Хуудас

Search This Blog

Tuesday, October 3, 2017

Монголчуудын ялагдашгүй байсны үндэс

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын даргын орлогч, оператив тасгийн дарга, хошууч Б.БАТТҮВШИН
 
Монголчууд эрт дээр үеэс туурга тусгаар төр улсаа байгуулж, эр цэргээ бэхжүулж, газар нутаг, үндэс угсаагаа батлан хамгаалж, тусгаар байдлаа хадгалан гадаадын болзошгүй түрэмгийлэл, дотоодын самуун, хулгай дээрмээс газар нутгийн бүрэн бүтэн байдал, мал сүрэг, эд баялаг, хүн ардын амгалан тайван байдлыг нийт ард түмнийхээ оролцоо дэмжлэгтэй хамгаалж ирсэн түүхтэй. Энэхүү хамгаалалтыг орон нутгийн хамгаалалт хэмээн өнөөгийн ойлголтод дүйцүүлэн авч үзэх бүрэн боломжтой юм. Энэ талаар түүхчлэн товч судалж үзвэл:
 
Эртний Монгол:
 
Өдгөөгөөс хоёр мянга гаруй жилийн тэртээ Монголын анхны төр улс Хүннү гүрэн (НТӨ III-НТ I зуун) байгуулагдсанаас өнөөг хүртэлх манай ард түмний түүх бол гал голомт, газар шороогоо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, туурга тусгаар Монгол Улсаа төвхнүүлэхийн төлөөх тэмцлийн түүх байсан юм.
 
Модун Шаньюй НТӨ 209 онд төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдэллэн амьдарч байсан овог, угсаатныг нэгтгэн Хүннү гүрнийг байгуулснаар улс орон, газар нутгаа зүүн, баруун, төвийн түмэн болгон хувааж, түмтүүд нь дотроо мянгат, зуут, аравтад хуваагдах бөгөөд Шаньюй өөрөө түмтийн даргыг томилж, түмтийн дарга нар нь удаах албан тушаалтнуудаа томилж байжээ. Эдгээр нь зөвхөн “засаг захиргааны төдийгүй цэргийн зохион байгуулалтын нэгж болж” байжээ. Чухам энэ нэгдмэл тогтолцоо нь монголчууд төр улсынхаа тусгаар тогтнол,газар шороогоо бат тогтвортой хамгаалан авч үлдэх нэг үндэс байв.
Түүхийн сурвалж мэдээнээс үзэхэд “Хүннүгийн таван хүний нэг нь цэрэг байсан төдийгүй дайн байлдаанд явахдаа ачаа, хогшил зэргээ харуулахаар эхнэр, хүүхдээсээ авч явдаг байсан бөгөөд үүнийгээ “Гэр цэрэг” гэж нэрлэдэг” байжээ. Аян дайнд хүүхдүүдээсээ авч явдаг байсан нь тодорхой хугацааны дараа цэргийг нөхөн хангах бэлтгэгдсэн нөөц болдог байсан гэж үзэх үндэстэй юм.Улс оронд аюул тохиолдвол ард иргэд бүгд цэрэг болдог байсан ба сайд, түшмэл, вангууд өөрийн хувийн цэрэгтэй байсны зэрэгцээ гадагш дайнд оролцдоггүй, зөвхөн орон нутгаа хамгаалдаг тусгай цэрэгтэй ч байв.Их Монгол Улсын цэрэг: Монголчуудын цэргийн арга ухааны түүхэн хөгжлийн оргил үе нь Чингис хааны байгуулсан нэгдсэн төр Их Монгол Улсын үед зүй ёсоор хамаарна. Чингис хаанд өргөмжлөгдөөд нэн түрүүнд монголын хүн амыг аравтын системээр хуваарилж, айл өрхүүдийг аравт, зуут, мянгат, түмтийн цэрэг захиргааны тогтолцоонд шилжүүлж,байлдааны цагийн хатуу чанд дэг журам тогтоон зөвхөн хишиггэн төдийгүй шууд бус захиргааны цэргүүдийг өөрийн шууд удирдлагад оруулах, цэргийн нэгдмэл захиргааны ёсыг бүрэн агуулгаар нь тогтоох нөхцөлийг бүрдүүлж монгол цэргийн байгуулалтын түүхэнд эрс шинэчлэлийг бий болгожээ. Ийнхүү цэрэг захиргааны шинэ тогтолцоонд шилжсэн “Их Монгол Улс бэлтгэл сургууль сайтай гадаад 95 мянга, дотоод 10 мянга нийт 10,5 түмэн цэрэгтэй болсон” юм. Өдгөө цагийн цэргийн тасаг, салаа, суман, анги, нэгтгэл хэмээх нэгжүүд ч эртний Монголын цэргийн аравт, зуут, мянга түмтийн суутгал хэлбэрүүд гэж үзэх үндэслэлтэй. Чингис хаан төв Азийн овог, аймгуудын эрхэмлэж ирсэн цэргийн арга ухааныг монголчуудын аж төрөл, сэтгэл зүйтэй ухаалгаар уялдуулж төр, цэрэг, аж ахуйн байгуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгож чадсан нь түүний ялагдашгүй байхын эх сурвалж болжээ. Энэ нь цаад утгаараа өдгөө цагт өргөн хэлэлцэж байгаа орон нутгийн хамгаалалтын үндэс байжээ гэж үзэж болно.
 
