Тэгээд ч тэдний ахуй нь давшилтын дайнд зохицон шаардаж байдаг юм. Тэдний хөрөнгө, баялаг нь мал бөгөөд ялангуъяа адуу дайн хийх хүч хэрэгсэл болдог учраас, түүнийг нь амархан хөөж болох тул адуу малгүй болсон ард түмэн амьдрах аргагүй, улмаар оршин тогтнож чадахгүй ч болж мэднэ. Ганцхан аз дайрсан хүчтэй цохилт хүчирхэг овог аймгийг ч устгаж болох тул түүнийг суурьшмал ард түмэн шиг хамгаалахгүй. Тэдэнд довтлон ирж байгаа дайсанд саад учруулах газар ч, дараа нь хүчээ сэлбэн сөрөг цохилт хийхээр нуугдаж болох бат бэх цайз хэрэм ч байхгүй. Тэгэхээр нүүдэлчин ард түмэн цэрэг дайны ихээхэн хөдлөх хүч хэрэгсэлтэй, энэ өрөөсгөл шинж чанараараа давшилтын дайнд илүү чадварлаг ч түүний хориглон хамгаалах хүч нэн сул. Энэ нь харуулын сайн алба, жижиг байлдаанд давуу байдалтай, өргөн уудам, усгүй тал нутгийн онцлогт үндэслэгдэж байгаа билээ. Ийм байдлаар Монгол-Татарууд өөрийгөө гэнэтийн довтолгооноос хамгаалахын тулд эргэн тойрондоо улсын гол хэсгүүдээс холдож, хааны өргөөнөөс отрядууд гарган тэндээсээ магнай харуулууд гаргаж байв. Монгол-Татарууд ийм журмаар одоогийн манай цэрэг өвөл дайн хийж, өвлийн байранд байгаа мэт болон магнай харуулуудын гинжээр хүрээлэгдэн дайсны нутаг дэвсгэрт явж байгаатай адил өргөн уудам нутагт нүүдэллэж, сэрэмжлэх арга хэмжээгээ авсаар байв. Батыг Ижил мөрөн хавьд нүүдэллэн явахад магнай харуулууд нь Днепр мөрний эргээр, өөрөөр хэлбэл командын төв байрнаас сарын газарт байрлаж байв. Гэхдээ энэ нь зөвхөн өргөн уудам нутагтай нүүдэлчин улсад л ашигтай байж болох юм.
Иймээс өөр хоорондоо дайсагнасан нүүдэлчин хоёр овог аймаг хөрш байж чадахгүй, тэднийг өргөн уудам говь цөл зааглах ёстой байсныг ойлгоход хялбар юм. Тэрчлэн нүүдэлчин ард түмэн өөрийнхөө оршин тогтнож буй байдлаа хамгаалахын тулд суурьшмал ард түмнийг бодвол ихээхэн өргөн уудам газар нутгийг шаарддаг нь тодорхой. Тийм ард түмэн болон тэдний мал сүргийн нүүдэллэхэд ашигтай шинэ нутаг орныг олж авахыг шаардсан өсөлт, бэхжилт нь зайлшгүй дайнд, бүр аймшигтай нь зөвхөн цэргүүд хоорондын бус, бүхэл бүтэн ард түмнүүд хоорондын дайнд хүргэнэ. Хэрэв үүн дээр зэрлэгүүдийн зөвхөн холдсон удмынхнаас нь цус урсган өшөө авч байж цангаа нь тайлагддаг өш хонзон, харгис хэрцгий ёс суртахуун, тэдний хориглон хамгаалалтын хэрэгсэл муугаас үүсэн гарч ирсэн тэдэнд байдаг үл итгэдэг байдлыг нэмэх юм бол бид тэдний гэрээ, хэлэлцээр хатуу мөрдөгдөж хэрэгжихээргүйг ойлгож болно. Чингис хааны ялаагүй дайсантай, өөрөөр хэлбэл хүчийг нь сулруулаагүй, түүнийг өөрийнхөө хувьд ямар ч аюулгүй болгоогүй дайсантай энхийн гэрээ байгуулахгүй байх хууль журам нь өөрийгөө хамгаалах мэдрэмж, дурдсан шалтгаануудын үр дагавар дээр үндэслэгдсэнийг хялбархан ойлгож болно. Би одоо нүүдэлчин ард түмэн ямар нэгэн нөхцөл байдлын улмаас суурьшмал, боловсролтой хөршүүдээсээ дайнд зайлшгүй хэрэгтэй зэвсэг болох өөрийн цэргийн хэргийн мэдлэгийг зээлдэн авч, дайнч болж, үүний үр дүнд