Хуудас

Search This Blog

Wednesday, October 4, 2017

Сайхан-овоо сум

Сайхан-Овоо сум нь 405478,0 га нутаг дэвсгэртэй, нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа хамгийн алслагдсан сум юм.
Тус сум нь Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.

Сайхан овоо сум нь 2014 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 642 өрх 2219 хүн амтай үүнээс 0-18 насны хүүхэд 25%, хөдөлмөрийн насны иргэд 18 аас - эрэгтэй 60, эмэгтэй 55 хүртэл 67%, тэтгэвэрийн насны өндөр настнуууд 7% ийг эзэлж байна. Тус сум нь хүн амын тоогоороо аймагтаа эхний тавд багтдаг.
Нийт 321 мал бүхий өрхөөс 321 малчин өрхөд 110306 мянган толгой мал тоологдсоноос тэмээ 1025 толгой, адуу 4644 толгой, үхэр 1470 толгой, хонь 45591 толгой, ямаа 57576 толгой мал, тоологдсон.
Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Ахар уул ДТ дээш 1696 м, Цогт уул ДТ дээш 1455 м, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай.
Сайхан-овоо, Төгрөг хайрхан, Замбага хайрхан, Ламын Хонгор, Бадрах овоо, Баян өндөр, Ахрын Гүнд, Нарт хайрхан, Цагаан овоо, Голын Мандал хайрхан зэрэг нутгийн зон олон эрт дээр үеэсээ хүндэтгэн дээдэлж, сүслэн залбирч, өнөө ирээдүйгээ даатган эрийн гурван наадам хийж, идээ шүүсээрээ мялаан тахиж ирсэн тахилгат хайрхануудтай.
Ташаа, Домбон, Зараа, Зүүн, Баруун зодох, Дэлгэрэх, Төхөмийн говиуд, Замбагын булаг, Жарантайн булаг, Дэлгэрэхийн булаг, Ар булаг, Цорж, Хөөврийн булаг зэрэг булаг шанд, мөн Хийдийн Рашаан, Хулгайчийн шанд зэрэг эдгээн тэтгэх эрдэм бүхий рашаан устай.
Бяруутын давс, Хонгорын элс, Баян хошууны хужир, Чихэр өвс, Төгрөгийн Гоёо, говийн Хармаг, Цогт ууланд ургадаг эмийн ургамалууд зэрэг хөрсөн дээрх байгалын баялагтай. Алт, Чулуун нүүрс зэрэг хөрсөн доорх баялаг, Мана, Гартаам, Болор, Чүнчигноров, Утаат болор зэрэг үнэт болон эрднийн чулуугаар баялаг.
Янгир, чоно, үнэг, хярс, мануул, дорго, бор туулай зэрэг ан амьтад, үмхий хүрэн, бозлог, алагдаахай, атигдаахай өөхөн сүүлт, шар сүүлт зэрэг мэрэгч амьтадтай.
Мөн аргаль, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтад нүүдэллэн орж ирдэг.
Ёл, тас, бүргэд, сар, шонхор, харцага, хэрээ, турлиах, ногтруу, өвөөлж, хараацай, ураацай, ятуу, тагтаа, бор шувуу, цөцгий, хулан жороо, шар шувуу, ууль зэрэг байнга амьдардаг жигүүртнүүдээс гадна, хун, бор галуу, ангир, тогоруу, цахлай, зэрэг нүүдлийн шувуудтай.
Хайлаас, монгол бүйлс, сухай, харгана, бут зэрэг мод болон модлог ургамалууд, таана, хөмөл, үхэр шүлхий, агь, ганга, бударгана, дэрс, цахилдаг, хялгана, монгол өвс, хонин шарилж, суль, ширэг, баглуур, шаваг зэрэг бэлчээрийн ургамалуудаас гадна лантанз, таван салаа, морин шарилж, цулхир, чихэр өвс, халгай, зээргэнэ, бажууна, цулбуур цахилдаг, гоёо, тэмээн хөх, ортууз, багваахай зэрэг эмийн ургамал ургадаг. Мөн бургас, улиас, жигд, шар хуайс, чацаргана, зэрэг мод сөөг болон бүх төрлийн хүнсний ногоог Онги голын дагуу тариалж байна.
Цогт уулан дахь Баян өндөрийн хадны сүг зургууд, мөн ууланд орших Ноён хүрэнгийн агуй, Долоон хайлаастын ам, Сэнжит хад, Харганы шугуй зэрэг байгалын өвөрмөц тогтоц бүхий газар, Онгийн гурван хийдийн туурь, Шаазант хотын туурь, Зараагийн буган чулуу, Төгрөгийн хөшөөт зооны хиргэсүүр, Замбага хайрханы булш зэрэг өнө эртний түүх соёлын ховор дурсгалуудтай.
Одоо суманд Төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой төсвийн 6 байгууллага, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуй нэгж, малчдын болон үйлдвэр үйлчилгээний 5 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдийн засгийн гол үндэс суурь нь мал аж ахуй бөгөөд, Монголын аялал жуулчлалын голлох чиглэлийн босоо тэнхлэгийн зам дагуу байрладаг давуу талаа ашиглан аялал жуулчлал хөгжих, түүнийг дагалдан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн борлуулж иргэд ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн Онги голын дагуу чацаргана, төмс хүнсний ногоо тариалж, өөрсдийн хэрэгцээний багагүй хувийг хангадаг.
Сумынхаа түүхэн амжилтуудаас дурдвал: Сайхан-Овоо сум нь 1963-1973 оны хооронд 10 жил дараалан мал сүргээ 5-н төрөл дээр нь тогтмол өсгөсөн амжилт нь тухай үедээ ховор амжилт байжээ.
Мөн 1943 онд БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлөөс Баруун дээд талдаа цалин цагаан мөнгөөр товойлгож хийсэн “Мөнгөн сүлд” бүхий хүндэт үнэмлэх, 1963 онд тэмээ өсгөсөн амжилтаар “Мөнгөн товхтой зандан буйл”аар, 1975 онд тэргүүний соёлжилттой сумаар шалгарч Диплом, дөрвөн мянган төгрөгөөр, Октябрын хувьсгалын 60 жилийн ой буюу, 1977 онд тэр үеийн дөрвөн том байгууллага гэгддэг НТХ, СНЗ, МҮЭТЗ, МЗЭТЗ зэрэгээс диплом, 1987, 1988 онд үйлдвэрлэлийн даалгаварыг давуулан биелүүлсэн, Түүхий эдийн чанарыг сайжруулсан тул СНЗ эргэдэх УСтандартын Хорооны алтан медалууд зэрэг төр засгийн хүндтэй шагналуудаар шагнагдаж байжээ.

No comments:

Post a Comment