Хуудас

Search This Blog

Хөх Монгол



Чингис  хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд


Эх сурвалж: zamdaan.com
Манай сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН

АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм. 


Чингис Хааны Y-ДНК
Д.Цэрэндорж: Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгийн талаар болон өөрийн үнэлэлт дүгнэлт, санал бодлоо уншигч олонтой дэлгэрэнгүй хуваалцах болсонд талархалаа илэрхийлье мөн ийм боломжийг бүрдүүлж өгсөн Энкидээ (Ш.Энхбаяр) их баярлалаа! Та хэрхэн энэхүү судалгааны ажилд холбогдон оролцох болов гэсэн асуултаар эхлэе?

Б. Хэрлэн: За, их баярлалаа. Монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй, дээрээс нь өөрсдөө эрдэмтэн Спенсер Велзийн судалгаанд оролцож байсан Ш. Энхбаяр ах, Ш.Баатар ах та нартай ярилцлага хийх болсондоо тун таатай байна. Мөн энэ удаагийн ярилцлагаар өөрийн болоод бусад Монгол Туургатан судлаачид мөн биологийн (генетикийн) антропологичдын гаргасан нийтлэг алдаануудыг засч хэлж чадах болсондоо бас баяртай байна.
Би 2008 онд генийн шинжилгээ угсаатан судлал, түүхийн шинжлэх ухааны салбарт маш их дэвшлийг авчирч болох юм гэдгийг ойлгосноор тухайн үед Монгол туургатны удмын санг бүртгэж авъя өөр бас ямар угсаатнууд Монголтой холбоотойг тогтооё гэж зорьсон. Ер нь сүүлийн үед үндэстэний үзэлтнүүд, нам холбоонууд, үндсэрхэг үзэлтэй залуучууд маш олон боллоо шүүдээ. Энэ нь сайшаалтай ч нөгөө талаар цус, яс үндсээ зөв таньж авахгүй бол утгагүй байх л даа. Тэр оны сүүлээр би Казакстанд нийт овог аймгуудынхаа удмын санг бүртгэж авч цаашилбал Чингис Хааны Ү-ДНК-г сонирхож байгааг дууллаа. Тэгээд олж мэдсэн даруйдаа Казакстаны түүхч, антропологич Жаксылык Сабитовтой холбогдож тэр хүний ажилд туслах болсон юм. Ердөөсөө Чингис Хааны генетикийн кодтой холбоотой том асуудлыг Их Британи, Америк, Хятад гээд альваа гадаад улсад даатгаж чадамгүй санагдаад Монгол хүний хувьд өөрийн хувь нэмэрийг оруулъя гэж бодсон юм.

Ингээд таны асуултанд хариулахад Сабитов болон түүнтэй хамтран ажиллагсадын онцлог гэвэл, Чингис хааны ясан төрлийн шууд хамааралтай маш олон хүмүүсийг судалгаандаа оролцуулсан юм. Судалгаанд оролцсон хүмүүсийг дурдвал Зүчи хааны Шайбани хүүгийн удмын хүмүүс; мөн Казакын цагаан яст “торе” нар; Батмөнх Даян Хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд мөн бус хатнаас үзэгдсэн Гэрсэнз Хунтайжийн Сайн ноён ханыхан болон Засагт ханыхны үр удам зэрэг юм. Хорчиноос бас Зочи-Хасарын удам тайж язгууртай залууг олж Ү-ДНК-г нь шинжилсэн. Цаашилбал бусад Нирун овгуудыг ч судалгаандаа оролцуулсан, үүнд: Хатагин, Дулат, Мангад, Бэсүд зэрэг болно. Мөн ФамилиТрий ДНК” компанид Зүчийн өөр нэгэн угсааны хүний У-ДНК болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон-Төмөр хааны удмын 10 орчим хүний У-ДНК ирсэн байсан нь судалгаанд хувь нэмэр болсон. Ер нь судалгааны явцад гарсан хамгийн гол бэрхшээл нь хүмүүсийн шинжилгээний хариу янз бүр гарч байсанд байлаа.
Ш. Энхбаяр: Барууны цахим сонингууд дээр “Казакууд Чингис хааны удам гэдгээ батлахаар тэмцэлдэж байна” гэсэн нийтлэл нэлээд явсан. Манайхан ч гэсэн энэ талаар нилээд сөрөг байдлаар шуугиад авсан байдаг. Ер нь Казак эрдэмтэд Монголчуудын генийн судалгаанд ингэж анхаарах болсон шалтгаан нь юу юм бол оо? Бас энэ талаар санаатайгаар хуурмаг судалгааны материал гаргах оролдлогууд гадны зарим эрдэмтдэд байх шиг байдаг?

Б. Хэрлэн: Тэгэхлээр байдал ийм юмаа. Казакстанд хийгдэж байгаа судалгаа маш өргөн бүс нутгийг хамарч, олон жил үргэлжилж байгаа жинтэй ажил. Судлаачид нь ч Монголчуудад элэгтэй, шударга хүмүүс. Бүх тестийн хариултыг өчүүхэн ч гуйвуулахгүй нийтэлдэг учраас маш олон шүүмжлэл Оросууд, гадны сонин сэтгүүлийнхэн, жирийн Казакууд ба Монголчуудын зүгээс тэдэнд хүрч байлаа. Тэр болгонд ууч сэтгэлээр хандаж судалгаагаа үнэнчээр үргэлжлүүлж байгаа нь талархууштай. Гэхдээ яаж ч бодсон 13 сая Казак хүн болгоны сэтгэлгээг таах аргагүй, ялангуяа нас бодол гүйцээгүй залуу хүмүүсийн. Сүүлийн үеийн Казак залуучууд буруу эрхлээд байгаа гэж ахмад хүмүүс нь үздэг. Казакын аймаг овог болгоны Монголчуудын тухай үзэл бодол нь өөр өөр байдаг. Ерөнхийдөө, Алшынгууд сайнгүй ханддаг бол их зуутынхан бүр ах дүүсэг, дунд зуутынхан жирийн нөхөрсөг гэх мэт тийм ээ.

Харин Монголын Казакуудын дунд бол үндэс угсаа ярьж туйлшрахгүйгээр эх орноо хайрлан, хөгжил цэцэглэлтийг нь бидний адил мөрөөддөг боловсролтой, ухаантай хүмүүс олон юм гэдгийг Казак хүмүүсийн амьдралыг ойроос ажаад мэдэх болсон. Монголоос Казакстанд очсон хүмүүс ч Узбекстан, Орос, Хятад улсуудаас очсон Казакуудаас боловсрол, мэргэжлийн төвшнөөрөө статистикын судалгаагаар дээгүүрт тооцогддог учраас тийм мэдлэг өндөртэй хүмүүсээ хэдийгээр Казакстанд ч гэсэн өгөхөөс харамламаар санагдах болсон (инээв).

Надад Монгол Туургатны Хуралдайд байх үеэс Казак үндэстэнтэй эвтэй байя гэсэн баттай бодол байсан. Мэдээж энэ хатуу бодол маань тэр цагт хамт ажиллаж байсан хүмүүстэй үл ойлголцох байдалд хүргэх тохиолдол ч байлаа. Гэхдээ би энэ үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Ер нь Казак үндэстэн яг хаанаас гараад ирэв ээ гэдгийг Казакстаны түүхчид ч сайн мэддэггүй байлаа шүүдээ. Яахав Сак, Скит, Монгол гээд их олон таамаглалууд байдаг байсан л даа. Гэвч би бол хувьдаа Казакын овог аймгийн тамганууд, монгол адууны тамга, Монголын Эзэнт Улсын зооснууд, түүнчлэн хоёр үндэстэний билигдэл, соёл, зан заншилуудыг харьцуулан дүгнээд Казак, Монголын хооронд маш онцгой харилцаа байна гэж бодсон байсан. Харин генетикийн шинжилгээ гэдэг зүйл анх гарч ирмэгц Казакуудад Монголчуудын гэгдэх Гаплогрупп С3 яагаад тийм өндөр байна вэ гэдгийг тогтоохоор Казакстаны хэсэг биологичид, түүхчид нэгдсэн юм. ЗХУ-н зүгээс Казак үндэстэнийг эрт дээр үедээ шаргал үстэй цэнхэр нүдтэй өндөр Европ хүмүүс байсан бөгөөд Монголчуудын байлдан дагууллын үед хүчирхийлэгдэж охид, эмэгтэйчүүд олноор жирэмсэлсэн учраас ази дүр төрхтэй болсон гэж ухуулга хийдэг байсан. Үүнийг Казакстан улс тусгаар тогтнож, бие даамагцаа Казак үндэстэнийг уусгаж устгах, үндэстэний бие даасан байдал, бахархлыг үгүй хийх гэсэн тархи угаалт гэж хүлээн зөвшөөрөх болсон юм.

Гадныхан Казак, Монголын түүхэн холбоог мартагдуулахыг хүсдэг мэт, миний бодлоор. 2009 онд Оросын судлаач Сергей Каржавин: “Европ гаралтай Казак үндэстэн Гаплогрупп С3-тай байдаг нь Зүүнгарын Хаант Улсад эзлэгдэн, хүчирхийлэгдсэнээс болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол өнө эртний Монголчууд биш Манж, Хятадууд юм аа” гэсэн 56 нүүр бүхий хуурмаг судалгааны материалыг нийтлүүлсэн юм. Каржавин хэмээх эрхэм санаатайгаар ийм зүйл хийсэн нь тодорхой байлаа. Яагаад гэвэл ердийн судалгааны материал 3-10, дээд тал нь 15-20-н нүүр болдог бөгөөд ямар ч биологийн мэдлэггүй хүн байлаа ч 12-хон дугаарыг харьцуулж харах нь туйлаас хялбархан.

Гэтэл азаар Жаксылык Сабитов нөхөр Каржавины судалгаанд хариу болгож хоёр ч судалгааны тоймыг нийтлүүлсэн бөгөөд тэрээр ийнхүү мэдэгдэл хийсэн юм: “Яриангүй орчин үеийн Монгол үндэстэний дунд Хятад, зүүн Азийн гэгдэх Гаплогрупп О3 байгаа нь үнэн. Тийм боловч Гаплогрупп О3 нь Казак, Кыргыз, Каракалпак, Узбек, Уйгур зэрэг үндэстэнүүдэд ч тархсан байдгийн зэрэгцээ Найман гэх мэт эртний нүүдэлчин аймгуудын ерөнхий Гаплогрупп учраас Монгол үндэстэнийг Манж болоод Хятад гэж үзэх үндэслэл огт байхгүй” .

Миний бодлоор энэ бол Сабитов гэж хүний сэтгэлийн том илэрхийлэл юм. Ер нь Монголчуудын дунд ч үндэстэний эв нэгдлийг бодолцохгүйгээр “Өвөр Монголчууд Хужаа” эсвэл “Халхууд Манж-Хятадын эрлийз” гэж тоомсоргүйгээр хэлэх хүмүүс байдаг л даа. Яагаад тэр хүмүүсээс Сабитовоос гарсан сэтгэл гарахгүй байна вэ гэдэг сонин. Xамгийн гол нь зөвхөн Казакуудын дунд төдийгүй нийт Орос хэлтнүүдийн ертөнцөд ийм нэгэн Монголын өмнөөс зангарагатай дуугарч, Монголчуудыг өмгөлөх сэтгэлтэй чадалтай түүхч, антропологич байгаад нь би Монгол хүний хувьд туйлаас талархалтай, сэтгэл өег явдаг даа.

Д.Цэрэндорж: Ярилцлагын маань гол сэдэв “Монгол хүний генийн удмын сан”-г тогтоох судалгааны ажлаас эхлээд цаашлан өргөн хүрээг хамарч байгаа учраас та юуны өмнө ДНК тест гэж юу болох талаар мэргэжилийн үүднээс уншигчдад аль болох ойлгомжтой байдлаар товч тайлбарлаж өгнө үү?

Б. Хэрлэн: За эхлээд Y-ДНК тест гэж юуг хэлж байгаа тухай бага зэрэг тайлбарлъя. Хүнд нийтдээ дөчин зургаан хромосом байдгаас хоёр нь бэлгийн эс бусад нь биеийн эс гэж бид мэднэ. Тэгвэл эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос xромосом байдаг бол эрэгтэй хүнийх XУ байдаг. Тиймээс үндсэндээ Чингис хааны Ү-ДНК-г тогтооно гэдэг нь тэрхүү У бэлгийн хромосон дээрхи нуклейн хүчлийг шинжилнэ гэсэн үг юм. Энэхүү Ү-xромосом маань эцгээс хүүд шилжихдээ бараг өөрчлөгддөггүй. Гэхдээ генетикийн тест болгон Ү-ДНК г тогтоодоггүй. Жишээлбэл 2000 оноос өмнөх угсаатны зүйтэй холбоотой генетикийн судалгаанууд ихэвчлэн мтДНК буюу эхээс үрд шууд дамждаг митохондрийг шинжилдэг байв.

Монголчуудын мтДНК-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байгаа. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакци гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болно. Харин одоо бидний сонирхож байгаа Ү-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг Англи хэлний цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп болгон дугаарласан байна. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээсээ гараагүй Гаплогрупп А-аас салбарласан. Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо ч Гаплогрупп F түүний доод мөчир IJK-ээс салбарласан тэд 40,000 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх.

Харин ихэнх Монголчуудын Ү-ДНК Гаплогрупп бол С3 юм, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салжээ. Тэгэхлээр хэдийгээр хөрш зэргэлдээ олон жил амьдарсан ч Монголчууд Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрөөтэй болох түүнээ дагаа сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тун ч сонирхолтой. Нэг жилийн өмнө байх Монгол ба Солонгосын ард түмнүүд гарал нэгтэй гэсэн утга санаатай нийтлэл гарч байсан. Одоо тэр нийтлэлийг би генетикийн судалгаагаар үгүйсгэж байна л даа. Монголчуудтай хамгийн ойр үндэстэн бол Казак үндэстэн юм. Ер нь дэлхийн хүн амын 90% Гаплогрупп F-ээс гаралтай бид үлдсэн 10%-ийн өчүүхэн хэсгийг эзэлдэг гэхлээр бараг дэлхийн Улаан Номонд бичигдэхээр байгаа биздээ (инээв). За мөн, Ү-ДНК тестийн хариу бол нийт 111-н маркер түүнд харгалзах хувь хүний тестийн хариу бүхий дугааруудаас бүрдсэн цифрүүд гэж ойлгож болно.

Ш.Энхбаяр: Саяхан "Хятадын ХАА-н лаборатори Монголчуудын генийн дарааллыг анх удаа бүрэн гаргасан гэнэ" гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ, энэ талаар юу хэлмээр байна вэ?

Б. Хэрлэн: Мэдээж миний яарч Монголчуудад ойлголт хүргэхийг хүссэн нь яг энэ нийтлэлтэй холбоотой юм. Энэ судалгаанд Өвөр Монголын Сөнид хошууны тайж гаралтай хүнээс шинжилгээ авсан гэжээ. Гэтэл бидний сайн мэдэж байгаагаар нэгд энэ бол анх удаа Монголчуудын генийн дарааллыг гаргасан явдал биш, хоёрт анх удаа Чингисийн удмыхныг оролцуулсан судалгаа биш хамгийн гол нь гэвэл ердөө нэг хүний Ү-ДНК тестийн хариугаар Чингис Хааны Ү-ДНК тогтоогдлоо гэж дүгнэж огт болохгүй. Хүмүүс буруу хариунуудыг харьцуулснаар үл ойлголцолд хүрэх вий гэсэн бодол сэтгэл яахин аргагүй түгшээж яаран тайлбар хийхийг хүссэн юм. Бид Өвөр Монголын тайж, ван гаралтай хүмүүсээс хангалттай судалгаа авсан гэж үзэж байгаа. Ер нь миний бодлоор Чингисийн удмынхныг хангалттай судалсан. Тийм боловч судалгааны эцсийн дүгнэлтийг хийхэд маш хүндрэлтэй байлаа.

Ш.Энхбаяр: 2003 онд бас олон орны нэр бүхий, томоохон эрдэмтэд хүн төрөлхтний генетикийг судлаж байгаад монголчуудтай холбоотой нэгэн супер ген олсон байдаг. Тэд 3 үндсэн таамаглал дэвшүүлсэний хамгийн боломжтой нь Чингис хааны болон түүний шууд удмын хаадын ген гэж үзсэн юм билээ. Энэхүү судалгаанд монголын талаас оролцсон эрдэмтэн Дашням гуай “History Channel”-ийн нэгэн баримтат кинон дээр хамт ажиллаж байхдаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ талаар юу хэлмээр байна.

Б. Хэрлэн: Чингис Хааны У-ДНК тухайд гэвэл таны хэлснээр голдуу Их Британийн судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэмтэд 2003 онд анхны дүгнэлтийг гаргаж байсан. 2003 онд хийсэн судалгаагаар тэдгээр эрдэмтэд Монгол Улсыг тойрсон Азийн 16-н улс үндэстэний 26-н угсаатны бүлгүүдээс Ү-ДНК шинжилгээг авч тэр дунд 15-н маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ых нь Ү-ДНК кодыг Чингис Хааных гэж нийтэлж байлаа.

Түүний дараагаар энэ 2003 оны судалгааны багийн гишүүдийн нэг байсан Америкийн биологич Спенсер Велз АНУ-д суугаа Монголчуудаас мөн шинжилгээг 12-маркертай тестерээр авсан. Тэр үед баримтат кино хийгдэж байсан. Шинжилгээ өгч киноны зураг авалтанд оролцсон хүмүүс гэвэл та гурав бас МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дүү зэрэг хүмүүс байна. Гэхдээ аль аль судалгааг нэгдүгээрт Чингис Хааны садан төрөл гэдэг нь батлагдаагүй хүмүүсээс авсан. Хоёрдугаарт нийт 111 маркераас эхний удаад 15, хоёр дах удаад 12 маркер дээр авсан. Гэтэл бидний судалгааны дүгнэлтээр бол хэн нэгэн хүнийг Чингис Хааны шууд удам мөн эсэхийг тогтоохын тулд наад зах нь 37 маркертай тестрээр шинжлэх хэрэгтэй болох нь тодорхой болсон.

Хариулт ямар харьцангуй байдгийг ойлгох нэгэн жишээ хэлье. Би Чингис хааны гэгдэх Ү-ДНК кодыг 12 маркерын хайлтан дээр хайвал 116 хүн хайлтаас олдож байна. Харин 25 маркер болгож дахин хайвал ердөө 14-н хүн болж цөөрнө. Мөн 2003 оны судалгааны тайлбар тухайн үед гарсан гадаад хэвлэл дээрхи нийтлэлүүд Монгол хүний сэтгэлээр уншихад лав их тааламжгүй Чингис Хааны нэрэнд халтай санагдаж байлаа. Бизнес болон сенсааци тараах зэрэгт илүү анхаарлаа хандуулаад түүхэн ач холбогдлыг нь дутуу бодсон байсан. Одоо тэр алдаатай дүгнэлтүүдийг засч чадах болсондоо баяртай байна. Ер нь дэлхийд Чингис Хааны шууд удмын хүмүүс бол маш цөөхөн гэж хэлж болно.