Чингис хаан мэтийн суут хүн гарч ирсэн гэж төсөөлж байна. Хөрш овог аймгууд уугуул овог аймагтайгаа заавал нэгдэж, нэгэн улс болох ёстой, эсвэл мөхөх, эсвэл хэмжээлшгүй хол газар, уулын хавцал, нэвтрэшгүй ой тайга руу зугатан алга болно. Нүүдэлчин ард түмэн эрх чөлөөнд шунахайран дурладаг, онцын шалтгаангүйгээр бусдын эрхшээлд ордоггүй. Башкирууд бидэнд хэд, хэдэн удаагийн харгис хэрцгий шийтгэлийг амсаж, бүх талаараа манай эзэмшлээр хүрээлэгдэж, нүүдэллэж болмоор Киргиз-Кайсакын гайхалтай сайхан бэлчээртэй тал нутаг байвч тэнд дайсагнагч Киргизүүд (Казах) нутаглаж, тэдэнтэй харьцуулшгүй муу бэлчээртэй болсны дараа эрхшээгдсэн билээ. Гэтэл өнгөрсөн зуунд Урал, Ижил хоёрын завсарт нүүдэллэн амьдарч байсан Халимагууд өчүүхэн сэжиг төдий тэднээс “шинээр цэрэг татах нь” гэсэн нэгэн худал цуурхал дэгдсэний улмаас тэдэнд дайсагнагч Киргизүүдийн нутгаар нэвтрэн Хятадын харъяаны өөрийн овог, аймгийн уугуул нутаг руу 3 000 гаруй бээр газрыг туулахаас халшралгүй нүүсэн билээ.
Тэгэхээр нүүдэлчин ард түмний ялагч суурьшмал ард түмнийг бүрмөсөн эрхшээх арга хэрэгсэлгүйгээр гэрээ, хэлэлцээрт итгэж чадахгүй. Түүнд тийм ард түмнийг өөрийнхөө улстай нэгтгэн тэдэнтэй хамт нүүдэллэх, хэрэв овог аймаг хүчирхэг бол түүний ард түмний зэвсэг барих чадалтай нэг хэсгийг устган хүчийг нь сулруулж, тэдний эхнэр, хүүхдүүдийг боолчилж, ерөнхийдөө дайсагнагч овог аймгийнхныг олзлогдогч мэт байлгах ганцхан арга хэрэгсэл л үлдэнэ. Учир нь болохгүй бол энэ овог аймаг алс хол, эсвэл нэвтрэхийн аргагүй газар руу нүүчихнэ.
Гэтэл ялагч нүүдэлчин ард түмний эзлэн түрэмгийлэлт төрөлх нутгаас нь холдож, олон ард түмнийг эрхшээсэн тохиолдолд нүүдэлчин олныг захирч, тэднийг нэгэн жолоонд байлгахын тулд ямар аргуудыг хэрэглэж болох вэ?. Энэхүү муудаж доройтсон улс төрийн цогцосыг бөхөлж бататгахын тулд ямар бэхжүүлэгч зайлшгүй шаардлагатай вэ?.
Чингис хаан болон Төмөрийн нэгэнт хэрэглэсэн зарим нэгэн дүрэм, журмыг түүхэн мэдээллээр шүүн тунгааж болох юм.
1. Эрхшээгдсэн овог аймгийн захирагчидтай гэр бүлийн холбоо тогтооно. Гэхдээ энэ аргыг зөвхөн хоёрдогч зэрэглэлийн арга хэмжээ гэж үзэж болно. Учир нь бид энэ нь манайд байнга энхийг эрхэмлэх болон хөрш улсуудын зөвшилцөл, нэг нь нөгөөдөө захирагдах зэргийн үр хөврөл байж чадаагүйг мэднэ. Нүүдэлчин ард түмэнд олон эхнэртэй байх нь зөвшөөрөгддөг зүйл болохоор хэдийгээр байнга хэрэглэж байсан ч нэг их найдвартай арга хэрэгсэл биш юм.
2. Чингис хааны хуулиар дайн дууссаны дараа цэргүүдийн зэвсгийг хураан авч, агуулахад хадгалах ёстой. Энэ урьдчилан сэргийлэлт нь эрхшээгдсэн ард түмнийг захиргаандаа барьж байх гэсэн арга юм. Үүнийг зөвхөн эзлэгдсэн ард олон ялагч улсын нутагт нүүж ирсэн, эзэлж авсан газар орон нь хэтэрхий хол биш тохиолдолд мөрдөж болдог байв. Учир нь төрөлх нутгаасаа алс хол нүүдэллэх болсон цэргүүд ялангуъяа бүрэн ялагдаагүй ард олны дунд болон хил орчимд зэвсэгтэйгээ байх ёстой нь мэдээж билээ.