Манжийн эзэнт гүрний харьяанд байсан үеийн орон нутгийн цэрэг: Манж Чин улсын эрхшээлд байсан 200 гаруй жилийн түүх бол Монголчуудын хувьд хамгийн эмгэнэлтэй ээдрээтэй үе байсан. Манжийн эзэн хаан Монголын нутаг дэвсгэрийг олон хошуу, сумдад жижиглэн хуваажээ. Манж чин улсын засаг захиргаа ноёд, тайж нарын хамжлагаас бусад 18-60 насны эрчүүдийг 150 цэрэг гаргах үүрэгтэй “сум” хэмээх зохион байгуулалтад оруулж, цэрэг, цэрэгжүүлсэн байгууллагын үүргийг гүйцэтгүүлэх болжээ. Суманд 150 цэрэг / өрх/ хамрагдахаар гурван ээлжээр үүрэг гүйцэтгэнэ. 50 нум сум бүхий ээлж, хүн бүр жад, сэлэмтэй, буугаар зэвсэглэсэн бас нэг ээлж байв. Тэдний 50 нь тайван цагт, 50 нь байлдааны цагт, 50 нь гэр орондоо байж буу, зэвсэг хувцас, эд хэрэглэл, агт уналга бэлтгэх зориулалттай аж.Манж чин улс Монголчуудыг өөрийн эрхшээлд 200 гаруй жил дарлахдаа манж нар засаг захиргаа, цэргийн зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр өрхийн ба нутгийн цэргийн уламжлалт тогтолцоог алдагдуулсан юм.Үүнээс үзвэл Манж Чин Улс гүрний үеийн Монголын цэрэг нь эзэнт гүрний гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дайн байлдаанд дайчлагдан оролцох, өөрийн эзэмшил дэвсгэр нутаг, хил хязгаар, хот суурин, дархан цаазат газрыг хамгаалах, өртөөний нүсэр албыг залгуулах зэргээр нутгийн цэргийн үүргийг 200 гаруй жилийн туршид гүйцэтгэж ирсэн байна. Энэ үүргийг аймаг, хошууны дотор ба ойр өөр аймаг, хошууны нутагг гэсэн хуваариар биелүүлж байсан байна.
 