Судалгаа нийтдээ дөрөв орчим жил үргэлжиллээ. Мэдээж бүх хүний хариу хоорондоо таарна гэж байхгүй. Мөн дээрээс нь төөрөлдөх үе ч цөөнгүй байлаа. Тэгэхлээр хүмүүс тэгвэл Чингис хааны 37, 67, эсвэл 111 маркер дээрхи хариу юу вэ гэж асуух нь зүй байх. Энэ хариу нь Казакстан Улсын эрдэмтэн Жаксылык Сабитов тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээ хэвлүүлсний дараагаар олонд ил болох юм. Энэ хугацааг энэ жилийн сүүл гэж тооцоолж байна. Гаргасан хойно нь хүмүүс Википедиа зэрэг лавлах тольнуудаас харах боломжтой болно.

Ш.Энхбаяр: Тэрхүү супер генийн гарал үүсэл нь Чингис хааны удмын биш гэж үзвэл ямар гаралтай байж болох вэ, Хамгийн гол нь яагаад тийм ихээр тархсан юм болоо? 13-р зуунд Чингис Хаан гэж гайхамшигтай ухаалаг, шударга удирдагчтай Монголчууд ёс суртахууны асар өндөр түвшинд хүрч чадсан байсан, ийм хүмүүс хүчирхийллийн аргаар энэ генийг тараасан гэж итгэхэд бэрх.

Б. Хэрлэн: Энийг Чингисийнх биш гэж хэлээгүй л дээ. Харин хэтэрхий ерөнхий хариулт байгаа юм. Ердөөсөө л талын Монгол хүний У-ДНК гэсэн үг. Чингис Монгол хүн байсан гэж хэлэх нэг өөр. Харин Чингис Нирун аймгийн Хиад омгийн Боржигин овгийн Есүхэйн хүү байсан гэж хэлэх бас арай өөр. Одоогийн Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлсэн У-ДНК-г тээж байна. Гэтэл яг Чингисийн удам нь бол 0.01%-иас ч бага. Би жил, хоёр жилийн өмнө боломжтой юм гээд бичиж байсан. Одоо тэр боломжгүй юм гэдгийг мэдсэн.

Жишээлбэл Казакстанд энэ У-ДНК Абак, Ашамайлы, Уак (онгут), Керейт зэрэг уламжлалт Хэрэйдийн төрлийн аймгуудын нүүдлээр тархсан байна. Цаашилбал их зуутын (Ұлы жүз) Дулат, Шанышкылы, Шапырышты зэрэг аймгууд мөн адилхан хариутай гарлаа. Казакстаны Максат Жампеисов мөн Акимбеков нарын эрдэмтэд ч Ұлы жүз Иx Монголчуудаас үүсэлтэй учраас Казакын гурван зуутын ахмад нь болж төр барьдаг юм аа гэж бичсэн байдаг. Тийм байлаа ч тэд чинь Чингисээс юм уу Чингисийн удмынхнаас төрөөгүй шүүдээ.

Чингис xааны угсаа гарал, ураг төрлийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Та 13-р зууны Монгол цэргүүдийн ёс суртахуунтай холбоотой их чухал сэдвийг хөндлөө. Дээхэн үед Мангадыг маажвал Монгол гэдэг үг байсан. Саяхан даа, Оросын “Правда” сонин, Америкийн “Таймс” сэтгүүлүүдэд Владимир Нужный гэж ОХУ-н эрүүл мэндийн яамны ажилтан- “Дунджаар Москвагийн хүн амын 50% нь Монгол гентэй учраас Оросууд архичин байдаг юм аа”- гэж ой гутмаар ярилцлага өгч байсан. Гэтэл Оросуудын дунд ердөөсөө Монгол хүний удам байхгүй байна. Бүр тэг хувь.

Харин Оросууд бол бусад Беларус, Украйн зэрэг Славьянуудаа бодвол Сибирийн Ненет зэрэг Самоед хүмүүстэй 30%-н ижил У-ДНК тээдэг юм. Тиймээс энэ удаагийн судалгааны тусламжтайгаар бид 13-р зууны байлдан дагуулалтын үед Монгол хаад, Монгол цэргүүд эзэлсэн орныхоо эмс охидыг бузарлаж, адгуус араатан шиг аашилсан гэдэг гадны эрдэмтдийн онолд хүчтэй цохилт өгч чадна байх аа гэж найдаж байна.

Тархалтынхаа хэмжээгээр энэ супер ген гэдгийн дараа орох бас хэд хэдэн чухал У-ДНК байгаа. Үүнд: Ойрадын У-ДНК нь Халимаг, Дөрвөд зэрэг Баруун-Монголын ард түмний тархалтыг дагадаг. Бас Казакын Жаппас гэж багахан овог Ойрад У-ДНК-тай гарлаа. Ихэрэсийн У-ДНК нь Оросын Эхирэд-Булагад зэрэг Буриадуудынх. Мөн түүнчлэн Казакын кышы жүз (бага зуут)-ийн Алимүлы, Байүлы хоёрын 18 аймаг/овог тэр чигээрээ нэгэн төрлийн Гаплогрупп С3 гарсан нь маш сонирхолтой байлаа. Сабитов нарын эрдэмтэд Алшынг Алчи-Татар аймаг гэж үзэж байгаа. Энэ Алимүлы, Байүлы хоёрын хүн ам бараг гурван сая илүү. Бас нэгэн одоогоор чухам аль аймагтай холбоотой нь мэдэгдэхгүй их тархалттай У-ДНК бий.

Д.Цэрэндорж: Монголын холбогдох байгууллага, ШУА эрдэмтэдийн зүгээс дангаараа болон хамтран ийм төрлийн судалгаа хийсэн жишээ оролдлого өмнө нь гарч байв уу, Төр засгийн зүгээс анхааран санаачилсан эхлүүлсэн төсөл ажил гэж бий юу энэ талаар ямар мэдээлэл байна?

Б. Хэрлэн: Төрөөс бол хийсэн яг тодорхой ажил бараг байхгүй гэж хэлж болно. Монголчуудад бол үнэтэй л тест дээ, ердөө 12-хон маркертай нэг тестер 100$-н үнэтэй. Маркер ахих тусмаа үнэ нь өсөөд явна. 2005 оноос өмнө бол гадаадууд ч авч дийлэхээргүй үнэтэй байлаа. Харин Америкын АйБиЭм корпораци Нэйшиональ Географикын төсөлд хөрөнгө оруулснаар одоо ФТДНК-н тестер үнэ нь хямдарсан юм. Манай эрдэмтэд 2003, 2004 онд гадны эрдэмтдийн судалгаанд тусалж байсан. Ер нь одоо ФТДНК компанид нийтдээ 700 орчим Монгол Улсаас ирсэн шинжилгээний дээж хадгалагдаж байгаа ч ач холбогдлоор маш бага байна. Биологичид түүхээ нарийн мэдэхгүй болохоор антропологийн судалгаанд гологдож байна. Гэтэл манай улсын хувьд ургийн бичгээ зөв сэргээн хөтлөхөөс аваад одоо Нармай Монгол үзэлтнүүдийн ярьж байгаа уугуулшлын асуудал зэрэгт энэ Ү-ДНК шинжилгээ их хэрэг болох юм.

Саяхан манай нэгэн ахмад дипломатч "Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ" гэсэн нь маш ташаа ойлголт болсон байна. Мөн тэрээр "Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө монгол гэж үзээд байхад нь бид "биш" гэж болохгүй. Өмнөд Солонгост нэг байгууллага бий. Нэрийг нь орчуулбал Хөх толбот монголчууд гэдэг юм. Өөрсдийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш." гэжээ. Дөрөв таван жилийн өмнө би өөрөө ч иймэрхүү романтик сэтгэлгээтэй байсан л даа гэхдээ үндэстэний хойч болон ирээдүй, улс эх орны аюулгүй байдалтай холбоотой том асуудалд ийм гэнэнээр хандаж болохгүй гэдгийг Пан-Монголистуудад сайн ойлгуулмаар байна.

Хөх толбо бол жишээ нь хийсвэр утгаараа бахархалтай ч үнэндээ юуг ч илэрхийлэхгүй шүүдээ. Африк хүмүүст ч хөх толбо байдаг. Одоо манай судлаачид Баонань, Донсиан, Монгур гэх мэт үндэстэнүүдийг Монгол гэж андуурч тогтоогоод байгаа. Нэгэн ижил хэлээр ярьж байна аа гэдэг чинь нэг гарал үүсэлтэй гэсэн үг огтхон ч биш юм байна. Энэ Их Монгол Улсын үед цуглуулсан дархан, тариачин хүмүүс чинь тэр чигээрээ Хятад зэрэг харь угсаатай хүмүүс шүүдээ. Цаашилбал, Турк, Солонгос,Төвд, Волгийн Татарууд бидэнтэй огт хамааралгүй буюу тун бага хамааралтай. Багадаа бол дуучин Алсу монгол цустай гээд тэрүүхэндээ хөөрдөг л байлаа.

Д. Цэрэндорж: Монгол угсаатныг генетик төдийгүй антропологын талаас болон эрт эдүгээгийн гадаад төрх байдлаар нь судалсан тухайд юу хэлэх вэ?

Б. Хэрлэн: Ер нь Гаплогрупп С3 бүхий эрэгтэй хүмүүсийн үс, нүдний өнгө, биеийн өндөр нам, хэлбэр хэмжээ янз бүр байдаг. Сүүлийн үед эртний Монголчууд чинь улаан, шар үстэй, цэнхэр, ногоон нүдтэй байсан юм аа. Иймээс одоогийн Монголчууд бүгдээрээ Хятад, Солонгос, Манжийн эрлийз гэсэн ойлголтыг түгээж байгаа хүмүүс мэр сэр байна л даа. Гадаад хүн байсан бол өөр, өөрсдөө Монголчууд байж яах гэж ингээд байдгийг ойлгодоггүй.

Хүүхэд бүрэлдэхдээ эцэг эхийн биеийн хромосомыг яг тэнцүү 50, 50% авдаг. Тиймээс нүд, үсний өнгө бол үеэс үед яаж л болж яаж солигдоно. Казакуудыг харсан ч тас хар үстэй, бор нүдтэй хүмүүс зөндөө. Харин эрэгтэй хүний гавлын яс, нүүрний хэлбэр нь эцгээс хүүд яг тэр чигээрээ дамжаад байгааг их олон хүнээс У-ДНК шинжилгээ авч фото зурагнуудыг харьцуулснаар мэдсэн юм.

Нэлээд дээр үед Халх Монголчууд өндөр xамартай гээд сонирхолтой материал уншиж гайхаж байлаа. Анн..., харин гадныхан бол хавтгай нүүртэй, том хацартай Монгол гэж л ойлгодог шүүдээ. Тэрэнд нь ч бид дасчхаж, юу билээ гэж бодож ч үзэхгүйгээр. Тэгээд тэр үеэс бас генотип, фенотип (гадаад шинж төрх)-ын хамаарлыг давхар ажаад явлаа. Тэгэхлээр тэр өндөр хамар гэдэг чинь энэ Чингисийн гэгдэх генийг тээдэг 37%-иас болдог юм байна.

Ихэвчлэн махчин шувууны хошуу мэт өндөр том, монхор, хянган хамартай хүмүүсийг бараг генийн шинжилгээгүйгээр олж болмоор. Бас xацар шанаа бусад Монголчуудыгаа бодвол тийм ч өргөнгүй.

Ер нь нийт Гаплогрупп С3 бүхий түрэг-монгол хүмүүсийн хамар нь их зөв хэлбэртэй байдгаараа навтгар, таруу юм уу онгорхой, хэлбэргүй хамартай бусад азийн орны хүмүүсээс ялгагддаг. Жишээ нь Дөрвөдүүд байна тийм ээ, хамар бол нэг их өндөр биш, гэхдээ их шөвх бөгөөд шулуухан нарийн хамартай.

Анн.... гэхдээ хацар болоод эрүү өргөнтэй. Яахав магадгүй зарим хүмүүст иймэрхүү зүйл ярихлээр үнэмшилгүй дээрээ аягүй муухай санагддаг юм билээ. Гэхдээ энэ чинь антропологичдын нэг мэргэжлийн онцлог л доо. Тэрнээс би хүн өөлөөд байгаа биш тээ. Жишээ нь ЗХУ-н үед Михайл Михайлович Герасимов Сталины тушаалаар Доголон-Төмөр хааны Узбекстанд байдаг бунхныг нээгээд гавлын ясаар нь түүний нүүр, цээжин хэсгийг баримлаар босгосон байдаг юм. Гера́симовт нийтдээ ингэж хийсэн 200 орчим цээж баримал байдаг.

Ш.Баатар: Казак үндэстнийг түүхэнд хар киргиз гэж тэмдэглэдэг юм байна. Казакууд киргизтэй удмын сангийн хувьд ямар холбоотой вэ? Ер нь казак үндэстэн дотор хэдэн янзын угсаа гаралтай хүмүүс холилдон амьдарч байна вэ? Казакууд монголчуудтай удмын сангийн хувьд хэр ойрхон бэ? Хүннү талдаа хүмүүс үү? Эсвэл Сяньби талын улс уу?

Б. Хэрлэн: Ийм асуулт тавьсанд их олзуурхаж байна. Мэдээж Монголчуудад төдийгүй Казакуудад эргэлзэх зүйл олон байгаа, гол нь хэл өөр учраас. Төв Азийг Хаант Орос Улс колоничилж эхлэх үедээ Казакуудыг Цагаан Кыргыз мөн Кайсак Кыргыз харин одоогийн Кыргызүүдийг Хар Кыргыз мөн Буйрут Кыргыз гэж ташаа нэрлэсэн юм. Казак, Кыргызийн хоорондын харилцаа бол Монгол, Ойрадын харилцаа шиг юм, нэгэн үе нэг төрд захирагдаж нөгөө үед нь хоорондоо тэмцэлдэж байсан.

Казак үндэстэн дотроо гурван зууттай. Гурван зуут маань гарал үүслээрээ төдийгүй төр барих эрх мэдлийн эрэмбээрээ ялгардаг. Бага зуутаас цэрэг баатрууд гардаг. Дунд зуутаас номч мэргэд, сурган хүмүүжүүлэгчид, болон зохиолч, яруу найрагчид төрдөг. Харин их зуут буюу 14-17-р зуунд бие даан оршиж байсан Цагаадайн Улсын тасархай Могулстан улсаас орж ирсэн аймгууд Казакстан улсын төрийг барьдаг юм. Эдгээр аймгууд Чингисийн үеэс уламжилж Их Ясса буюу Их Засаг хуулийн хэрэгжүүлэлтийг хариуцдаг байжээ. У-ДНК шинжилгээ их зуутын Монгол гарлыг баталж байгаа тухай өмнө дурдсан. 17-р зууны сүүлээр Зүүнгар Улсын Галдан Бошгот болон Ислам шашины Кожа лам нарын өдөөлгөөр Цагаадайн удам тасарч Могулстан Улсын бие даасан байдал алдагджээ. Иймээс 18-р зуунд Могулстаны аймгууд хэлэлцэж тохироод Зүчийн улсаас үүсэлтэй Казакын Ханлигийн гурав дахь зуут болсон юм.

Соёлын хувьд Казакуудтай Кыргызүүд, Каракалпакууд, Ногай нар хамгийн ойр. Манай Халх-Цахар, Буриад, Ойрад, Хорчин гэдэг шиг. Кыргыз бол нэн эрт үеэс бие даан оршиж ирсэн аймаг, яг Кыргыз аймгийнхан бол Казакуудтай ДНК-н холбоо огт байхгүй. Гэхдээ Кыргыз үндэстэний дунд Монгол гаралтай хүмүүс бас бий, Гаплогрупп С3 (8-16%). Жишээ нь Хорчи ноёны шууд удмынхан төдийгүй Баарингууд нэлээд байдаг гэдэг.

Таван жилийн өмнө Халимаг, Буриад, Хазара гээд яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр яваад ороход - “Чи дутуу хайсан байна Их Монгол Улсынхныг ол...” гээд гаргаж байлаа. Тэр үед боломжгүй л гэж бодож байсан, би маш их хайсан шүүдээ. Харин генетикийн шинжилгээгээр Б. Лхагвасүрэн гуайн өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж болно. Мэдээж Хазара, Узбек, Каракалпак, Ногай, Кыргыз, Могул гээд орчин үеийн олон угсаатны бүлгүүдийн дунд Монголчуудын үр удам шингэж орсон байгаа. Тийм боловч зөвхөн цус генийн хувьд төдийгүй төрт ёс, ахуй соёл, сэтгэлгээний хувьд хадгалагдаж үлдсэн гол цөм нь бол Казакууд юм байна.

Генетикийн шинжилгээнээс ч өмнө Казакуудын дунд Шанышкылы (Хатиган, Хиад г.м), Дулат, Жалайр, Хонгират, Табын (Мангад г.м) зэрэг гарцаагүй Монголчуудтай холбоотой аймгууд байдгийг Казакын түүхчид мэддэг байсан. Одоо судалгаанаас харахад Казакуудын дунд байгаа Кипчак, Хар-Кидан, Мадиар-Харлук гаралтай гурван том аймаг, мөн бага хэмжээгээр тархсан Араб-Иран гарлын хүмүүсийг хасвал бусад бүх аймгууд Монголчуудтай холбоотой харагдаж байна. Харин ялгаатай тал нь гэвэл Монголчуудын 10% нь Индо-Европ зүгийн мтДНКтай бол Казакуудын 50% нь Индо-Европ мтДНК-тай. Өөрөөр хэлбэл эхийн талаасаа гэсэн үг л дээ. Бусад Хань-Хятад, Солонгос, Япон зэрэг үндэстэнүүдэд Индо-Европ зүгийн мтДНК ер байдаггүй.

Д.Цэрэндорж: Монголчуудын дээд өвөг угсаа гарлыг генетикийн хувьд тогтоох чиглэлээр хийгдсэн судалгаа байдаг уу, та бүхний хүрсэн үр дүн энэ талаар нэгдсэн ойлголтонд хүрэхэд нэмэр болох дүгнэлт байна уу?

