Хуудас

Search This Blog

Friday, September 30, 2016

Ховдыг чөлөөлөх байлдаан



                   1912 оны эхээр Манжийн захиргаанд хэвээр байсан Монголын баруун хязгаарыг чөлөөлөх нь даруй шийдэх асуудал байв. Хятадын хилд ойр учир тэд өмгөөлөх цэрэг ирнэ гэж найдан эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэж
байлаа. Түүгээр ч барахгүй 1912 оны эхээр
Монголын Засгийн газраас илгээсэн гүн Төмөржин, түшмэл Лхагва нарыг баривчлан эрүүдэн шүүж алжээ. Тиймээс тус хязгаарыг түвшитгэн тогтоох цэргийн сайдаар Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарыг томилон Нийслэл хүрээнээс 500 цэрэгтэй мордуулжээ. Тэд замдаа Улиастайгаар дайран баруун 2 аймгийн 400 гаруй цэргийг авч Ховдын Босго, Хар усны өртөөний орчим очив.
Эртний монгол цэргийн уламжлалыг дагаж цэргээ хороо, анги, аравтаар тэгшлэн засч 10 хүнд галын

дарга, 50 хүн тутамд ангийн дарга, 4 анги тутамд хорооны дарга, жагсаалын дарга, бичээч томилюэ.
Тэгээд хотыг чөлөөлөх төлөвлөгөө боловсруулахдаа юуны өмнө хотыг бүсэлж гадагш харилцаа
бариулахгүй болгохыг урьтал болгов. Энэ нь их буугүй, буу зэвсэг муутай монгол цэргүүдэд эсрэг
талаа туйлдуулан хүчийг сулруулж ялах сайн арга байлаа.
Нэг өдөр хотын байдлыг тагнаж мэдэхээр С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нар 20-иод цэрэгтэй явж Ховд хотын урд хөндийд орших Ширээт улаанд сэм гарч ажиглахад хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэгтэл хотын хэрмийн урд хаалгаар 8 морьтой хүн гарч ойртон ирэхэд нь буудаж 4-ийг нь алж, 2-ыг нь зугтаалган, 2-ыг амьдаар баривчиллаа. Тэднийг байцаахад Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар цөөн цэрэгтэй Зах булгийн өртөөний ойр ирж хориглосныг мэдэж байлдахаар бэлтгэж зүг бүрт харуул, тагнуул гаргаж буйг мэдээлэв. Манай 2 жанжин тэр оройдоо цэргээ хөдөлгөн замд таарсан Хятадын харуулын цэрэгтэй буудалцсан боловч онц эсэргүүцэлтэй тулгарсангүй. Цэргийн гол хүчний түрүүнд 3 хэсэг сэргийлэх харуул гаргаж толгойн сэргийлэхийг Модон овооны замаар,нөгөө 2 хэсгийг Алаг толгой, Эмээлт хөтлийн чигээр, харин гол хүчийг Модон овооны замаар хөдөлгөн Талын улааны (хожим нь Баатар хайрхан) баруун урд суганд байрлуулюэ. Удалгүй дайчилсан цэргүүд ирж нийлсээр монгол цэрэг 3000 орчим болж 1912 оны 5 дугаар сараас Ховд хотыг баруун талаас нь хагас бүсэлж чухал зам, гарц боомтыг эзлэн манж цэргийн хүрээг гаднаас тусламж авах боломж муутай болгов. Энэ хооронд Алтайн Шар сүмээс ван Балдарын газраас Ховдын манж цэрэгт зэвсэг хүргэж туслахаар ирсэн 500-гаад цэргийг Шаварт гол дээр С.Магсаржавын захирсан цэрэг тосон байлдаж, Улаан богочид байгаа цэрэг нэмэн очиж бүтэн өдөр тулалдан 130 гаруй хүнийг алж, олон зэр зэвсэг, морь, тэмээ олзлон авчээ. Энэ цэргээс цөөн хүн зугтаж Ховд хотод шурган орж амжсан аж. Туслахаар ирсэн цэргээ хамгаалахаар энэ үед Ховдын манж цэргийн хүрээнээс цэрэг гаргаж явуулсныг дөрвөд 2 аймаг, Урианхайн хошуудын цэрэг хавсран цохиж буцаав. Ховдын манж цэргийн удирдлага Урумч, Шар сүмийн цэргийн ангид хэл хүргүүлж монгол цэргийг гаднаас нь бүслүүлээд 2 талаас хавчин цохих санаатай байгааг Оросын консул М.Н.Кузминский манайханд хэлж тус хүргэжээ.