Богд Хаант Монгол Улсын цэрэг: Улс орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалахын тулд үндэсний цэргийг байгуулж, бэхжүүлэх явдал шинээр байгуулагдсан төрийн нэн чухал зорилт болж байсан юм. Түүхийн эх сурвалжаас харвал “Монголын цэрэг нь төвийн буюу Нийслэл Хүрээг сахин хамгаалах цэрэг, хил хязгаарт суулгасан цэрэг, орон нутагт бэлтгэсэн цэргээс бүрдэж байв” хэмээн тэмдэглэсэн байна.Орон нутгийн цэрэг. Энэ төрлийн цэрэгт хил хязгаарт суулгасан цэрэг, орон нутагт буюу хошуудад бэлтгэсэн цэрэг багтаж байжээ. Эдгээр нь хязгаарын сайд, аймгийн жанжны газарт шууд захирагдаж байсан юм.Түүхийн эх сурвалжуудаас харвал “Хошуудын цэрэг нь нэгд, дайчлан татахад бэлэн байх, хоёрт, орон нутаг, зах хязгаараа сахин хамгаалах, гуравт, цэргийн сургууль үйлдэх, дөрөвт, байлдах дадал чадвар эзэмшсэн байх, тавд, уналга, хүнс зэрэг хэрэглэлийг бэлтгэн бэлэн байх үүрэгтэй байжээ” гэж тэмдэглэсэн байна.Хошууд нь шаардлагатай үед сургаж бэлдсэн цэргээ дайчлан татаж, орон нутгаа хамгаалах үүргийг мөн хүлээж байсан билээ. Ялангуяа, хошуудын нутагт гэнэтийн дээрэм тонуул гарах, харийн түрэмгийлэгчид халдан ирсэн яаралтай цагт хошуудын удирдлага юуны урьд өөрийн хошууны цэргийг дайчлан татаж, хошуу нутгаа хамгаалахаас өөр аргагүй байсан юм. Ийнхүү хошуу, сум буюу орон нутаг нь Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн сургалт бэлтгэл, хүн хүч, ар тал, ахуй хангалтын үндэс болж байсан билээ. Энэ бол өнөөгийн ойлголтоор “орон нутгийн хамгаалалт”-ын арга, зарчим болж байсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.
 
Монгол Улсын 1921 оноос хойшхи үеийн нутгийн цэрэг:  Төр засгаас шинээр байгуулах зэвсэгт хүчний зохион байгуулалтыг боловсруулах комиссыг Ерөнхий сайд Д.Бодоогоор ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссын боловсруулсан цэрэг байгуулах төлөвлөгөөг 1921 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар баталснаар МАХЦ нь дайчлан татсан төвийн цэрэг, нутгийн цэргээс бүрдэх болжээ. Хурлын шийдвэрээр “Нутгийн цэрэг нь аймгийн Жанжны газар, хошуудын цэргээс бүрдэх бөгөөд эдгээр таван аймгийн чуулганы цэргийн жанжны газар тус бүр 120 хүнтэй морьт суман, нийт 600 хүнтэй, хошууны цэрэг нь тухайн хошууны хүн амын тооноос шалтгаалан морьт салаа буюу тасагтай байх...” тогтжээ.Судалгаанаас харахад 1921 онд Халхын таван аймагт 106 хошуутай байсныг тооцон үзвэл “...15-30 хүнтэй тасаг, салаа гэж үзвэл хошуудын нийт цэрэг 1500 орчим, аймаг, хошуудын нутгийн цэрэг 2000 гаруй, төвийн цэрэг 6-7 мянга, нийт цэрэг 8-10 мянган хүнтэй байхаар...” тооцжээ.Улсыг батлан хамгаалах хэрэгт олон нийтийг оролцуулах талаар ард олныг цэргийн анхны мэдлэг олгож нам, эвлэлийн гишүүд 18-30 насны, нам бус нь 18-22 насны хүмүүсийг хамруулан зуны улиралд нутгийн түр сургууль хийж эхэлсэн ба энэ нь зардал мөнгө их шаардах учир орон нутагт нь буюу анх 1926 онд Хан хэнтий аймгийн нутгийн цэргийн дивизионыг туршилтын журмаар байгуулан сургах ажиллагаа амжилттай болсон учир орон нутгийн цэргийг байгуулж бүх нутгийг хамарсан сургалт явуулдаг болсон байна. 1930-аад оны эхээр гэхэд аймаг бүхэнд нутгийн цэргийн ангиуд байгуулагдаж, бүх нутгийг хамарсан цэргийн сургалт явуулдаг болсон байна. Нутгийн цэрэг нь хороо, дивизион, сумангийн бүтэц, зохион байгуулалттайн дээр байнгын болон түр бүрэлдэхүүнээс бүрдэж байв. Ийнхүү орон нутгийн хамгаалалтын тогтолцооны нэг хэлбэр бий болж, үйл ажиллагаа явуулж байжээ.Хүн амын цэргийн бэлтгэлийн тогтолцоо бүрэн хэмжээгээр бүрэлдэн төлөвшихөд “...1944 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолоор батлагдсан “Ард нийтээс цэргийн алба хаах үүргийн тухай хууль” шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ба үүгээр хүн амыг цэргийн хэрэгт сургах тогтолцоог бүрэн бүрэлдэхүүнээр нь анх удаа хуульчлан тогтоосон ба нутгийн ангиуд /бэлтгэл/-ын бүтэц 1945 он дуустал ийм байв” гэж тэмдэглэжээ. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдпыг хамгаалж ирсэн өөрийн өвөрмөц арга тогтолцоотой байсан бөгөөд орон нутгийн өөрөө удирдах ёсны онцлогт нийцүүлэн арга хэлбэрийг цаг үеийн байдлаас шалтгаалан сонгож байсан нь орон нутгийн зарчимд тулгуурласан батлан хамгаалах тогтолцооны монгол хувилбар байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Дүгнэлт
 