Б. Хэрлэн: Манай Улсын Эгийн Голын хөндий, Ноён Уул, Дүүрлиг нарс зэрэг газруудаас олдсон дунджаар 2000 орчим жилийн настай булшнуудад гадны эрдэмтэд сүүлийн хэдэн жилд шинжилгээ хийлээ. Судалгааны дүгнэлтээр Гаплогрупп С3, Q, N, ба цаашилбал Европ хүний R (мтДНК нь U) Ү-ДНК илэрсэн. Тэгэхлээр Хүннүгийн үед бол Ар Монгол, Өвөр Монголын нутаг дэсвгэрт олон өөр язгуур угсаатай хүмүүс холилдон амьдардаг байж.

Харин бидний хийсэн судалгаагаар Их Монгол Улсын үед нэр нь бүртгэгдсэн Гурван Гол, Орхоны хөндий, Хөлөн Буйрд нутагтай Нирун, Хонгирадын төрөл, Хэрэйдийн төрөл аймгийнхан 100% Гаплогрупп С3 болох нь тогтоогдсон. Цаашилбал Ойрад, Онгут төдийгүй Казакын Yлы (Их) ба Кышы (Бага) Жүз (Зуут)-ийн олон аймгууд С3 байна. Иймээс энэ нь Хүннүгийн үеэс хойш Гаплогрупп С3 бүхий аймгууд аажмаар гарал өөртэй аймгуудыг шахаж гарган хилээ улам бүр тэлж төрт улсаа байгуулсныг баталж байгаа юм. Чингисийн ач Шайбаний удмын Абул-Гази хааны бичсэнээр Алунгоа эхийн гурван хүүхэд Исламын цаг тооллын 111 (729-731) оны орчим мэндэлжээ. Харин 735 он гэхэд Өвөрхангай аймгийн Орхон голын хөндийд Култегин, Билгэ хаан нарын булшны чулууг босгосон юм. Харин 742-744 онд Уйгурууд бослого гаргаж Хөх Түрэг Улсыг мөхөөсөн. Уйгурын Хаант Улс (742-848)-ыг Кыргызүүд мөхөөсөн. Дараагаар нь Монгол нутгийг Киданчууд харъяандаа байлгаж байсан байгаа юм.

Харин генийн шинжилгээгээр Кыргызүүд R1, Киданчууд О3 гэж батлагдсан байгаа. Ингэхлээр Монголчууд ба Казакуудын өвөг дээдсийг Хөх Түрэгчүүд, Есөн Огуз, Гучин Татар, “эртний Уйгур” зэрэг аймгуудаас хайх хэрэгтэй. Мэдээж хэрэг эцсийн хариуг зөвхөн манай Орхон голын хөндийд хадгалагдаж буй Хөх-Түрэгчүүдийн болоод “эртний Уйгур”-уудын булшийг олж ДНК шинжилгээ хийснээр мэдэх боломжтой.

Генийн шинжилгээнээс өмнө бол үндэстэн ястны гарал угсааг хэл шинжлэлээр тогтоодог байсан. Тиймээс хэл шинжээчид Монголчуудыг Кидан, Тоба нартай холбож үздэг юм. Харин Рашид ал-Дины Судрын Чуулганд Монголчууд Кидан, Хар Кидан Зүрчин, Нанхиад (Манжи) гэж дөрвөн Хятадыг хэлдэг гэж бичжээ. Генетикийн шинжилгээгээр Судрын Чуулганд бичсэн маш олон зүйлс үнэн болох нь батлагдсаар байна.

Д.Цэрэндорж: Тэгвэл эртний монгол овог аймгийн ДНК мөн гэдгийг генетикийн хувьд хэрхэн яаж тогтоох яг тэр овог аймагт хамаарана гэдгийг юугаар батлах вэ?

Б. Хэрлэн: Хамгийн түрүүнд эртний Түрэг, Татар, Монголчуудын удам мөн эсэхийг Гаплогрупп С3-т багтаж байгаа эсэхээр нь шалгана. Бидний мэдэх Гаплогрупп С3 бүхий Хэрэйд, Хонгират, Ойрад, Ихэрэс зэрэг аймгууд маань цөм 12 маркер дээр өөр хоорондоо төдийгүй дэлхийн аль ч угсаатантай давтагдашгүй хариутай. Харин маркер ихсэх тусмаа аймаг доторхи овгийн ялгааг олж харж чадна. Эрдэмтэд тухайн аймаг, овгийн маш олон

Ингээд одоо овог аймгаа мэдэхгүй хүн шинжилгээ өгөхөд тестийн хариуг нь бэлэн байгаа загваруудтайгаа харьцуулж үзнэ. Алдаа гарах боломж тун бага 5%-иас доош. Мэдээжийн хэрэг маш эрт дээр үед Монгол хүнд үрчлэгдсэн эсвэл Монгол нутагт нүүж ирээд удсан өөр Гаплогрупп бүхий хүмүүс ч манайд зөндөө байгаа. Ийм хүмүүсийг ч сүүлийн 200-н жилд ирсэн цагаачдаас ялгах боломжтой. Соренсон сангийн маш боловсронгуй хайлтын систем үүнд тус болдог юм.

Гэхдээ би хувь хүмүүсийг Ү-ДНК шинжилгээний хариунд их ач холбогдол өгөх хэрэггүй гэж зөвлөдөг. Гаплогруппэр гадуурхах бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс дор харгис, мунхаг үйлдэл. Харин масс миграцийн асуудал бол өөр хэрэг.

Маш олон судалгаануудын дүгнэлтүүдийг харьцуулж үзэхэд Казакууд, Оросын Буриадууд (Харин Монголын Буриадуудад Гаплогрупп N давамгайлдаг [45%-65%]), Халх Монголчууд, Халимагуудад Гаплогрупп С3-н доод хэмжээ нь 53%-57%, дээд хэмжээ нь 66-69%-тай байна.

Д.Цэрэндорж: Монгол туургатан болоод монголчуудынхаа удмын санг бүртгэх, судлах ажил одоо тэгвэл дэлхийн хэмжээнд ямар төвшинд байгаа юм болоо.

Б. Хэрлэн: Их өргөн хүрээнд явагдаж байгаа шүү, 1990 оноос эхлээд хийсэн. 2000 оноос харин яг У-ДНК-г голчилж судалдаг болоод байна. Оросын цөөн тоот үндэстэнүүдэд маш олон удаа У-ДНК судалгаа хийсэн одоо ч эрчтэй үргэлжилж байна. Бас Казакстанаас овог аймгаа яг сайн мэддэг хүмүүс шинжилгээ өгч байна. Би хувиараа хэд хэдэн онцгой гэж үзсэн хүмүүсээс шинжилгээ авсан байгаа. Түрүүн манай улсаас нийт 700 орчим хүн шинжилгээ өгсөн гэж хэлсэн. Даанч тэр нь ач холбогдол багатай, нэг ч хүний ургийн овгийг асуугаагүй байгаам. Зөвхөн 1997 онд Монголын Буриадуудад хийсэн судалгаанд л хүмүүсийн овгийг Хубдууд, Бодонгууд гэх мэтээр ангиллаж авсан байна. Тэгэхдээ нийт шинжилгээний дүнгүүдээ харьцуулаад одоо ном бичиж болохоор их мэдээлэл цугларлаа.

Одоогийн байдлаар Найман, Кипчак, Хорь-Түмэд, Хатагин, Дулат, Барлас, Хэрэйд, Онгут, Хонгират, Ихэрэс (Буриад), Ойрат (Дөрвөд) гээд маш олон аймгуудын У-ДНК-г тогтоож чадсан. Харин яалт ч гүй шинжилгээнээс маш их хоцрогдоод байгаа нь Өвөр Монгол л байна даа. Гэхдээ ерөнхий тойм байгаа. Өвөр Монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15%-иар бага байна. Тийм боловч Өвөр Монгол болон Халх Монголын бүрэлдэхүүнд яг ижил гаралтай эртний Монгол аймгууд хуваагдан оржээ.

Өөрөөр хэлбэл 12 маркертай тестерийн хариунаас хараад Өвөрлөгч үү эсвэл Халх уу гэж ялгаж чадахгүй. Харин Ойрад, Буриад, Алшын хүнийг бол ялгаж чадна. Гэтэл 12 маркертай тестерээр Ирланд, Англи, Шотланд хүмүүсийг хооронд нь ялгах боломжгүй байгаа нь манай нүүдэлчин аймгууд Ирланд, Английн хуваагдлаас ч өмнө бие даан аймаг болж хөгжицгөөсөн нь илт байна. Өвөр Монголчуудын Ү-ДНК-г хуучин хошуу нутгийн ангиллаар нь бүртгэж авах зайлшгүй шаардлагатай болов уу. Жишээ нь Өвөр Монголын гадна талд Горлос, Дөрвөд, Фушин, Харчин гэж дөрвөн жижиг өөртөө засах тойргууд байдаг. Тэнд амьдардаг Монголчуудын У-ДНК-г судлаад дотогш нь татах л хэрэгтэй байх л даа.

Ш.Энхбаяр: Бидний иргэний үнэмлэх дээр байдаг “овог” гэдэг бичилт дэндүү ерөнхий таамаг төдий зүйл болжээ. Жинхэнэ ургаа мэдэхгүйгээс болж олон монголчууд өнөөдөр зохиомол овгийн нэртэй болсон. Бас саяхан нэг сонин дээр "Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдэж оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд олширч байна” гэсэн нийтлэл гарсан байна. Ер нь энэ асуудлаас ангижрах нэг хариу нь ДНК тест биш үү?

Б. Хэрлэн: Нийгэмд санаатай ба санамсаргүй байдлаар хэт дэвэргэсэн айдас түгшүүр тараагдаж байдаг. Цус ойртолт бол тийм жишээнүүдийн нэг, хүн амын эрлийзжилт ч мөн ялгаагүй. Цус ойртсоноор уураг, ДНК, эд эс өвчилчихнө, гэмтэнэ гэсэн үг биш. Тиймэрхүү өвчлөлүүд бол химийн хортой бодис болон хүчтэй физик нөлөөллөөс л үүснэ. Харин цус ойртоход учрах аюулыг тайлбарлъя. Ген болгонд хоёр аллель байдаг. Тэр нь доминант (давамгайлагч) рецессив (давамгайлагч бус); доминант доминант, эсвэл рецессив рецессив гэж хосолно. Эд эс бүрэлдэхдээ доминант рецессив хослолын доминант аллелын мэдээллийг л угсардаг. Харин рецессив аллелын мэдээлэл нь зөвхөн далд хадгалагдаж үлддэг. Хүн хос аллелуудынхаа нэгийг нь эцгээсээ нөгөөг нь эхээсээ авна.

Байгаль эхийн хайр хишгээр ихэнхи өвчний аллелиуд рецессив шинж чанартай байдаг. Харин яг адилхан аллелуудтай хоёр хүн суухад рецессив рецессив аллель бүхий ген үр хүүхдүүдэд нь бий болох магадлал 25%-иар өснө. Удамшлын өвчин гэж энийг л хэлж байгаа юм. Монголд үеэлүүд хоорондоо сууж эхэлтэл удамшлын хүнд өвчлөлүүд огцом нэмэгдэхгүй гэж бодож байна. Уг нь болж өгвөл долоон үеийн хамаатнууд дотор суулгахгүй байх хэрэгтэй л дээ.

Гэхдээ бодоод үз, хэрвээ удамшлын өвчин тийм хурдан илэрдэг байсан бол Монголоос цөөхөн хүн амтай, ганц хоёрхон овог /аймгаас гаралтай мөртлөө сүүлийн 300-400-н жилийн туршид хоорондоо гэрлэж ирсэн Монголын Казакууд, Оросын Буриад, Оросын Хальмагуудад өдийд эрүүл хүн байхгүй байх байсан шүүдээ. Харин Английн Пакистануудад бол эмээ өвөө нь үеэл, ээж аав нь үеэл хүүхдүүд зөндөө байна (нийт гэрлэлтийн 55%-нь үеэлүүдийн хоорондын гэрлэлт). Тийм гэр бүлүүдийн дунд харин маш хүнд, урьд нь тэмдэглэгдэж байгаагүй айхтар өвчин туссан хүүхдүүд олширчээ.

Өвөг дээдэстэйгээ харьцуулахад бид овог, аймгийн ангилал; ураг төрлийн харилцаанд тун бага ач холбогдол өгдөг юм байна. Ер нь Ү-ДНК шинжилгээний тусламжтайгаар бүх хүний овгийг тодорхойлох боломж бүрэн байна. Би өөрөө шинжилгээг нь авсан хүмүүстээ шинэ ургийн бичиг батламж хийж өгнө. Тэгээд тэрийгээ өргөжүүлэх боломжийг хайна даа. Ер нь бүх зүйлийг төрөөс хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал улс хөгжихгүй л дээ.

Нирун аймгынхны түүхэн товчоонуудад бичиж үлдээснээр Монголчууд аавын аавыг (Өбөка), өбөкын аавыг (Элинчиг), элинчингийн аавыг (Уддай), уддайн аавыг (Буда-уку), буда-укугийн аавыг (Будтай), будтайн аавыг (Дутакун) гэдэг байжээ. Тэгэхлээр тэр үеийн Монголчууд өөрөөс дээшхи долоон үеэ яг мэддэг байж. Энэ эртний нэршлийг ургийн бичигт оруулвал их зүгээр байна, харин одоохондоо эдгээр үгсийн утга нь юу болохыг сайн мэдэхгүй л байна.

Ш.Энхбаяр: Чингис хааны ДНК-г судлан тогтоох нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ? Үүнийг тогтоосноор түүхэн дэх эргэлзээтэй олон асуудлын хариу олдоно гэж та бодож байна уу?
Б. Хэрлэн: Түүxийн туршид Монголын төдийгүй төв азийн түүхэнд улс төрийн нөлөөгөө тэлэх гэсэн хүмүүс Чингист “хайр зарлаж” ирлээ шүүдээ. Тэдний зарим нь алтан ургийхнаас бэр богтолж/буулгаж, нөгөө хэсэг нь Чингисийн угсааныхныг хүйс тэмтэрч байсан. Далай ламын хойд дүр гэдэг шиг шашинаар дамжуулж Чингис Хааны хойд дүр болон тодрох явдал ч байлаа.

Түүх ер нь давтагддаг гэдэг. Давтагдсан жишээнүүд ч маш олон бий. Хамгийн гол нь ингэж Чингисийн удам судар, гарал үүслийг ихээр гуйвуулсан эсвэл Чингис хааны нэр төрийг гутаан доромжилсон, Чингисийг мартагдуулахыг хүссэн он цаг бүхэн түүхэнд Монголын төдийгүй төв азийн нийгэм улс төрийн хамгийн их үймээнтэй, ард түмний цус асгарсан, ядарч доройтсон мөчлөгүүдтэй гарцаагүй давхацдаг. Чингис гэдэг үг ердөө найман зуун жилийн өмнө амьдарч байсан нэг хувь хүнийг илэрхийлэхээс гадна нүүдэлчин Түрэг-Монголчуудын нэгдсэн төр, эв нэгдлийн эрмэлзлэл болон зориг зүрх, хүч чадлын гал дөлийг асаан бадрааж байдаг мөнхийн гэрэлт од гэдгийг гадныхан ч олоод харчхаж. Тиймээс Чингис Хааны ургийн бичиг за тэгээд орчин үед генийн кодыг нь сахин хамгаалах нь үе үеийн түүхчдийн эрхэм үүрэг мөн болов уу гэж би бодож байна. Чингисийг алдах нь төрөө алдахаас өөрцгүй болов уу.

Мөн мэдээж хэрэг түүхийн ээдрээтэй олон нууцуудыг тайлах тийм ээ. Жишээ нь Зүчи Чингисийн хүү мөн үү биш үү, Доголон Төмөр хаан Барлас овгийн Монгол хүн мөн байсан уу биш байсан уу гээд. Туркууд бол жишээ нь Төмөр Хааныг Монгол байсан гэж хүлээн зөвшөөрдөггүй шүүдээ. Энэ бүх эргэлзээг генетикийн судалгаа тайлж чадлаа.

Энэ дашрамыг ашиглаад У-ДНК тест өгсөн бүх хүндэт оролцогчиддоо болон надад шинжилгээ авахад маш их тусалсан Бэсүдийн Билгүүн, Сартуулын Төгөлдөр, Шарайдын Ууганбаяр, мөн Хонгорзул нартаа маш их баярласнаа илэрхийлье. Түүнчлэн миний хийсэн судалгааг бага гэж гололгүйгээр ач холбогдол өгч, цаг зав гарган үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрласан Энхбаяр, Цэрэндорж, Баатар та гурван ахдаа чин сэтгэлийн угаас талархъя.

Ярилцлагын маань эхний хэсэг уншигч таны сонирхолыг татаж эрэгцүүлэн бодох эргээд асуух зүйл гарсан байх гэж найдаж байна. Дараачийн удаад Эртний монгол овог аймгуудын өв соёл, нууц (ил) билигдлүүдийн тухай мөн Манж,Төвд, Хаант Орос, Монголын ханлигуудын харилцааны талаар болон даяаршин буй өнөө цагт олны анхаарлын төвд ороод байгаа уугуулшлын асуудал, нармай монгол үндэсний үзэл санааны тухай судлаач бүсгүй өөрийн бодол саналаа та бүхэнтэй хуваалцах болно.