3. Ахлагчдын хурал буюу хуралдай. Цэргийн болон овог аймгийн жанжид, мужийн захирагчид чухал үйл хэргийг хэлэлцэж шийдвэрлэх болон хаан нас барсан тохиолдолд түүний залгамжлагчийг сонгох зорилгоор тогтоосон цагт хуралдана. Гэвч эзэлж авсан газар нутаг өргөн уудам болсон тохиолдолд тийм хурлыг тогтмол хийж чадахгүй ба цаашид улс орноо бүрэн бүтэн болгон бататгахад найдвартай холбоо болж чадаагүй юм.
4. Энэ бүдүүлгүүдийн хувьд дайсагнагч овог аймгийг захиргаандаа барьж байх хамгийн найдвартай шилдэг арга хэрэгсэл нь тэдэнд оюун ухаан, эр зоригоороо аюултай санагдсан хэсгийг нь устгаж, үлдсэнийг нь олзны хүмүүс болгож аваад хүүхдүүдийг нь өөрийн улсдаа хүмүүжүүлэх явдал юм. Нийтийг хамарсан аллагаас үлдэж, сайн дураараа хүлцэнгүй захирагдсан ард түмэн, овог аймгийн ахлагчид, жанждыг өмгөөлөлдөө авч, хуралдаа урьж, удирдлагын үйл ажиллагаанд оролцуулж, тэднийг дайлж, бэлэг өгч, харин ард түмэнд нь өмч хөрөнгөө бусад эрхшээгдсэн өөрийн харъяатуудын хэмжээнд захиран зарцуулах эрх олгож, тэдэнтэй хамт нийтийн дайсны эсрэг байлдаж, тэдэнд баяжих хөрөнгө хүртээж, дайны олз хуваахад оролцуулж, өөрөөр хэлбэл Төмөрийн хэлснээр эдгээр ард түмнүүд ерөнхийдөө айдас түгшүүр, итгэл найдвар хоёрын дунд амьдарчээ. Энэ нь тэднийг эрхшээл захиргаандаа барьж байх хамгийн зөв арга хэрэгсэл байсан бололтой. Бат Орос болон Европын бусад улсуудыг эзлэхийн тулд 600 000 орчим цэрэгтэй байсны дотор 4 000 хүрэхгүй Монгол, бүр Чингис хааны үед эзэлж авсан овог аймгуудын 160 000 хүн байжээ. Бусад цэргүүд нь Батын эзэлж, нэг нэгдмэл улс болгосон ард түмнүүдээс бүрдэж байжээ. Гэхдээ энэ нэгдэлт эдгээр ард түмнүүдэд гайхалтай сайхан бэлчээр нутаг олгож, дайнаар дайснаа тонон дээрэмдэж баяжих боломж өгснөөр хэрэгжжээ.
Нүүдэлчин ард түмэн алс хол газрыг эзлэн авч, эзэмшилээ өргөтгөхөд эдгээр бүх арга хэрэгсэлүүд хангалтгүй. Ийм учраас эзэмшилээ хэт их өргөтгөх нь тухайн улсын дотоод байдлыг сулрахад хүргэнэ. Тал нутгийн шинж чанар нь байнгын нягт харилцан ажиллагаагүй, шинэ, ашигтай үржил шимт газар нутагт үндэслэгдсэн эзлэн авалтын цар хэмжээ ихсэхийн хирээр тэдгээрийг олон тусгаар улс болгон хувааж, гол улсын командын байрны хараат байдлаас бага, багаар таслан салгаж, төв засгийн газраас нь холдуулж, өөрөөр хэлбэл өөрийн үндсээсээ салж байна. Цаашдаа тийм улс удалгүй нуран унадаг нь гарцаагүйг түүх харууллаа.