Монголчуудын цэргээ засаж ирсэн түүхэн уламжлалыг судлан шинжлэхэд газар нутаг, аж ахуй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрэлдүүлж байсан цэргийн байгуулалт нь байнгын болон нутгийн (өрхийн, нутгийн, орон нутгийн) цэргийн холимог тогтолцоотой явж иржээ гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа бөгөөд энэ тогтолцоо нь түүхийн хөгжлийн янз бүрийн шатанд агуулга, бүтэц, зохион байгуулалт, сургаж бэлтгэдэг аргаараа өөр өөр байсан байна.Монгол үндэстний төр улсаа мандуулж ирсэн 2000 гаруй жилийн түүхээс харахад эх нутаг, газар шороогоо харийн дайснаас хамгаалан туурга тусгаар улсаа төвхнүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөө монгол түмний хийсэн үе үеийн тэмцэл нь төр засгийн байнгын оновчтой бодлого, зөв зохион байгуулалтын үндсэн дээр тулгуурлан явагдаж ирсэн түүхэн уламжлалтай салшгүй холбоотой бөгөөд түүний үндэс нь нүүдлийн сонгомол аж ахуйд суурилсан төр, цэрэг, аж ахуйн нэгдмэл тогтолцоонд оршиж байсан нь цаад утгаараа орон нутгийн хамгаалалтын үндэс байжээ. Орон нутгийн хамгаалалт нь өдгөө шинээр гарч ирсэн ойлголт бус, харин монголчуудын цэргийн эрдэм ухааны нэгэн хэсэг, улс орны тусгаар тоггнол, хил хязгаарын дархан байдлыг батлан хамгаалах үйл ажиллагааных нь салшгүй бүрэлдэхүүн байсаар ирснийг өмнөх түүх гэрчилж байна. Монгол улс төр, цэрэг, аж ахуйн байгуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгосон үедээ хүчирхэг улс гүрнийг байгуулж, эвдэрч задарсан үедээ бусдын эрхшээлд орж байжээ. Үүнд Чингис хааны байгуулсан нэгдсэн төр, Их Монгол Улсын үеийг хамааруулж, чухам үүнийгээ алдсан үедээ хүч чадал нь сулран доройтож, задран бутарч, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдсанаар үл барам харийн түрэмгийлэгчдийн эрхшээлд орсон үе болох Манж Чин улсын эрхшээлд байсан 200 гаруй жилийн түүхийг хамааруулж, эсвэл бусдын дэмжлэг, цэрэг улс төрийн холбоод найдан тэдний бодлогыг дагаж ирсэн үеийг буюу Олноо өргөгдсөн Монгол Улс, БНМАУ-ын түүхэнд хамаарах үеийг тус тус судлан үзэхэд тодорхой харагдаж байна. Иймд Монгол Улсын батлан хамгаалах орон нутгийн хамгаалалтыг бүрдүүлэхдээ үндэснийхээ төр, цэргийн түүх, уламжлал, дэлхийн улс гүрнүүдийн туршлага, сүүлийн үеийн орон нутгийн чанартай дайн мөргөлдөөний сургамжийг судалж, өөрийн орны онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх нь зүйтэй юм. Монгол Улс шинэ үндсэн хуулиндаа “өөрийгөө хамгаалах зарчим”-ыг тунхаглаж, батлан хамгаалах бодлогодоо “орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ" гэж тодорхойлсноор орон нутгийн хамгаалалтын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага гарч байгаа юм.Энэ сонголт манай орны хувьд тун оновчтой сонголт байсан ба энэхүү сонголтыг хүлээн зөвшөөрч, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх үйлсэд шуурхайлан орох цаг нэгэнт болсон гэж үзэж байна.
 

No comments:

Post a Comment