Та бүхэн сонирхсон асуултаа дараах Имэйл хаягаар Б. Хэрлэнд шууд илгээх боломжтой:
sydalgaa@gmail.com





МОНГОЛ ЦЭРГИЙН ТАКТИКИЙН ТУХАЙД

 БХЯ-ны Батлан хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн 
Цэргийн Түүх Судлалын Төв
Доктор, профессор Сарт Боржигин Жамбын Базарсүрэн

Чингис хаан цэргийн суут жанжны хувьд дэлхий дахины цэргийн хэргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр цэргээ бүхэлд нь аравтын тогтолцоонд тулгуурласан “Мянгатын байгуулалт”-ад шилжүүлж, цэргийн ардчиллын төгөлдөржсөн хэлбэр дээр үндэслэсэн удирдлагын “Нэгдмэл захиргааны ёс”-ыг анх удаа практикт хэрэгжүүлэн цэрэг-захиргааны эрс шинэчлэл хийж, түүхийн ахар богино хугацаанд дэлхийд хосгүй сахилга, зохион байгуулалттай армийг буй болгосон нь тийнхүү монгол цэргийн урлагийг дэлхийд тэргүүлэх түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгчээ.
Стратегийн тухайд
Чингис хааны цэргийн урлаг буюу стратеги, тактик нь эсгий туургатан, монголчуудын үе үеийнхний боловсруулан хэрэглэж ирсэн цэргийн эрдэм ухааны төгөлдөржсөн хэлбэр байсан бөгөөд Чингис хаан тэргүүтэй цэргийн жанжнуудын суу ухаанаар үржигдэн агуусаж дундад эртний монгол цэргийн түүхэн их ялалт амжилтуудын үндэс суурь нь болсон билээ.
Их Монгол Улсын цэргийн стратегийн үндэс нь “Маневрын дайн”-ы стратеги байснаараа бусдаас онцлог. Орчин үеийн цэргийн шинжлэх ухаанд стратегийн түвшинд маневрыг голлон хэрэглэж буй дайныг ийнхүү нэрлэдэг. Чингис хаан ийнхүү “Маневрын дайн”-ы стратегийг боловсруулах явцдаа түүнтэй холбоотой олон зүйлийг мөн анх санаачлан хэрэгжүүлсэн юм. Жишээ нь тагнуулын бүхэл бүтэн сүлжээг анх зохион байгуулсан бөгөөд өрнийн улс орны армиудын штабууд XX зуун гэхэд л сая цэргийн тагнуулын тусгай байгууллагатай болсон билээ. Монгол цэрэг аль ч улс оронд өөрийн нутагт байгаа мэт чөлөөтэй, түргэн шуурхай довтолгож асан нь чухамдаа бүх төрлийн тагнуулын сүлжээ найдвартай ажиллаж байсны үр дүн мөн.
ХХ зуунд АНУ-ын Зэвсэгт Хүчинд үүсгэн байгуулсан “Түргэн байрлуулах хүчин” болон бусад улсын ийм маягийн цэрэгтэй үүрэг, зориулалтын хувьд ижил гавшгай цэрэг болох "Тама" (“Тамачи”) хэмээх цэргийг монголчууд бүр XIII зуунд цэргийн хэрэгт хэрэглэж эхэлсэн билээ.
Үүнээс гадна "Дайны ажиллагааны театр"-ыг сайтар тандан судалж, их цэрэг явах зам, гүүр барих зэргээр урьдчилан бэлтгэж, төхөөрөмжилдөг байсан аргыг ихэнхи улс орон ХХ зуун хүрч байж л сая хэрэглэх болсон билээ.
Түүнчлэн:
-цэрэг, дипломатын аргыг хослуулан дайсан улсаа ганцаардуулах;
-стратегийн операцыг явуулахдаа цэргийг заавал гурван гар болгох буюу нэг нэгнийгээ халхалсан байдалтай илгээх;
-дайсан улсынхаа газар нутгийн тал талаас зэрэг давшилт хийж хүчийг нь тарамдуулах;
-гол цохилтын чиглэлийг зөв сонгож, стратегийн гэнэтийн ажиллагаагаар дайснаа мохоох;
-гол объект, хаад, ноёдыг нь тасралтгүй мөрдөн хөөж дайсныхаа нэгдсэн удирдлагыг алдагдуулах;
-сэтгэлзүйн хүчтэй довтолгоон хийх зэрэг стратегийн төвшинд санаачлан хэрэгжүүлсэн зүйл олныг дурдаж болно.
Энэ бүхэн нь орчин үеийн дайны урлагт ч зарчмын чухал ач холбогдолтой зүйлс хэвээр байгаа юм.
Ийнхүү дайны санаачлагыг эхнээс нь гартаа авч, байлдааны ажиллагааг тасралтгүй, идэвхитэй явуулдаг байсан нь ямагт ялан дийлэхийнх нь үндэс суурь болдог байжээ.
Чингис хаан тэргүүтэн монгол цэргийн жанжнууд дайн, байлдааны ажиллагааны технологид тоог бус, чанарыг эрхэмлэх зарчмыг тууштай нэвтрүүлж, ямагт цөөнөөр олныг ялан дийлж байсан тактикийн өвөрмөц аргуудыг хэрэглэж байсан нь тэр үеийн дэлхий дахины цэргийн урлагт цоо шинэ зүйл байв.
Хятадын алдарт Сүнзийн сургаальд ”…Хүн хүч дутуу ахул дутаан одогтун, хүч ихээр дутуу ахул хүчлэн тулалдахаас бултагтун. Учир нь хүчээр дутмаг цэрэг хатгалдан тулалдах аваас хүчирхэг дайсны олз болмуй”[i][i] гэсэн байдаг бол Чингис хаан: “Олноос олон, цөөнөөс цөөн гарз болмуй за”[ii][ii] хэмээсэн байдаг нь зарчмын эсрэг тэсрэг хандлагын нэгээхэн илрэл болой. Ийнхүү “Цөөнөөр олныг ялах ухаан” хэмээн томъёолж болох зарчим нь тэр үед улс орноо батлан хамгаалах стратеги, тактикийн бүхий л асуудлыг боловсруулж ирсэн онолын үндэс суурь болж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд дэлхий дахинаа цэргийн тактикийн чухал нэг зарчим хэвээр байсаар байна.

Тактикийн тухай
Тэр үед олон улс даяар ноёрхож байсан гол хандлага бол улс аймгуудын цэрэг бүр байлдаанд ерөнхийдөө ямар нэгэн тогтсон хэв загварт баригдсан байлдааны журам, тактик хэрэглэдэг байсанд оршино.
            Европын улсуудын шилдэг цэрэг болох Рыцарь хэмээх “Морьтон баатар”-ууд  гэхэд “Шивээ”, “Бодонгийн толгой” буюу “Төмөр гахай” ч гэж оросуудын нэрлэж асан  байлдааны журам, түүндээ тохирсон тактикийг л байлдаанд зонхилон хэрэглэдэг байв.
Орос тэргүүтэн славууд ихээхэн хүчтэй “Төв” болон арай бага хүчтэй хоёр жигүүрийн нэг, нэг гурвалжин бүхий гурван гурвалжин жагсаалаар байрлаж тулалддаг.
Рыцариуд ч, славууд ч байлдааны явцад анхлан сонгосон тэр журам, жагсаалаа алдахгүйг эрмэлздэг байсан ба өөр тактикийн хувилбар бараг байхгүй байжээ.
Зүрчидийн “Алтан улс”, Тангудын армид хүнд зэвсэгт явган цэрэг зонхилж асан тул байлдааны жагсаалаа аль болох чигжүү, нягт агаад гүн тийшээгээ олон шахуу эгнээ болгон зохион байгуулж, фронтынхоо энгээр дайснаа ааглан түрж цохихыг эрмэлздэг байжээ. Ийм учраас хувьсан өөрчлөгдөх чанар багатай, хөшүүн нүсэр  байснаас тактикийн нэг их олон хувилбар, арга хэрэглэх боломж ч үгүй байв. Сүн, Тангудын аль нь ч ялгаагүй, амиа авардаг гол тактик нь хэрэм, цайздаа бүгж халхлан тулалдах явдал байв.
Харин монгол цэргийн хувьд бол тийм бус. Цэргийн тактикийн үндэс нь дээр дурдсан маневрын дайны стратегийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон дан морьт цэргийн хувьсангуй хөдөлгөөн буюу маневр болж байв. Байлдааны журмыг бүрдүүлэгч хэсэг, тэдгээрийн хүн хүчний тоо хэмжээ нь байлдаан бүрт харилцан өөр өөр байхаас гадна нэгэн тулалдааны явцад ч цагийн байдлын өөрчлөлтөд зохицуулан хүч, бүлэглэлээ хялбархан өөрчлөн хувьсгаж, гэнэтийн дайралт, сөрөг цохилт хийх боломжоор илүү байсан юм. Монгол цэрэг хүний тоогоор бусдаас ямагт үлэмж цөөн байсан авч түүний хүчин чадавхи, цохилтын жин нь хурд, маневрын ачаар олон дахин нэмэгддэг байжээ.
Ийнхүү олон улсад, ялангуяа өрнөдийн орнуудад тархаж түгээд байсан байлдахуй аргын “Тогтонги хэв загварчлал (Шаблон)”-ыг таягдан хаяхад хүргэсэн нь цэргийн урлагийн хөгжлийг зогсонги байдлаас гаргахад хүчтэй түлхэц өгсөн бөгөөд энэ нь дэлхий дахины цэргийн урлагийн хөгжилд Чингис хааны оруулсан нэг гол хувь нэмэр байсан билээ.

