Хуудас

Search This Blog

Saturday, September 10, 2016

МАНЖУУДЫН МӨХСӨН ТҮҮХ

Д.Болдбаатар /хятад хэлний орчуулагч/
Миний санахад 15-17 дугаар зууны эхэн хагас хүртэл Монгол угсаатны чамгүй хүчирхэг үе байсан санагддаг. Та бүхэн дорх газрын зурагнаас тухайн үеийн Мин улс ямар бага газар нутагтай байсныг харж байна уу? Зүүн хойд хэсгээр орших зөрчдүүдийг эс тооцвол одоогийн Шинжаан, Сибирь тэр чигээрээ Монгол угсаатны эзэмшилд байсны зэрэгцээ Гүүш хааны угсааныхан Төвдийг бүрэн эрхшээлдээ оруулж, Доголон Төмөрийн угсааны Могулчууд Энэтхэг, Афганистаныг ид эзлэн захирч байсан үе билээ. Харамсалтай нь тухайн үед Чингис Богд шиг цолгорсон удирдагч төрөн гараагүйг яалтай билээ.
Манжууд Нурхач баатрынхаа тугийн дор нэгдэн нягтрахад хүн ам нь дөнгөж долоон зуун мянга хүрэхтэй үгүйтэй байсан гэдэг. Зарим Хятад судлаач бүр 300 мянга орчим хүн байсан ч гэж үздэг юм билээ? Харин тухайн үед цагаан хэрмээс хойш нутаглаж байсан Монголчууд 12 сая орчим хүн байсан гэхээр хүчний харьцааны хувьд Манжуудад ааглуулахаар байгаагүй нь лавтай.
Харин Манж нар өөрсдөө нэгдэн нягтарч Монголчууд цацсан элс шиг тархай бутархай байгаа нь өөрсдийнх нь хувьд хожоотой давуу тал болохыг гярхай ажиглан харжээ. Ямар сайндаа Нурхач баатар нь: «Монголчууд эрчилсэн дээс мэт нэгдмэл хүчтэй болсон цагт тэднийг дийлнэ хэмээн саналтгүй. Гагцхүү тэднийг элсэн ширхэг лүгээ адил тархай бутархай байлгаж чадсан цагт л сая дийлж болмуй.» хэмээн хэлж байх билээ дээ. Энэ төрийн бодлогоо үр ашигтай хэрэгжүүлэхийн Манжийн эрх баригчид нангиадын эртний «Гурван улсын үлгэр» сонгодог романыг яаралтай орчуулуулж хааны угсааны агь ноёдод зааж сургасан нь санамсаргүй хэрэг биш байж таарна. Түүний зэрэгцээ Монголчуудын бичиг соёлоос идэвхитэй суралцаж байсан нь санамсаргүй хэрэг биш.
Тэд нар Монголын хувьд эхлээд Өвөрмонголын том ноёдуудыг өөртөө эд ашгаар татаад, тэдний хүчинд дулдуйдан дээрх арга бодлогоо Халхын ноёдод идэвхитэй хэрэглэж байжээ. Дараа нь Өвөрмонгол, Халхчууд гол цөм нь болсон цэргийн хүчээр өөрсдийн хамгийн том, аюултай өрсөлдөгч болсон Зүүн Гарын хаант улсыг аймаглан устгасныг ч одоо бид мэддэг болжээ.
Манжийн түрүү үеийн хаад уугуул нутаг, уламжлалт соёл, зан суртхаал нь Манж нарын хүчирхэг байх үндэс язгуур гэдгийг ойлгодог байсан болохоор манж үндэстэн суурьшсан нутаг дэвсгэр рүү эхний хоёр зуу орчим жил хятадууд нэвтрэхийг цаазлан хориглодог байсан аж. Монголд ч гэсэн энэ бодлогыг хатуу хэрэгжүүлж байсан нь баярлууштай хэрэг юм. Яваандаа Манжийн төрийн эрхэнд хятад сайд түшмэдүүд олон арваараа гарсан хойно манж хүмүүсийн тухайд хувь хүндээ бол ашигтай гэмээр, харин улс үндэстний ирээдүйн хувь заяанд хор хохиролтой нэгэн бодлогыг хэрэгжүүлж эхлэжээ. Тэр нь юу гэвэл манж хүн болгон хятадын аль нэгэн муж хошуунд очоод суурьшвал ажил хийхгүй байсан ч маш их хэмжээний цалин хангамж хүртэх боломжтой бодлого болой. Зуун сая шахам хүн амтай том гүрэнд хэдэн зуун мянган хүнийг ажил хийлгэхгүй тэжээгээд байхад юугаараа хотойх билээ дээ. Ингэснээр уугуул зүүн хойд орондоо суурьшиж байсан Манж нар олон арван мянгаараа цагаан хэрмийн гүн рүү тэмүүлцгээж, нэг насны хувьд идэх өмсөх, жаргах цэнгэхээр дутаагүй боловч шороон түмэн хятадуудын дунд хэл соёлын онцлогоо алдаж зугуухан уусаж эхлэх нь ч тодорхой бус уу? Манж нар нэлээд хожуу болтол уугуул нутагтаа хятадуудыг нэвтрүүлэхгүй цааз зарлиг нь хүчинтэй хэвээр байсан хэдий ч тэнд оршин суух хүн ам нь улам бүр цөөрсөөр байсан нь давуу тал гэхээсээ илүүтэй манж нарын хүчин чадлыг ноцтой сулруулах үндэс болсон юм. 1870 онд манжийн уугуул нутаг Ляодунгийн хойгт ердөө 400 мянга орчим манж нар үлдсэн бол Чин гүрний шинэ эргэлтийн бодлого хэрэгжсэнээр тэнд 3 сая 500 мянга орчим хятад тариачин Хөбэй, Шаньдун, Шаньсигаас нүүдэллэн оччихоод байжээ. Ердөө 40 гаруй жилийн дараа энэ тоо даруй 18 сая болон өссөн нь Манжийн хаан Хятадад эрх мэдлээ алдсаны дараа буцан очих нутаггүй болсон гэсэн үг юм л даа.
Хятад тариачдыг нүүлгэн шилжүүлэх шинэ эргэлтийн бодлогын уршгаар маш богино хугацаанд 100 гаруй мянган хятад иргэд Монголд ирж суурьшсан боловч азаар 1911 оны хувьсгал, улмаар арван жилийн дараа 1921 оны ардын хувьсгалтай золгож тэр үйл явц тасалдсан хэрэг.
Бага буурай улс үндэстэн нийгмийн халамжинд хэт шүтэх, улс үндэстнийхээ бичиг соёл, ахуй заншлын уламжлалыг орхигдуулан гээх нь ямар хор уршигтай болохыг манж нарын богино хугацаанд үндэстнээрээ мөхсөн түүх бэлхнээ гэрчлэн харуулдаг. Харин Хятад орныг бүхэлд нь зуу гаруй жилийн турш эрхшээн захирч байгаад хөөгдөн гарахдаа анх ямар л соёлтой байсан түүнийгээ буцаан аваад гарч чадсан манай өвөг дээдэс маш ухаантай улс байсан санагддаг юм шүү.

No comments:

Post a Comment