Би хэн ч биш, харин чи хэн бэ?
Чи бас хэн ч биш гэж үү?
Хөөе, тэгвэл бид чинь адилхан байх нь. Чишш!
Хүмүүс дуулчихвал биднийг ад үзнэ шүү
Хэн нэгэн байх ямар гунигтай вэ
Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь
Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах
Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ!
,,,,,
Гоо сайхны төлөө би үхлээ
Тоо ёсоор шарилыг минь булж гүйцүүт
Жирийн үнэний төлөө амь үрэгдсэн нэгэн
Зэргэлдээх нүхэнд хэвтэж буйг мэдэрлээ
Амьдралаа юуны тулд үрснийг минь
Аяархан асуув, тэр. “Гоо сайхны тулд”
Харин өнөөх маань “Би бол үнэний төлөө.
Хаашдаа эд чинь нэг л юм даа, дүү минь” гэв
Хагд өвс уруул дээгүүр саглайж
Хааш яаш сийлсэн нэрсийг маань баллах хүртэл
Авсныхаа чөлөөнд бид өнө хождыш хүүрнэн
Аргагүй төрөл садан шиг гүн шөнийг угтав
ГЭЭГДСЭН ЭРДЭНЭ
Үнэт чулуу гартаа бариад
Үүрэглэж сууснаа бүүр түүр санаж байна
Цангам халуун өдөр байсан, салхи тогтуун
“Цаг нь болохоор…” гэж би өөртөө хэлсэн.
Давхийн сэртэл эрдэнэ минь алга
Даанч гэмгүй хуруудаа би үэмлэж хазлаа
Үймэрч бухимдсан сэтгэлд минь гагц
Үнэт эрдэнийн дурсамж л хоцорлоо.
САЛХИНЫ АЙЛЧЛАЛ
Ядуу эр шиг, бас тэнгэрийн элч шиг
Яаруу салхи хаалга тогшлоо. “Ор, ор”
Ингэж намайг хэлмэгц оромжинд минь
Этгээд түргэн, хөлгүй зочин орж ирлээ
Хэнэгч үгүй би салхинаас ийн асуулаа
Хэн чамд сандал авч өгөх вэ?
Хий хоосон агаарт гараараа ямар
Хэвтэх буйдан засалтай биш дээ
Гийчинд маань бие гэх юм алга
Гэнэтийн яриа нь эгээ л
Онцгой бутнаас нэгэн зэрэг дэрхийх
Олон соно бялзуухайг санагдуулна
Түүний царай тэнгисийн давалгаархуу
Түр зуур тэр давалгаа намжихад
Шилэн аяганд хүүгэж хөглөгдсөн гэмээр
Шингэн аялгуу хуруу гараас нь цацарна
Бүдчин буцахдаа тэр сэм аяархан
Бүрэг ичимхий хүн шиг цонх тогшлоо
Тэр тогшилтоос түгшүүр шаналал сонстлоо
Тэгээд …би гав ганцаар хоцорлоо
МАРТАГДСАН ШАРИЛ
Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлангуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж биүү хөглөрч
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.
***
Хангайн уулсыг би хараагүй
Далай тэнгисийг үзээгүй
Хагд, арц гэвч яаж харагдахыг
Давалгаа ямар байдгийг би мэднэ
Бурхантай би үг солиогүй
Тэнгэрт очиж байгаагүй
Хувь заяагаар гэхдээ хэлүүлсэн мэт
Хүрэх цэгээ би мэднэ
***
Ганц ч атугай зүрхний
Шаналанг зогсоож чадвал
Амьдрал минь утгатай болно
Ганц ч атугай оршихуйн
Зовиурыг эдгээж чадвал
Зовлонг намдааж чадвал
Ганц ч атугай жигүүртэн
Үүрээ олоход туславал
Амьдрал минь утгатай болно.
***
Би ойлгодог:
Орчлон давчууг,
Зовлонгийн туйлыг,
Олны тарчлалыг …
Гээд яах вэ?
\Би ойлгодог:
Бүгд л үхэхийг,
Амьдралын сайхан
Арван жил ч хүрэхгүйг …
Гээд яах вэ?
Би ойлгодог:
Энэ бүхэн тэнгэрт
Эцэстээ ялгаагүйг,
Шинэ төөрөгдөл үүсэхийг …
Гээд яах вэ?
No comments:
Post a Comment