Нэг. Хээрийн байлдааны аргууд
“Монголын нууц товчоо” болон тэр үеийн бусад сурвалжид үзэхүл “Өдөөх буюу өдөж хөдөлгөх”, “Нохой хэрэл хэрэх”, “Нүүр дээрээс нь асгах”, “Харгана зорчил зорчих”, “Нуур байрт байлдах”, “Цүүц хатгаа хатгах”, “Алгинчлах”, “Дэрэлгэх буюу дэрлэх”, “Тойрох”, “Шивээлэх”, “Хороолох” хийгээд “Хүрээ цэрэг”, “Сацсан одны жагсаал”, “Бүгэх”, “Огжатгах”, “Цувруулан цохих”, “Нуман түлхүүр байр хийх”, “Бух сэжүүр байр хийх” гэхчилэн цэргийн холбогдолтойгоор  зөвхөн нэрлэсэн төдийгүй, бас үйл хөдлөлөөс нь шууд үлгэр аван тусгасан арга цөөнгүй тохиолдоно.
Монгол цэргийн жанжид,түүний дотор Чингис хааны цэргийн жанжны авъяас чадвар тодоос тод харагдсан Наху гүний тулалдааны жишээгээр монгол цэрэг ямархуу тактик хэрэглэж байсныг өгүүлье. 1204 онд Наху гүнд Найманы цэрэгтэй хийсэн энэ тулалдаан монгол туургатныг нэгтгэн барах сүүлчийн, шийдвэрлэх томоохон тулалдаануудын нэг  байсан учир тэр талаар Монголын нууц товчоо тэргүүтэн түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэн үлдээсэн байна.
Наху гүний тулалдаан
I.              Тулалдах болсон шалтгаан
            1204 он бол монгол туургатаныг нэгтгэх олон жилийн тэмцэл шувтрах шатандаа орж, Монгол овог аймгууд үндсэн хоёр том хэсэгт, тухайлбал нэгд, Хамаг Монголын буюу Чингис хааны нэгтгэн жолоодсон овог аймгууд, хоёрт, Найман, түүний талынхан гэж хуваагдсан байсан үе. Тиймээс тэрхүү хоёр тал хэзээ нэгэн цагт “Үхлийн тулаан” хийх нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэж болно. Тийн байтал Найман аймгийн хан ноёд тэр үед дөнгөж сэргээн байгуулагдаад байсан Хамаг Монголын зүг анхаарлаа хандуулж хүчин чадал бүрэн бүрдэхээс нь өмнө дарж авахаар шийдвэрлэжээ. Тэр тухай Монголын нууц товчоонд өгүүлэхдээ Найманы Таян хан: “Энэ дорно зүгт цөөхөн монгол буй хэмээмүй... Эдүгээ мөн хан болоё хэмээн санаж байна уу тэд. Тэнгэрийг гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан хэрхэн байж болох. Одоо би явж тэр хэдэн монголыг авч ирье” гээд цэргээ хөдөлгөсөн гэжээ.
            Тэр үед Чингис хаан ажиг сэжиггүйгээр Халх голын савд орших Тэмээн хээр хэмээх газар их ав тавьж байжээ. Таян хан цэргээ хөдөлгөхийн өмнө Онгуд аймгийн эзэнд элч илгээж Монголын эсрэг хүчин хавсрахыг санал болгосонд Онгудын эзэн үл зөвшөөрснөөр үл барам Найман дайрах гэж байгаа тухай Чингис хаанд мэдэгджээ. Тэгмэгц тэрээр ав хомрогоо зогсоож цэргийн ноёдоо цуглуулан хуралдаж Наймантай байлдах, эсэх тухай хэлэлцээд угтан байлдахаар шийдвэрлжээ.
II. Тулалдааны бэлтгэл
            Тийнхүү тулалдах шийдвэр гарсан тул Чингис хаан яаравчлан байлдааны бэлтгэлээ базаав. Үүнд нэн даруй цэргээ цуглуулан зэр зэвсгээ хурцлахын ялдамд өөрийн хийгээд дайсныхаа хүчтэй, сул талыг судлан тодорхойлсны үндсэн дээр цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Үүнд, тухайн үед Хамаг Монголын цэрэг ч, Найманы цэрэг ч “Хүрээ”-ний зохион байгуулалттай байсан билээ.
Мнголчууд эртнээс эхлэн  овог, овгоороо нэгдэж хам олныхоо хүчинд дулдуйдан амь зууж асан агаад өвсний шим, усны тунгалгийг  дагаж нүүдэллэн явсаар хаа нэгтээ буудаллахдаа овгийн ахлагч ноёныхоо орд өргөөг төв дундаа байрлуулж, бусад нь зэрэг дэвээсээ шалтгаалан тодорхой зохион байгуулалттайгаар тойрч дугуйран буудаг. Түүнийгээ “Хүрээ” гэдэг байжээ.
Хүрээ, хүрээгээр бие даан тусгаар амьдрах эл хэлбэр монголжин улс аймгийн дотор ХШ зуун хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд харин хүн ам өсөн төлжихийн хирээр овгууд ихэд томорсон учир нэгэн аймаг бүү хэл, нэгэн овгийн дотор ч хөрөнгө чинээ, хүчин чадал ихтэй ноёдын тэргүүлсэн олон хүрээд буй болсон байжээ.
Хрээдийн ноёд цагийн эрхээр аль нэг хүчирхэг овог, аймгийн зонхилогчийг даган нэгдэхдээ өөр, өөрсдийн хүрээг авч очдог бөгөөд аль нэгэн ханлиг, аймаг гэхэд үндсэндээ олон тооны хүрээдийн нэгдэл болж байв. Тиймээс улс, аймгийн хан, ноёдын цэрэг ч мөн л бие даасан олон хүрээдийн цэргээс бүрдэж байв.
Хүрээдийн ноёд байлдаан тулалдаанд орохдоо өөр, өөрийн хүрээнийхээ цэргийг захирч тулалддаг агаад тэд тухайн цагийн цэрэг, улс төрийн байдлаас шалтгаалан хэн нэгэн нөлөө бүхий хан, ноёдыг түшиглэн нөмөр нөөлөгт нь багтаж, хоорондоо эвсэн нэгдэж явавч, өөрт ашиггүй юмуу аюул тулгарч болзошгүй болсон үед бол байлдааны дундуур ч хамаагүй, хүрээгээ аваад салаад явчих боломжтой байв.
Энэхүү “Хүрээний байгуулалт” цэргийн хэрэгт хэрхэн нөлөөлж байв? Сурвалжуудыг үзэхэд тэр үеийн байлдааны ажиллагаа ихэнхдээ эрчтэй, ширүүн эхэлдэг боловч яваандаа хүч нь саарч, удааширч ирэх нь олонтаа байжээ. Энэ нь нэгд: дийлж буй талынхан байлдааны талбарт шархдагсад, үрэгдэгсдийг тонон дээрэмдэж, олз хөөн сатаардагтай; хоёрт: мөн ерөнхийлөн захирагч хан, ноёныхоо тушаал, захирлагыг хүрээдийн ноёд үл тоомсорлон толгой мэдэн шийдвэр гаргаж, дур дураараа ухарч давшихаар барахгүй, байлдааны цагийн байдал хүндэрвээс хүрээгээ аваад байлдааны талбараас бүр цойлон гарч одох нь ч энүүхэнд байсантай холбоотой байв.
Иймээс байлдаан сунжирч, хүчээр ааглаж байсан ч дайснаа эцэслэн сөнөөж чадалгүй зугтаалган алдах юмуу эсбөгөөс байдал таагүй тийшээ эргэж болзошгүй болсон тохиолдолд зарим хүрээд тасран салж оддогоос байлдааны талбарт үлдэгсэд аргагүйдэж гарцаагүй хүчин мөхөсдөхөд хүрэх нь цөөнгүй байлаа.
Энэ бол цэрэг-захиргааны зохион байгуулалтын “Хүрээний хэлбэр” цэргийн хэргийн хийгээд нийгмийн хөгжлийн шаардлагаас хоцрогдож, саад болж эхэлсний шинж байв. Үүнийг гярхай ажиглаж мэдсэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахын өмнөх шийдвэрлэх тэрхүү тулааны өмнө өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ.
Тийнхүү Чингис хаан Наху гүний тулааны бэлтгэл үед цэргээ шинэчлэн зохион байгуулж, хуучин “Хүрээний байгуулалт”-ыг халж аравтын тогтолцоонд үндэслэсэн “Мянгатын зохион байгуулалт”-ад шилжүүлжээ. Хүрээг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох аравт, зуут, мянгатын ноёдоор гагц үе залгамжилсан, хуучин  хүрээний ноёдыг бус, харин авъяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавхи, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв.
Түүнээс гадна шадар цэрэг болох наян хэвтүүл, далан турхаг болон шилдэг мянган баатраас бүрдсэн одоогийн ойлголтоор бол байнгын цэргийн шинжтэй “Хэшигтэн” цэргийнхээ үндэс  суурийг тавив. Бас буурч, үүдэчь агтач, адуучин зэрэг чухал албан тушаалуудад тэнцэх тохирох хүмүүсийг тохоон томилов. Мөн цэргийн “Чэрби” хэмээх албан тушаалыг буй болгож 6 хүнийг шалгаруулан томилжээ.
Энэ мэт цэргийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн сайжруулах арга хэмжээ авч аян дайны бэлтгэлээ шуурхай базаамагц 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг-сүлдээ тахиж Наймантай байлдахаар Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас морджээ.
III. Тулалдааны өмнөтгөл буюу алсын “Марш”
            Халх голын районоос Алтайн өвөр хүртэл хийсэн тэрхүү марш одоогийн нөхцөлд ч хүнд сорилт байсан нь ойлгомжтой.
            Цэргийнхээ өмнө алгинч болгож Зэв, Хубилай хоёрын цэргийг илгээв. Тэд явсаар Саарь хээр гэдэг газарт хүрч найманы алгинч цэрэгтэй учирч тулалджээ. Тэгэхдээ нэгэн эцэнхий саарал морийг дайсандаа зориуд олзлуулсан бөгөөд тэр нь “монгол цэргийн агт туранхай ядруу учир байлдах чадвар муутай” гэж дайснаа төөрөгдүүлэхээр зохиосон цэргийн ов мэх байв. Дашрамд өгүүлэхэд монголчууд цэргийн ов мэхийг дээд зэргээр чадварлаг ашигладаг байсан нь гадаад, дотоодод хийсэн олон дайн, байлдааны түүхээс илэрхий байдаг билээ.
            Чингис хааны гол хүч Саарь хээрт ирээд алсын аянд ядарч сульдсан цэрэг, агтаа хэсэгхэн зуур ч болов амрааж хүч сэлбэхээр буудаллажээ. Тэгэхдээ мөн л дайсныг төөрөгдүүлэх ов зохиосон нь “Галаар огжатгах” хэмээх арга байв. “Огжатгах” гэдэг нь “гэнэт цочроон аюулгах, огцом айлган төөрөгдүүлэх” гэсэн утгатай үг. Тийнхүү Чингис хааны цэрэг орой шөнө  Саарь хээрийг дэлхэн бууж, хүн бүр тав таван гал түлж галаар сүр бадруулжээ.  Найманы харуул түүнийг хараад “Тэд цөөн гэсэн. Гэтэл одноос олон гал ноцож байна. Өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой” гэж Таян ханд мэдэгджээ. Түүнийг сонсоод Таян хан “Монголын агт туранхай байна. Бид Алтай даван хөдөлж монголыг “Өдөж хөдөлгөж” (хуурмагаар ухарч дайсныхаа хүчийг нь тарамдуулах зорилготой хэрэглэдэг байсан тактикийн овт нэгэн аргыг ийн нэрлэдэг), Алтайн өлгийг хүртэл “Нохой хэрэл хэрж” (мөн тактикийн өвөрмөц нэгэн арга) займруулан чирэгдүүлж аваачвал монголын агт улам туранхилан ядрах болно” гэжээ. Хашир хүний энэ шийд уг нь зөв байв. Гэвч Таян ханыг дагагсад хүний тоогоор олондоо эрдэн бардамнаж “ Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй эм Таян зүрх алдаж энэ үгийг хэлж байна” гэхчлэн доромж хариу барьсан тул Таян хан “Тийм бол хатгалдая” гэж Чингис хааны өөдөөс хөдөлжээ.
IV. Наху гүний тулалдаан
            Найманы цэрэг тийнхүү явсаар Наху гүний (Одоогийн Лаху баян уул) зүүн хормойг дайран Цахир могод гэдэг газарт хүрч ирэх үед Чингис хаан угтан байлдахаар болж арга тактикаа сонгон тодорхойлжээ. Байдлыг үзвэл Чингис хааны цэрэг тоогоор Найманаас үлэмж цөөн, алсын түргэвчилсэн аянд ядарсан байдалтай байв. Тиймээс Чингис хаан “Олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз гарна” гээд Найманы эсрэг морилж тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа:
                                                   “Харгана зорчил зорчиж
                                                   Нуур байрт байлдаж
                                                   Цүүц хатгаа хатгалдая” хэмээсэн гэж Монголын нууц товчоонд өгүүлжээ. Энэхүү “Харгана зорчил зорчих” гэдэг нь хэсэг хэсгээр, бут сөөгөөр ургадаг харгана мэт цөөн хүнтэй бүлгүүд болж таруу байдлаар давших гэсэн утгатай. Үүнийг аравт, зуутын хооронд харьцангуй их завсар, гүнтэйгээр, өргөн фронтоор давших гэж ойлгож болно.
“Нуур байрт байлдах” нь нуур мэт өргөн дэлгэр байр эзлэн, нууранд юм живүүлэх адил дайсныг тал талаас нь бүслэн хааж хэсэглэн цохих гэсэн утгатай.
“Цүүц хатгаа хатгах” гэдэг нь аливаа юмыг цүүцээр цөм хатгах мэт дайсны цэргийн байлдааны журам, жагсаалыг цөмлөн сэтлэх арга. Одоогийн цэргийн хэллэг, ойлголтоор “Гол чиглэлд хүч хуримтлуулан дайсны хориглолтын шугамыг цөмлөн сэтлэх” гэсэнтэй утга нэг.
Чингис хаан ийнхүү байлдах арга тактикаа тодорхойлоод цэргээ тэр үеийн заншил ёсоор цэргээ гүн тийш нь манлай, гол, хөтөд гэсэн хэсэг буюу цувраа бүхий байлдааны журамд оруулан тулалджээ.
Тэгэхдээ Хасарт гол хүчээ, Отчигин ноёнд хөтөдөө захируулаад өөрөө манлайд тулалддаг. Энэ удаад Чингис хааны удирдсан манлай цэрэг гурван цувраанаас бүрдсэн байна. Үүнд: Нэгдүгээр цувраанд анх Халх голын Ор нугын Хэлтгий хаднаас хөдлөхдөө урдаа алгинчлуулан гаргасан Зэв, Хубилай, мөн Зэлмэ, Сүбээдэй нарыг давшуулсан бөгөөд тэд Найманы харуулыг их голд нь хүртэл үлдэн хөөгөөд өргөн фронтоор шууд халз дайран тулалджээ. Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нар ижил эрх дархтай ноёд учир хэн хэндээ захирагдахгүй, бие даан өөр өөрсдийн цэргийг удирдан довтолсон гэж үзвэл энэ нэгдүгээр цувраа нь дотроо мөн дөрвөн хэсгээс бүрдэж байж гэж болно.
Дараа нь тэдний гэзэгт хоёрдугаар цувраа болон довтолж буй Урууд, Мангудын цэрэг, “Монголын нууц товчоо”-нд тод томруун зураглан дүрсэлсэнчлэн
“Эрт талбисан унага
    Эх юүгээн сүүн хөхөж
        Эх юүгээн орчин тойрон
         Гүйх унагад мэт…”
“туялан” явна. Энэ нь Урууд, Мангудын цэрэг нэгдүгээр цуврааны араас нэмэгдэл /бэлтгэл/ хүч болон дайсныхаа урдаас халз дайраагүй, харин дээр өгүүлсэнчлэн нэгдүгээр цуврааныхаа халхлалтын дор Найманы цэргийн зах сэжүүрээр дэрлэж цохих юмуу эсвэл ар хударгаар нь тойрч бүслэхээр фронтын хоёр жигүүрээр ороон довтолж буйг харуулж байна. Өөрөөр хэлбэл манлайн эл хоёрдугаар цувраа нь нэгдүгээр цувраанаасаа тактикийн хувьд өөр үүрэг хүлээсэн бөгөөд Урууд, Мангудын цэрэг тус бүр өөр өөрсдийн, ижил эрх дархтай ноёдод захирагдаж байсан тул эл цуврааг мөн бие даасан хоёр хэсгээс бүрдэж байж гэж үзэж болно.
Тэдний гэзэгт Чингис хааны өөрөө удирдаж буй манлайн гуравдугаар цувраа тулалдаанд оржээ. Чингис хаан ийнхүү манлайд байлдах болсныг “Монголын нууц товчоо”-нд “Өгэсүн алгинчилажу” /өөрөө алгинчилж/ гэж тодорхойлсон байдаг. Алгинч, алгинчлах хэмээн дурдсан зүйл “Монголын нууц товчоо”-нд 9 удаа гарч байгаагаас зөвхөн энэ тохиолдолд л байлдааны ажиллагааны явцтай холбогдон гарч байгаа бөгөөд бусад нь зөвхөн аяны журамтай холбоотой байна. Гэхдээ энд ийнхүү өгүүлсэн нь сайтар ажиглан тунгааваас энгүүн нэг тохиолдлын чанартай юмуу ташаарсан хэрэг бус аж.
“Алгинчлах” гэдэг нь “Тагнуул, харуул хийх” гэдэг утгатай үг. Үүнээс үзвэл Чингис хаан өөрийн цэргийн манлайд байлдахын зэрэгцээ бас дайснаа “Тагнах” ажиллагаа явуулжээ гэж болно. Өөрөөр хэлбэл “Байлдан тагнасан” хэрэг болж байна.
Орчин үеийн ойлголтоор дайсан этгээдийн хүчин чадавхи, байлдааны журам, байр байдал тодорхой мэдэгдэхгүй байгаа нөхцөлд түүнийг тандан илрүүлэх зорилгоор байлдааны ажиллагааны эхэнд хүчжүүлсэн батальон хүртэлх хүчийг тусгайлан гаргаж “Байлдан тагнах” /оросоор “Разведка боем”, англиар “Reconnaissance in force” гэдэг/ ажиллагааг зохион байгуулдаг.
Энэхүү “Байлдан тагнах” аргыг 1942 оноос эхлэн Зөвлөлтийн армид өргөн хэрэглэж байсан бөгөөд бусад олон орны армид ч хэрэглэдэг.
Харин дээрхээс үзвэл “Байлдан тагнах” тактикийн ийм аргыг Чингис хаан бүр 1204 онд хэрэглэж байсан нь нотлогдож байгаа бөгөөд түүнээс өмнө ийнхүү урьдчилан төлөвлөж, тодорхой чиглэл, зорилготойгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан баримт одоогоор өөр хаана ч гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Наху гүний байлдаанд Чингис хааны цэрэг хүн хүчээр эсрэг этгээдээс дутуугийн дээр, Найманы цэргийн байлдааны журам, хүчний бүлэглэл эхлээд сайн мэдэгдэхгүй байсан агаад хоёр талын цэргийн түрүүч /харуулууд/ нэгэнт хатгалдан тулалдаж эхэлсэн тэр нөхцөлд дайсны байдлыг байлдааны явцад л тандан мэдэхээс өөр аргагүйд хүрчээ. Дайсныхаа байдлыг тодорхой мэдэхгүйгээр, тэр тусмаа илэрхий давуу хүчтэй тулгарсан нөхцөлд мухар сохроор цэргээ удирдана гэвэл ялан дийлэхийн тухай санахын ч хэрэггүй нь мэдээж. Тийм учраас дайсныхаа хүн хүчний бололцоо, байлдааны журмынх нь эмзэг хийгээд хүчтэй талыг илрүүлж, түүнд зохицуулан байлдааны ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах зорилгоор, хором бүр алтнаас үнэтэй болсон тэр давчуу чухал үед, үхэх сэхэхийн алин болохыг тодорхойлох тэрхүү амин чухал хэргийг өөрөөсөө өөр хэнд ч үйл найдан, тийнхүү Чингис хаан өөрийн биеэр алгинчилсан буюу “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан нь илэрхий байгаа юм. Түүнээс биш зөвхөн баатар эрийн ид хавыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх гэсэндээ тийн алгинчилсан хэрэг бус бөгөөд бас Хасарт гол хүчээ өгч захируулсан нь байлдааны ажиллагааг бүгдийг нь түүгээр удирдуулсан ч гэсэн үг биш юм.
Чингис хааны удирдсан цувраа тулалдаанд орж буй тухайд:
                                        “Өеөссөн шувуу мэт
                                        Шилмэлзэн хошуурч айсуй”
гэж тэмдэглэсэн байдаг. Энэ дүрслэлээс үзэхүл тэр цуврааны бусдаас ялгарах шинж нь хошуурсан буюу гурвалжин хэлбэрээр жагссан байсныг “Монголын нууц товчоо”-г зохиогч зориуд онцгойлон цохсон хэрэг бололтой. Байлдааны эхэнд Чингис хааны зарлиг болсончлон “…Цүүц хатгаа хатгалдах”-ад ийм хошуурсан жагсаал нэн тохиромжтой байсан ч байж болзошгүй.
Эл бүхнээс харахад манлай цэргийн тэр гуравдугаар цувраа нь нэгдүгээрт: дайсны байдлыг заншлан мэдэх зорилгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулах; хоёрдугаарт: дайсны эгнээний аль эмзэг, сул газрыг олж, “Цүүц хатгаа” эхлэн хатгаж цөмлөөд, цаашид байлдааны явцад дайсныг хэсэглэн хувааж бүслэх ажиллагааг эхлүүлэх ийм хоёр гол үүрэгтэй байжээ гэж болно.
Манлай цэргийнхээ гол цөм болсон энэ цувраа чухам хэдий хир хүчтэй байсныг тодорхойлох аргагүй. Гэхдээ байлдах өдөр Чингис хааны өмнө явж тулалдах ёстой Архай Хасарын мянган шилдэг баатар хийгээд хааны бие сахигч хэшигтэн цэрэг болон шадар сайд, черби нарын мэдлийн цэрэг лав багтаж байсан нь ойлгомжтой.
Ер нь дайтан тулалдана гэдэг амь дүйсэн үйл хэдий ч манлай болон одогсдын хувьд бол ямагт дайсныхаа зохион байгуулалт нь алдагдан сарниагүй, хүчир тулаанд бие зүдэж, зүрх халираагүй шинэ сэргэг хүчний эсэргүүцэл, сөрөг цохилттой тулгардаг, үнэхээр амь зольсон хэрэг байсан бөгөөд түүний хир амжилт олохоос тухайн байлдааны төгсгөл ихээхэн шалтгаалдаг байсан учир Чингис хаан онцгой анхаарч, манлайд хамгийн итгэлтэй, шилдэг баатруудаасаа тохоон томилдог байжээ.
Манлайн араас “Гол хүч” тулалдаанд орно. Гол хүч нь мөн л бие биесийн гэзэг дарсан, тактикийн бие даасан үүрэг бүхий цувраа, хэсгүүдээс бүрддэг байсан байна.
Их цэрэг дайсантай тулгаран байлдааны журамд шилжих үед аяны цувраанд цэрэг дайчдын хамт явсан агтчин, адуучин хийгээд хүнс, саалийн мал хариуцсан малчин, дайлан буй эрсээ даган яваа ар гэрийнхнээс эхлээд сумчин, зэвчин, тэрэгчин, төмөрчин гэх мэт дархчууд, өвчтөн шархтныг эмчлэгч эмч домч, бариач шархач, байлдаанд анхлан яваа залуу хөвгүүд /13-15 насны/, тэднийг халхлан хамгаалах цэрэг эрсийг ялган “Хөтөд” хэмээх нэгэн цуврааг буй болгодог байжээ. Хөтөд нь байлдаанд зөвхөн “Ар тал” болоод зогсохгүй шаардлагатай үед бас бэлтгэл нэгэн цувраа болон тулалдаанд оролцдог байжээ. Дээр дурдсан Наху гүний байлдаанд их голынхоо араас Отчигин ноёны удирдсан “Хөтөд” тулалдаанд орж байгааг “Монголын нууц товчоо”-нд дүрсэлсэн нь түүнийг илтгэх нэгэн баримт.
Үүнээс гадна дайсны зүрхийг үхүүлэх зорилгоор үй түмэн цэрэг хүч нэмэн ирж буй мэт сүр үзүүлэн мод, эсгий чирэн холоос их тоос босгох, агт морьдын нуруунд хүний хиймэл дүрс унуулан довтолгох зэрэг ов зохион хуурах, дайсны жагсаалыг сарниулан үймүүлэхийн тулд цэргийнх нь урдаас адуу, тэмээ, үхэр мал туун оруулах зэрэг ажиллагаанд хөтөд чухал үүрэг гүйцэтгэдэг байв.
Ийнхүү эхэлсэн тулалдаан өдөржин үргэлжилж Найманы цэрэг буруулан зугтааж Наху гүний өөд авиран ухарцгааж байжээ. Үдэш нь Чингис хааны цэрэг Наху гүний өөд ухран гарсан Таян ханы цэргийг бүслэн хоножээ. Тэр шөнө найманы цэрэг сарнин тархахдаа Наху гүний хадан хясаан дээрээс халтиран унацгааж олон хүн хэмхрэн үхжээ. Маргааш нь шархадсан Таянг барьсан боловч тэр шархаа даалгүй нас барсан гэдэг. Байлдаан эхлэхийн өмнө Наймантай хамт байсан Жамуха Найманы цэргийг бүслэгдэхийн даваан дээр зугтааж амжсан боловч тулалдаан дууссаны дараа төдий удалгүй хамт явсан цэргүүддээ баригдан ирж өөрийн хүсэлтээр цаазлуулсан түүхтэй. Наймантай хамт байсан бусад олон овог аймгийн цэрэг ч бууж өгөх нь бууж өгч,  азтай зарим нь цойлон одож амь гарчээ.
V.Тулалдааны төгсгөл
            Наху гүний тулалдаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ байлдаанд ийнхүү Чингис хаан Найманыг хиартал бутцохисон нь дээр өгүүлсэнчлэн түүний цэргийн жанжны аугаа их авъяас чадварын илрэл байв. Тэрбээр байлдааны эхнээс санаачлагыг гартаа авч цэргийн ов мэх хийгээд сэтгэл зүйн довтолгоог ч чадмаг хэрэглэсний үр дүн тийн гарчээ.
Нөгөө талаар цаг үеэ олж хийсэн цэргийн шинэчлэл нь түүнд ийм ялалт авчирах угтвар нөхцлийг бүрдүүлж өгчээ. Наху гүний байлдаанд Чингис хааны цэрэг хэдийгээр хүн хүчний тоогоор дайснаасаа үлэмж дутуу байсан ч хатуу чанд сахилга, зохион байгуулалттай байж, байлдааны журам жагсаалаа огт алдаагүй, хэн ч толгой мэдэн дураар аашлаагүй бол хуучин тогтолцоогоороо байсан Найманы цэрэг нэгдсэн удирдлага султай, эвсэн нийлж асан овог аймгийн ноёд нь зөвхөн өөр өөрсдийн эрх ашгаа харгалзсан шийдвэр гаргаж, хар амиа бодож байснаас цэргийн нягт харилцан ажиллагаа гэх юмгүй болж, байлдааны явцад цэрэг нь хэд хэд тасарч, улмаар амь тэнсэхийн цагт харь элгийн Жамуха байтугай хан хүү Хүчүлүг нь хүртэл төрсөн эцгээ үхлийн аюулд орхин байлдааны талбараас цойлон одоод, Наймантай хамт байсан Жадаран, Салжиуд, Дөрвэн, Тайчиуд, Хонгирад тэргүүтэн аймгийн цэрэг бууж өгсөн нь эсрэгцэлдэж асан хоёр талын цэргийн зохион байгуулалтын зөрөө, түүний эерэг сөрөг талыг тод томруун илтгэн харуулсан хэрэг байлаа.
Нөгөө талаар энэ ялалт нь Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн:
“Хацрыг жадалж байвч
Харсан нүдээ цавчдаггүй
Хар цусаа урсавч
Харьж огт буцдаггүй” хатуужил ихт монгол жирийн цэрэг эрсийн мохошгүй чин зориг, эрдэм чадлын илэрхийлэл байлаа.
ТАКТИКИЙН БУСАД АРГЫН ТАЛААР
Монголчууд дайсныг бүслэн хаахдаа зарим үед зээгт авын аргаар ан амьтныг агнах лугаа адил нэг талаас нь хадан хавцал, гол мөрөнд шахаж, гурван талаас нь хавирган саран мэт хэлбэрээр хагас цагираглан хааж ухрах замгүй болгоод бүслэлтээ алхам алхмаар хумидаг байжээ. Чингис хаан Сартаулын Желал Ад-дин султаны цэргийг Инд мөрөнд шахан ийнхүү бүслэн цохисон тухай перс түүхч Жүвэйни “Энэ нь яг мөрний урсгалаар хөвч хийсэн нумын хэлбэртэй харагдана”[iii][iii] гэж тэмдэглэсэн байдаг. Рашид ад-Дин ч бас “Монгол цэрэг султаныг тал талаас нь хүрээлэн, нум шиг хэд хэдэн хагас дугуйгаар ар араасаа эгнэн ирэхүй Инд мөрөнд нумын хөвч шиг тулан байв. Нар гарахад султан гал, усны дунд орсноо мэдэв”[iv][iv] гэж бичсэн байна. Энэ аргыг тэр үед чухам юу гэж нэрлэж байсан нь одоогоор хараахан мэдэгдээгүй байгаа бөгөөд харин хожим нь “Нуман түлхүүр байр хийх” гэх болсон ажээ. Дайсанд бүслэгдсэн үед бух эврээрээ сэжлэн олих мэт бүслэлтийг хэд хэдэн газраар цөмлөн сэтэлж гарахыг “Бух сэжүүр байр хийх” гэдэг.
Хэрэв бүслэгдсэн дайсан амжилттай хориглож, түүний улмаас байлдаан сунжирч, ихээхэн хохирол учруулж болзошгүй төлөвтэй болвоос монголчууд бүслэлтийнхээ аль нэг хэсгийг зориуд “сэтлүүлэн” зам тавьж өгөөд дайсан нь цувран гарч хэсэг хэсгээр салж давхих үед нь гэзэг даран хөөж бут цохидог. Чингих нь зууралдан байлдсанаас хавьгүй хялбар агаад үр дүнтэй байдаг байжээ. Цөөн бус хэрэглэдэг байсан эл аргыг тухайн үед юу гэж нэрлэдэг байсан тухай мэдээ одоогоор байхгүй байгаа тул бид агуулга, хэлбэрийг нь үндэслэн ийн “Цувруулан цохих” хэмээн нэрийдэв. 
Монголчууд хориглох байлдаанд хүрээлэн тулалдах буюу шивээлэн  хороолох аргыг зонхилон хэрэглэдэг байжээ. Хүрээлэх нь эрт цагт овог нэгтнүүд нэгдэн хүрээ хүрээгээр нүүдэллэдэг асан амьдрал ахуйн онцлог хэвшлээс үүдэж, аян дайнд дайсны довтолгоог няцаах үедээ хэрэглэдэг үндсэн аргын нэгэн болон хувирчээ. Тухайлбал, дайсан уулгалан довтлох үед тэрэг хөсгөө хүрээлэн дүгрэглэж, давхар давхар бэхлэн, шивээ хаалт босгоод хориглон тулалдах юмуу хэсэг хэсгээрээ тэр хүрээ бэхлэлтээсээ гарч тулалддаг байсан байна.
Рашид ад-Дин “Хүрээ хэмээх нь цагираг (тойрог) гэсэн утгатай үг. Урьдын цагт аливаа нэгэн овгийнхон хаа нэгэн газар буудаллахдаа цагираг мэт байрладаг бөгөөд тэдний ахлаач нь тэрхүү тойргийн дундах цэг лүгээ адил байх болой. Үүнийгээ хүрээ гэж нэрлэдэг. Өдгөө ч гэлээ дайсны цэрэг айсан ирэхүй, дундуураа харь дайсныг оруулахгүйн тулд тийм хэлбэртэйгээр байрламой” гэснийг үзэхүл Чингис хааны залгамж үеийнхэн, түүний дотор монголын ил хаадын, харь овгийн хүн зонхилох нь болж байсан цэрэгт ч энэ аргыг хэрэглэдэг байсан байна. Одоо ч гэсэн олон улсын цэрэгт давуу хүчтэй дайсантай тулгарч бүслэгдэх аюул заналхийлсэн нөхцөлд цэргийн анги, салбарууд тухайн үед эзэлж буй тулгуурт байр, орчин газраа удаан хугацаагаар тогтоон барих хийгээд аль ч талаас ирсэн дайсны довтолгоог няцаах зорилгоор галын хэрэгслээ зохих ёсоор байрлуулж, газар орноо инженерийн байгууламжаар төхөөрөмжлөн хориг саад байгуулж “Эргэн тойрны хориглол” гэдгийг зохион байгуулдаг нь эртний монголчуудын эл “Хүрээ” лүгээ үүрэг зорилго, байгуулалтын зарчмын хувьд зөрөө үгүй. Иймээс “Хүрээ”-г өдгөөх “Эргэн тойрны хориглолт”-ын уугал хувилбар гэж үзэж болох юм.
“Хар татарын хэргийн товч” хэмээх хятад сурвалжид монгол цэрэг “Дайсан бутарвал бутарч, бөөгнөрвөл бөөгнөрнө…Довтлон  ирэхдээ тэнгэрээс бууж ирэх мэт, одохдоо цахилгаан цахилах адил тул түүнийгээ “Хүрээ цэрэг”, “Сацсан одны жагсаал” хэмээн нэрлэнэ”[v][v] гэсэн байдаг. Үүнээс үзвэл монгол цэрэг ухран зайлах үедээ бол сацсан од мэт тал тал тийш тархан, дайсны нэхэн хөөх зүг чигийг алдуулан тасарч ул мөргүй “алга болдог” байсан бололтой. Тийн зайлахдаа дайсны довтолгоог саатуулах зорилгоор төмрөөр хийсэн дөрвөн үзүүртэй өргөс хэлбэртэй “Сөргөө  хэмээх зүйлийг хойноо тараан цацдаг. Сөргөө газарт унах үедээ дөрвөн өргөснийх нь аль нэг үзүүр заавал дээш чиглэн шордсон байх учир мөрдөн хөөгчийн агт морьдын туурайд шигдэн хатгаж явах аргагүй болгодог байжээ.
Монгол цэрэг байлдан тулалдах үедээ тухайн газар орон, цаг агаар, байлдааны цагийн байдалд зохицуулан байлдах аргаа тодорхойлоод, түүнийгээ маш уран чадамгай хэрэглэдэг байлаа. Тэгэхдээ аль нэг аргыг улиг болтол дагнан хэрэглэдэггүй, харин тухайн нөхцөлд тохирсон арга мэхийн хослолыг сонгохыг эрхэмлэдэг байжээ.
Хот, цайзыг дайлахуй
Дотоодын хямрал тулалдаанд монголчууд хээрийн байлдааны аргуудыг зонхилон хэрэглэж дадсан байсан хэдий ч XIII зууны эхнээс Их Монгол Улсын цэрэг хилийн дээс давж, бат бэх хэрэм цайзаар хамгаалсан хот, суурин газрыг дайлах болмогц түүнд тохирсон арга хэлбэр, зэр зэвсгийг ч чадамгай хэрэглэх болов. Гэхдээ энэ бол зарим түүхчдийн бичдэгчлэн монгол хүн хот цайзыг эвдэх аргыг урьд нь мэддэггүй байсан гэсэн үг биш. Аль Хүннү, Сүмбэ, түүний өмнөх үеэс эхлэн нүүдэлчин монголчууд хил залгаа, суурьшмал амьдралтай овог, аймгуудтай тоо тоймшгүй олон удаа дайтаж ирсэн учир хот, суурин газрыг дайлах байлдааны аргын онцлог хийгээд шаардагдах багаж зэвсгийг ч мэддэг, бүтээн эзэмшиж ч чаддаг байсан билээ.
Тийм ч учраас Чингис хааны цэрэг харь газар хөл тавьсан анхны алхмаасаа эхлэн ялалт амжилтын яруу алдраа даян дэлхийд дуурсгах болсон юм. Монгол цэрэг хот, цайзыг дайлахдаа шууд дайрах, бүслэн хаах хоёр аргыг хэрэглэдэг байв. Харин хот газрыг дайлах, ялангуяа бүслэн хаах нь зарим үед хэдэн сараар үргэлжилж, урт удаан хугацаа шаарддаг, нөгөө талаар морьт цэргийн хөдөлгөөнт давуу чанарыг ашиглах боломж олгодоггүй учир болж өгвөл хот сахисан цэргийг ямар нэг аргаар өдөж хөдөлгөн хээр талд аваачиж хүчээ сорихыг эрмэлздаг байжээ. Жишээ нь, 1222 онд Мухулай ноён Алтан улсын Янь-ань хотыг дайлахдаа дорнод этгээдэд нь орших хоёр их ганга жалгатай газар их цэргээ бүгүүлж, цөөн хүнээр дайсныг өдөж хөдөлгөн авчраад хиар цохиж байжээ. Энэ мэт дайсны хот сахисан цэргийг омогшуулан самууруулаад санасандаа хүрч байсан баримт олон.
Хотыг бүслэн хаах нь бас хоёр янз. Үүнд: нэг бол зээгт ав мэт эхлээд тухайн хот цайзыг алсуур хүрээлэн аваад эргэн тойрных нь жижиг тосгон, сууринг эзлэхийн хирээр бүслэлтээ алгуур хумин урагшилна. Эсвэл эхлээд хот, цайз руу шууд довтлон ирж бүслэж аваад дараа нь орчин тойрных нь гаар орныг шүүрдэн самнана.
Ийнхүү хотыг бүслэн авах үедээ тэр хотын эзэн ноёдод заавал элч илгээж дагаар орохыг шаарддаг. Хэрэв хотынхон тэр шаардлагыг биелүүлбэл цэрэг, анги, агт морь, хүнс тэжээлээ сэлбэж аваад чанагш одно. Тэгэхдээ зарим чухал түшиц газруудад бол монгол даргач томилон үлдээнэ. Харин уг шаардлагыг үл биелүүлсэн, ялангуяа элч зардсыг алж талсан, гутааж доромжилсон бол тэр хотыг өршөөдөггүй байв. Гэхдээ бас тавьсан шаардлагыг биелүүлээгүй хэдий ч дайны явцад онц чухал нөлөөгүй хот, тосгоныг бол хөндөлгүй өнгөрөх нь цөөн бус байжээ.
Хот, цайзыг бүслэн хаамагцаа дайсанд туслах хүч ирж болзошгүй чиглэлүүдийг халхлан тусгай замын цэрэг мордуулж, тал талдаа тагнуул туршуул, харуул хамгаалалт гарган чандлан сэргийлээд, хотын эрх баригчидтай хэлцэл хийх хоорондоо хот, хэрмийг дайлан эвдэх бэлтгэлээ шаламгайлан хийж, олон сум зэрэг харвах хэдэн арван хөвчийн их харвуур, хэрэм өөд авирах “Үүлэн шат” хэмээх халх хаалт бүхий тусгай шат, газрын тостой бортого харвах оньсон суурь болон бусад төрлийн гал, чулуу, урвуулан чавхдагч урвуур, чөдөр, оньс, хана хэрэм эвдэх хүчит оньсон төхөөрөмжийг хэдэн зуу, мянгаар нь үйлдэн базааж авна. Дээр дурдсан сурвалжид “Тэдэнд хот балгасыг эвдэх буу бий…Урьд Фэнсян хотыг эвдэхэд хүч төвлөрүүлэн нэг өнцгийг нь цохихдоо 400 илүү суурь буу босгосон юм. Дээрхээс бусад зэвсгийг тоочвоос үл барнам”[vi][vi] гэсэн байдаг нь түүний нэг жишээ. Мөн энэ хооронд эргэн тойрон газрын оршин суугчид, олзлогдогсдыг дайчлан хотын хэрмийг тойрсон хамгаалалтын гуу, жалгыг бөглүүлэх бөгөөд зарим газарт хотын хэрмийн өндөртэй тэнцэхүйц далан босгож түүн дээрээ элдэв төрлийн оньсон зэвсгээ суурилуулж ч байсан гэдэг.
Тийнхүү бэлтгэлээ сайтар базааж авсныхаа дараа сая тал талаас дайран довтолж эхлэнэ. Нэгэнт довтолж эхэлсэн бол “тасралтгүй, идэвхтэй ажиллагааны зарчим”-ыг баримтлан өдөр, шөнө ялгалгүй хатгалдаж, хотын оршин суугчдад амсхийх зав үл олгоно.
Тэгэхдээ олон төрлийн урвуур, хүчит нум, харвуураар гал, чулуу, суман мөндөр буулгахын зэрэгцээ хана хэрэм эвдэх оньсон төхөөрөмжөөр хэрмийг цөмлөх, доогуур нь малтан нүхлэх аргыг ч хэрэглэнэ. 1221 оны 4 дүгээр сард Нишапур хотыг дайлах үедээ довтолгооны хоёр дахь өдөр л гэхэд хотын хэрмийг 70 газар сэтлэн цөмлөөд дотогш орж байжээ. Чулуу урвуур нь маш хүчтэй байсан бөгөөд дөрвөн хүн арай ядан даах том чулууг бүтэн хагас сумын газар харвадаг байсан гэдэг. Чулуу ховортой Үргэнч мэтийн хотыг дайлах үед тээрмийн бул чулуунуудыг сум болгон харваж хэрэглэхээс гадна хүнд хатуу модыг сонгож бүдүүн бүдүүнээр нь тайран дүгрэглээд усанд дэвтээн хүндрүүлж байгаад харвадаг байжээ.
Сартаулын дайны үед нэгэн хотынхон монголчуудын хийж буй довтолгооны бэлтгэлийг гайхан харж “Энэ өндөр хэрэм дээр яаж гарах юм бол?” гэцгээж байгаад үүлэн шат тавьж авиран гарах үед нь л сая учрыг ухаж байлдаж эхэлсэн гэдгийг үзэхэд үүлэн шат хүртэл зарим газарт огт мэдэхгүй байсан шинэ зүйлийн нэг байсан бололтой.
Монголчууд дайтагч улсуудаасаа ямагт цөөн хүнтэй байсан учир хаа боловч өөрийн цэрэгтээ аль болох бага хохиролтойгоор ялах аргыг сүвэгчлэн эрэлхийлдэг байжээ. Тийм ч учраас бололцоотой газарт цэргийн хүчийг үл ашиглан, хот цайзын усан хангамжийг эвдэн бусниулах, галдан шатаах зэрэг аргыг хэрэглэдэг байв.
  Усан хангамжийн тогтолцоог эвдэх нь хоёр янз. Нэг бол хотын ундааны гагц эх булаг болж асан гол усны голдирлыг өөрчлөн усыг хаана. Эсвэл гол мөрний хаалт даланг сэтлэн үерт авахуулна. Ийм аргаар Алтан улс, Тангад, Сартаулын хэд хэдэн хотыг эвдэн буулгаж авсан байна.
Хотыг галдан шатаахдаа төрөл бүрийн галт сумаар хэрэм давуулан харвах, гал урвуураар газрын тостой бортого харвах, зарим үед нохой, шувуу зэрэг амьтны сүүлэнд хөвөн, бөс уяж гал ноцоон тавих гэх мэт аргыг хэрэглэдэг байжээ.
Түүхэн баримтыг үзвэл монголчууд 1220-иад оны сүүлээс эхлэн хот, суурин газрыг дайлахдаа дарьт зэвсэг өргөн хэрэглэх болжээ.






