Последний тост
Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.
**************************
Орчуулсан:Т.Аззаяа
Хазайсан оройтой чимээгүй сүм,
Хар хэрээнүүдийн чихарсан хоор дуу,
Галт тэрэгний шүгэлдэх чимээ,
Гяндангаас дөнгөж суллагдсан эр шиг
Газарт ядрангуй зогсох хус мод
Ариун Библийн
Ариун моднуудын хоорондох
Шөнө дундын нууц хурал,
Хэн нэгний зүүднээс сэмхэн гарч ирсэн
Сэлүүрт завьны үзэсгэлэнт сүйрэл...
Өнөд намайг хүссэнээс минь ч удаан амьдруулж чадах
Өнгөрснөөсөө авч үлдсэн үнэт эрдэнэсүүд
Өшөө хорслоор дүүрсэн дурсамжууд минь...
Цагаан нунтгаа талаар нэг тараасан өвөл цагийн
Цантсан манантай ертөнц нь тэнгэрийн хаяанаас ч
Цаашаа үргэлжилж үзэгдэнэ.
Биднийг л явчихвал энд хэн ч, юу ч үлдэхгүй гэж
Би урьд нь итгэдэг байсан юмсан...
Гэтэл тэр цонхны цаана сэлгүүцэнгээ
Нэрийг минь дуудаж буй
Нэгэн хэн болж таарна вэ?
Мөстсөн цонхонд нүүрээ наагаад
Мөчир шиг гараар даллах тэр хэн юм бэ?
Асуултанд минь хариулт өгөх шиг
Наранд цохиулсан
Навсархай хувцас
Толинд хараад бүжиглэж эхлэв.
***********************
No comments:
Post a Comment