Хуудас

Search This Blog

Monday, September 12, 2016

Алдарт математикч Шарайн Мянгад

Бичсэн Б.Барс
Дотоодын зөрчлөөс улбаалан Монгол баруун, зүүн болж хуваагдан хоорондоо хэмлэлдэж эцэстээ зүүн Монголын өмнөд хэсэг 1636 онд, хойд хэсэг нь 1691 онд Манжийн эрхшээлд ороод байсан цаг.
Манжийн Энх-Амгалан хаанд халх дөрвөн аймаг дагаар орсны дараа жил буюу 1692 онд одоогийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Урт цагаан хошуунд Шарайд овгийн нэгэн хүү мэндэлжээ.

Багаасаа тооны ухаанд гаргууд байсан түүнийг Мянгат гэх. Тэрээр Манжийн эзэн хааны одон орны товчоонд хар залуугаасаа суралцан эрдмийн ажилд шамдаж эхэлсэн нэгэн.

Тухайн үед Манжийн эзэн хааны одон орны товчоонд Францын хэсэг математикч өрнийн тооны ухаан зааж байсан нь түүнд том олз болжээ.

Мянгат нь Манж Чин улсын эзэн хааны Судлаач түшмэлийн албыг ЭнхАмгалан хааны үед 10, Найрагт төв хааны үед 12, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30 жил тус тус тасралтгүй хашсан гэдэг.

Суут эрдэмтэн энэ хугацаанд “Цаг хугацааны үүсвэр” нэрийн дор 42 боть “Зурхайн шинжлэл”, 53 боть “Тооны ухааны хураамж бичиг”, таван боть “Хөг зүй” зэрэг 100 боть бүтээл бичжээ.

Түүний бүтээлүүдийг тухайн үед манж, хятад, япон, солонгос зэрэг Азийн олон хэлнээ орчуулсан бөгөөд энэ нь Азид математик, одон орон судлал хөгжихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Чухам энэ эрдэмтэн дорно дахинд анх удаа “Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог” гэж зарласан ажээ.

Мянгат тригонометрийн зэрэг цувааны илэрхийллийн томьёог бодож, дээд математикийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэгддэг цувааны урвуу функц, хэсэглэлийн онолын сэлгэмлийн математик зүй тогтлыг дэлхийд анхлан нээсэн юм.

Орчин үеийн математикийн комбинаторикт хэрэглэдэг Каталаны тооны дараалал гэж бий. Тэрхүү тооны дарааллыг Бельгийн эрдэмтэн Ю.Каталанаас нэлээд өмнө Мянгат нээсэн гэдэг юм билээ. Мянгат 1764 онд 71 насандаа өөд болжээ.

Тэрээр тухайн үеийн барууны суут математикч Л.Эйлер, Б.Тейлор, Ж.Стирлинг нартай эн зэрэгцсэн урдаа барих дорнын цорын ганц эрдэмтэн байсан юм. Мянгатын бүтээлүүдийг нарийвчлан судалсан Японы математикч Ёшио Миками 1910 онд түүнийг аналитик судалгааны аргачлал руу нэвтэрсэн анхны Ази эрдэмтэн гэж үнэлсэн нь бий.
Английн Дербийн их сургуулийн математикийн ухааны доктор П.Ж.Лякомб 1999 онд Мянгат болон түүний бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, дэлхийн хэмжээний эрдэмтэн болохыг нь дахин нотолжээ.
Тэгвэл 2002 оны тавдугаар сарын 26-нд шинээр илэрсэн 28242 тоот солирт дэлхийн одон орончид суут математикч төдийгүй одон оронч түүний нэрийг өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар мөн оны наймдугаар сард Өвөрмонголд “Дэлхийн шинжлэх ухаанд оруулсан Мянгатын хувь нэмэр” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний томоохон бага хурал зохион байгуулаад зогсохгүй төрсөн газар нь гэх нэгэн жижиг хотыг Мянгат гэх болсон тухайгаа зарлаж байлаа.

No comments:

Post a Comment