 



                    






[i][i] Сүнзийн дайтахуйн ухаан. Улаанбаатар. 2005 он. “Довтлохуй” хэмээх гуравдугаар бөлөг. 28 дахь
[ii][ii] Монголын нууц товчоо. Эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар. Цэрэнсодном Д. Улаанбаатар. 2000 он. §195
[iii][iii] Àëà àä-Äèí Àòà-Ìåëèê Æ¿âåéíè. Äýëõèéã áàéëäàí äàãóóëàã÷èéí ò¿¿õ. Óëààíáààòàð. 2006 îí. 113 äàõü òàë
[iv][iv] Ðàøèä àä-Äèí. Ñáîðíèê ëåòîïèñåé.Ðåïðèíòíîå âîñïðîèçâåäåíèå èçäàíèÿ 1946-1960 ãã. Òîì 1. Êíèãà âòîðàÿ. Ìîñêâà. 2001 ã. ñòð.223
[v][v] Áàÿñàõ Õ.Æ. Ìîíãîë Óëñûí ò¿¿õýíä õîëáîãäîõ õÿòàä õî¸ð ñóðâàëæ. Óëààíáààòàð. 2005 îí. 271 äýõü òàë
[vi][vi]̺í òýíä. 267 äàõü òàë

13 дугаар зууны Монгол цэргийн зэвсэглэл

Аливаа улсын хүчин чадлыг тухайн улсын эдийн засгийн болон цэргийн хүчин чадлаар тодорхойлж болох юм. Цэрэг хүчтэй байж гэмээнэ тухайн улсын аюулгүй байдлыг бүрэн хангана. Хүчирхэг, зохион байгуулалт бүхий армиас гадна цэргийн зэр зэвсэг чухал юм. XIII зуунд Монголчууд хүчирхэгжин дэлхийн олон улсын армиас хүчирхэг армитай болсны нэг шалтгаан нь тухайн үеийн Монгол цэргийн зэр зэвсэг бусад улс орны цэргийн зэр зэвсгээс давуу байсанд оршиж байгаа юм.
        Б.Я.Владиморцовын Монголчууд өөрсдөө нум сум, хазаар, ногт төдийг л хийнэ. Бусад зэр зэвсэг нь олзны болон гаднаас авчирсан зүйл байхаас гадна олзны дархчуудын урласан эд болой. Зөвхөн баячууд л давтмал хуяг илд жадтай байжээ[1] гэсэн дүгнэлт болон А.Н.Кирпичниковын монголчууд зэвсэг хэрэглэлээр маш дутмаг гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн Р.П. Храпавчевский Монголчуудад нум сумаас өөр бусад зэр зэвсэг тэдэнд маш бага байсан ба бүр дэлхийн эзэнт гүрэн болоод байсан үед ч сайн зэвсэг хэрэглэл өндөр үнэлэгддэг байлаа[2] гэж дүгнэсэн байна.
         Гэтэл Монголчууд МЭ VII-VIII зууны орчимд өөрсдөө төмөр боловсруулж байсан тухай мэдээ  байдаг. Энэ тухай Эргүнэ Хунгийн домогт тодорхой дурддаг бөгөөд “ ...Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олоод цөмөөрөө хамт цуглан ойд түлээ, олон сав нүүрс бэлтгээд далан толгой үхэр, адуу алан арьсыг нь туламлан өвчиж, төмөрчиний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцийн хормойд түлээ нүүрсээ зэрэглээд далан хөөргөөр тэр хийцийг хайлтал хөөрөгдсөнд тэндээс хэмжээлшгүй их төмөр аваад гарц нээгджээ[3]хэмээн өгүүлсэн байдаг нь тэр үед Монголчууд төмөр хайлуулах арга технологийг мэддэг байсан нь харагдаж байна.
XIII-XIV зуунд монголд гар үйлдвэрлэл нь нилээд онцлогтой хөгжиж байсан тухай А.Дамдинсүрэн дурьджээ. Тэрээр “монгол оронд цэрэг аж ахуйн холбогдолтой хот суурин газар нэмэгдэн олширч, төмөр дархлах газрын хуучныг өргөтгөж, шинээр нэмэн байгуулж төмөрлөг, төмөрийн ажил нь монголчуудын гардан эрхлэх аж ахуйн салбар болж хөгжсөн[4]” гэж үзсэн байна.
Мөн түүнчлэн А.Дамдинсүрэн Археологийн судлал сэтгүүлд ...Тэмүүжин, Ван хан, Жамуха сэцэн нар олон түмэн цэрэг эрийг нэгэн зэрэг байлдаанд оруулж байсан бөгөөд тэдгээр олон цэргийн биед нэг хүний байнга авч явдаг хөө хуяг, эмээлийн дөрөө хазаарын амгай харвуулын олон янзын зэв 30-60 ширхэг, илд, жад, хутга зэв ирлэх хуурай хэт зэргийг бэлтгэхэд хичнээн их төмөр хэрэгтэй’ болохыг тооцоолоод тэр зэвсэглэлийн төмөр материалыг гаднаас авах боломжгүй байсан[5] гэсэн дүгнэлтийг өөрийн бүтээлдээ дурьдсан байна. А.Дамдинсүрэн мөн Онон, Хэрлэн, Орхон голуудын сав, Хархорум гэх мэт газруудад төмөрлөг эдлэл үйлдвэрлэж байсан тухай дурьдсан байна. Энэ бүгдээс харахад Монголчууд өөрсдөө төмөр боловсруулдаг байсан төдийгүй өөрийн зэр зэвсгээ өөрсдөө үйлдэж чаддаг байсан нь тодорхой харагдаж байна.
Цэрэг бүрийн хөдөлгөөний хурд, хөнөөлд үл эрсдэх чадавхи нь цэргийн анги, салбар, цаашлаад бүхий л армийн маневрын боломж, байлдааны хүчин чадалд шууд нөлөөлдөг.
Судлаачид, цэрэг дайчдын биед агсах зүйлийн нийт жин дунджаар 22 кг-аас илүүгүй буюу биеийн жингийн 30 хувиас хэтрээгүй бол тохиромжтой хэвийн жин гэж тогтоосон бөгөөд дээд хэмжээ нь 32.5 кг-аас илүүгүй байх нь зохистой гэж үздэг. Америкийн шинжээчдийн хийсэн туршилтаас үзэхэд агсамжийн жинг 18 кг-аас 22 кг болгож, зөвхөн 4 кг-аар нэмэгдүүлэхэд тухайн цэрэг явган маршаар 6 цагийн дотор туулдаг байсан замынхаа уртаас 1.8 км-ээр богино зам туулж байжээ[6].
Түүнчлэн Монгол цэргийн зэр зэвсгийг ерөнхий 2 төрөлд ангилж үзэх ба ‘байлдах зэвсэг, байлдааны хэрэгсэл хэмээх үндсэн хоёр хэсэг, мөн аяны хүнс болон бусад хэрэгцээт нөөцөөс бүрддэг.