Нүүдэлчин ард олныг айлган сүрдүүлж, тэднийг устгах явдлаар эзлэн түрэмгийллээ бататгаж дадсан Монгол-Татарууд суурьшмал ард түмний дотор өөрийн дүрэм журмыг хэрэгжүүлж чадсан уу?. Тэд суурьшмал амьдралыг жигшин онцгой чухал шаардлагагүй бол хот болон бэхлэлтэд өөрийгөө хорьж суусангүй (Хятадад зөвхөн Чингис хааны тав дахь залгамжлагч, түүний гуч (ач. Орч.) Хубилай гайхалтай сайхан цаг агаарт татагдан өөрийн сууцыг Бээжинд нүүлгэжээ). Тэгээд ч Бат Орос, Польш, Унгарыг бут цохиод хаана нь ч эзлэгдсэн ард олныг захиргаандаа барьж байх гэж өөрийн цэргийг хот дотор нь үлдээж байсангүй. Түүний хувьд эзлэн түрэмгийллээ бататгах хамгийн зөв арга хэрэгсэл нь зэвсэг барьсан оршин суугчдыг устгах, эсвэл олзолж авч явах, нүүдэлчдийн үзэн яддаг хот, цайзуудыг цөлмөн хоосолж нураах, өөрөөр хэлбэл хядлагаас амьд үлдсэн оршин суугчдыг айдаст автуулан боол мэт захирч байх л байжээ.
Цэрэг нь голлон морин цэргээс бүрдсэн Монгол-Татарууд бүслэн байлдах дургүй, үргэлж ил цагаан тал газар байлдахыг чухалчилдаг байв. Тэд “Дайсныг бут цохиход цайзууд нь удахгүй бууж өгөхөөр, бүслэлтийг аюулгүй байдлаа дээд зэргээр ханган амжилттай хийх”-ээр тооцоолдог байжээ. Учир нь олзныхон дотроос гарын уртай ажилчид, мастерууд олдоно. Тэд хотыг олз олох найдлага болгон бүсэлдэг байв. Учир нь дайны үед ард түмэн тийшээ эд баялгаа зөөдөг байлаа.
Монгол-Татарууд нүүдэлчин ард түмэнтэй яг адилхан, гэхдээ хувийн мэт болсон бүгд давхиан дундаа мэргэн харваж чаддаг, аюул тохиолдсон үед тал бүр тийшээ тараад дараа нь болзсон газарт нийлдэг морин цэргээр байлдан аян дайнаа үргэлжлүүлнэ. Чингис хаан ан агналтыг “дайн байлдааны сургууль” гэж нэрлэсэн болохоор тэдний бэлтгэл, сургуулилт болж байв. Тэд ав хомрогоор араатан амьтдыг бүсэлж, буцаж зугатах аргагүй болгож, отолт хийсэн газар руу хөөж оруулахтай яг адилхан дайсан руугаа давуу хүчээр довтлохыг хичээж, дайсны хүчийг хэсэгчлэн тасчин хувааж, бүслэх аргыг хайх стратегийн журмыг баримталж байлаа. Тэд ил задгай тэгшхэн газар тулалдахдаа ялалтандаа итгэлтэй байв. Тэдний тухайн үедээ яагаад бүх тулалдаандаа шийдэмгий байсны нэг шалтгаан нь энэ юм. Тулалдаанд ялагдана гэдэг нь тэр үед бүх цэргээ алдана гэсэн үг байв. Ялагчид ялагдагчдыг алах, олзлогдогч болгох, байлдааны хохирлоо нөхөн өөрийн цэрэгт оруулах сонголтуудыг хийнэ.
Нүүдэлчин овог аймгуудын, ялангуъяа суурьшмал ард түмэнтэй хийх дайны шинж чанар нь дайн хийсэн газрынхаа бэхлэгдсэн хотуудын оршин суугчид болон цэргийн төрөл язгуурынхныг устгах, олзлогдогч болгож авах, дээрэм тонуулаар баяжих, өөрт нь алба хаахыг хүсэгчдийг өөрийн цэрэг болон ард түмнийхээ дотор оруулан байршуулах, эзлэгдсэн үржил шимт газрыг атаршсан тал болгох зэрэг болно. Тэдний стратеги нь отолт, гэнэтийн шаламгай довтолгоон, тойролт, ухрах замыг таслах, дайсны хүчийг хуваах, бут цохих, бүслэх зэргээс бүрдэнэ. Хориглолтын дайнд отолт, ухралт, дайсныг үржил шимгүй, усгүй тал руу дагуулан оруулах, дайсны хүчийг аажмаар сулруулах зэрэг стратеги хэрэглэнэ. Ерөнхийд нь хэлэхэд тэдний гол баттай хамгаалалт нь манай олон хүнтэй армиудын хувьд өөрсдийнх нь туулан гарахад хэцүү тал нутаг юм.

No comments:

Post a Comment