Аюуши гүүши нь Түмэдийн Алтан хааны/1507—1582/ үеийн шарын шашны их лам, бурхан шашны номыг
монгол хэл дээр орчуулсан том гүүш, монгол хэл бичгийн ухааны эрдэмтэн.
Нэр нь аюуш, “гүүш” гэдэг нь хятад хэлний гаралтай “улсын багш” гэсэн
үг юм, хожим нь хэлмэрч, орчуулагч гэсэн утгаар хэрэглэгдэх болжээ.
Тэрээр бурхан шашны түвд номыг монгол хэл дээр орчуулах явцад, бурханы
номын доторхи тэдгээр энэтхэг, түвд хүний нэр, газрын нэр болон бусад
тусгай нэр үгийг монгол үсгээр авиачлан тэмдэглэх зорилгоор 1587 онд
“Аали гаали үсэг”-ийг зохиосон байна.
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй
болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь
үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен: “Аюуш гүүшийн галиг үсэг
зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь
хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул
шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг
нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. хэмээн бичсэн буй
Аюуш
гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али-
эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч
энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16
эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол
бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй,
санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн
байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах
(транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг
нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа
үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ?
Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ. Ингэж үзвэл
Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит
хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн
билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад
үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн
зохиосон галигаас авчээ. Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын
доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн
галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс
оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд
үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам
шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ.
Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер
орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ.
Ийм учир
төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн
зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн
зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их
нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн
Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн
галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая
бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг
зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг
тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн
хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Ийнхүү 1587 онд
Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага
таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй
орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг
эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим
авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч
үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.