Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Өвдтөл минь, цус шүүртэл минь шимэн үнсээч!
Цэвдэг хүйтэн чин зориг
Цусны халуун боргионд байхгүй ээ.
Халамцан хөгжилдөх олны ширээн дээр
Хажуулдан унасан аяга чи биднийх биш ээ.
Хорвоо дээр ганцхан удаа амьд явдгийг
Хонгор чи минь марталгүй санаж яв аа!
Ухаан ороод эргэн тойрноо нэг харчих.
Униар буданг нэвт шувт дахин харчих.
Саран цагаан авгай шиг шар хэрээ
Чанх дээгүүр минь эргэлдээд л байна уу даа.
Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Эрлэгийн элч дуугий минь дуулчихсаан.
Тэнгэрт байдаг тэр бурхан аль хэдийн
Төгсгөлийг минь зөгнөөд л байгаа юм уу даа.
Гандах л тавилантай эрч хүч юм чинь
Гарцаагүй л үхэхээс хойш айхын хэрэг юун.
Халуун зүрх минь зогсох цагийг хүртэл
Хонгор чинийхээ л уруулыг озмоор байна аа.
Хэн нэгнээс зовох ч үгүй, нуух ч үгүй
Хөх үдшээр халамцуухан зүүрмэглэж,
Моносны мөчрийн ялдамхан сэржигнээг даран
“Мойлхон минь, би чинийх шүү!”гэхийг сонсмоор байна аа.
Сархад мэлтэлзэх аяганы цагаан хөөсний
Сагасан туяа дандаа гэрэлтэж байг ээ.
Дуулаад бай, уугаад бай хонгорхон янаг минь
Дуулим хорвоод ганц л удаа амьд явна шүү дээ.
No comments:
Post a Comment