Үүнд
: “Байлдах зэвсэг” гэдэг тодорхойлолтод дайтан тулалдах явцад хүн амьтан, хүрээлэн буй орчинд шууд хөнөөл учруулах үйлчлэл бүхий зүйлийг, тухайлбал, илд, жад, хутга, сэрээ, бялуу шийдэм зэрэг охор зэвсэг, нум сум, гал, чулуу урвуулан шидэх урвуур, харвуур, чөдөр, оньс зэрэг уртын зэвсэг, сөргөө мэт хориглолтын зэвсгийг хамааруулдаг.
Харин “Байлдааны хэрэгсэл” хэмээх ухагдахуунд байлдааны явцад хүн, амьтан, хүрээлэн буй орчинд хөнөөл учруулдаггүй ч тулалдаанд шууд нөлөөлдөг, байлдах нөхцлийг бүрдүүлэх үйлчлэл бүхий зүйлс. тухайлбал, дээл хувцас, байлдааны морь, хуяг дуулга, туг хиур, хэнгэрэг хүүрэг, төмөр тэрэг, үүлэн шат зэрэг олон зүйлс хамаарна[7]
.
Мөн Ж.Базарсүрэн ‘Их Монгол Улсын цэрэг 9 төрлийн охор зэвсэг, 5 төрлийн уртын зэвсэг, 1 төрлийн хориглолтын зэвсэг, мөн дарьт, галт зэвсэг гэх мэт нийт 16 төрөл хэлбэрийн зэвсэг хэрэглэж байжээ. Тэдгээрийн дотроос монгол цэргийн агсамжийг бүрдүүлэгч гол зэвсэг нь нум сум, байлдааны гол хэрэгсэл нь “Зэвлэх морин” байсан’ гэж үзсэн байна.
Монголчуудын хэрэглэж байсан зэр зэвсгийн талаар дурьдвал:
XIII зууны Монгол цэргийн гол зэвсэг болж байсан нум нь нарийн хийцэт эвэр нум байв. Армен сурвалжид гол төлөв Монголчуудыг “Харваачидын ард түмэн” хэмээн нэрлэдэг байсан тухай Р.П Храпачевский  өөрийн “Чингис хааны цэрэг дайны гүрэн” номондоо дурдсан байна. Мөн П.Карпини Эрчүүд нь сум хийх, мал сүргээ харахаас өөр ажил хийнэ гэж байхгүй. Харин тогтмол ан агнаж, нум сумаар харвах сургууль хийх бөгөөд тэгээд ч хүүхэд үүхэдгүй цөм мэргэн харваачид ажгуу. Хүүхдээ хоёр гурван нас хүрмэгц морь унуулан давхиулж сургах ба биед нь таарсан хавчаахай нум бариулан харвуулж сургах тул тэд самбаа зориг ихтэй бөлгөө. Охид хүүхнүүд нь морь унан давхихдаа эрчүүдээсээ дутуугүй самбаатай. Тэд мөн эрчүүд шигээ нум сум агссан байхыг бид харсан билээ’ хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг нь монголчууд бага балчир наснаасаа сур харвах сургууль хийдэг байсан нь тодорхой байна.
           Нумын их биеийг хийхдээ хус юмуу хулсаар хийж, янгир, үхрийн эврээр элэг хийж наадаг байна. Нуманд буга, үхэр, адуу, тэмээ зэрэг амьтны шөрмөс, сур, могойн юмуу загасны арьс, бугын эвэр, хусны үйс зэрэг олон зүйлийг хэрэглэдэг.
Эзэнт гүрний үеийн Монголчууд дунд талдаа тууш 15-25 см урт эвэр наалттай “Алангир” нум, нэг талын мөрний хэсэгтээ бас эвэр наалттай, тэгш бус хэмт “Эртэгчин” нум, гичрийн үзүүртээ эвэр зуулга /амгавч/-тай “Эвэр нум”, шөрмөснийх нь дор нарийн төмөр тууз наасан “Болд ширхэгт нум” буюу “Төмөр ширхэгт нум” зэрэг олон төрөл хэлбэрийн эвэр нум үйлдэн хэрэглэж байжээ. Амгавч нь хоёр оньтой нум ч байдаг. Тийм ар, өвөр хос онины нэгийг нь ойрын зайд, нөгөөг холын зайд харвахад хэрэглэдэг. Монгол цэрэг дайн байлдаанд явахдаа хүн бүр наад зах нь хатуу, зөөлөн хоёр, гурван төрлийн нумтай, дүүрэн зэв сумтай гурван саадагтай /60-90 ширхэг сумтай/ явдаг байжээ[8]. Эзэнт гүрний үеийн монголд 2 төрлийн нум байжээ. Эдгээрээс хамгийн хүчирхэг нь “Төмөр буюу Болд ширхэгт нум” байсан байна. Байлдааны ердийн нум нь 30-32 кг таталттай бөгөөд 20-30 алхмын зайд тухайн үеийн бараг бүх хуягыг нэвт харвах чадвартай ба сумны ашигтай тусгал нь 200-300 м байжээ. Тэгвэл “Төмөр буюу Болд ширхэгт нум” нь 70-80 кг таталттай ашигтай тусгал нь 500-600 м байсан байна[9]. Харин И.Клюкин “XIII зууны монголд 900 алд харвадаг их нум, 500 алд харвадаг бага нум” гэдэг 2 янзын нумтай байжээ” гэж үзсэн байна[10]. Тэрээр ингэж үзэхдээ Монголын Нууц Товчоонд гардаг:
Ихэд тэлж харваваас
900 алд харваюу
Татан тэлж харваваас
500 алд харваюу[11]., гэснийг иш татсан байна.
Хавт Хасарын Есүнхэ мэргэн  1225-1226 онд 335 алд ойролцоогоор 569-580 метр/ газарт бай харван оносныг гэрчлэх дэлхий дахинд Чингисийн чулууны бичиг” хэмээн нэрийдэгдсэн хөшөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид музейд хадгалагдаж байна[12]. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн хол харвасан тохиолдол юм. И.Клюкин эртний харваачдын хол харавсан тухай баримтуудыг нягталж үзэхэд Түрэгийн Султан IV Мурад Газис 1255 фут харвасан байна. Мөн Ольвийн нэгэн грек харваач түүнээс 437 фут хол харважээ. Тэгвэл Клюкины бодсоноор Мурад Газис 180 сажен (1255:7),Ольвийн грек харваач (1255+437:7) 241 сажен харвасан байна. Харин Есүнкэгийн харвасан гурван зуун гучин таван алдыг бодохдоо нэг алдыг 6 футээр бодсон бөгөөд 287 сажен харвасан хэмээн үзсэн байна.
Нум сумын иж бүрдэлд нумаас гадна зэв сум, эрхийвч, саадаг, хоромсого зэрэг зүйл ордог. Зэв сум нь “Байлдааны”, “Наадам тэмцээний”, “Агнуурын” гэсэн гурван өөр зориулалттай, олон төрөл хэлбэртэй аж. Байлдааны бүхий л төрлийн сумыг ерөнхийд нь “Зэв” гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ шаардлага гарсан үед наадам тэмцээн, агнуурын зориулалттай зэв сумаа ч байлдаанд хэрэглэдэг байсан нь ойлгомжтой. Сумны уртыг П.Карпини Сум нь хоёр фут нэг алга хоёр хуруу урт байх ба фут хэмээх хэмжээ газар газар өөр байдаг болохоор бид энд газар хэмжихүйн фут гэдэг хэмжээг хэрэглэв.хэмээн бичиж тэмдэглэсэн байна.
С.В Киселев, Н.Я Мерперт нар “XIII зууны үеийн монгол нумын сумны зэвийг хуяг нэвтлэх, исгэрэх, ац ирт ангуу, галт зэв зэрэг зэвүүд байсан байна хэмээн үзсэн байна. түүнчлэн нөөцөлж хадгалдаг зэв мөн байжээ”[13] гэж үзсэн байдаг.
Монголчууд эртнээс эхлэн хадаас шиг нарийн шовх хэлбэртэй “Учимаг”, цүүц маягтай, хурц охор хошуутай “Хануур зэв”, үзүүр тал нь тэгш “Цавчуур зэв”, хурц шовх “Хатгуурст зэв”, ац, сэрээ маягийн “Анга зэв”, “Ацат зэв” хөндлөн огтлолоороо чагталсан дөрөв юмуу гурван ир /хянгар/ бүхий гурвалж, дөрвөлж хэлбэртэй “Тоонот зэв” буюу ээн “Тоонолж”, төмрийнхөө үзүүрт дарь юмуу шатаагч бодис бүхий “Галт зэв” зэрэг олон төрөл, нэрийн зэв хэрэглэдэг байв. Зэвний ирийг илд, хутганы адил тусгайлан хатаадаг нь хэр баргийн хуягийг нэвтлэх бололцоог олгодог байна. Ан гөрөөнд мөсний үзүүрийг бонхгор болгон хийсэн “Агжам” юмуу ацтай “Модон сэрээ” хэмээх модон сумнууд, бас хатуу шир, яс, эвэр, модоор хийсэн бөөрөнхий хэлбэртэй “Бөмбөг” гэдэг сумыг хэрэглэдэг. Мөн таван салаа сэрвээтэй “Загас харвах сэрээ”, усны мандалд хөвөгч шувууг харвах “Тэших сум”, нугасны хошуу адил хэлбэртэй хийсэн шувуу харвах “Элээн сүүл сум”, туулай, шувуу харвах “Тэлиг”, “Сэрээ”, бодон гахай, барс зэрэг том амьтан агнах “Морьч хар”, “Барс харвах сум” гэх мэт олон төрлийн төмөрлөг сум хэрэглэдэг байжээ[14].
          Илд гэдэг нэр нь юмыг илт, үлт цохих гэдгээс үүджээ. Бас “Юлд” ч гэх нь бий[15]. Одоо гол төлөв “Сэлэм” гэж нэрлэх болсон. Сэлэм гэдэг нь хамниган манжийн “селе” буюу төмөр, “ме” буюу юм гэсэн үгнээс үүдсэн “Төмөр юм”, “Төмөр зэвсэг” гэсэн үг.
Манж илд буюу сэлэм нь монгол илднээс хэмжээгээр арай бага байж. ХVII зуунаас хойш сэлэм
нэр томъёо ихэд тархаж, яваандаа Манж, Монгол гэж ялгалгүй бүх төрлийн илдийг сэлэм гэх болжээ. ХIII-ХIV зууны үед монгол цэргийн хэрэглэж байсан олон төрөл, хийцийн илдний дотроос археологийн шинжилгээ, судалгаагаар олдсон баттай баримт бүхий жинхэнэ монгол хийцийн илд нь:
 Нэгд: 60 см-ээс урт /бариулын уртыг тооцохгүйгээр/, шулуун, хоёр талдаа иртэй “Дам /дэм/ илд”
Хоёрт: хурц үзүүртэй, нэг талдаа иртэй “Хотгор илд” (Одоо уламжлалт нэрийг нь мэдэхгүйгээсээ болоод ихэнхидээ “Матигар илд” гэж ярьж, бичих болсон)
Гуравт: нэг талдаа иртэй, өргөн мөртэй, гурван талтай, шулуун “Шөр илд” зэрэг илд байна.
Монголчууд илд, хутганыхаа ирийг тусгай технологиор боповсруулж давхар ир суулгадаг, тухайлбал, ган, болд, гянт, анзаан, албин зэрэг хатууруулагч бодисыг ирийг нь дагуулан давхарлаж ширээн хатаах юмуу заримдаа ердийн төмөрт хатуу болд зуулган давхар иртэй болгодог байжээ.
Түүнчлэн Х.П.Храпачевский өөрийн Чингис хааны цэрэг дайны гүрэн хэмээх бүтээлдээ Монгол сэлэмийг европчууд нэг талдаа иртэй уртхан хутга хэмээн нэрлэдэг байсан тухай дурьдсан байна. Зубов тосгоны хөшөөн дэх илд 55,7 см урт бөгөөд үүнийг нарийвчлан судалсан Н.Л.Членова уг илдийг хэмжээнээс 2 дахин багасгасан дүрс гэж үзсэн бөгөөд бодит хэмжээг нь 111,4 см урт хэмээн үзсэн байна[16]. Үүнээс үзвэл Монголд илд нь харьцангуй богино байсан нь харагдаж байна.

          Их хааны шадар хишигтний дотроос ээлжийн харуул манаанд гарч буй хорчин, турхаг болон хэвтүүл цэргийн агсамжийн иж бүрдэлд заавал байх ёстой зэвсгийн нэг нь “Дөр жад” хэмээх тусгай хийцийн жад байв. Харин гадаад мянганы хувьд бол байлдаанд гүйцэтгэж буй үүргээсээ хамааран зарим үед жадаар зэвсэглэдэг, зарим үед жадгүй ч явдаг байжээ[17]. Жадны тухайд П.Карпини жадтай байх ба жадны үзүүрийн адагт нь дэгээ байх бөгөөд түүгээр хүнийг мориноос нь гохдон унагааж болногэж тэмдэглэжээ.
ХII-ХIV зууны үед монгол цэрэг “Сэрвээт жад”-ыг өргөн дэлгэр хэрэглэж байв. Уул жадны сэрвээ нь хурц иртэй учир энгүүн нэг энгүүн нэг гохдож дэгээдэх, зүсэж хатгах зориулалттай байжээ. Түүнээс гадна урт иштэй “Морин жад”, “Жалан” буюу “Хануур жад” хэмээх шидэгч жад, охор “Хутган жад” зэрэг олон төрлийн жадтай байжээ[18].
           ХIII зуунд монголчууд ерөнхийдөө хоёр төрлийн бүтэц хийцтэй хуяг, тухайлбал, бүхэл биеийг халхлах “Өвч хуяг”, эсвэл богино хантааз маягтай “Охор хуяг” хэмээх хуяг хэрэглэдэг байв. Тэдгээрийг хатуу /төмөрлөг болон хэр баргийн сум нэвтрэхээргүй болтол нь тусгайлан боловсруулж хатууруулсан арьс шир/ юм уу, зөөлөн /арьс, шир, олс, мяндас гэх мэт/ хоёр үндсэн төрлийн эдээр хийдэг байжээ.
Зөөлөн эдээр хийсэн хуягийн дотроос хамгийн түгээмэл байсан нь “Хатангу дээл”. Энэ нь хуягласан монгол дээл маягийн хуягийн ерөнхий нэр юм. Хатангу дээл нь мөрөвчтэй, мөрөвчгүй, урт, богино хормойтой, эсвэл өвдөг хавьцаа хүрсэн богино хормойтой, захнаас хормой хүртлээ тууш шулуун энгэртэй юмуу эсвэл монгол дээлийнх шиг ташуу энгэртэй, урт “Харавч” буюу ханцуйтай, эсвэл гагц охор харавчтай зэрэг олон янз байжээ. Монголчуудын хэрэглэж асан хуягийн дотроос онцлог нэгэн бол “Мяндсан хуяг”. Түүнийг үйлдэхдээ мяндсыг давхарлан зулж нягтруулаад торгомсог эдээр бүрж дээл, хантааз хэлбэртэй хийдэг байжээ.  Монголчууд эрт цагаас эхлэн дуулгыг арьс шир, төмөрлөгөөр үйлдэн хэрэглэж ирсэн бөгөөд хийц чимгээрээ олон янз байдаг. Дуулгыг хэрзглэгчийн хэргэм тушаалаас шалтгаалан алт, мөнгөөр чимэглэх бөгөөд хуягийн өнгийг дагуулан өнгөлөх нь элбэг.
         ХIII-ХIV зуунд монгол цэргийн хэрэглэж асан гадаад, дотоод гарвал, хийцтэй олон янзын дуулгын дотроос арагшаа гэдийсэн конус /шовхгор/ оройтойг нь цэвэр монгол гаралтай гэдэг. Өндөр оройн оронд бас жижиг бөмбөлөг хадах нь ч байжээ.
ХII-ХIV зууны үеийн зарим монгол дуулга нь өндөр орой дээр суулгасан бөмбөлөг маягийн сөхмөл цэцэгтэй байсан нь бусдаас ялгарах бас нэгэн содон шинж ажээ.

