Америкийн 9 сарын 11-ны өдрийн хэрэг явдлын үеэр алан
хядагчдын жолоодсон нисэх онгоц дэлхийн худалдааны барилгыг мөргөхөд
нэгэн банкны эзэн Эдвард 56 давхарт нь сууж байжээ.
Хаа сайгүй гал
утаа оргилоод, хаалга цонх дэлбэрэхэд, тэрбээр амьд гарах аргагүй
болсноо ойлгоод, энэхүү үхэл амьдрал шийдэгдэх эгзэгтэй мөчид гар утсаа
гаргаж ирснээ хэн нэгэн рүү залгажээ. Байшингийн дээвэр нуран, хэсэг том
цементэн хавтан түүний толгой дээрээс даран унагав. Түүний ухаан хэсэг
зуур балартаад сэргэсний дараа тэр хоёрдахь удаагаа утсаа залгажээ.
Гэвч харилцагч нь утсаа авахаас өмнө тэр илүү чухал нэг хэргийг санан
гуравдахь удаагаа утсаа залгасан байна. . . . . . . .
Эдвардын шарил
нурангин дороос олдсоны хойно найз нөхөд, садан төрлийнхөн нь хэргийн
газар яаран очицгоолоо. Тэдний дунд хоёр хүн Эдвардын нас барахаас өмнө
залгасан утсыг хүлээн авсан бөгөөд тэдний нэг нь түүний туслах Рональдо,
нөгөө нь хувийн өмгөөлөгч Майкл нар байжээ. Хамгийн харамсалтай нь тэр
хоёрын хэн нь ч Эдвартай харилцаж чадаагүй юм. Тэр хоёр нягтлан үзвээс
Эдвард өөр нэгэн хүн рүү залгаж амжсан болохыг олж мэдэв. Тэр хэн рүү
залгаж, юу ярьсан байж болох вэ?
Тэр хүн нь Сан Франциско хотноо байдаг
Эдвардын суунги хөгшин эх нь байж таарав.
Тэр оройдоо өмгөөлөгч
Майкл Сан Франциско хот руу нисэн очоод хайртай хүүгээ харамсалтайгаар
алдсан хөөрхий хөгшин эх лүгээ уулзжээ. Ээж нь нулимс дуслуулангаа
“Эдвард үнэхээр хамгийн сүүлд над руу залгасан” гэжээ.
Майкл
өмгөөлөгч их л албархуу байдалтайгаар “Өршөөгөөрэй хатагтай! Таны хүү
утсаар юу ярьсан нь түүний асар их өв хөрөнгө хэнд өвлөгдөх асуудалтай
холбогдож мэдэх тул би түүний юу ярьсан тухай мэдэх эрхтэй гэж бодож
байна. Яагаад гэвэл тэр амьд сэрүүндээ энэ талын гэрээслэл бичиж
үлдээгээгүй юм л даа!” гэжээ.
Харин Эдвардын хөгшин эх толгой
сэгсрээд өгүүлрүүн: “Ноёнтоон! Хүү маань өөд болохдоо үлдэж буй өв
хөрөнгөндөө өчүүхэн төдий ч сэтгэл хоргодоогүй юм шүү! Харин тэр надад
ганцхан л үг хэлсэн. . . . . .” гэжээ.
Майкл өмгөөлөгч түүнийг дуулаад нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр харуусал шаналалд автсан хөөрхий эхээс холдон оджээ.
Удалгүй америкийн нэгэн том сонины тэргүүн нүүрэнд 9 сарын 11-ний хэрэг
явдлын үеэр америкийн нэгэн иргэний хамгийн сүүлд хэлсэн үг болох «Ээж
ээ! Би тандаа хайртай шүү!» хэмээх үгийг гарчгаа болгон нийтлэж билээ.
Хүн үхэлтэй тулгарах мөчид ажил хэрэг, эд хөрөнгийг орхиж болно. Харин
гагцхүү ээжийгээ гэсэн нандин хайрыг яахин умартаж болох билээ?
Бид
хөөрхий ээжийнхээ хоёр санчиг нь бууралтсан алжаангуй төрхийг харах
бүртээ сэтгэл маань сэмрэх мэт сэмээрхэн огшдог атлаа тэр болгон «Ээж
ээ! Би тандаа хайртай шүү!» гээд хэлчихдэг бил үү? Харин Эдвардын хувьд
эцсийн мөчид ээжийгээ гэсэн хайрыг тэрхүү ганц л өгүүлбэрт шингээж
чадсан нь түүнийг дахин амилуулж, мөнхжүүлж чадсан ажгуу.
Хүмүүний
хүрэн зүрхийг хөвсөлзүүлэн чадагч нь сэтгэлээс өөр юусан билээ? Гагцхүү
сэтгэлийн гүнээс ундран гарсан үнэн сэтгэл, чин сэтгэл л сэтгэлийн
чавхдсыг хөглөн, уярлын аялгууг үүсгээд уушиг зүрхийг ч уясаан чаддаг
ажгуу.
No comments:
Post a Comment