Баруун Монголын ард түмнийг эрх чөлөөний тэмцэлд босгож чадсанаар хотыг бүслэх үед монгол цэргийн тоо 5000-д хүрсэн боловч зэвсэг муутай, нэлээд хэсэг нь бороохой шийдэм, цахиур буунаас өөр зэвсэггүй байлаа. Харин Магсаржавын захирсан 500 орчим цэрэг берданаар зэвсэглэсэн байв. Монгол цэргийн 3000 орчим нь Сангийн хотын хэрмийг шууд бүслэхэд, бусад нь гадуур бүслэлт хийхэд оролцюэ. Дамдинсүрэн, Магсаржав нар бүх цэргээ 6 хороо болгон бэлтгэв. Талын улааны баруун суганд Магсаржавын захирсан 500 цэрэг, Шар сүмийн зүүн талд дөрвөд 2 аймгийн цэрэг, түүний зүүн гарт Тагна үрианхайн хошууны Лүвсангийн захирсан 300 цэрэг. Ховд голын Өргөн ширгэ хэмээх буланд халх баруун 2 аймгийн 4 анги 700 цэрэг, Ховдын зүүн талын Улаан богочид зүүн 2 аймгийн цэрэг, хотын өмнөх Алаг толгойд хүрээнээс ирсэн цэргийн 1 хороог байрлуулюэ. Бүслэлтийн үед харуул хамгаалалт, дайрах жижиг бүлгүүдийг бэлтгэх, арван бүр ээлжлэн холбоочны үүрэг гүйцэтгэх жижүүр томилох зэрэг тактик хэрэглэж харуул сэргийлэхийг устган агт морьдыг олзлох, шөнийн цагаар хий буудаж дайсныг гал нээлгэн сумыг нь хороох, бэхлэлт хэрмийг дэлбэлэх, хотын хүний амь үрэгдэхээс болгоомжлох, байлдах дургүй хятад иргэдийг талдаа авах арга хэрэглэж байлаа. Монгол цэрэг ийнхүү 2 сар гаруй бүслэн хааж бүслэлтээ улам хумисаар эцэст нь Ховд хотод тулж ирэв. Хотыг байлдаангүйгээр буулган авахыг хүсч Оросын консул, монгол цэргийн удирдлага хамтран тулган шаардах бичиг өгсөн боловч хариу өгөөгүй учир 7 дугаар сарын 25-нд Ховд хотыг бүрэн бүслэюэ. Монгол цэрэг 1912 оны 8 дугаар сарын 5-нд Рашаант уулнаас шөнө дунд өгсөн галын дохиогоор хот руу 4 зүгээс дайрч 2 хоног ширүүн тулалдаан хийж 7-ны өдөр Ховд хотыг чөлөөлсөн юм.
Хотын хэрмийг Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав, Нанзад, Т.Дамба, М.Дорждэрэм нарын 28 хүн дүүжингээр даван орж хэрмийн хаалгуудыг онгойлгоход ямар ч эсэргүүцэл тулгарсангүй. Ховдын манж цэрэг галтай цуцлаар дарийг нь асааж бууддаг эртний том, жижиг их буу, цахиур буу, бороохой, жад, нум сум мэтийн зэвсэгтэй байжээ. Энэ тулалдаанд манж цэргээс 200-гаад хүн, монгол цэргээс 45 хүн амь үрэгдэв. Монгол цэргүүд 3000-аад хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Бао Жүн, бусад түшмэд дарга, цэргийн хамт 1200 хүн олзлон, тэмээ 1000 гаруй, морь мөн 1000 гаруй, хонь 5000, буу 200, сум 20000, мөнгө 20000 илүү ланг хураан авчээ. Чин улсын сайд, түшмэл 27, цэрэг иргэн 610-ийг Оросын хил хүртэл морьт цэргээр харгалзуулан морь, тэмээ, хүнс нийлүүлэн өгч Оросын нутгаар дамжуулан нутагт нь буцааюэ. Монгол цэргүүд Ховдын шоронд олон жил хоригдон тарчилж байсан халх, дөрвөд, урианхай зэрэг 400 гаруй хүнийг сулласан нь хаант Монгол Улсын цэргийн нэр хүндийг баруун хязгаарт ихэд мандуулав. Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр Манжийн дарлалын сүүлчийн цайзыг нурааж ноёрхлыг нь устгах анхан шатны тэмцэл дууссан юм. Ийнхүү монгол цэргийн анхны том ялалтын үр дүнд Ар Монголын дэвсгэр нутаг манжийн колоничлогчдоос бүрэн чөлөөлөгдсөн түүхтэй.

No comments:

Post a Comment