Хуудас

Search This Blog

Wednesday, March 8, 2017

Нүүдэлчдийн цэргийн урлаг



Эх сурвалж: М.И.Иванин. “Чингис хааны үеийн Монгол-Татарын болон Тамерланы үеийн Дундад Азийнхны цэргийн урлаг”.
Нүүдэлчин ард түмний байлдааны арга, дайны шинж чанар, цэрэг-улс төрийн дүрэм журам нь тэдний төрөлх амьдрал, тал нутгийнх нь шинж төлөвтэй нягт холбоотой, бидний ойлголтоос шал өөр ажээ. Ийм учраас Монгол-Татар болон Дундад Азийн ард түмний цэргийн урлагийг бүрэн хэмжээгээр бичиж гаргахын тулд тэр зүйлүүдийн талаар товч боловч задлан үзэх шаардлагатай болж байна.
Үл хөдлөх хөрөнгө, эрхтэй болж үүссэн суурьшмал ард түмэнд оршин амьдрах арга нь газар боловсруулах, худалдаа арилжаа хийх, үйлдвэрт ажиллах болсноор хүнийг нэг л газарт хадаж, ингэснээр олон тооны тариачид, гар урчууд, худалдаачид, зураачид гээд анги, язгуур угсаа зайлшгүй үүсэн гарч ирэхэд хүргэжээ. Тэдний дотор цэргийн язгуур угсааныхан харьцангуй цөөхөн юм. Жишээ нь Августын үед Ромын хүн ам 120 000 000 орчим, цэрэг нь 450 000 байж, гэвч бараг эзэмшлээ зэвсгийн хүчээр авч байжээ. Жишээлвэл одоо Франц, Германд тайван цагт цэрэгт нь оршин суугчдын зөвхөн зууны нэг нь алба хааж байна.

Tuesday, March 7, 2017

Халимагийн түүх

Эдүгээ цагт Ижил (Волга) мөрний шадар (ойр) суугч Монгол язгуурт, бас тэдэнтэй нэгэн шашинтай, нэгэн хэлтэй Халимаг улс нь яагаад эртний эх нутгаа орхиж, Оросын дунд ирж суусан хэмээвээс Зүүнгарын дөрвөн Ойрадад эвдрэл болсон цагт Торгуудын тайш нь Хо өрлөг хэмээгч бээр “Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй дайлалдан олз авч явбаас дээр болой” хэмээн сэтгээд шороон бичин жилд (1608 он) Каспи далайн зүгт сайн хүнийг илгээж, тэнд газар эзгүй хэмээн лав мэдээд шороон луу жилд (1628 он) өөрийн албат Торгууд ба Хошууд хийгээд Дөрвөд таван түмэн өрх улсаа авч, зургаан хөвүүнээ дагуулан Зүүнгар дахь нутгаа орхиод наран шингэх зүгт мордов. Зай (Урал) мөрнийг хүртэл өгсөж, Эв (Эмба) голын дэргэд нутагт агч (байх) нэг бүлэг Татармуудыг (Татаруудыг) оруулаад Зайг гаталж Нагай (Ногай) хаантай Кивчаг чигсан хэмээх Татаруудыг эрхэндээ оруулж, төмөр морин жилд (1630 он) Ижилд хүрэв.

Monday, January 16, 2017

ШАРЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСНИЙ ҮР НӨЛӨӨНИЙ ТУХАЙД

Профессор Чулуунжав. 
Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү? Орчин цаг, XXI зууны өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах, сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ.

Tuesday, December 27, 2016

Шашны үнэн төрх

Эх үүсвэр: http://www.old.bolor.info/new-…/38-new-books/89-zeitgeist-13
НАР.....
Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм. Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ. Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрхи амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдлөж байгааг ажиглан сар бүтэн гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж байв. Ингээд хүмүүс оддыг өөрсддөө тохируулан хэсэг хэсгээр нь багцлаж өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.