          Бүх төрлийн дугуй бамбайг “Халх” хэмээн нэрлэдэг байжээ. Жижиг дугуй, пөмбөгөр хэлбэртэй агаад уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжин олон өнгийн утсаар хээ хуар гарган чимэглэж, төв дунд нь толь хадсан байх нь олонтаа. Бас яг ийм хэлбэр, хэмжээтэй боловч бөх бат модоор үйлдэж, хатуу ширээр гадарлан төмрөөр тасамдан эмжиж, дунд нь толь хадсан бамбай ч ихэд тархсан байжээ[19].
         Сайшаалт морь бол морьт цэргийн амьд зэвсэг юм хэмээн үзсэн байдаг. Энэ нь Монгол цэргүүд дэлхий дахиныг дайлахад монгол морьны үүрэг ихээхэн байсныг тодорхой түвшинд үнэлж буйн илрэл юм. Цэрэг бүр 3-4 зэвлэх морьтой байсан байна. Монголчууд байлдаанд унах морьдоо эртнээс инагш тусгай шинжээр сонгон шилж авдаг байсан учир тэсвэр хатуужил, амьдрах чадвараар гойд байв. Зэвлэх морьдыг бүр унаган цагаас нь тусгайлан сургуулилж, байлдаанд байнга бэлэн байлгахад онцгой анхаардаг байж. Зэвлэх морьд нь одоогийн цэргийн авто, хуягт танкийн техник, нисэх онгоц лугаа адил дундад эртний монгол цэргийн байлдах аргын үндэс-маневрын тактикийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл байв.










Ном зүй:

1.      Базарсүрэн Ж, Чингис хааны цэргийн зэр зэвсэг, УБ., 2000
2.      Базарсүрэн Ж, Их монгол улсын цэргийн зэр зэвсэг өгүүлэл
3.      “Батлан хамгаалах судлал” сэтгүүл №2
4.      Дамдинсүрэн А, Монголын зэвсгийн товч түүх., УБ 1996
5.      Жиованни Дел Плано Карпини \Орч:Туяа С,Цолмон С\, Татар хэмээн бидний нэрлэдэг Монголчуудын түүх
6.      Р.П.Храпачевский.Орч:Одхүү С,  Чингис хааны цэрэг дайны гүрэн, УБ.2008
7.      Рашид Ад-Дин, Орч:Сүрэнхорлоо Ц, Судрын чуулган I, УБ, 2002
8.      Пэрлээ.Х. Гурван өгүүлэл. УБ.,1962



Монголчууд Европыг дайлсан түүх






1241 оны 4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өглөө. Лигницээс холгүй, хожим “тулалдааны талбар” нэрээр түүхэнд орох хувьтай Ваалштат тосгоны дэргэд дэлхийн цэрэг дайны бүхий л түүхчид, цэргийн жанждийн анхаарлыг заавал татдаг алдарт Лигницийн тулалдаан болжээ.







(Түүхэн уран сайхны нийтлэл)

(Хэсэглэн авав)



ЯАГААД ЛИГНИЦИЙН ДЭРГЭД ГЭЖ...?



Олонхи тохиолдолд Их Польш, Силезийн ван II Хенриг монголчуудаас хүч давуудаа эрдэж, дарагдашгүй дайсныг дарж, алдар цуугаа мандуулах хүсэлдээ хөтлөгдөн Лигницийн дэргэд задгай газар Байдар, Хайду нарыг тосон очсон гэдэг. Гэвч өнөө үзвэл Ариун авдалт польш вантны энэ “зоримог шийдвэр” ихээхэн эргэлзээ төрүүлхээр байгаа юм.

http://www.trends.mn/files/author/nominchimed/1.jpg
Хайдуг Ополе рүү довтолход Ополе, Ратибарын гүнлэгийн эзэн Мичислав (жанжин Мешко) өөрийн үеэл болох Их Польш, Силезийн ван II Хенрийн газар бүрээс хүч татан хуримтлуулж байсан Силезийн нийслэл Врацлав руу ухарсан байдаг. Байдар, Хайду нарын цэрэг Врацлав, Ополегийн дунд нэгдэж хүчээ зузаатгаад Врацлавт ирэхэд II Хенри хурааж цуглуулсан бүх хүчээ аван, Силезийн ванлигийнхаа нийслэлийг зөнд нь хаяж сул бэхлэлт хамгаалалттай Лигниц рүү ухарсан нь тэнд очиж хориглон хамгаалах зорилго биш юм. Цайзаас гарч явсан II Хенрийн толгой дээр Сүмийн дээврээс тоосго унаж цохин ёозгүй ёр дуудсан явдал Лигницэд биш Врацлавт болсон нь тэрбээр Лигницээс монголчуудыг тосч гараагүй, харин Врацлаваас Лигницийн зүг ухрах замдаа монголчуудтай тулсан болохыг нотолдог. Лигниц рүү II Хенри гэр бүлээ түрүүлээд явуулчихсан байжээ. Ийн ухарсны учир нь түүний үеэл “Ганц нүдэт” Чехийн ван Вацлав 50-60 мянган цэрэгтэй хүчин хавсархаар нийслэл Прагаасаа Лигниц рүү яаран ирж явжээ. Монголчуудтай тулах үед Вацлав замынхаан талыг өнгөрч, хоёр өдөр ч хүрэхгүй газарт ойртсон байв.

II Хенрид Лигницэд очиж давуу хүчээ хотын сул ч гэсэн бэхлэлттэй хослуулан хориглоход Вацлав ванг иртэл хоёр өдөр хамгаалан тэсэх боломж бүрэн байсан. Эсвэл Вацлавыг угтан Лаба гол руу Чехийн хил даван ухарвал хүчээ нэгтгэх хугацаа нэг хоногоор татагдах ч боломж бүрэн байв.Гэвч ийм гарын дор ирсэн бэлэн боломжийг II Хенри яагаад ашигласангүй вэ? Ямагт ялан дийлсээр ирж буй хүчирхэг монголчуудыг дан хүчээрээ ялж дийлнэ гэсэн ямар итгэл найдвар II Хенрид байсан юм бол? Лигниц, Врацлавын завсарт түүнд хүч нэмэгдээгүй. Тийм бол үнэ цэнэтэй, хүчирхэг цайз бэхлэлттэй нийслэлээ орхин ухарч явснаа гэнэт чөтгөрт хатгуулсан мэт задгай газарт дайснаа эргэж тосдогт ямар учир байна вэ? Нэмэлт их хүчин ирж буйг мэдсээр атлаа шүү дээ. (Врацлав, Лигниц хоёрын хооронд 60 гаруй км зайтай) Эсвэл ийм хэмжээний цэрэг дайны туршлага ч байхгүй, мэдлэг ч үгүй харалган, хөөрүү бодлогогүй эр байв уу? Эсвэл монголчуудын ухарч байгаад гэнэт эргэж дайрдаг туршлагыг судлаж, хэрэгжүүлэх гэв үү?
http://www.trends.mn/files/author/nominchimed/2.jpg
Үгүй юм. Эдгээрийн аль нь ч биш. II Хенри эр зоригтойдоо, монголчуудыг ялна гэсэн итгэлтэйдээ Лигницийн дэргэд тосч байлдаагүй. Тэр цэрэг дайны туршлагагүй хөөрүү банди ч биш. Хариулт нь Байдар, Хайду нарт буй. II Хенри бүхий л боломжоороо Вацлавтай нэгдэхийг зорьж байж. Түүнийг нийслэл Врацлаваа сул хаяад гарч явахад манай хоёр жанжин II Хенрийг айсандаа сүүлээ хавчаад зугтлаа гэж хөөрөн баяссангүй. Чехийн зүгээс хүчирхэг нэмэлт хүч ойрхон ирж буйг ч, II Хенри тэр хүчийг тосон тийн нийслэлээ хаяад гарч явсныг ч сайн мэдэж байсан байна. Гол нь тэдний хүчийг нэгтгэж болохгүй, өчүүхэн ч цаг алдаж болохгүй...

Лигниц нь тухайн үед Ариун Ромын эзэнт гүрэн, Польш, Чех гурван улсын хилийн заагт нэг өртөө гаруйхан зайтай оршдог Польшийн захын хот байж. Тиймээс II Хенрид Лигницээс цааш ухрах газар бараг л байхгүй гэсэн үг. Учир нь нийслэлээ орхисон тэр дахиад нэг алхан вант улсынхаа хилээс гарч явах аваас ард иргэд, цэрэг армийнх нь сэтгэл зүйд ноцтой сөрөг үр дагавар авчрах болно.


ДОМОГ БҮТЭЭВ
...
50-60 мянган цэрэгтэй Чехийн томоохон арми Прагаас гарч Лигницэд ойртон буй мэдээ авсан Байдар, Хайду нар Врацлавыг гал утаан дунд нь орхиод II Хенрийн араас яаравчлан хөдөлжээ. Тэд Одер мөрний хөндийг уруудан шуурхайлж, Одерийн нэгэн цутгал Нис голын эрэг орчимд Лигниц зүг аяны маршаар явсан II Хенрийн армийн ар тал болох Глагов, Лигниц орчмын төдийгүй Таатрын (Карпатын нурууны умард өндөрлөг хэсгийн нэр) герман уурхайчдаас яаран сандран цуглуулсан явган цэргийн анги руу гэнэт уулгалан дайрсан байна.
Тулалдаан европынхны хувьд санаандгүй, төлөвлөөгүй байдлаар эхэлжээ.

***
Лигницийн дэргэдэх тулалдаанд Хенри ван болон ханхүү Байдар нар тус бүрдээ хэдэн цэрэгтэй байсан талаар харилцан адилгүй мэдээллүүд бий. Тухайлбал:
- Келли Деврис, Мартин Дугхерти нарын зохиогчдын “Дундад зууны тулаанууд“ номонд монгол армийн бүрэлдхүүнд туршлагатай удирдлага дор нэгдсэн олон овог аймгийн цэрэг байсан. Мангуудын хөнгөн морин цэрэг - 1000, морьтой харваачид - 11 000, хүнд морин цэрэг - 8000 орчим, нийт 20 000 орчим цэрэг байсан бол Европын армид Силезийн болон тевтон, темплар, хоспиталар зэрэг хуягт баатрууд - 8000, хөнгөн морин цэрэг 3000, Краковоос зугтан ирсэгсэд, германы уурхайчид зэрэг явган цэргүүд 14 000, нийтдээ 25 000 орчим байсан гэсэн.
- Ричард А. Габриэль “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” номдоо “Европыг Монголчуудаас аврахыг оролдсон Хенри вангийн дэргэд 50 000 орчим цэрэг цугласан, харин монголын Хайду хаан 20 000 орчим цэрэгтэй байсан” гэжээ.
- БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргасан ”Монгол цэргийн түүхийн товчоо” номонд Байдар 8-9 мянга, европчууд 30 мянга байсан гэсэн бол Э.Филлипсийн “Монголчууд” номонд мөн энэ тоог дурдсан байна.
-Түүхч Ж.Бор “Байдар ноёны тэргүүн анги Лигницийн ойролцоох Вальштадт тосгоны дэргэд польш, франц, германы хуягт баатруудын гурван түмэн хүнтэй армийг бут цохижээ гэх зэрэг. Гэхдээ олонхи судлаачид 20 х 30 мянга гэсэн тоон дээр тогтдог.

***
Тулаан эхэллээ. Монголын түрүүч анги 10 000 орчим хүнтэй герман уурхайчдын явган цэргийн эгнээг довтлон бужигнуулж гарахад ойрхон явсан Их Польш, Краковын рыцарь цэргээс бүрдсэн анги цэрэг тулааны чимээ сонсоод, явган цэрэгтээ туслахаар яаравчлан ирсэн байна. Энэ ангийг төрөлх хотоо баатарлагаар хамгаалан амь эрсэдсэн Краковын жанжин Владимирийн ах Сулислав захирч байв. Мөн Ополегоос ухарсан Мичислав гүнгийн захирсан Ополе болон Дээд Силезийн рыцарь цэрэг ч хүч нэмэн иржээ.
http://www.trends.mn/files/author/nominchimed/3.jpg
Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн дайралтыг монголчууд тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугтжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөсөөр эгнээ нь задарч, цэргүүд хоорондоо холилдон замбараагаа алдан, цуварч ирсэн байна. Явган цэргээсээ ч тасарчээ. Рыцариудын өмнө гэнэт утаан хөшиг татаж орхих нь тэр. Монголчууд амьтны толгойн дүрстэй урт бүрээ шиг юмаар утаа тавьж байсан гэдэг. Гашуун амт бүхий утаан хөшиг ярагдмагц хэдийнэ байрлалаа эзлэн, нум саадгаа дэлгээд хүлээж байсан монголчуудын гол хүчин суман мөндрөөр угтав. Мөн тэдний ар хударгаар монголчууд ороон орж, явган цэргээс нь таслан, утаа тавьсан байна. Ингээд эмх замбараагүй болсон европын хоёр замын цэргийг тал талаас нь бүслэн харваж, дайран цохиж дор нь эд бад хийхэд үлдсэн нь хар эрчээрээ буцан зугтаж, тэгэхдээ араас нь дөхөж явсан явган цэргээ дайран сандаргаж, бөөн үймээн, эх толгойгүй юм болов. Тэднийг монголчууд гэзэг даран элдэж хядлаа. Энэ үймээн ид оргилдоо үед II Хенри вангийн захирсан Доод Силез, Их Польшийн шилдэг цэргийн анги, Понсе д Обоны захирсан герман, франц, литовын тайж гаралтай шилдэг рыцариудын анги залган ирж тулаанд орсон боловч нэгэнт үймээн сандраан, гүн шоконд орчихсон бусад цэргүүдээ засаж, эргүүлж чадсангүйгээр барахгүй өөрсдөө ч тэр үймээн дотор нь хутгалдаад удирдлага, санаачилгаа бүрмөсөн алдсан байна.
http://www.trends.mn/files/author/nominchimed/4.jpg
Ингээд тулаан биш ярга, хядлага болж хувирчээ. Рыцарь баатрууд хэдийгээр нэр төрөө өндөрт өргөн тулалдацгаасан боловч ямар ч удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөөгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ. Европчуудаас долоохон хуягт баатар л амьд үлдэж.., II Хенрид туслахаар ирсэн францын 500 морьтон баатар эрсэд Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Литовууд, германы тевтонууд, польшуудын бахархал болсон баатар эрстэй хамт ван II Хенри, ван Мичислав, жанжин Сулислав, Болеслав, эрхэм тайж д Обоне нарын олон дээдсүүд бүгдээр хөлөг баатрын ёсоор тулааны талбарт ясаа тавьжээ.

II Хенри ван тулааны талбараас дөрвөн хамгаалагчийн хамт зугтан гарахыг оролдож, давхиж явтал морь нь шархдан шургачин унажээ. Тэр морио солих хооронд монгол цэрэг гүйцэж ирээд элгийг нь нэвт жадалж... Зарим бичлэгт хонь мэт өрлөж алсан гэж бичсэн нь бий. Богино хугацаанд болсон тулаан нэртэй хядлага өндөрлөж, амь зулбан гарч чадсан ганц нэгэн давхин ирэх хүртэл Лигницчүүд ялагдалд бүрэн итгэсэнгүй. Ялагдлын мэдээ дэндүү аймшигтай байв. Монголчууд Хенри вангийн толгойг урт морин жадны үзүүрт өлгөчихөөд Лигниц хотын шивээ хэрмийн гадуур гурвантаа тойрон давхилдаж, муухай орилолдсон нь айдас дээр нь нэрмээс болжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ.
http://www.trends.mn/files/author/nominchimed/5.jpg
Гэтэл Хенри вангийн толгойгүй цогцос олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй нүцгэн цогцсыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан байна. Ван хүн тухайн үед өмссөн хувцас, агссан зэвсэг сэлтээрээ илэрхий ялгарах атал ийнхүү будилж хайсан нь Хенри вангийн хувцас, зэвсгийг монголчууд мулталж авсан, эсвэл ван өөрөө зугтахдаа амиа аврахын тулд зүсээ буруулж жир цэргийн хувцас, өмсгөл өмссөн байх магадлалтай.

Хожим 1632 онд Хенрих вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгой, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн байна. Мөн ванг эрсэдсэн газарт вангийн эх чин сүжигт Хюдвиг ахайтанд зориулсан сүм босгожээ. Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэн авч, Хархоринд (зарим сурвалжид Батхаанд) илгээсэн гэдэг. Энэ тулаан хожим дэлхийн дайн тулааны түүхэнд домог болон үлджээ. Цэрэг дайны түүхчид, дайны хэнээтнүүд энэ тулааныг сонирхон шохоорхохгүй өнгөрнө гэж үгүй. Харьцангуй давуу хүчтэй дайснаа эх нутаг дээр нь ийм хялбархан, ийм хохирол багатай ялсан тохиол түүхнээ болсон хэдэн арван мянган тулаан дотор нэн ховор учраас тэр...

Хэрцгий, өршөөлгүй ялагдлын мэдээ салхинд туугдсан мэт хоромхон зуур Европын хотуудаар тархав. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс сонсох учир бас байжээ.

Дараагийн бүлэг "Шайо гол цусаар үерлэв"


---------------------------------- 
Зургийн тайлбарууд:
  1. Монголчууд II Хенри вангийн толгойг жадны үзүүрт өлгөөд Лигниц хотыг тойрон гурвантаа давхилдав. Хуучин судрын зураг.
  1. Лигницийн тулалдааны 750 жилийн ойд зориулан гаргасан марк. ХБНГУ, 1991 он.
  1. Монголчууд тулаан талбар дээр үрэгдэгсдийн чихийг цуглуулж буйг харуулсан хуучин зураг. Лигниц хотын дэргэд. 1241.04.09
  1. Келли Деврис, Мартин Дугхерти нарын гаргасан Лигницийн тулалдааны тухай төсөөлөл зураг
  1. Европ даяар хүчирхэгээрээ алдартай Тевтон, Темпларын хуягт баатрууд болон Монгол баатруудын халз тулгаралтыг дүрсэлсэн зургууд. Лигниц хотын дэргэд. 1241.04.09


үүхэн уран сайхны нийтлэл – Хэсэглэн авав  
Өмнөх хэсэг:  МОНГОЛ БААТРУУД ЛИГНИЦИЙН ДЭРГЭД ДОМОГ БҮТЭЭВ

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд Мажарын IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт гэж ёжлан бичжээ.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. 
 http://www.trends.mn/files/author/nominchimed/1_0411.jpg
ЗУРАГ 1  Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.

Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь их эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүндээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 4 сарын 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолсныг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг
“чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт
хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.

Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монголчууд бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв. ... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.

http://www.trends.mn/files/author/nominchimed/2_0411.jpg
ЗУРАГ 2 Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11 

Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.

***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав

http://www.trends.mn/files/author/nominchimed/3_0411.jpg
ЗУРАГ 3 Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор. Мохийн тал. Мажар улс.

Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм гэж бахархан тэмдэглэсэн байдаг.





No comments:

Post a Comment