Saturday, December 24, 2016

Сохор хүүгээс нэрт математикч хүртэл



Эх сурвалж: Ш.Батзориг
Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ явахаа больжээ. Нэг долоо хоног өнгөрлөө. Дараагийн долоо хоног... Ангийн багшийн зөвлөснөөр хүүхдүүд нэг өдөр гэрт нь очжээ. Лёвагийн ээж нь хаалгаа тайлав. Тэр тун гунигтай царайтай байлаа. Хүүхдүүд мэндлээд асуужээ. “Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?”. Ээж нь гунигтай хариулжээ. “ Тэр одоо та нартай хамт сурахгүй. Хагалгаанд орсон. Амжилтгүй болсон. Лёва сохорсон болохоор өөрөө хичээлдээ явах боломжгүй”.
Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь гэнэт хэлжээ.
- Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ. 
-Бас сургуулиас гэрт нь хүргэж...
- Хичээлээ хийхэд ч туслана
Ээжийнх нь нүдэнд нулимс хурав. Тэр хүүгийнхээ өрөөнд найзуудыг нь дагуулан орлоо. Хормын дараа Лёва өрөөнөөсөө нүдээ боочихсон боолттой, гараараа тэмтэчсээр гарч ирэв. Хүүхдүүд бүгд цочирдон зогсоно. Тэд одоо л найзад нь юу тохиолдсоныг жинхэнээр нь ойлгожээ.
Лёва аярхан мэндлэв.
- Сайн уу
Тэр үед бүгд тал талаас нь шуугилдав.
- Би маргааш чамайг ирж аваад сургуульдаа хамт явъя.
- Би чамд алгебр дээр юу үзсэнийг хэлж өгье.
- Би түүхийн хичээлийг ярьж өгье.
Лёва хэнийг нь сонсохоо мэдэхгүй, толгойгоо дохиод л зогсож байлаа. Ээжийнх хацар дээгүүр нулимс урсана. Хүүхдүүд тэднийхээс яваад төлөвлөгөө зохиожээ. Хэн ямар хичээлийг тайлбарлаж өгч байх, хэн хэдийд гэрт нь очих, хэн нь гадуур хамт зугаалах, хэн нь сургуульд хүргэж өгөх. Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү багшийн самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байв. Лёваг хариулах үед бүгд чимээгүй болно. Түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс бөөн баяр болцгооно. Лёва маш сайн суралцаж байлаа. Хамгийн гол нь ангиараа маш их хичээж суралцдаг болжээ. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Их сургуулиа төгсөөд Лёва суралцахаа больсонгүй. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.
Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ - ЗХу-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэр 14 настайдаа хараагүй болсон. Түүний математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байна...


Monday, December 12, 2016

Шашин ба Философи, аль нь үнэн бэ?

Томас Аквин.


Августины ачаар Христийн шашны номлол нэг мөр болж, сүмүүдийн хувьд тогтвортой тайван цаг үе хэсэг үргэлжлэв ээ. Тэгтэл 12-р зуун гарах үеэр тэдний сүсэг бишрэлийг ганхуулахуйц нэгэн том хэрэг мандав.
Эртний Грекийн Аристотелийн бичсэн ном судрууд Латин хэлэнд хөрвүүлэгдэн, өрнийн Христийн шашны бүсэд нэвтрэн орж ирэх нь тэр ээ.
Аристотель гэвэл “Бүх эрдмийн эцэг”. Төрөл бүрийн байгалийн үзэгдлүүдийг ширхэгчлэн ажиглаж, онцлогуудыг нь эмхэлж цэгцлээд системтэйгээр ойлгох зорилго бүхий мэдлэгийн салбаруудыг эхлүүлсэн, хүн төрөлхитөний бишрэн бахдах хамгийн хүчирхэг үлэмж оюунтан.
Тухайлбал түүний хийсэн ажлуудын нэгд Логик судлал гэж байх боловч, угаас Аристотелиэс өмнө “логик” нь хараахан онол болон бичигдэж амжилгүй, мэдлэгт хүмүүсийн хооронд там түм ойлгогдох дайны л эд байж. Тэгтэл тэнд Аристотель явж очоод “Ямар өгүүлбэрийг логиктой гэж хэлэх боломжтой вэ?”, “Логикт ямар ямар дүрмүүд байдаг вэ?” гэх зэргийг нямбайлан цэгцэлж, хүүе гэхийн завдалгүй мэдлэгийн салбар болгон системчлэн босгоод тавьчхаж.

Хоёр чонын үлгэр



Индианы Широкий омгийн үлгэр гэнэ ээ. Уншихад 10 секунд зарцуулах хэдий ч амьдралын хичээлийг зааж өгнө гэж энэ хуудсанд бичсэн байна. За ингээд үлгэрээ сонсъё.
Өвгөн Широкий ач хүүдээ амьдралын хичээл зааж байж гэнэ ээ. Тэр хүүдээ: "Тулаан миний дотор болж байна. Энэ бол 2 чонын хоорондох аймшигт тулаан юм.
Нэг нь чөтгөр-Тэр бол уур, атаа, харамсал, шунал, их зан, өөрийгөө өрөвдөх, гэм буруу, худал хуурмаг, гомдол, хуурамч бардамнал, давуугийн ихэрхэл бас эго.
Нөгөөх нь сайн - Тэр бол баяр хөөр, тайван, хайр, найдвар, амарлангуй тогтуун, төлөв даруу зан, сайн санаа, нинжин сэтгэл, бусдыг ойлгох, өгөөмөр уужим, үнэн, нигүүлсэл, итгэл. Яг ийм тулаан чиний дотоодод ч болж байгаа хүү минь, бас бусад бүх хүний дотор ч мөн адил..”
Ач хүү хэсэг бодолхийлснээ, өвөөгөөсөө ингэж асуув: “Аль чоно нь ялах бол?”
Өвгөн Широкий хариуд нь: “Чиний тэжээсэн нь" гэжээ.

Monday, November 28, 2016

Тусгаар тогтнолын тухай тэмдэглэлүүд. Б.Наминчимэд



1.“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА
ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа.
Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.
Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.

Friday, November 25, 2016

Корона шар айрагны эзэн төрөлх тосгоныхоо иргэдийг саятан болгожээ

Испаний жижигхэн, ядуу Серезалес дел Кондадо тосгоны 80 иргэн бүгд нэг өдөр саятан боллоо. Corona шар айрагны үйлдвэрийн эзэн уг тосгоны хүн тус бүрт $2 саяыг өвлүүлжээ.
Corona шар айрагны үйлдвэрийг эзэмшигч, Групо Модело компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Антонино Фернандез өнгөрсөн наймдугаар сард 99 насандаа таалал төгссөн юм. Тэрээр Серезалес дел Кондадо тосгоны 13 хүүхэдтэй ядуу гэр бүлд төржээ. Сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас 14 насандаа сургуулиа орхисон Фернандез хожим Мексикт дүрвэж очоод 1949 онд 32 настайдаа Групо Моделог байгуулж байв.
Түүний бий болгосон Corona шар айраг амжилт олж Мексикийн хамгийн алдартай ундаа болсон ба АНУ-ын хоёр дахь хамгийн алдартай импортын шар айраг болсон байна. Нас барсан тэрбумтан төрөлх тосгоноо мартсангүй, $210 саяыг иргэн бүрт нь хувааж бэлэглэхийг захижээ. Ингээд баруун хойд Испанийн нойрмог тосгоны 80 иргэн тус бүр $2.49 саяыг авсан байна.
Тэр бас тосгонд цоо шинэ соёлын төв байгуулахыг захиж, Мексикийн буяны байгууллагад үлдсэн бүх мөнгөө хандивласан гэнэ. Нас барахаасаа өмнө олон жил буяны үйлсэд мөнгө хандивлаж байсан Фернандезийг Испаний эзэн хаан шагнан алдаршуулж байжээ.